| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2022/00878/И |
| Дугаар | 309/ШШ2025/00221 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 309/ШШ2025/00221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* *******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч. ******* *******,
Хариуцагч: ******* *******бат нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, хариуцагч *******гээс 40 000 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хаалттай хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Хариуцагч: Г.*******бат
Хариуцагч Г.*******батын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 05 сарын 12-ны өдөр Дашбалбар сумын Тамгын газарт ажиллаж байхдаа Дашбалбар сум дахь 5-р баг ХААН банкны зүүн талд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 100 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг *******гээс худалдан авсан. ******* нь тухайн үед хүмүүст өртэй байсан ба Бямбасүрэн, Бямбаханд нарт өрөө төлөхөөр объектоо зарна гэж байхад тэр өрийг нь төлөхөөр болсон. Ер нь анх өртэй гэдгийг мэдээгүй, худалдах-худалдан авах гэрээгээ хийж тодорхой хугацаатай төлбөрийг төлөх хуваарь хийгээд төлөөд явж байсан. Гэтэл Бямбасүрэн, Бямбаханд нарт өртэй гэдэг асуудал гарч ирсэн. Тэр хүмүүсийн өрийг би төлөхөөр болсон. Банк бус санхүүгийн байгууллагын өрийг ч бас би төлж байсан. Уг байрыг өөрийн нэр дээр шилжүүлэхийн тулд төлбөрийн үүрэг гүйцэтгэж дуусахаас өмнө нэр дээрээ болгоё гэхэд ******* олон хүнд өртэй болохоор бэлэглэлийн гэрээ хийчихвэл мөнгө төгрөг төлдөггүй юм байна гээд л 2018 оны 04 сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулсан. Г.*******бат бид хоёр гэр бүл болоогүй хамтран амьдарч байсан ч эр хүний нэр дээр л гэрээ хийсэн байгаа. Гэтэл Г.*******бат уг объектыг авахад нэг ч төгрөг төлөөгүй. Би цалин орлоготой учир төлбөр тооцоог нь би хийсэн байтал одоо Г.*******бат ганц өмчлөгч нь гэсэн гэрчилгээ гаргуулж авсан болохыг мэдлээ. Г.*******бат өр зээлийн барьцаанд тавих зорилготой болсон байна. Г.*******бат бид хоёр цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2021 оны зунаас салсан. Амьдралын эдийн засгийн бүх ачааг би үүрч өр зээлийг нь төлж, түүнд бүх зүйлийг нь зарцуулж байсан ч амьдралдаа ямар ч нэмэр тусгүй дарамттай байсан юм. Одоо Г.*******бат сум хөгжүүлэх санд өртэй. Зээл өрөө дарах төлөх арга зам хайхаар дандаа эсэргүүцдэг. Иймд бид хамтран амьдрах явцад бий болсон хөрөнгө өр төлбөрийнхөө асуудлыг ч цэгцлэх шаардлага үүсч байгаа юм.
Миний бие хариуцагч Адъяасүрэнтэй 2017 оны 05 сарын 12-ны өдөр байгуулсан эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Y-060500006 улсын бүртгэлийн дугаартай, Дашбалбар сумын Улз багт байрлах 100 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан бөгөөд гэрээгээр тохиролцсон 20 000 000 төгрөгийн төлбөрийн үүргээ биелүүлсний дараа өмчлөл шилжүүлэх үед *******гийн нөхөр зуурдаар нас барж, хариуцагчийн зүгээс үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны орлогын албан татварт 400 000 төгрөг төлөх боломжгүй байгаа учраас бэлэглэлээр шилжүүлэх хүсэлт гаргасан. Үүний дагуу миний хамтран амьдарч байсан Г.*******батад 2018 оны 04 сарын 02-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээгээр уг үл хөдлөх эд хөрөнгө жилжиж очсон. Тухайн үед би Г.*******баттай цаашдаа гэр бул болж амьдрах бодолтой байсан учраас айлын эр хүний хувь өмчлөлийг Г.Идэрбатад үлдээхийг зөвшөөрч бэлэглэлийн гэрээнд хамтран оролцоогүй. Миний хувьд уг байшинг худалдан авахтай холбоотой бүхий л төлбөрийг өөрийн төрсөн дүү, гэр бүлийн дэмжлэгтэй барагдуулсан бөгөөд холбогдох баримтыг шүүхэд хүргүүлсэн болно. Г.*******бат бидний хоорондын харилцаа нэгэнт дууссан тул миний бие өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн уг хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өөрт учирсан хохирлыг Иргэний хуулийн 56 дугаар зуйлийн 56.4-56.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжилж байна. Уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад миний төлсөн 20 000 000 төгрөг болон одоогийн зах зээлийн ханштай уялдуулж, тухайн эд хөрөнгийн үнэлгээний зөрүүгээр надад учирсан 20 000 000 төгрөгийн хохирлыг тус тус хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Иймд 2018 оны 04 сарын 02-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь миний худалдаж авч төлбөрийг төлсөн үл хөдлөх хөрөнгө учир уг гэрээг хүчингүй болгож, уг гэрээг үндэслэж олгосон Ү-0605000066 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлагаа “Б.Адъяасүрэн, Г.*******бат нарын хооронд 2018 оны 04 сарын 02-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар миний төлсөн 20 000 000 төгрөг болон хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас надад учирсан хохирол болох 20 000 000 төгрөг, нийт 40 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Г.*******бат шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* гэдэг хүнээс Дорнод аймгийн Дашбалбар суманд байрлах, Улз цагаан дэв 6 гудамж 606 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 04 сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулан Г.*******бат би өмчлөлдөө шилжүүлэн авсан. Ү-0605000066 дугаартай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь миний бие билээ. *******гээс Г.*******бат намайг үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авахад ******* хамт байсан. Гэтэл нэхэмжлэлдээ ганц өмчлөгч нь гэсэн гэрчилгээ авсны мэдлээ гэсэн үндэслэлгүй зүйл бичсэн байна. *******тэй 2018 оны 04 сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээг хуулийн хүрээнд байгуулсан хүчин төгөлдөр гэрээ юм. ... Би тухайн үед ажил хөдөлмөр эрхэлдэггүй байсан гэж байгаа нь үндэслэлгүй, би тодорхой хэмжээний мөнгө төгрөг олдог байсан. Энэ үл хөдлөх хөрөнгийг авахад миний оролцоо тодорхой хэмжээнд байсан гэж үзэж байна. Одоо нэхэмжлэгч нэгэнт энэ байрыг авна гэж байгаа бол би өгөхөд бэлэн байна. Гэхдээ миний оролцоо огт байгаагүй гэдгийг зөвшөөрөхгүй... гэв.
Хариуцагч А.******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 онд Дашбалбар сумын Улз багт байрлах 100 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө *******д 20 сая төгрөгөөр худалдсан нь үнэн. Анхны гэрээ ёсоор бол төлбөрийг хувь лизинг хэлбэрээр хийх байсан ч манай гэр бүл их хэмжээний өр төлбөрт орсноор энэ нөхцөлөөр төлбөрөө авах боломжгүй болсон. ******* гэрээ ёсоор надад сар бүр төлбөрөө төлж байсан ч байшин банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан тул ******* барьцааг чөлөөлж өгсөн. Мөн миний талийгаач нөхөр, иргэн Ц.Бямбахандтай өр төлбөрийн асуудалтай байсан учраас *******, Ц.Бямбаханд нар төлбөр барагдуулах гэрээ байгуулж энэ өр төлбөрийг барагдуулж өгсөн. Мөн үүний дараахан иргэн Ц.Бямбасүрэн нь надаас өр нэхэж шүүхэд хандаснаар үл хөдлөх хөрөнгө шүүхийн битүүмжлэлд орох болсон тул *******, Ц.Бямбасүрэн нар хугацаатай төлбөр барагдуулах гэрээ байгуулж байшинг бүрэн шилжүүлэн авахаар болсон. Энэ мэтээр тухайн байшинг худалдахтай холбоотой нийт 4 гэрээ *******ы хамааралтай хийгдсэн байгаа. Тухайн үед миний бие өр төлбөрийн асуудлаас шалтгаалж гар дээрээ авсан мөнгөгүй байшинг шилжүүлж өгөх болсон тул худалдан борлуулсан орлогын албан татварт 400 000 төгрөг төлөх боломж үнэхээр байгаагүй. Гэр бүлийн хүн маань зуурдаар нас барж, миний хувьд нөхцөл байдал хүнд байсан. Ингээд хоёр тал *******, Г.*******бат нар хамтран амьдарч байсан. *******ы зүгээс “Нөхөр болох хүнийхээ нэрээр гэрчилгээгээ гаргуулъя” гэсэн учраас би Г.Идэрбаттай бэлэглэлийн гэрээ хийсэн. Түүнээс биш би Г.*******баттай ямар ч холбоо хамааралгүй, эд хөрөнгө бэлэглэх шалтгаан байхгүй юм. Миний бие *******ы шүүхэд гаргаад байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү.
Миний бие нэхэмжлэгч *******той 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж 20 000 000 төгрөгийн төлбөр авсан нь үнэн. Тухайн үед миний амьдралд санхүүгийн хүндрэл учирсан байсан бөгөөд ******* байшинг худалдаж авсан төлбөрт өр зээлийг маань шилжүүлэн авч байсан юм. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэх үед буюу 2018 оны 04 сарын 02-ны өдөр ******* хамтран амьдарч байсан Г.*******батад бэлэглэлээр шилжүүлэх гэрээ хийгдэхэд надад татвар төлөх мөнгө үнэхээр байгаагүй тул арга буюу бэлэглэлийн гэрээ хийсэн. Энэ гэрээ бол худалдах худалдан авах гэрээг халхавчилж хийсэн хэлцэл юм. Тэр өдөр бэлэглэлийн гэрээ хийхэд *******, Г.*******бат нар хамт байсан бөгөөд ******* өрөө нөхөр болох хүнийхээ нэрээр бүртгүүлнэ гэсэн учраас би гэрээг хийсэн. Иймд надад нэхэмжлэгчтэй маргах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Энэ бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Мөн би нэхэмжлэгч *******ы нэхэмжилсэн 40 сая төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: 2018 оны 04 сарын 02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ /хх-ийн 5-р тал/, 2017 оны 05 сарын 12-ны өдрийн Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 6-р тал/, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт гэрээ /хх-ийн 7-р тал/, 2018 оны 01 сарын 22-ны өдрийн иргэд хооронд хийгдсэн гэрээ /хх-ийн 8-р тал/, үл хөдлөх хөрөнгө худалдан авсан тооцооны бүртгэл /хх-ийн 45-р тал/, Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 12-ны өдрийн 138/ШШ2018/00234 дугаартай шийдвэр /хх-ийн 46-49-р тал/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 62-118-р тал/, Норбу ББСБ-ын 2017 оны 10 сарын 06-ны өдрийн 46 тоот тодорхойлолт /хх-ийн 119-р тал/, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 120-130-р тал/ зэрэг болно.
4. Хариуцагч нар нь бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
Нэхэмжлэгч П.Борхүүхэн нь хариуцагч Г.*******бат, ******* нарт холбогдуулан 2018 оны 04 сарын 02-ны өдөр *******, Г.*******бат нарын хооронд байгуулсан Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хариуцагч *******гээс 40 000 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Хариуцагч Г.*******бат нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэдэг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байсан боловч шүүх хуралдаан дээр уг үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарладаг.
Хариуцагч ******* нь Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэдгийг болон 40 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн шаардлагатай маргадаггүй, хүлээн зөвшөөрч оролцдог.
1.Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд Дорнод аймгийн Дашбалбар сумын 5-р баг ХААН банкны зүүн талд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 100 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 20 000 000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг, 2017 оны 12 сарын 22-ны өдөр Нэмэлт гэрээг *******, П.Орхион баталгаа хүсэгч Ц.Бямбаханд нарын хооронд, мөн 2018 оны 01 сарын 22-нд Иргэд хооронд хийгдсэн гэрээг *******, Ц.Бямбасүрэн, ******* нар байгуулж төлбөрийг худалдан авагч ******* төлсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, Мөнгөн шилжүүлгийн баримтууд зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
2. Маргаан бүхий эд хөрөнгө нь хариуцагч Г.*******батын өмчлөлд бүртгэгдсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч нар тайлбарлаж байх боловч үүнийг нотолсон баримтыг буюу Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хэрэгт ирүүлээгүй болно.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гээс маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдаж авах зорилгоор гэрээ байгуулж худалдах, худалдан авах гэрээний үнийг төлсөн байх ба үүнтэй талууд маргадаггүй.
3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Худалдан авагч тал худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлж үнийг төлсөн. Худалдагч тал хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлэх явцад талууд худалдах худалдан авах гэрээг өөрчилж Бэлэглэлээр эд хөрөнгөө шилжүүлэхээр тохиролцож тухайн 2018 оны 04 сарын 02-ны өдөр эд хөрөнгийг хариуцагч ******* нь хариуцагч Г.*******батад бэлэглэхээр тохирсон үйл баримт тогтоогдож байна. Энэхүү бэлэглэлийн гэрээний хийгдэх болсон үндэслэл нь анхны худалдах, худалдан авах гэрээг хэрэгжүүлэх зорилготойгоор хийгдсэн гэрээ байна гэж дүгнэлээ.
4. Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлдэг атал ******* нь үл хөдлөх хөрөнгийн үнийг *******оос авсан болох нь тогтоодож байх тул энэ бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж, мөн хуулийн 56.4-т Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж тус тус хуульчилсан.
Хариуцагч Г.*******бат, ******* нарын хооронд 2018 оны 04 сарын 02-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ нь нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2017 оны 05 сарын 02-ны өдөр байгуулсан Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлэх явцад уг гэрээг халхавчлах зорилгоор хийгдсэн байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
5. Нэхэмжлэгч ******* нь бэлэглэлийн гэрээний хувьд сонирхогч этгээд байх тул хэлцлийн үр дагаварыг шаардах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагч *******гээс үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авах хүсэл зорилготойгоор харилцаанд орж, үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээний үнийг бүрэн төлсөн байхад тухайн худалдан авсан эд хөрөнгийн өмчлөгч болж чадаагүй байна.Иймд хариуцагч нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж шаардах эрхтэй ба уг гэрээ хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
6. Нэхэмжлэгч нь хариуцагч *******гээс 40 000 000 төгрөгийг нэхэмжилсэнийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрсөн, уг шаардлагатай маргаагүй тул хариуцагчаас гаргуулж шийдвэрлэлээ.
Хариуцагч Г.*******бат болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаан дээр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргадаг.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байхаар хуульчилсан ба нэхэмжлэгч нь энэ нэхэмжлэлийг 2022 оны 09 сарын 08-ны өдөр тус шүүхэд гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд хариуцагч талын энэ талаарх тайлбар үндэслэлгүй байна.
7.Мөн хариуцагч нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад өөрийн оролцоо байгаа гэж мэтгэлцдэг боловч энэ талаар шаардлага гаргаагүй болохыг дурдаж байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг гаргасан ба анх нэхэмжлэлийн шаардлагаа бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, бэлэглэлийн гэрээний үндсэн дээр олгогдсон Ү-0605000066 дугаартай үл хөдлөхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагаа *******, Г.*******бат нарын хооронд 2018.4.2-ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, төлсөн 20 000 000 төгрөг, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохирол 20 000 000 нийт 40 сая төгрөгийг *******гээс гаргуулах гэж өөрчилж тодруулж, шүүх хуралдаанд дэмжиж оролцсон болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрхлэх тухай хуулийн 57 дугаар зүйлд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хувиарлана. Тухайлбал нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 426 900 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 426 900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.4-т зааснаар 2018 оны 04 сарын 02-ны өдөр *******, Г.*******бат нарын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч *******гээс 40 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426 900 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 426 900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ