| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/00407/И |
| Дугаар | 309/ШШ2025/00174 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 309/ШШ2025/00174
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: ******* *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******,
Хариуцагч: ******* ******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 20 625 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******д өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай, FAWDFL 4251 маркийн 7700 С ангилалын чиргэч зүтгүүр, улаан өнгөтэй, 2021 оны 09 дүгээр сард Монголд орж ирсэн машинаа 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 45 000 000 төгрөгөөр худалдах гэрээ хийж нотариатаар батлуулан худалдсан. ******* нь тухайн өдөртөө 25 000 000 төгрөгөө бэлэн төлж, үлдэх 20 000 000 төгрөгийн 10 000 000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, үлдэх 10 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай буюу 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор сар бүр 833 000 төгрөгөөр төлөхөөр тохирсон. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 5 000 000 төгрөг, 06 дугаар сард 1 250 000 төгрөгийг төлсөн. ...Иймд *******, А.******* нараас үндсэн төлбөр 13 750 000 төгрөг, алданги 6 875 000 төгрөг, нийт 20 625 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч *******, А.******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* нь *******тай зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсн. Уг гэрээнд А.******* гарын үсэг зураагүй. ******* нь 2022 оны 03 дугаар сард *******тай зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж ******* улсын дугаартай том оврын ачааны автомашины толгойг 45 000 000 төгрөгөөр худалдан авсан. 25 000 000 төгрөгийг бэлэн төлж үлдэгдэл 20 000 000 төгрөгийг тодорхой хугацаанд төлөхөөр гэрээн тусгасан. Тээврийн хэрэгсэл аваад ачаа бараа зөөж орлого олох зорилготой байсан боловч ковидын дараах нөхцөл байдал, мөн уг машины мотор хүчин чадал муутай байсан учраас эвдрэл гардаг байсан. Надаас 20 625 000 төгрөг нэхэмжилж байгаа бол би машиныг нь буцаан өгөөд түүнд өгсөн мөнгөө авах хүсэлтэй байна. Хэрэв үгүй гэвэл би үлдэгдэл 13 750 000 төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулах болно. Алдангийг төлөхийг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: *******, А.******* нараас 20 625 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гарагсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 10 000 000 төгрөгт тооцож өвс өгсөн ба 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 3 000 000 төгрөгийг шижлүүлж үүгээр төлбөр тооцоог дуусгахаар тохиролцлоо. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, А.******* нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 20 625 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч, татгалзах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261 075 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, А.******* нарт холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 20 625 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261 075 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ