Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 309/ШШ2025/00196

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* баг, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: О.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1979 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ахынхаа төрсний гэрчилгээгээр ажилд орсон. Учир нь миний чих юм сонсохгүй, хэл ам ээдэрдэг хүүхэд байсан учраас намайг сургуулиас завсардуулсан байсан. Тэгээд би 14 нас хүртлээ эцэг, эх дээрээ байж байгаад эцэг, эхдээ нэмэр болохын тулд 14 настай байхдаа ажилд орсон. Тухайн үеийн нийгмийн байдал хүнд хэцүү байсан бөгөөд 14 настай хүүхдийг ажилд авахгүй байсан учраас ах ******* Мөнхбаярын гэрчилгээг үзүүлэн ажилд орсон. Улмаар 1979 оноос 1983 оныг хүртэл ажилласан. Уг тушаалуудын эзэмшигч болохоо тогтоолгох шаардлагатай байна. Ажлаас чөлөөлөгдсөн тушаал миний нэрээр гарсан байгаа. Иймд намайг 1979 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Хүнсний комбинатад ачигчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарыг тал бүрээс нь шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч О.******* нь 1980  оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Дорнод аймаг дахь Хүнсний комбинатад ачигчаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн ******* тал/

2. Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Дорнод аймаг дахь Хүнсний комбинатын даргын 1979 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Ажилд шилжүүлэн тавих ба шинээр ажилчин авч ажиллуулах тухай” 105 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 5-р тал/,

3. Дорнод аймаг дахь Хүнсний комбинатын даргын 1980 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Ажил өөрчлөх түр ажилчин авах тухай” 162 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 7-р тал/,

4. Дорнод аймаг дахь Хүнсний комбинатын даргын 1982 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Амралтын өдөр ажиллуулах тухай” 151 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 8-р тал/,

5. Дорнод аймаг дахь Хүнсний комбинатын даргын 1983 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Хугацаат цэргийн албанд тэнцэж татагдсан зарим ажилтан ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай” 121 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 9-р тал/,

6 Гэрч *******ын шүүхэд өгсөн ...Миний дүү О.******* нь Хүнсний комбинатад ачигч буюу грушикээр ажиллаж байсан. О.******* нь багаасаа сонсголын бэрхшээлтэй байсан учраас сургууль авахгүй байсан. Тэгээд амьдарлын эрхээр 14 настайгаасаа эхлэн Хүнсний комбинатад ажиллах болсон. О.******* нь нас бага боловч өсөглүүн биетэй байсан учраас ажил хийхээр болсон. Тиймээс Хүнсний комбинатад ачигчаар орсон. Миний бас нэг дүү нь мөн хүнсийн комбинатад жолоочоор ажиллаж байсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,

10. Гэрч шүүхэд өгсөн: ...Миний дүү О.******* нь Дорнод аймаг дахь Хүнсний комбинатад ачигч буюу грушикээр 14 наснаасаа эхлэн ажиллаж эхэлсэн. О.******* нь багаасаа сонсголын бэрхшээлтэй байсан учраас 4 ангиасаа сургуулиас гарсан. Тэгээд Хүнсний комбинатад ажиллах болсон. О.******* нь тухайн үед насанд хүрээгүй байсан учраас миний нэрээр хүнсний комбинатад ажиллах болсон. Тиймээс тушаалууд дээр нь Мөнхбаяр гэдэг нэр бичигдсэн юм. О.******* нь 1979-1983 он хүртэл Хүнсний комбинатад ачигчаар ажилласан. Би 1980-1981 он хүртэл Хүнсний комбинатын автогражид засварчнаар, 1984-1998 он хүртэл хүнсний комбинатад жолоочоор ажилласан. Намайг засварчнаар ажиллаж байхад О.******* ачигчаар ажиллаж байсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч нь Дорнод аймаг дахь Хүнсний комбинатад 1979 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 1980 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ачигчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иймд О.*******ийг 1980  оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Дорнод аймаг дахь Хүнсний комбинатад ачигчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1979 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 1980 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийг 1980  оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Дорнод аймаг дахь Хүнсний комбинатад ачигчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1979 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 1980 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.ОТГОНЖАРГАЛ