| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0070/Э |
| Дугаар | 142 |
| Огноо | 2018-01-23 |
| Зүйл хэсэг | 114.1., 148.1., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч Ч.Алтансүх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Алтанзагас,
Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч А.Ганзориг /ҮД:2446/, Д.Оюунбаатар /ҮД:2309/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мт холбогдох 201725011418 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1989 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Электроникийн инженер мэргэжилтэй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зүүн дэнжийн 2 дугаар гудамжны 6 тоотод оршин суух, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан хэргийг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, Б овогт Б М
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.М нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Т.Төрболдыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэж айлган сүрдүүлж, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас 5500000 төгрөгийг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож шилжүүлэн авч залилсан, мөн 16 насанд хүрээгүй М.Ариунааг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мын өгсөн: “... би 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Ариунаа, Буджав 2 хоорондоо найзалдаг, тэр 2 манайхаар байнга орж гараад миний ажилд туслаад явж байдаг, тэгээд би Эрдэнэтэд барилгын ажилд аваад хот руу материаланд явна, та 2 хамт явах уу гэхэд тэгье гэж байсан, тэгээд дараа нь яг хот руу явах гээд Буджав руу залгахад хотод ирчихсэн байна гэсэн, тэгээд би найз охин нь болох Ариунаа руу яриад ах нь хот руу явлаа чи явах уу гэхэд тэгье гээд бид 2 хотод очоод Буджав руу залгахад утас нь ерөөсөө холбогдохгүй байсан. Гэтэл миний багын 10-н жилийн найз болох Төрболд Солонгосоос ирсэн гээд яриад бид 2 уулзах болоод би тухайн үедээ Ариунаа гээд дүүгээ ахын дүү эндээ ингээд суугаад хоол идэж байгаарай гэж хэлсэн, тэгээд Төрболд бид 2 Sunday гээд пабд ороод найзтайгаа юм яриад жоохон юм уугаад хоол идэж байж байгаад дүүгээ хараад наашаа суучих гээд цуг суугаад 2 шил архи уугаад пабаас гарсан, тэгээд би Ариунааг хаана хонох вэ Буджав руу яриад үз гэтэл утас нь холбогдохгүй байна гэсэн гэтэл Ариунаа манай нэг найз энд оюутан болоод ирсэн байгаа утас нь холбогдож байна би найз дээрээ очлоо гэхээр нь таксины мөнгө 20,000 төгрөг өгөөд явуулсан тэгээд удалгүй 10-20 минут болж байтал Ариунаа манай найз болох Төрболдын хамт буудлын өрөөнд ороод ирсэн. Тэгээд би Ариунаагаас яасан бэ ахын дүү гээд асуутал Буджав болон манай найзын утаснууд нь холбогдохгүй байна би эндээ хоночихьё гэсэн. Тэгээд би тухайн үедээ ядраад унтаад өгсөн, өглөө сэртэл хоорондоо хэрэлдээд байгаа юм шиг байхаар нь хартал Төрболд Ариунаагийн дээр нь гарчихсан хамаг хувцасыг нь тайлчихсан үрийн шингэнээ өмдөн дээр нь мөн гэдсэн дээр нь цацаад байсан тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ гэхэд надтай муудалцаад эмэгтэй хүн надаас харамлаад ухааны юм яриад эхэлсэн. Тэгээд Төрболд 00 руу явчихаар нь би Ариунаад за ахын дүү ахтайгаа явж байгаад ийм байдалд орчихлоо чи үнэхээр цагдаад хэлмээр байгаа бол хэл дээ гэрийхэн рүүгээ хэл хэл гэж хэлсэн. Гэтэл Ариунаа дуугарахгүй уйлаад би яах юм бэ гээд уйлаад байсан тэгсэнээ Ариунаа би юу ч гэсэн эгч рүүгээ утсаар ярья гээд гараад явчихсан, тэгээд Төрболд надад би үрийн шингэнээ дотор нь ялгаруулаагүй юм чинь гайгүй биз дээ гэсэн тэгэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн, Тэгээд Төрболд надад найздаа туслаач дээ гээд гуйгаад байхаар нь бид хоёр шүүхийн гадаа байсан үнэгүй зөвлөгөө өгнө гэсэн хүн дээр орж асуутал хэрвээ хүчингийн хэрэг хийсэн бол хүнд хэрэг, хэрвээ өргөдөл өгөхгүй байвал арай өөрөөр шийдэгдэх магадлалтай гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ариунаа руу яриад юу болж байна ахын дүү наадахыг чинь заавал цагдаад хэлэхгүй шийдэж болдог гэсэн хэрвээ чи өргөдөл гаргавал Төрөө ах чинь ял үүрээд явах гээд байна, тэгээд мөнгө өгөхийг санал болгосон. Гэтэл Төрболд чи надтай нэгэнт л хамт явж байгаад ийм асуудалд орсон юм чинь мөнгөнөөс төл гээд байхаар нь би Ариунаа руу яриад ах нь хотоос юм авах гэж ирсэн гэдгийг чи мэдэж байгаа тэгэхээр чи Төрболдоос 7 сая төгрөг авна гээд хэлчихээ тэгээд ах нь 1,500,000 төгрөгийг чамд өгсөн болъё гээд би Ариунаагаар бичиг хийлгүүлж авахдаа 7 сая гэж бичүүлж авсан нь үнэн. Тэгээд Төрболдод 2-ууланд нь ашигтайгаар шийдэгдлээ тэгэхгүй бол Болдоо ах гээд цагдаагийн хүн байдаг юм аа тэд нар нь мэдчихвэл бөөн юм болох байхаа гэж хэлсэн гэтэл Төрболд за за гэсэн. Гэтэл Төрболд өглөө миний данс руу 5.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би Ариунаад мөнгийг нь өгөөд Эрдэнэт рүү унаанд суугаад яв гээд явуулсан. Гэтэл маргааш нь Төрболд над руу залгаад би айгаад ээждээ бүгдийг нь хэллээ гэсэн, тэгээд удалгүй ээж нь над руу яриад чи цуг явсан биздээ хариуцлагаа цуг хүлээгээрэй гээд орилоод уурлаад байсан. Гэтэл дараа нь Төрболд над руу яриад ээж бид 2 цагдаа дээр очиж асуулаа 72 цагийн дотор шалгахгүй бол унтасан гэдэг нь тогтоогдохгүй юм байна тэгэхээр би бид өгсөн мөнгөнүүдээ хуваагаад буцаагаад авах хэрэгтэй юм байна гэсэн, тэгэхээр нь би Төрболдод одоо хэрэггүй гэж хэлтэл Төрболд наадах чинь нотлогдохгүй юм байна гэхээр нь би утсаа таслаад орхисон. Гэтэл хэдэн өдрийн дараа Баянзүрхийн цагдаагаас дуудахаар нь очоод бүх үнэнийг хэлтэл тэгвэл нөгөө охиныг олоод ир гээд байсан. Тэгээд нилээн олон сарын дараа цагдаагаас намайг эрэн сурвалжлаад байхаар нь цагдаа дээр иртэл таны хэлсэн ярьсан зүйл Ариунаатай таарахгүй байна гэсэн. Тэгэхээр нь би Ариунаагаас асуутал би тухайн үед цагдаагаас айгаад бас ээжээсээ айгаад худлаа хэлсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би ээжийнхээ утсыг өг гээд ярьтал утсыг нь эгч нь аваад болсон асуудлын талаар ярихад үнэхээр миний дүү энэ мөнгийг авсан бол би ямар нэгэн аргаар заавал төлнө гэсэн, тэгээд одоо тэрнээс хойш одоог хүртэл эгчтэй нь уулзаагүй байна” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Т.Төрболдын өгсөн “... 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 22 цагт 10 жилийн ангийн найз болох Батхүү овогтой Мөнх-Очиртой уулзаж Сувдан сондор хотхоны ард байрлах Сандей пабад 0.75 литрийн 1 шил архи захиалаад Мөнх-Очир бид хоёр хувааж уусан. Архи уугаад дуусах үед бид хоёрын хажуугийн ширээнд 1 охин сууж байсан. Тэгтэл Мөнх-Очир тэр охины ширээн дээр хамт сууя гээд Мөнх-Очир эхлээд тэр охинтой суучих уу гэж асуугаад намайг наашаа хүрээд ир гэхээр нь би ширээнд нь очиж суусан. Тухайн үед 0.5 литрийн 1 шил архи захиалсан тэрийг нь бид 3 хуваагаад уусан. Тэгээд Мөнх-Очир бид хоёр тэр охинтой нэр усаа хэлээд танилцсан. Би тэр ширээнд суугаад архи ууж байгаад дуусгаад тасарсан. Баарнаас яаж гарсанаа мэдэхгүй, буудалд яаж орсон мэдэхгүй байна. Нэг мэдсэн өглөө сэрсэн. Сэрэхэд хажууд найз Мөнх-Очир зүүн талын орон дээр унтаж байсан. Нөгөө охин бид хоёр нэг орон дээр хэвтэж байсан. Би хувцастайгаа сэрсэн, нөгөө охин хувцастайгаа байсан. Би сэрчихээд тэр охиныг жаахан илж таалаад өмдийг нь тайлсан, гэтэл тэр охин сэрэхгүй нам унтаад байхаар нь би буцаагаад өмдийг нь өмсгөх гэж оролдсон чинь болохгүй байхаар нь би найз дээрээ очоод түрийвчээ асуугаад мэдэхгүй гэхээр нь би ресепшин дээр очиж түрийвчээ асуусан. Гэтэл ресепшин чи шөнө ирэхдээ карт түрийвчээ хаячихсан гэж ярьж орж ирсэн. Буцаад өрөөнд ороод ирсэн чинь нөгөө охин босчихсон хувцасаа өмсчихсөн цонхны тэнд уйлаад утсаар ярьж байсан. Би найзаасаа энэ яачихсан юм бэ гэхэд Мөнх-Очир наадах чинь уйлаад ах эгч рүүгээ яриад байна шүү дээ гэж хэлсэн. Би тэр охиноос чи яасан юу болсон юм бэ? яагаад уйлаад байгаа юм гэхэд юу ч хэлээгүй уйлаад ахтайгаа ярьж байгаа юм шиг дүр эсгээд ирж байна уу гээд байсан. Би тухайн үед айгаад буудлын гадна гараад сууж байсан, нөгөө охин буудлаас ахтайгаа ярьж байгаа юм шиг болоод гараад явсан. Мөнх-Очир бид 2 миний түрийвчийг хайгаад суусан пабдаа очсон. Тэгээд байж байтал 1 цаг гаруйн дараа Мөнх-Очирын утас нь дуугараад Баянзүрхийн цагдаагийн 2 дугаар хэсгээс Болдбаатар гэдэг нэртэй байцаагч өргөдөл ирсэн байна гээд залгаж байна гэж надад Мөнх-Очир хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр айгаад шүүхийн хажууд байрлах өмгөөлөгчөөс ирж үнэгүй хууль зүйн зөвөлгөө авсан. Тэгтэл хүчингийн хэрэг бол та 2 ял авна энэ тэр гэхээр нь би айсан. Мөнх- Очир надад хэлэхдээ тэр байцаагч нь Сансарын тунелын дээр байгаа чи байж бай би байцаагчтай очоод уулзья гээд намайг машин дотор үлдээгээд тунел рүү алхаад явсан. Мөнх-Очир надад хэлэхдээ чи байцаагч дээр очвол шууд хорьчих байх гэж хэлээд намайг үлдээсэн. Мөнх-Очир 30 гаруй минутын дараа ирээд Болдбаатар байцаагчтай уулзчихлаа өргөдөл ирчихсэн байна, чамайг бэлгийн харьцаанд орсон байна гээд өргөдөл ирсэн байна гэж хэлсэн... Тэр охин руу Мөнх-Очир өөрийнхөө утсаар залгаад яагаад байгаа юм бэ ахын дүү ингэж болохгүй шүү дээ энэ чинь хүний амьдрал шүү дээ өөрсдөө учраа ольё гэхэд нөгөө охин 15 сая төгрөг нэхэмжилж байна гээд цаанаас нь хэлэхэд Мөнх-Очир ахын дүү арай ч дээ наадах чинь арай их байна гэж байсан. Тэгээд би найзаасаа ийм их мөнгө нэхэмжилдэг юм уу гэхэд Мөнх-Очир чи хүчингийн хэрэгт холбогдсон яалт ч үгүй ял авна гээд байсан. Дахиад Мөнх-Очир нөгөө охин руу залгаад жаахан ярья л даа гэхэд 10 сая болох юмуу гэхэд яг одоо шилжүүлэх юм бол өргөдлөө буцаалаа гэж тэр охин хэллээ гэсэн. Тэгээд үүний дараагаар Мөнх-Очир бид 2 ярилцсаны эцэст Мөнх-Очир ах руугаа залгаад мөнгөний хэрэг байна аа гээд танд боломж байна уу гэж асуухад ах нь цаанаас нь жаахан байж байгаад залгачих гээд утсаа салгасан. Арай ч дээ би яаж 10 сая төгрөг өгөх вэ хуваагаад өгье гэж Мөнх-Очирт хэлэхэд за тэгье 5, 5 саяар нь гаргья гэж хэлсэн... Мөнх-Очир өөрийнхөө данс руу 500.000 төгрөг авсан гэж хэлсэн. Тэр үед Мөнх-Очир нөгөө охин руу залгаад мөнгийг данс руу чинь шилжүүлчихлээ, одоо уулзаж бичгээ авья гэж ярьсан. Тэр охин би уулзахгүй, манай прокурор ахтай уулз гэж байнаа гэж хэлээд Мөнх-Очир би очоод уулзаад өргөдөл юмаа янзалчихаад ирье гээд машинаас буугаад явсан. Би ард нь үлдээд ер нь уулзъя гэж бодоод машинаас буугаад миний утас цэнэггүй байсан учраас хүний утаснаас Мөнх-Очир руу залгахад за за болчихлоо чи машин дээрээ очиж бай би очиж байна гэж хэлсэн... ирээд Мөнх-Очир болчихлоо прокурор ах нь гээд өндөр туранхай залуу байна гэж хэлээд Болдбаатар байцаагч маргааш өөрөө чам руу ярина гэсэн, ирж байцаалт өг гэж байна гэж хэлсэн... Тэгээд чи ер нь одоо мөнгөө өгчих, ах нь өнөөдөр мөнгөө авна гэсэн гэж хэлсэн. Ер дансыг нь надад өгчих гэсэн чинь өгөхгүй өөрийнхөө дансыг өгөөд ийшээ хийгээд өгчихье гэж хэлсэн. Тэр орой 21 цаг 18 минутад дугаараа нууцалсан дугаараас залгаад Болдбаатар байцаагч байна утсаа унтраахгүй шүү маргааш дуудахаар ирээрэй гэж 2 минут 13 секунд ярьсан. Маргааш өглөө нь банк онгойхоор Мөнх-Очирын данс руу 5500000 төгрөг хийсэн. Үүний дараа гэртээ ирээд ээждээ үнэнээ хэлсэн. Тэгээд ээжтэй хамт тунель дээр байрлах цагдаагийн газар дээр ирэхэд тэнд цагдаагийн хэлтэс байдаггүй, Болдбаатар гэдэг байцаагч байгаагүй юм. Ээж уурлаад Мөнх-Очир руу залгахад танай хүүхэд чинь хүчин хийчихсэн, намайг ялтан минь энэ тэр гээд хэл амаар доромжлоод байсан” гэх мэдүүлэг /хх.76-77/,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч М.Ариунаагийн “... 2017 оны 03 дугаар сарын сүүлээр миний утас руу 99992115 гэсэн дугаараас манай найз залуу Буджавын ах Мөөжиг залгаад ахын дүү хэдэн настай юм бэ? гэхээр нь би насанд хүрээгүй гэсэн чинь ахад нь чамаар хийлгэх нэг ажил байна. Ажил эхлэхээр залгъя гэрийхэндээ гэртээ хоёр, гурван хоног хонохгүй шүү гэж хэлээд бэлдэж байгаарай гэсэн. Үүнээс хойш 3 хоногийн дараа Мөөжиг ах над руу залгаад Улаанбаатар хот явна нөгөө ажил чинь эхэлнэ гэж байна гээд машинтайгаа манай гэрийн гадаа ирээд намайг ирээд авсан. Би ээжид ангийнхаа охин Орхонтуулын гэрт хононо гэж хэлсэн. Ингээд Мөөжиг ах бид хоёр 2017 оны 4 дүгээр сарын эхээр Орхон аймгаас гарсан. Мөөжиг ах бид 2 оройн 18 цагийн үед Улаанбаатар хот ороод намайг Сандэй нэртэй пабд оруулаад 10.000 төгрөг өгөөд чи энд юм авч идээд сууж байгаарай би найзыгаа аваад ирье гэж гараад 30 минутын дараа найзыгаа дагуулж ирсэн. Найзыгаа дагуулж ирээд хажуу талын ширээнд суугаад архи ууж байгаад миний ширээн дээр намайг танихгүй хүн болж ирээд надтай тэр 2 танилцсан. Надтай танилцахдаа өөрийхөө нэрийг хэлээд Орхон аймгаас ирсэн гэж танилцаж байсан. Мөөжиг ах найзтайгаа миний ширээнд суугаад хоол авч өгөөд пиво авч уугаад бид 3 хэсэг суусан. Сууж байхад Мөөжиг ах миний гар утас руу “чи одоо баарнаас гар” гэж мессеж бичсэн. Тэгэхээр нь би гэртээ харина гэж хэлээд нөгөө хоёроос салаад баарнаас ганцаараа гарсан. Намайг пабаас гараад явж байхад Мөнх-Очир ах найзынхаа хамт гарч миний хойноос ирээд танайх хаана байдаг юм хүргээд өгье гэх мэтээр ярьсан. Тэгэхээр нь машинд суусан чинь Сансарын колонкын буудлаас баруун тийшээ явж байсан санагдаж байна. “Молор” гэсэн нэртэй 2 давхар ногоон өнгөтэй буудлын гадна очоод зогссон. Буудлын гадна очоод тэр 2 намайг машиндаа үлдээгээд буудал руу орж хэсэг байж байгаад гарч ирсэн. Гарч ирээд чи бид хоёртой хамт жоохон байж байгаад яваач гээд намайг дагуулаад уг буудлын 2 давхарт байсан өрөөнд орсон. Өрөөнд ороод юм ярьж сууж байгаад бид 3 унтахаар болсон. Буудлын өрөөнд ороод би нэг лааз пиво уусан. Нөгөө 2 бас нэг нэгийг уусан. Уг өрөө нь 2 ортой өрөө байсан бөгөөд Мөөжиг ах нэг орон дээр нь унтана гээд хэвтсэн. Би нөгөө орон дээр унтах гээд хэвтсэн. Би үүрээр сэрсэн чинь нөгөө Төрөө гэх ах миний хажууд хэвтэж байсан бөгөөд намайг оролдоод би сэрсэн. Намайг оролдоод байхаар нь би дургүйцээд боссон. Намайг боссон чинь Төрөө нь жорлон руу орсон. Төрөөг жорлон орсон байхад Мөөжиг ах чи утсаар ээж аавтайгаа ярьж байгаа юм шиг мөн цагдаад намайг хүчиндсэн гэх мэтээр хэлээд дуудлага өгч байгаа юм шиг худлаа утсаар ярьж байгаад гар гэж хэлсэн. Би хойноос чинь гараад чам руу утсаар ярина гэсэн. Төрөөд заавал мэдэгдэх ёстой шүү гээд байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө гар утсыг аваад ахтайгаа хүнд хүчиндүүлсэн мэтээр ярьж байгаа дүр эсгэж байгаад буудлаас гарсан. Тухайн үед Төрөө гэдэг ах нь өрөөнөөс гараад коридорт сууж байсан. Би буудлаас гараад замын хойд талд байдаг цайны газарт ороод Мөөжиг ахыг утсаар ярихыг хүлээсэн. Мөөжиг ах над руу залгаад ах нь найзаасаа салсан байна. Эргэж уулзаад түүний хажууд утсаар ярихаар чи цагдаад өргөдлөө өгнө, явдаг газар чинь явна мөнгө төгрөг авахгүй гэж хэлээд тасдаарай гэж хэлсэн. Үүнээс хойш Мөөжиг ах над руу залгаад ахын дүү цагдаад битгий хэлээрэй, өргөдөл битгий өгөөрэй, мөнгө өгье, эгч ахтай чинь утсаар яръя. Дугаарыг нь өгөөч гээд яриад байсан. Тэгээд цөөхөн хэдэн минутын дараа Төрөө нь надтай утсаар яриад чи цагдаад өргөдөл өгөх гээд байгаа юм уу хаашаа юм бэ, зүгээр байхад юу болоод байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр нь би Мөөжиг ахын хэлсэнээр та намайг хүчиндсэн чинь үнэн биз дээ. Явдаг газраар чинь явна гэж хэлсэн. Тэгтэл Мөөжиг ах утсыг нь аваад чамд мөнгө өгье гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би 7 сая төгрөг өг гэж хэлсэн. Мөөжиг ах өөрөө надад 7 сая төгрөг өг гэж хэлээрэй гэсэн. Намайг 7 сая гэхэд Мөөжиг ах ямар их мөнгө вэ, ядаж 6 сая болгочих гэж гуйсан. Тэгэхээр нь би тэгье гэсэн чинь намайг дансныхаа дугаарыг өгчих гэсэн. Тэгэхээр нь би дансны дугаар байхгүй гэсэн чинь утсаа салгасан. Үүнээс хойш 2, 3 цагийн дараа Мөөжиг ах над руу утсаар ярьж байгаад ирж уулзсан. Би тухайн үөд нөгөө цайны газрынхаа ойролцоо байж байсан. Мөөжиг ах надтай уулзаад чи одоо байж бай, Төрөө мөнгө өгөх шинжтэй байна гэж хэлээд намайг машиндаа суулгаж авч яваад “Их бүрд” гэсэн нэртэй буудалд дагуулж ороод өрөө авч өгөөд өөрөө явсан. Тэр өдрөө Мөөжиг ах надтай дахин холбогдоогүй. Маргааш өглөө Мөөжиг ах ирсэн. Ирэхдээ Төрөөгөөс 2 сая төгрөг авсан гээд надад 500.000 төгрөг өгөөд миний дүү явж бай, ах нь араас чинь утсаар ярья гэж хэлээд үлдсэн. Үүний дараа Мөөжиг ах надтай уулзаад машиндаа суулгаж байгаад надаар баталгаа гаргах нь гэсэн толгойтой 7.000.000 авлаа, одоо надад гомдол санал байхгүй, гэсэн утгатай бичиг надаар бичүүлж аваад явсан. Үүнээс хойш Мөөжиг ах над руу утсаар яриад миний дүү Баянзүрх дүүргийн цагдаа дээр ирж мэдүүлэг өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мөөжиг ахын хэлсэнээр нь цагдаа дээр өөрийн хуурай эгчийн хамт Улаанбаатар хотод очсон. Мөөжиг ах миний хуурай эгч Чээмкад чи цагдаад Ариунаагийн хадам эгч нь байна манай дүүг тэр залуу чинь хүчиндсэн байна, цагдаагаар явна гээд хэлээрэй гээд хэлэх үгийг нь зааж өгөөд 200.000 төгрөг өгсөн. Чээмка эгч надтай хамт цагдаагийн газар очоод нэг эмэгтэй цагдаатай уулзаад гомдолтой байна гэдгээ хэлсэн. Нөгөө эмэгтэй цагдаа бид 2-г түр гарч бай, одоо Төрөө гэдэг залуу ирнэ гэхээр нь цагдаагийн газар байж байгаад ирэхгүй болохоор нь Чээмка эгч бид 2 Мөөжиг ах руу явсан. Мөөжиг ах дээр очоод бид 2 цагдаатай уулзсан гомдолтой гэдгээ хэлсэн гэчихээд Чээмка эгч ажилтай гээд явсан. Би үлдээд орой нь Драгоноос такси бариад Орхон аймаг руу явсан. Тэр цагаас хойш холбоогүй байж байгаад 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 10 цагийн үед над руу 99126576 гэсэн дугаараас гэнэт Мөнх-Очир ах залгаад хотоос цагдаа нар ирчихсэн байна, урьдын хэргийг чимээгүй болгочихсон байна гэсэн чинь цагдаа нар чи бид 2-г хайгаад байна гэж хэлсэн. Хэрвээ байцаалт өгөх юм бол би тэр мөнгийг өөрөө үрчихсэн гэж хэлээрэй, би Төрболд гэх хүнд хүчиндүүлсэн намайг мөнгө нэхээгүй байхад мөнгө өгсөн гэж хэл, утсаа таслаарай гэж хэлсэн. Би хичээл тараад найз Орхонтуулын гэрт очоод утсаа унтраасан...” гэх мэдүүлэг /хх.82-83/,
Хаан банкны мөнгөн шилжүүлэг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хийсэн хуулга /хх.21/,
99992115 дугаарын утасны эзэмшигчийн болон орсон, гарсан ярианы билл /хх.39,42,44/,
Б.Мын оршин суугаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн засаг даргын тодорхойлолт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.М нь иргэн Т.Төрболдыг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэж айлган сүрдүүлж, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас 5500000 төгрөгийг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож түүнээс шилжүүлэн авч залилсан, мөн 16 насанд хүрээгүй өсвөр насны хүүхэд М.Ариунааг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Т.Төрболдын өгсөн мэдүүлэг /хх.76-77/,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч М.Ариунаагийн өгсөн мэдүүлэг /хх.82-83/,
Хаан банкны мөнгөн шилжүүлэг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хийсэн хуулга /хх.21/,
99992115 дугаарын утасны эзэмшигчийн болон орсон гарсан ярианы билл /хх.39,42,44/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Б.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.
Гэвч насанд хүрээгүй М.Ариунааг яллагдагчаар татан, түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, улмаар прокурорын яллах дүгнэлтэд Б.Мыг бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн талаар тусгаагүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах учир Б.Мыг бусадтай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх боломжгүй юм.
Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.
Мөн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан ялаас, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан ялаас тус тус харьцангуй хүндэрсэн байх тул шүүгдэгчид ашигтайгаар хуучин хуулийг хэрэглэж, хэргийн зүйлчлэлд зохих өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
Иймд Б.Мыг “хуурч мэхлэх замаар бусдын эд хөрөнгө залилах” болон “насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцсон болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Мын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байх боловч түүнд холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан хөнгөн төрлийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа тус тус өнгөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Мт авсан урьд нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.М нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 6 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Уг гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлын 5.500.000 төгрөгийг Б.Моос гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Алтанзагаст олгох нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мт холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өөрчилсүгэй.
2. Б овогт М “хуурч мэхлэх замаар бусдын эд хөрөнгө залилах”, “насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, шүүгдэгч Б.Мт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтыг үндэслэн Б.Мыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Б.Мт урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг цагдан хорих байраас даруй сулласугай.
5. Б.М нь 6 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Моос 5500000 /таван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Алтанзагаст олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР