Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2024/0904

 

 

 

 

     2024         11           14                                    128/ШШ2024/0904     

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: Т.З*******  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.М*******

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ү

Гуравдагч этгээд: “О*******” ХХК

Гуравдагч этгээдийн төлөөлөгч: Ж.Ц    

 

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А дугаар тушаалын “О*******” ХХК-д холбогдох хэсгээс иргэн Т.З*******ын зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа 41 нэгж талбарын дугаартай 0.07 га газрыг “О*******” ХХК-д ашиглуулахаар олгосныг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү, гуравдагч этгээдийн төлөөлөгч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А дугаар тушаалын “О*******” ХХК-д холбогдох хэсгээс иргэн Т.З*******ын зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа 41 нэгж талбарын дугаартай 0.07 га газрыг “О*******” ХХК-д ашиглуулахаар олгосныг хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.  

2.Маргааны үйл баримтын талаар дурдвал:   

2.1.Анх Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А дугаар захирамжаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, 3 дугаар баг, Шар булгийн тохойд байрлах 0.07 га газрыг нэхэмжлэгч Т.З*******т эзэмшүүлж шийдвэрлэжээ. 

2.2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А дугаар тушаалаар Төв аймаг, Эрдэнэ сум, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт “О*******” ХХК-д 13533 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрхийг олгожээ. 

2.3.Тус шүүх нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А дугаар тушаалын “О*******” ХХК-д холбогдох хэсгээс иргэн Т.З*******ын зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа 41 нэгж талбарын дугаартай 0.07 га газрыг “О*******” ХХК-д ашиглуулахаар олгосныг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.      

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Т.З******* нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг 3 дугаар баг Шар булгийн тохой гэх газар, зуслангийн зориулалттай 0.07 га газрыг 15 жилийн хугацаатай тус сумын засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А дугаартай захирамжаар Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 9 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн эзэмшүүлж шийдвэрлэсэн байдаг. Энэхүү захирамжийн дагуу газрын кадастрын зураг хийлгэж, 41*** нэгж талбарын дугаартай газрыг эзэмшиж, газрын даамалтай газар эзэмших гэрээ байгуулан өнөөдрийн байдлаар Газрын тухай хуульд заасныг дагуу газар эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлж байна. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А дугаартай тушаалаар тус сумын Шар булгийн тохойд О******* ХХК, РД:26*******-д 13533 м.кв газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгосон байх ба ингэхдээ иргэн Т.З*******т олгосон тус хаягт байрлах зуслангийн зориулалттай 0.07 га газартай давхцуулан олгож, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн байна.

Сайдын дээрх тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:, 27.2.1.хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах;, 27.5. Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэж заасныг зөрчиж О******* ХХК-д газар ашиглах захиргааны акт гаргаж, Т.З*******ын хууль ёсны эрхийг ноцтой зөрчиж байна.

Тодруулбал 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А дугаар тушаалаар О******* ХХК-д газар ашиглах шийдвэр гаргахдаа тухайн газар нь бусдын өмчлөл, эзэмшил, ашиглаж байгаа газартай давхацсан эсэх нөхцөл байдлыг тогтоогоогүйн улмаас сонсох ажиллагаанд хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа Т.З*******ыг тайлбар санал гаргах боломжийг хязгаарлаж түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн захиргааны акт гаргасан байна. Т.З******* нь сайдын А дугаартай тушаалыг мэдсэн даруйдаа Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т зааснаар Байгаль орчин аялал жуулчлалын сайдад хандаж урьдчилан шийдвэрлүүлэхээр 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гомдол гаргасан бөгөөд гомдлыг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаартай "Хариу хүргүүлэх тухай" албан бичгээр шийдвэрлэж ирүүлснийг урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэсэн болно. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А дугаартай тушаалын хавсралтын 3 дахь хэсэг О******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаас О******* ХХК-д 5 жилийн хугацаагаар газар ашиглуулахаар шийдвэрлэсэн тушаал гарсан байдаг. О******* ХХК-д горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалын зориулалтаар газар олгосон. Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А дугаартай захирамжаар иргэн Т.З*******т Эрдэнэ сумын гуравдугаар баг, шар булгийн тохой гэдэг газар зуслангийн зориулалттай 700 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн. Гэвч 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А дугаартай тушаалаар О******* ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар тодорхой нэр бүхий 10 гаруй иргэний газрыг хамруулаад газар ашиглах эрхийг олгосон байдаг. Газар олгох процесс нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийн зүйл заалтуудыг тус тус үндэслээд олгосон гэж хариуцагч талаас тайлбарладаг. Газрын тухай хуульд газар эзэмшүүлэх шийдвэрийг бүх шатын засаг дарга нарт олгохоор эрх хэмжээнүүдийг нь заагаад өгчихсөн байгаа. Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхдээ ямар хуулийн ямар шаардлагыг хангах ёстой вэ гэдгийг заагаад өгчихсөн байдаг. Тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх гэж байгаа газар нь хэн нэг этгээдийн эзэмшиж байгаа газартай давхцалгүй байна. Мөн тухайн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан тухайн сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж болохоор заасан газрыг эзэмшүүлж ашиглуулна гэдэг ийм хуулийн шаардлага байгаа. Энэ шаардлагын хүрээнд иргэн Т.З*******т сумын засаг даргын А дугаартай захирамжаар 2017 онд уг газрыг эзэмшүүлсэн. 2020 оны газар эзэмшүүлэх гэрээнд зааснаар энэ гэрээг шинэчлэн байгуулаад эзэмшүүлээд явсан процесс ажил ажиллагаа байдаг. Газрын мэдээллийн нэгдсэн санд тухайн газар бүртгэлтэй харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл Т.З******* нэгж талбарын дугаараар гэр бүлийн зуслангийн газрын зориулалтаар эзэмшүүлсэн нь мэдээллийн санд авагдсан. Энэ талаарх баримтуудыг шүүхээс шаардаж тодорхой эрх бүхий байгууллагуудаас нотлох баримтуудыг ирүүлсэн. 2022 онд сайдын тушаал гарч нэр бүхий иргэдийн газрыг хамруулаад миний олгох эрх хэмжээний асуудал, хуулиар тусгай зориулалтаар газар ашиглуулах эрхийг надад олгосон гэдэг үндэслэлээр газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар энэ хууль нь хууль тогтоомжийн бүрдэл хэсгүүдэд энэ хууль, Монгол улсын үндсэн хууль, Газрын тухай хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэдэг зохицуулалттай. Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг энэ тушаалыг гаргахдаа харгалзан үзэж энэ тушаалыг гаргах ёстой гэж үзэж байна. Газрын тухай хуульд заасан иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн газартай давхцалгүй байна, тухайн газар нь өөр этгээдэд олгогдоогүй бол энэ шийдвэрийг гаргах үндэслэл болохгүй гэдгийг анхаарч үзэх ёстой байсан. Ийм учраас сайдын тушаалын О******* компанид холбогдох хэсгээс иргэн Т.З*******т газрыг ашиглуулахаар олгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.   

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Т.З*******ын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан "... Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны А дугаар тушаалын хавсралтын "О*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлтэй танилцаад, эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд тус тус зааснаар тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах эрх олгодог. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх." бүрэн эрхийг Улсын Их Хуралд олгосон. Үүний дагуу Монгол Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн "Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай" 26 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг баталсан байдаг. "О*******” ХХК-д Төв аймгийн Эрдэнэ сумын газар нутаг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А дугаар тушаалаар "О*******" ХХК-д газар ашиглах эрх олгогдсон байна. Уг газар нь дээрх Улсын Их хурлын тогтоолоор батлагдсан байгалийн цогцолборт газрын хилийн зааг дотор хамаарч байх тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас газар ашиглуулах шийдвэр гаргасан нь эрх зүйн үндэслэлтэй. Харин Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга өөрт олгогдсон эрхийг хэтрүүлж, тусгай хамгаалалттай газар нутагт иргэн Т.З*******т газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл болно.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий газар нь горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газарт газрын хил заагт харьяалагдаж байгаа. Үүнийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2 тоот албан бичигт дээрх маргаан бүхий нутаг дэвсгэрт хамаарч байгаа газар нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй байгалийн цогцолборт газрын хил цагт багтаж байна гэдэг албан бичиг сүүлд ирсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Улсын Их хуралд Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийн тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргана. Эдгээр газрыг тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх бүрэн эрхийг Улсын Их хуралд олгосон байдаг. Үүний дагуу 1993 оны 83 дугаар тогтоолоор горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг тусгай хамгаалалтад анх авсан байдаг. 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай тогтоолын 2 дугаар хавсралтаар горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг баталсан. Маргаан бүхий газар нь горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газарт харьяалагдаад байгаа. Байгалийн цогцолборт газарт харьяалагдаж байгаа учраас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т зааснаар газар ашиглуулах тухай шийдвэр гаргах эрх нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам буюу төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх болдог. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 12-т Зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.18-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах зөвшөөрлийг тус төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. Зөвшөөрлийн тухай хуулийн 1.8-д тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах тусгай зөвшөөрлийг тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно гэдгийг тодорхой заагаад өгчихсөн. Нэхэмжлэгч Т.З*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хэргийн хэрэгсэхгүй болгуулах саналтай байна.” гэв. 

7.Гуравдагч этгээдээс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “”О*******” ХХК нь Төв аймгийн Эрдэнэ сум, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар болох "Шар тохойн ам"-нд байрлах 1,3 га газарт аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулахаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хандаж, давхцал бий эсэхийг тодорхойлж өгөхийг хүссэн албан тоотыг 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр өгсөн болно. Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №******* тоот саналд тус газарт ямар ч давхцал үгүй болохыг тодорхойлсон байдаг. Тиймээс манай компанийн зүгээс мэргэжлийн байгууллагад хандан хөрсний задлан шинжилгээг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тус газарт хийлгэсэн. Мөн тус газарт хуульд заасны дагуу мэргэжлийн байгууллагаар хөрсний судалгаа хийлгэж, байгаль орчны төлөв байдлын үнэлгээг гаргуулсан. Ийнхүү хуульд заасан шаардлагыг бүрэн хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлт тавьж, Байгаль орчны сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт газар эзэмших **** тоот гэрчилгээг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр авсан. Энэхүү гэрчилгээг авахын тулд тэмдэгтийн хураамж 1,300,000 (нэг сая гурван зуун мянган) төгрөгийг Байгаль орчны санд тушаасан болно. Мөн газрын төлбөрөө цаг тухайд нь төлсөн. Энэхүү газарт үйл ажиллагаа явуулахын тулд мэдээллийн санд оруулах гуравласан гэрээ байгуулаад явж байна. Манай компанийн зүгээс тус байгалийн цогцолборт газарт үйл ажиллагаа явуулах журам, хуулийн дагуу байгаль орчинд ээлтэй, хог хаягдал, бохир, боловсон жорлонгийн асуудлыг цогцоор нь шийдэн аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд хөрөнгө, санхүүгийн асуудлаа шийдвэрлээд явж байгаа болно. Манай компанийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд хангаж, Төв аймгийн Эрдэнэ сумаас газар олгосон асуудлыг хуулийн хүрээнд, хүчингүй болгож, шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.  

8.Гуравдагч этгээдийн төлөөлөгч хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Манайх хуулийн дагуу энэ газраа. Хариуцагч талын хэлж байгаагаар горхи тэрэлжийг байгалийн цогцолборт газар гэж үзсэн. 2020 оны 04 дүгээр сарын 26-нд горхи тэрэлжийн хамгаалалтын газарт хандсан. Давхцалгүй гэж тодорхойлсон учир газраа 2022 онд авсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.    

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.     

2.Нэхэмжлэгчээс “... Маргаан бүхий газрын эзэмших эрх нь нэхэмжлэгчид эхэлж үүссэн байхад түүнтэй давхцуулан хариуцагч нь гуравдагч этгээдэд маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн нь үндэслэлгүй.” гэж, хариуцагчаас “... Маргаан бүхий газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт буюу горхи тэрэлжийн байгалийн цогцолборт нутагт хамаарч байх тул хариуцагчийн шийдвэрээр гуравдагч этгээдэд олгосон нь үндэслэлтэй.” гэж, гуравдагч этгээдээс “... Маргаан бүхий газар нь горхи тэрэлжийн байгалийн цогцолборт нутагт хамаарч байх тул хариуцагч нь уг газрыг манайд олгосон нь үндэслэлтэй.” гэж тус тус маргажээ.

3.Нэхэмжлэгч Т.З*******аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А дугаар тушаалын “О*******” ХХК-д холбогдох хэсгээс иргэн Т.З*******ын зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа 41 нэгж талбарын дугаартай 0.07 га газрыг “О*******” ХХК-д ашиглуулахаар олгосныг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.     

4.Анх Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А дугаар захирамжаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, 3 дугаар баг, Шар булгийн тохойд байрлах 0.07 га газрыг нэхэмжлэгч Т.З*******т эзэмшүүлж шийдвэрлэжээ.   

5.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А дугаар тушаалаар Төв аймаг, Эрдэнэ сум, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт гуравдагч этгээд “О*******” ХХК-д 13533 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрхийг олгосон байна.  

6.Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2/2801 дугаар албан бичигт “Газрын кадастрын мэдээллийн сангийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн мэдээлэлд бүртгэлтэй иргэн Т.З*******ын /РД: *******/ нэгж талбарын 41 дугаартай 700 м.кв талбайтай газар нь “О*******” ХХК /РД:26*******/- ийн нэр дээр бүртгэлтэй нэгж талбарын 41******* дугаартай 13534 м.кв талбайтай газартай давхцалтай байна.” гэжээ.

7.Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч Т.З*******ын эзэмшлийн 0.07 га газар нь гуравдагч этгээд “О*******” ХХК-ийн ашиглаж байгаа Төв аймаг, Эрдэнэ сум, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлах 13534 м.кв талбай бүхий газартай Газрын кадастрын мэдээллийн санд бүхэлдээ давхцалтай байна.    

8.Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Нотлох баримт хүргүүлэх тухай” 2******* дугаар албан бичигт “Танаас ирүүлсэн албан бичгийн дагуу Газрын кадастрын мэдээллийн сангийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн мэдээллээс “О*******” ХХК-ийн регистрийн 26******* дугаараар хайлт хийж үзэхэд тус байгууллагын нэр дээр нэгж талбарын 41******* дугаар бүхий 13534 м.кв талбайтай газар, ашиглах эрхийн төрлөөр бүртгэгдсэн байна.

Дээрх нэгж талбар нь Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаарч, Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй Байгалийн цогцолборт газрын хил заагт багтаж байна.” гэжээ. 

9.Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 2/3009 дугаар албан бичигт “Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасны дагуу Монгол улсын тусгай хэрэгцээний газарт улсын тусгай хамгаалалттай газар нутаг хамаарна гэж, мөн Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.3-т “Улсын тусгай хэрэгцээний газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах асуудлыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга болон хуульд заасан эрх бүхий байгууллага зохих журмын дагуу шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан байдаг. 

Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасны дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18- д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.” гэжээ.  

10.Дээрх нотлох баримтуудаас үзвэл, маргаан бүхий газар нь улсын тусгай хамгаалалттай Байгалийн цогцолборт газрын хил заагт багтаж байна.

11.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйл. “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 12-т “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18- д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгох;” гэж тус тус заажээ.

12.Хуулийн дээрх заалтаас үзвэл, улсын тусгай хамгаалалттай Байгалийн цогцолборт газарт газар ашиглах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу өөрчлөгдсөн нэрээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам олгохоор байна.

13.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А дугаар тушаалаар гуравдагч этгээд “О*******” ХХК-д 13533 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар эрхийг олгосон нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчөөгүй байх бөгөөд харин Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А дугаар захирамжаар сумын Засаг дарга нь тухайн байршилд нэхэмжлэгч Т.З*******т 0.07 га газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн нь өөрт хуулиар эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан байна гэж үзэхээр байна. 

14.Тодруулбал, улсын тусгай хамгаалалттай Байгалийн цогцолборт газарт газар ашиглах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд олгохоор хуульчилсан байхад уг газарт газар эзэмших эрх олгосон сумын Засаг даргын шийдвэр үндэслэлгүй байна гэж үзэв.

15.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Т.З*******аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А дугаар тушаалын “О*******” ХХК-д холбогдох хэсгээс иргэн Т.З*******ын зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа 41 нэгж талбарын дугаартай 0.07 га газрыг “О*******” ХХК-д ашиглуулахаар олгосныг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн Т.З*******аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А дугаар тушаалын “О*******” ХХК-д холбогдох хэсгээс иргэн Т.З*******ын зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа 41 нэгж талбарын дугаартай 0.07 га газрыг “О*******” ХХК-д ашиглуулахаар олгосныг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.      

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.    

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ГАНБАТ