Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 309/ШШ2025/00220

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох  

Нэхэмжлэлийн шаардлага: “Орон сууц албадан чөлөөлүүлж, 9 388 897 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Хариуцагч: *******

Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярцэцэг нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн өмчлөлийн Хэрлэн сумын ******* багт байрлах ******* байрны ******* тоот 1 өрөө орон сууцыг 2019 оны 01 сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан 42 000 000 төгрөгөөр худалдсан. Гэрээ байгуулахдаа урьдчилгаа төлбөр болгон 14 000 000 төгрөгийг тохиролцсон хугацаанд бэлэн төлж  2019 оны 01 сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 01 сарын 30-ны өдөр 4 000 000 төгрөг, үлдэгдэл 9 000 000 төгрөгийг бөөнд нь 2019 оны 02 сарын 11-ний өдөр дуусгах, цаашид үлдэгдэл 28 000 000 төгрөгийг ипотекийн зээлийн хуваарийн дагуу жилийн 8 хувийн хүү тооцон сар бүрийн 05-ны өдөр 382 000 төгрөгөөр тооцон 2019 оны 02 сарын *******-ны өдрөөс эхлэн 2028 оны 11 сарын *******-ны өдрийг хүртэл тухайн үед байсан Капитал банканд байх гийн ипотекийн зээлийг төлөхөөр тохиролцсон юм. Гэтал 2019 оны 01 сарын 10-ний өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 01 сарын 31-ний өдөр 4 000 000 төгрөг, 2019 оны 03 сарын 08-ны өдөр 2 500 000 төгрөг, 2019 оны 09 сарын 30-ны өдөр 600 000 төгрөг, 2019 оны 11 сарын 17-ны өдөр 1 000 000 төгрөг гээд нийт 9 100 000 төгрөг төлсөн. Үндсэндээ өнөөр хүртэл миний байранд амьдарч байгаа хэрнээ урьдчилгаанд өгөхөөр тохирсон 14 000 000 сая төгрөгөөс 4 900 000 төгрөг дутуу өгсөн. Би байрныхаа урьдчилгааг бөөнд нь аваад Залуус хороололд авсан байрны төлбөр өгөхөөр тооцоолж байраа зарсан боловч өдий болтол тохиролцсон төлбөрийг маань төлөлгүй намайг давхар хохироосон. Урьдчилгаа болгон тохирсон мөнгийг нэхэхэд эгч *******т өгсөн гэж хоёр тийш явуулсаар ирсэн. Эгч *******ээс нь удаа дараа нэхэж шаардахад өгнөө л гэдэг, залуусын байрны мөнгө нэхэгдээд аргагүйн эрхэнд урдчилгааны 9 000 000 төгрөгийг 2 хүнээс хүүтэй зээл авч барагдуулж би өөрөө төлсөн. Ийм байдал үүсээд байгааг ******* болон түүний эгч ******* нарт удаа дараа хэлж, бичиж, утсаар ярьж байсан баримт нотолгоо байгаа. Мөн сар бүр төлөх ипотекийн гэрээний мөнгийг 2019 онд 2 685 000 төгрег, 2020 онд 1 922 000 төгрөг гэх мэт хагас дутуу төлөөд байсан болохоор 2021 онд ковидын үед банкинд хүсэлт гаргаж гэрээнд өөрчлөлт оруулсан. Ингээд 2022 онд мөн төлөхгүй байсаар 2022 оны 11 сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөг, 2023 оны 01 сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг төлж тус оны 1-10 сар хүртэл сар бүр 500 000 төгрөгөөр төлж ирсэн. Төлөхгүй байх хугацаанд банк миний данснаас суутган авдаг байсан. ******* гэрээний дагуу 31 190 000 төлөх байсан болов 20 707 000 төлсөн, банк миний данснаас төлөгдөөгүй үед 2 415 897 төгрөгийг суутгасныг надад буцаан өгөхгүй байгаа. Урьдчилгаа мөнгө бүрэн төлөх надаас суутгасан төлбөрийг удаа дараа нэхэж утас болон чатаар мэссэж бичиж харьцаж байсан. Гэсэн ч эгч *******т өгсөн, ковидын үед ажилгүй байгаа гэх мэтээр шалтаг тоочиход нь боломж бололцоог нь харж өдий хүртэл харлаа. Үнэхээр боломжгүй байгаа юм уу гэхээр ковидоос хойш ажил төрөлөө хийгээд машин унаагаа солиод, эгч нь үл хөдлөх хөрөнгө нэмээд, Улаанбаатарт очиж бизнес хийгээд өөрсдийгөө болгоод яваад байгаад үнэхээр гомдолтой байна. Улаанбаатарт уулзах гээд очиход бас л татгалзаж байна. Гэрээнээс татгалзах буюу байраа буцаан авах талаар мэдэгдсэн өөрөөсөө мөнгө төлж банкинд найдваргүй харилцагч болж банкнаас зээл авах эрхээ хасуулах зэргээр давхар давхар хохирч байсан. Цаашид гэрээ биелэгдэх боломжгүй, амьдарч байх хугацаандаа төлбөрөө бүрэн хийж үүргээ биелүүлээгүйгээс гэрээнээс татгалзаж буй тул түүний төлсөн төлбөрийг амьдарсан хугацааны сар бүрийн түрээсийн төлбөрт суутган авч хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Байрны гэрчилгээ бол миний нэр дээр байгаа, төлбөр төлж дуусангуут *******ын нэр шилжүүлэхээр тохиролцсон байсан. Иймд *******тай хийсэн 2019 оны 01 сарын 30-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэг хангалтгүй биелж намайг хохироож байгаа тул гэрээнээс татгалзаж *******ын амьдарч буй 39-******* тоот байрыг чөлөөлүүлж өмчлөгч ******* надад суллаж өгөх, Г.*******ын төлсөн төлбөр 20 700 000 төгрөг болон 2019 оны 02 сараас 2023 оны 10 сар хүртэл амьдарсан хугацааны түрээсийн төлбөр 27 680 000 төгрөгийг зөрүү 6 973 000 тегрөг, банк миний данснаас суутгасан болон миний төлсөн төлбөр 2 415 897 төгрөг, нийт 9 388 897 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие тохирсон ёсоороо урьдчилгаа болон төлбөрүүдийг төлж явсан. *******, Г.******* хоёр ярилцаад уг байрыг ав гэж ятгасан учраас би гэрээ байгуулсан. *******, Г.******* хоёрын хооронд яриа байсан юм билээ. Г.******* нь миний эгч бөгөөд маш олон хүнд өглөг авлагатай явдаг хүн. Надаас ******* энэ байрыг авах үед байр авах гэж цуглуулсан мөнгөнөөс 5 000 000 төгрөгийг авсан. ******* үүнийг мэдэж байсан бөгөөд миний төлөх мөнгөнөөс хассан гэдэг байсан. Г.******* нь би *******гийн байрны төлбөрт мөнгийг чинь өгсөн гэж байсан. Тэр хоёрын тооцооноос болж би сарын 382 000 төгрөгийн төлөлтийг дандаа төлдөг бөгөөд ганц нэг удаа хэтрэлт гарсан байх. Үнэхээр надаас болоод түүний цалингаас суутгасан бол би 2 400 000 төгрөг гээд байгааг баримтыг нь үзэж байгаад төлнө. Би түрээсийн гэрээ хийгээгүй тул зөвшөөрөхгүй. Харин гэрээний дагуу төлбөрөө гүйцэт төлнө. Эсвэл үлдэгдэл төлбөрийг нь бүгдийг нь төлж байраа нэр дээрээ шилжүүлэх бодолтой байна. Г.*******, ******* хоёрын тооцоог бас харж байж хохирлыг нь арилгана, Гэрээнээс татгалзахыг зөвшөөрөхгүй байна. гэв.

3. Нэхэмжлэгчээс дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: 2019 оны 01 сарын 30-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 5-р тал/, Хэрлэн сумын ******* багт байрлах ******* тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 6-р тал/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 7-8-р тал/, “ХААН банк” ХК-ийн 2024 оны 1 сарын 10-ны өдрийн 5422/24 дугаартай тодорхойлолт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 84-86-р тал/

4. Хариуцагч талаас дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: банк хоорондын шилжүүлгийн баримт /хх-ийн 22, 54-р тал/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 23-53, 55-р тал/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* баг ******* байрны 5 тоотод байрлах 1 өрөө байрыг чөлөөлүүлж өмчлөгч *******д суллаж өгөх, *******ын төлсөн  төлбөр 20 700 000 төгрөг болон амьдарсан түрээсийн төлбөрийн зөрүү 6 973 000 төгрөг, данснаас суутгасан 2 415 897 төгрөг нийт 9 388 897 төгрөг гаргуулах шаардлагыг гаргасан.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гэрээнээс татгалзахгү, орон сууцыг чөлөөлөхгүй гэж маргадаг.

1.Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн дугаартай Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* баг ******* байрны 5 тоотод байрлах 18 мкв бүхий 1 өрөө орон сууцыг худалдах, худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулжээ.

Талууд гэрээний гол нөхцөл буюу үл хөдлөх хөрөнгийг худалдах үнэ 42 000 000 төгрөг, үүнээс урьдчилгаа 1 000 000 төгрөгийг 2019 оны 01 сарын 15-нд төлсөн, 4 сая төгрөгийг 2019 оны 1 сарын 30-нд, 9 сая төгрөгийг 2019 оны 2 сарын 19-нд төлж, үлдэх 28 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүү тооцон сар бүрийн 5-ны өдрийн дотор 382 000 төгрөгөөр  2019-02-*******-ны өдрөөс 2028-11-*******-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч *******гийн өмнөөс Капитал банкны дансанд төлж байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байна.

2. Худалдан авагч ******* нь худалдагчид 2019.01.10-нд 1 000 000 төгрөг, 2019.01.31-нд 3 000 000 төгрөг, 2019.01.31-нд 1 000 000 төгрөг, 2019.03.08-нд 900 000 төгрөг, 2019.03.08-нд 1 600 000 төгрөг, 2019.09.30-нд 600 000 төгрөг, 2019.11.17-нд 1 000 000 нийт 9 100 000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн.

Мөн Капитал банкны ипотекийн зээлэнд хариуцагч нь 2019 онд 3 449 000 төгрөг, 2020 онд 1 922 000 төгрөг, 2022 онд 1 000 000 төгрөг, 2023 онд 7 000 000 төгрөг, 2024 онд 6 000 000 төгрөг, 2025 онд 1 000 000 төгрөг тус тус төлсөн болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, хэрэгт ирүүлсэн банкны хуулга зэргээр тогтоогдож байх ба энэ үнийн дүнтэй талууд маргадаггүй.

3.Нэхэмжлэгч нь урьдчилгаанд төлөх 14 000 000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаандаа төлөөгүйгээс өөрт хохирол учирсан тул гэрээнээсээ татгалзаж байна гэх тайлбарыг гаргадаг. Хариуцагч нь хугацаа хожимдсон боловч урьдчилгаанд төлөх 9 100 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, 4 900 000 төгрөгийг төлөөгүй ба шүүх хуралдааны өмнөх өдөр төлсөн гэж тайлбарлаж байна.

4. Мөн нэхэмжлэгч нь ипотекийн зээлийг үргэлж хугацаа хэтрүүлж байсан гэж гэрээнээс татгалзах үндэслэлээ тодорхойлдог.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох нь  дугаартай, улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээгээр / хм-ийн 6-р тал/ тогтоогдож байна. Тэрээр өөрийн хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, сайн дурын үндсэн дээр хариуцагч *******т өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө худалдахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

5. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан ба талууд дээрх худалдах, худалдан авах гэрээг сайн дурын үндсэн дээр, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж хийсэн байх тул 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд гэрээний талууд гэрээний үүргийг биелүүлэх, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэхийг шаардах, хуульд заасан үндэслэлээр татгалзах эрхтэй байдаг.

6. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн  225.1Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж,  225.4Дараахь тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэж, мөн хуулийн 225.4.1-т үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй гэж тус тус хуульчилсан.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас урьдчилгаанд төлөх мөнгөнөөс хугацаандаа төлөөгүй 4 900 000 төгрөг байгаа гэж тайлбарлаж байгааг хариуцагч зөвшөөрдөг боловч энэ мөнгийг эгч Г.*******т өгсөн тул хариуцахгүй гэж хариу тайлбартаа тайлбарладаг ч худалдах, худалдан авах гэрээний талууд нь нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар байх тул Г.*******т өгсөн гэх мөнгийг гэрээний үүрэгт тооцох үндэслэлгүй юм.

7. Харин хариуцагч нь шүүх хуралдааны өмнөх өдөр нэхэмжлэгчийн ипотекийн дансанд 5 000 000 төгрөг шилжүүлсэн гэдгээ тайлбарлаж байгааг дурдаж байна.

2019 оны 02 сарын *******-ны өдрөөс эхлэн 2028 оны 11 сарын *******-ны өдрийг хүртэл хариуцагч ******* нь сар бүр 382 000 төгрөгийг нэхэмжлэгчийн ипотекийн зээлд төлж байхаар тохиролцсон боловч 2019 онд төлөх ёстой 4 202 000 төгрөгөөс 3 449 000 төгрөг, 2020 онд төлөх ёстой 4 584 000 төгрөгөөс 1 922 000 төгрөг, 2021 онд огт төлөөгүй, 2022 онд 4 584 000 төгрөгөөс 1 000 000 төгрөгтөлж байсан нь үүргийн зөрчил үүссэн байна. Гэвч Дэлхий нийтээр ковид 19 өвчин тархаж, бүх үйл ажиллагаа зогссон нь нийтэд илэрхий байх тул төлбөрийг бүрэн төлж чадахгүй байсан гэх хариуцагчийн тайлбар нь түүнийг хүндэтгэн үзэх шалтгаантай байна гэж дүгнэлээ .

Үүнээс хойш 2023 онд сар бүр төлөх 382 000 төгрөгийг 500 000 төгрөгөөр төлж 2023 онд 4 584 000 төгрөг ёстой боловч 7 000 000 төгрөг, 2024 онд 4 584 000 төгрөг төлөх ёстой боловч 6 000 000 төгрөг, 2024 оны эхний 2 сард 1 000 000 төгрөгийг сар бүрийн 4-6-ны өдрүүдэд төлж байсан болох нь хариуцагч *******ын Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

8. Нэхэмжлэгч нь хариуцагчийг ипотекийн зээлийг ихэнхи тохиолдолд хугацаа хожимдуулдагаас болж хохирч байгаа ба гэрээнээс татгалзах нэг үндэслэл гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчийн Капитал банктай байгуулсан 2013 оны 11 сарын 15-ны өдрийн Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь нь сар бүрийн 7-ны өдөр байхаар тогтсон байх тул хариуцагчийг хугацаа хожимдуулдаг гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй ба харин гэрээний үүргийг шаардах эрх нээлттэй юм. Иймд Хэрлэн сумын ******* баг ******* байрны 5 тоотод байрлах 1 өрөө байрыг чөлөөлүүлж өмчлөгч *******д суллаж өгөх шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр байраа л буцааж авна. Бусад шаардлага буюу мөнгө авахаасаа  татгалзаж байна гэж тайлбарлаж байх тул *******ын төлсөн  төлбөр 20 700 000 төгрөг болон амьдарсан түрээсийн төлбөрийн зөрүү 6 973 000 төгрөг, данснаас суутгасан 2 415 897 төгрөг нийт 9 388 897 төгрөг гаргуулах шаардлагат дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

9. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 235 358 төгрөгийг төлсөн ба нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч *******гийн Орон сууц чөлөөлүүлэх, 9 388 897 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 358 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ОТГОНЖАРГАЛ