Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/883

 

 

    

 

 

 

    2023            8              31                                       2023/ДШМ/883

 

 

Б.Л, Н.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор Б.Өлзийжаргал,

           яллагдагч, хохирогч Б.Лийн өмгөөлөгч Д.Гомбо,

           нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

           Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 2023/ШЗ/1129 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Б.Лийн өмгөөлөгч Д.Гомбын гаргасан давж заалдах гомдлоор Б.Л, Н.О нарт холбогдох эрүүгийн 2210023740194 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Сумьд овгийн Б.Л, 2001 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Япон хэл судлал, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эцэг, эх, эгчийн хамт ............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;

  2. Баяд овгийн Н.О, 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ..................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:............................/;

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 487 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 1327 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан.

Яллагдагч Б.Л нь согтуурсан үедээ буюу 2022 оны 9 дүгээр сарын 9-ний шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Рөүд 68” баарны гадна Г.Бтай маргалдаж улмаар түүний толгойн ар хэсэгт цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны зөрүүтэй хугарал, баруун доод 7, зүүн доод 3,4,5, зүүн дээд 5 дугаар шүднүүдийн хугарал, зүүн доод 1, 2, баруун доод 1 дүгээр шүдний сулрал, эрүүнд шарх, дух, баруун хацар, эрүүнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2022 оны 10 дугаар сарын 27-ны шөнө 04 цагийн орчим Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Мишээл экспо төвд үйл ажиллагаа явуулдаг “Омни” цэнгээний газрын гадаа согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан Д.М, Э.С, Н.О нартай маргалдан тэдгээрийн биед халдаж Д.Мгийн биед дээд уруул, баруун, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, Э.Сы биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохой үеийн зулгаралт бүхий хөнгөн хохирол, Н.Оын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун бугалгад цус хуралт, баруун эгэм, хэвлийн урд хананд зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан,

Яллагдагч Н.О нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны шөнө 04 цагийн орчим               Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Мишээл экспо төвд үйл ажиллагаа явуулдаг “Омни” цэнгээний газрын гадаа согтуурсан үедээ Б.Лтой маргалдан түүний биед халдаж цээжинд шарх, зүүн зовхинд цус хуралт, зүүн өвдөг, баруун шилбэ, ууцанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Лийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Н.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар             Б.Лид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзлээ. Учир нь, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн гаргасан дүгнэлтэдХохирогч Г.Бгийн эрүүл мэндэд эрүү ясны зөрүүтэй хугарал, баруун доод 7, зүүн доод 3,4,5, зүүн дээд 5 дугаар шүднүүдийн хугарал, зүүн доод 1,2. баруун доод 1 дүгээр шүдний сулрал, эрүүнд шарх, дух, баруун хацар, эрүүнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой гэжээ. Дээрх шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хохирогчид учирсан гэмтлийн шинж байдлын талаар шинжээч эмчээс бие махбодын, сэтгэл санааны шаналал зовуурь үүсгэх эсэх талаар мэдүүлэг авч тодруулсны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох ажиллагааг явуулах шаардлагатай байна.

Онц харгис хэрцгийгээр гэдэгт хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон эсэхийг, зовуурь шаналал гэдэгт “хохирогчид учирсан дээрх гэмтлийн улмаас өвдөж шаналсан, тарчлан зовсон, эрүүл амьдралын хэв маяг өөрчлөгдсөн эсэхийг ойлгохоор байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад гэмт хэргийг хэн үйлдсэн; мөн хэсгийн 1.4 дэх заалтад Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотлон тогтооно гэж хуульчилсан. Мөн хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтиргэний баталсан болон бичсэн баримтын баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно. 3 дахь хэсэгт бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна гэж заажээ. Гэтэл эрүүгийн хэрэгт яллагдагч Б.Лийн хувийн байдлыг тогтоосон тодруулбал иргэний болон бусад байдлыг тогтоосон баримт авагдаагүй, мөн яллагдагч Н.О нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх ба тухайн ял хэрхэн биелсэн эсэхийг шалгах ажиллагааг явуулаагүй зөрчилтэй байх тул уг ажиллагааг төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулсан бичгийн нотлох баримтаар авч хэрэгт тусгах шаардлагатай. Үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан яллагдагч Б.Л, Н.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авах нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт тус дүүргийн прокурорын газарт хүргүүлж шийдвэрлэжээ.

  Яллагдагч Б.Лийн өмгөөлөгч Д.Гомбо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тус шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шалга гэж буцаасан байна. Миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байтал хэргийн зүйлчлэл буюу гэм буруугийн үйл баримт руу шууд орж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар зүйлчлэл болон хэргийн үйл баримтын талаар хэлэлцэхгүй бөгөөд гэм буруугийн шүүх хурлаар хэлэлцэх асуудал юм. Харин шүүгч Д.Доржсүрэн нь хэргийн зүйлчлэлийг гэм буруугийн хурлаар хэлэлцэлгүйгээр урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд өөрөө миний үйлчлүүлэгчийн яллагдагчаар татагдсан зүйл ангийг тохирохгүй гэх дүгнэлтийг хийж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр буцааж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Мөн яллагдагч Н.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан ял хэрхэн биелсэн талаар гэм буруугийн шүүх хуралдаанаас өмнө тодруулах нотлох баримтыг гаргуулах бүрэн боломжтой байна. Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 2023/ШЗ/1129 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Өлзийжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....Лийн хохирогч Г.Бгийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйлдэлд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг прокурорт буцаасан захирамжтай холбогдуулан тусгайлан гаргах саналгүй. Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал. ....” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Яллагдагч Б.Л,  Н.О нарт  холбогдох хэргийг анхан шатны шүүхээс “гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан заасан ба хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг нотолдог хэдий ч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хэргийг прокурорт буцаадаг.

Шүүгчийн захирамжид заасан ажиллагаа нь гэмт хэрэг гарсан байдал болон гэм хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж хуульчилсан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 12555 дугаар “...Г.Бгийн эрүүл мэндэд эрүү ясны зөрүүтэй хугарал, баруун доод 7, зүүн доод 3,4,5, зүүн дээд 5 дугаар шүднүүдийн хугарал, зүүн доод 1,2. баруун доод 1 дүгээр шүдний сулрал, эрүүнд шарх, дух, баруун хацар, эрүүнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. ...” /1хх 40-41/ гэсэн дүгнэлтэд тусгагдсан хохирогчид учирсан гэмтлийн шинж байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн”  шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох ажиллагааг хийх шаардлагатай гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” буюу онц харгис хэрцгийгээр тухайн хэргийг үйлдсэн эсэх талаар шалгах шаардлагагүй гэж үзсэн болно.

Иймд яллагдагч Б.Лийн өмгөөлөгч Д.Гомбын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 2023/ШЗ/71129 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 2023/ШЗ/71129 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Яллагдагч Б.Л, Н.О нарт урьд авсан хувийн баталга гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ШҮҮГЧ                                             М.АЛДАР

 

            ШҮҮГЧ                                            Л.ДАРЬСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ