Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 309/ШШ2025/00224

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүх хуралдааны “Б” танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* Гантулгын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Тод сүндрэл” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 25 634 956 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй,

3 396 236 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Энхтуяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Бадамцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Тод сүндрэл” ХХК-д 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ажилд ороод 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс үндсэн ажилчин болж хөдөлмөрийн  гэрээнд гарын үсэг зурж ажиллаж байсан. Уг компанид анхнаасаа талбайн инженерээр албан тушаалд томилогдсон. Намайг ажилд ороход Хэрлэн сумын 2-р багт байрлах “Нарны хотхон” барилгын төсөл хэрэгжүүлэх ажиллагаа хийгдэж байсан. Хөдөлмөрийн хуулийн дагуу ажиллана. Улирлын шинжтэй учир илүү цагаар ажиллана, гэхдээ илүү цагийг өвлийн улиралд нөхөж амраана гэж байсан. Ингээд 2022 оны 07 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэл ажилласан. Ээлжийн амралтын тооцоог оролцуулан тушаалыг 09 дүгээр сарын 12-ны өдрөөс тасалбар болгосон байдаг. Ингээд ажиллаж эхэлсэн цагаасаа хойш өглөө 8 цагаас орой 20 цаг хүртэл тогтмол ажилладаг. Өвлийн цагт илүү цагийг нөхөж амруулна гэсэн боловч өвлийн цагт дулаан авангуутаа өвлийн сарууддаа бүтэн илүү цагаар бүх ажилчдаа ажиллуулдаг байсан. Цагаан сараар бүх ажилчдыг 1 сар амруулаад инженер техникийн ажилчид бид 7 хоног амраад л ажлаа хийж байсан. Талбайн инженер бол өдөр тутмын зааварччилгаа,ажлын наряд өгч ажлын байранд байнга байж хяналт тавьж, үйлдвэрлэлийн ажлын тасралтгүй ажиллагааг хангах бараа материалыг  захиалах, татан авах ашиглалтад орсон байруудын хэрэглэгчдийн санал гомдлыг шийдвэрлэх гэх мэт бүхий л ажиллагаанд оролцож, ажилчид хэзээ бууна тэр үед л бууж байдаг. Хүний нөөцийн ажилтан ажилтнуудын ажлын цагийн бүртгэл хөтлөлтийг хийдэг. Уг хүн ажлаасаа гарахад нь би цагийн бүртгэлийг хөтөлж явдаг байсан. Ер нь ажлын талбарт бүх хүмүүсийн ажлын ачаалал их учир их олон цагаар ажиллаж цаг нартай л уралдаж ажилладаг. Миний бие ажлаас гарах саналаа гаргаад илүү цагийн мөнгөө тооцуулж авъя гэхэд ерөнхий нягтлан илүү цагийн хөлс гэж ойлгохгүй тийм юм байхгүй гэсэн. Би хөдөлмөрийн хуулийн дагуу илүү цагийн мөнгөө авъя гэхэд манай компанийн хувьд илүү цаг гэж байхгүй. Ажиллах ёстой цаг хуваарийн дагуу ажиллаж байгаа гэсэн барилгын салбар ер нь л ийм байдаг гэсэн хариу өгдөг. Миний хувьд илүү ажилласан цагийн тооцоог хөдөлмөрийн тухай хуульд заасан нормоор бодоход 23 373 216 төгрөгийн хөлс авахаар байгаа. Мөн 2023 оны 08 дугаар сарын сүүлийн хагасын 547 500 төгрөгийн цалин, ээлжийн амралтын 1 714 240 төгрөг, нийт 25 634 956 төгрөгийн мөнгөө авч чадаагүй. Мөн 09 сарын 12-ны өдрөөс тасалбар болгосон учир 12 хоногт ногдох хэмжээгээр Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөх ёстой. Эдгээр бүх тооцоог нийлгэж хохирлоо гаргуулж авах хүсэлтэй байна. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Хариуцагч “Тод сүндрэл” ХХК нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь манай компанид 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ажиллаж 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өөрийнх нь хүсэлтээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. ******* нь ажиллаж байх хугацаандаа илүү цагаар ажиллаж байгаагүй. Ажиллаж байх хугацаандаа ажилласан хоног, хугацаагаа нягтлан бодогчоор тооцуулаад цалин хөлсөө аваад явдаг байсан. Тухайн ажиллаж байсан саруудад илүү цагаар ажилласан бол нягтлан бодогчид танилцуулаад илүү цагийн хөлсөө аваад явах ёстой. Б.Гантулгын хувьд илүү цагаар ажилласан гээд компаниас илүү цагийн хөлс нэхэмжлэх болон маргаан гаргаж байсан зүйл байгаагүй учир компанийн зүгээс хөдөлмөрийн харилцаа хэвийн явагдаж байсан гэж үзэж байгаа. Гэтэл ажлаас халагдаад олон сарын хугацаа өнгөрсний дараа илүү цагийн мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэгч нь нийт хэдэн цаг илүү ажилласан талаараа нэхэмжлэлд дурдаагүй байна. Ямар үндэслэлээр илүү цагийн хөлсөнд 23 373 216 төгрөг нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч ******* нь манай компанид ажиллаж байхдаа олон удаа цалинтай чөлөө авч байсан. Цалинтай чөлөө хүсэх бүрд нь компанийн зүгээс татгалзахгүй хүссэн хугацаагаар нь цалинтай чөлөө олгож байсан. ******* нь гэртээ засвар хийх, найрамдал паркад зайрмагны мухлаг барих гэх мэт ажилд компаниас барилгын материал авах, компанийн ажилчдыг дур мэдэн авч ажиллуулан техник хэрэгслийг ашиглан зөвшөөрөлгүй байшин бариулсныг компани мэдээгүй бөгөөд хэнээс зөвшөөрөл аваагүй ажилтан явуулж ажил гүйцэтгүүлж байсан. Энд гарсан хохирол болон гэртээ засвар хийлгэсэн ажилчдын цалин хөлсийг бид бараа материалын жагсаалтад тооцож нэхэмжлээгүй. *******д ажилласан ажилчдын цалин хөлсийг компаниас төлж байсан. Бид дээрх зардлыг нэхэмжлэх болно. ******* нь 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ажлаас гарах өргөдлөө өгсөн. Өргөдлийг шийдвэрлэх хугацаанд компани дээр ирж ажиллаагүй. Сураг сонсоход “ДБЭХС” ТӨХК-ийн өргөтгөлийн ажилд орсон гэж байсан. ******* нь манай компанид 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан. ******* нь өөрийн хэрэгцээнд зориулж манай компаниас нийт 6 965 270 төгрөгийн бараа материал авсан. 2023 оны 08 дугаар сарын сүүлийн хагасын мөнгийг авсан бараа материалаас суутгахаар тохирч авч үлдсэн. Энэ асуудлыг ******* нь сайн мэдэж байгаа. ******* нь 2022 оны 07 дугаар сард ажилдаа ороод 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд амралт эдэлсэн. Амралттай байх хугацаанд нь цалинг бүрэн олгож байсан учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд манай компанид ажилласан бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ажлаас халагдах өргөдлөө өгсөн. Өргөдлийг 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шийдвэрлэж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Өөрөөр хэлбэл ******* нь манай компанид 2023 оны 09 сард нэг ч өдөр ажиллаагүй учир 09 дүгээр сарын 12 хоногийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үндэслэлгүй юм. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч “Тод сүндрэл” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ******* нь “Тод сүндрэл” ХХК-д ажиллаж байх хугацаандаа 2023 оны 05 дугаар сард найрамдал паркын талбайд зайрмагны мухлаг барих ажилд “Тод сүндрэл” ХХК-ийн 4-н ажилтанг авч ажиллуулсан. Тухайн цаг үед дээрх 4 ажилтан нь “Тод сүндрэл” ХХК-ийд ажил, хөдөлмөр эрхлээгүй Б.Гантулгын хувийн ажлыг хийж гүйцэтгэж байсан бөгөөд тухайн ажилчдад “Тод сүндрэл” ХХК-иас нийт 294 667 төгрөгийн цалин хөлс өгсөн байна. Мөн барилгын материал тээвэрлэхэд компанийн портер маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж 200 000 төгрөгийн, хамагч буюу ковш ашиглаж 150 000 төгрөгийн ажил гүйцэтгүүлсэн. Мөн 2023 оны 07 дугаар сард ******* нь өөрийн гэрт засвар үйлчилгээ хийсэн бөгөөд тус засварын ажилдаа “Тод сүндрэл” ХХК-ийн 13 ажилтанг авч ажиллуулсан. Дээрх 13 ажилтан нь Б.Гантулгын хувийн ажлыг гүйцэтгээд компани дээр ажил хийгээгүй бөгөөд тухайн ажилчдад компаниас нийт 2 051 569 төгрөгийн цалин олгосон. Мөн тус ажилд компанийн портер маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж 200 000 төгрөгийн ажил гүйцэтгүүлсэн. ******* нь “Тод сүндрэл” ХХК-д ажиллаж байх хугацаандаа компанийн өмч хөрөнгө болох 1000 ширхэг тоосгийг нэр бүрийг нь 500 төгрөг буюу нийт 500 000 төгрөгөөр Батцэцэг гэх хүнд дур мэдэн зарж, мөнгийг нь өөртөө авч ашигласан байна. Иймд *******ас нийт 3 396 236 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Зохигчид шүүх хуралдааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч *******, хариуцагч “Тод сүндрэл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадамцэцэг бид харилцан тохиролцож доорх байдлаар эвлэрч гэрээг баталгаажуулж байна.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжилсэн 25 634 956 төгрөгөөс 15 634 956 төгрөгийг хариуцагч байгууллагаас нэхэмжлэхгүй татгалзаж, харин 10 000 000 төгрөгийг хариуцагч “Тод сүндрэл” ХХК-иас гаргуулахаар тохиролцож байна.

Хариуцагч “Тод сүндрэл” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн 3 396 236 төгрөгийг *******ас нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж, мөн нэхэмжлэгчийн дээрх саналыг хүлээн зөвшөөрч 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын энэхүү эвлэрч шийдвэрлэж байгааг хүлээн авч шүүгчийн захирамжаар баталгаажуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “Тод сүндрэл” ХХК-д холбогдуулан илүү цагийн цалин “25 634 956 төгрөг гаргуулах тухай”, хариуцагч “Тод сүндрэл” ХХК нь нэхэмжлэгч *******д холбогдуулан “3 396 236 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргажээ.

 Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадамцэцэг нар нь харилцан тохиролцож нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 25 634 956 төгрөгөөс 15 634 956 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 10 000 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилснийг хариуцагч “Тод сүндрэл” ХХК нь хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч *******д 10 000 000 төгрөгийг төлөхөөр, мөн “Тод сүндрэл” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага 3 396 236 төгрөгийг нэхэмжлэгч *******ас нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзахаар тус тус тохиролцон эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 125 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагат төлсөн 69 300 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа 15 634 956 төгрөгөөр багасгаж, үлдэх  10 000 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч “Тод сүндрэл” ХХК нь төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Хариуцагч “Тод сүндрэл” ХХК нь “3 396 236 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 125 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагат төлсөн 69 300 төгрөгийг тус тус Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

4. Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Х.ОТГОНЖАРГАЛ