| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00113/И |
| Дугаар | 309/ШШ2025/00163 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 309/ШШ2025/00163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******тэй 2019 оны 07 дугаар сараас 2024 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд хамтран амьдарсан. Бид дундаасаа 6 сартай, 2 болон 4 настай 3 охинтой. Одоо надтай хамт 2 болон 4 настай охид маань амьдарч байна. ******* нь бага охиноо аваад явсан бөгөөд хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Надад үлдсэн 2 охины хүүхдийн тэтгэмжийн мөнгө *******гийн дансанд ордог. Мөн ******* нь өмнө нь өөр хүнтэй гэрлэлтээ батлуулан 2 хүүхэд төрүүлээд эцэг дээр нь орхиод надтай ханилсан болохоор би 3 охиноо өөрийн нэр дээр овоглуулж чадаагүй. Иймд надтай хамт амьдарч байгаа 2 охиноо өөрийн асрамжид үлдээж, өөрөөрөө овоглуулж, хүүхдийн мөнгийг нь авах хэрэгтэй байна. Миний хувьд бага насны хүүхдээ өсгөдөг учраас ажил хийх боломжгүй байдаг. *******гийн хаягт тодорхойгүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байна. ******* нь 30 настай, цайвар шар царайтай, махлагдуу биетэй, 160 см орчим өндөртэй, 86915005 дугаарын утастай. Түүний найз нь *******г Улаанбаатар хотод байгаа гэж хэлсэн. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* г шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тэй 2019 оны 07 дугаар сараас 2024 оны 10 дугаар сарыг хүртэл хугацаанд хамт амьдарсан болох нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг дарын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2/22 тоот тодорхойлолт, хамтран амьдрах хугацаанд охин , нар төрсөн болох нь төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баянтүмэн сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 40 тоот тодорхойлол зэргээр нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хүүхдийн асрамжийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл түүний оршин суух хаяг тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүхэд гаргаж байгаа тайлбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага хийхээр хуульчилсан байх тул *******г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа /оршин байгаа/ газар, хаягийг олж тогтоох, хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч *******т мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******г эрэн сурвалжлах ажиллагааг хийж, оршин байгаа хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч *******т /утас: 89971355/ мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ