| Шүүх | Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Баясгалан |
| Хэргийн индекс | 127/2024/0002/З |
| Дугаар | 127/ШШ2025/0001 |
| Огноо | 2024-12-26 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 127/ШШ2025/0001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 127/2024/0002/3
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “.....” ХХК,
Хариуцагч: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нарын хоорондын ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл болон нөхөн төлбөр олговортой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “.....” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б,Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н , Ц.М , хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын талаар:
1.1 Нэхэмжлэгч “.....” ХХК нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “...Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлүүлэхийг даалгуулах, мөн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн Гичгэний голын эх хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг[1] анх тус шүүхэд гаргаж маргасан.
1.2 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлүүлэхийг даалгуулах, мөн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн “Гичгэний голын эх” хэсгийн Х8488 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсэг болох 279.15 га талбайг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан[2] 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн.
Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:
2.1. “.....” ХХК-нд анх 2007 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Х8488 дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож, улмаар Уул уурхайн яамны Ашигт Малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт гарч, Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-тай 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдөр АӨҮА-2013/45/156 дугаартай “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээ”-г байгуулсан байна.
2.2 Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтын 08 дахь хэсэг болон 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 18 дахь хэсэгт “Гичгэний голын эх” нэртэй газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр[3]-үүдийг тус тус гаргажээ.
2.3 Нэхэмжлэгч “.....” ХХК-аас, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө”, 14.6-д “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” гэж заасны дагуу нөхөн төлбөрийг олгуулахаар Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандан 2023 оны 23/02 дугаартай хүсэлтийг гаргасан боловч шийдвэрлэхгүй байна.
Мөн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн “Гичгэний голын эх” гэх нэртэй газрыг байгалийн болон түүх соёлын дурсгалт газрын зориулалтаар орон нутгийн тусгай хамгаалалтад авах хэрэгцээ шаардлага байхгүй, тус газар нь “Гичгэний голын эх” гэх нэртэй боловч бодит байдалд ямар нэгэн гол, мөрөн, урсац, эх байхгүй байдаг. “Гичгэний голын эх” гэх газрыг байгалийн болон түүх соёлын дурсгалт газрын зориулалтаар үндэслэлгүйгээр орон нутгийн тусгай хамгаалалтад авсан нь “.....” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймээс Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн “Гичгэний голын эх” хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байна.
Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
3.1 Нэхэмжлэгч “.....” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б,Э 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...“.....” ХХК нь 2007 оны 02 дугаар сарын 20 өдөр Х8488 дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож, гэрчилгээ авсан бөгөөд улмаар Уул уурхайн яамны Ашигт Малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт гарч, Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-тай 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдөр АӨҮА-2013/45/156 дугаартай “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээ” байгуулан тус гэрээнд заасан нөхцөл болон хайгуулын Х8488 тусгай зөвшөөрлийн дагуу ашиглалтын өмнөх үйл ажиллагааг явуулсан.
Улмаар Ашигт малтмал, Газрын тосны газарт Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дахь Булгийн цагаан толгой нэртэй 1247,65 гектар талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн NМ-025692 дугаартай өргөдөл гаргасан. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10/5544 дугаар “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр Танай эзэмшлийн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дахь Булгийн цагаан толгой нэртэй 1247,65 гектар талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн NМ-025692 дугаартай өргөдлийг хянан үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2 дахь хэсэгт заасан шаардлага хангахгүй байх тул ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг өргөдлийн бүртгэлээс хасаж, Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 76 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан мэдэгдэл ирүүлсэн.
Манай компани нь хуульд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл авч, хайгуулын үйл ажиллагаа болон ашиглалтаас өмнөх үйл ажиллагааг хийж гүйцэтгэж ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журмын дагуу холбогдох баримт, материалаа бүрдүүлэн өргөдлөө гаргасан. Гэтэл Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь 2022 оны 11 сарын 11-ний өдрийн 76 дугаар шийдвэр гаргаж ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байдаг.
Нэхэмжлэгч нь Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 сарын 11-ний өдрийн 76 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр захиргааны хэрэг үүсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.
Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... 2016 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан солбилцлын дагуу 18 талбайг Кадастрын системд бүртгэснийг мэдэгдье. Хамгаалалтад авсан ... “Гичгэний голын эх” нэртэй газар нь Х\/-8488 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай байна. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлөх ба 14.6-д Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг анхаарна уу гэсэн мэдэгдлийг Ашигт малтмал, газрын тосны газраас Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын ИТХ-д 2016 оны 3 сарын 14-ний өдрийн 6/1629 дүгээр албан бичгээр мэдэгдсэн тухай нотлох баримтыг хариуцагч хэрэгт гаргаж өгсөн.
Нэхэмжлэгч нь 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дээрх нотлох баримтыг мэдсэнээр 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 23/02 дугаартай албан бичгээр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нөхөн төлбөр олговор гаргуулах тухай хүсэлт хүргүүлсэн боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгч, шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргаад байна.
Иймээс Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлүүлэхийг даалгаж өгнө үү.
Нэхэмжлэгч нь Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 76 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2-т Тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй байх шаардлага хангахгүй байх тул ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг өргөдлийн бүртгэлээс хасах үед чухам дээрх хуулийн заалтад дурдсан аль нөхцөл байдал үүссэн болохыг мэдээгүй бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүссэний дараа баримт цугларч улмаар Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн “Гичгэний голын эх" гэх газартай хэсэгчлэн давхцалтай гэх үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг мэдсэн.
Нэхэмжлэгч хуулийн этгээд нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн “Гичгэний голын эх” гэх нэртэй газрыг байгалийн болон түүх соёлын дурсгалт газрын зориулалтаар орон нутгийн тусгай хамгаалалтад авах хэрэгцээ шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Учир нь тус газар нь “Гичгэний голын эх” гэх нэртэй боловч бодит байдалд ямар нэгэн гол, мөрөн, урсац, эх байхгүй байдаг.
Манай компани нь хуульд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл авч, хайгуулын үйл ажиллагаа болон ашиглалтаас өмнөх үйл ажиллагааг хийж гүйцэтгэж байсан энэ хугацаанд орон нутгийн зүгээс уг талбай дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход татгалзах зүйлгүй гэх зөвшөөрсөн албан бичгийг удаа дараа өгч байсан тул хуульд заасан журмын дагуу холбогдох баримт, материалаа бүрдүүлэн өргөдлөө гаргасан. Гэтэл Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн “Гичгэний голын эх” гэх газрыг байгалийн болон түүх соёлын дурсгалт газрын зориулалтаар үндэслэлгүйгээр орон нутгийн тусгай хамгаалалтад авсан нь “.....” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
Иймээс Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн “Гичгэний голын эх” хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2 Нэхэмжлэгч “.....” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б,Э 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “...Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлүүлэхийг даалгуулах, мөн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн “Гичгэний голын эх” хэсгийн Х8488 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсэг болох 279.15 га талбайг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3.3 Нэхэмжлэгч “.....” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б,Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгсөн байгаа.
Уг нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд нэхэмжлэгч нь анх тус шүүхэд 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан. Тус шүүх 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 133 дугаартай захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт зааснаар итгэмжлэлийн асуудлыг дурдаж нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Тухайн захирамжид нэхэмжлэгч тал гомдол гаргасан. Уг гомдлыг анхан шатны шүүхээс албан бичгээр буцааж шийдвэрлэсэн. Ингээд өмнөх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэл буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн 5 дэх хэсэгт заасан үндэслэлийг арилгаад нэхэмжлэлээ дахин гаргасан. Нэгдүгээр шаардлагын хүрээнд нэхэмжлэгч ..... компани 2007 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хайгуулын Х8488 дугаартай тусгай зөвшөөрлийг авсан. Тусгай зөвшөөрлийн дагуу хайгуулын үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулаад хайгуулын үйл ажиллагаагаа явуулдаг. Хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу /эзэмшлийн/ нийт талбай 1247,65 га талбайд хайгуул хийсэн. Тухайн талбай дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргадаг. Ашигт малтмал газрын тосны газраас 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч компанид мэдэгдэл ирүүлсэн. Тухайн мэдэгдэлд хайгуулын талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглах үндэслэлгүй байна. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт зааснаар шаардлага хангахгүй байгаа учраас ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна гэсэн мэдэгдэл ирүүлсэн. Тухайн шийдвэртэй маргаад нэхэмжлэгч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах явцад ашигт малтмал, газрын тосны газар нь Жаргалтхаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолыг хүлээн авч системд бүртгэсэн бөгөөд тухайн тогтоолын “Гичгэний голын эх”-тэй ..... компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн газар давхцаж байгаа давхцалынхаа хүрээнд “Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар нөхөн олговрыг олгоорой. Хуульд заасан хугацаанд нөхөн олговрыг олгохгүй бол энэ компани үргэлжлүүлээд үйл ажиллагаа явуулах эрхтэй болохыг анхаарна уу” гэдэг мэдэгдэл явуулсан байсныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүсээд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу нотлох баримт цугларах явцад нэхэмжлэгч мэдсэн. Тухайн тогтоолын улмаас хайгуулын зөвшөөрлийг ашиглах боломжгүй байна гээд үндсэн төлбөрөө гаргуулах хүсэлтийг хариуцагч руу явуулдаг боловч хариуцагч ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй эс үйлдэхгүй гаргасан. Эс үйлдэхүй гэдэг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан байдаг. Тэгэхээр энэхүү шаардлагыг хариуцагч биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргаад байгаа учраас эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоогоод шийдвэрлүүлэхийг даалгуулж өгнө үү.
Хоёр дахь шаардлагын тухайд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 76 дугаартай шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2 дэх хэсэгт зааснаар тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй байх шаардлагыг хангахгүй байгаа учраас гэдэг үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалздаг. Дээрх хуулийн яг аль үндэслэлээр нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан юм бэ? хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй давхацсан юм уу? Эсвэл тусгай хэрэгцээнд авсан юм уу? Нөөцөд авсан юм уу? энэ нөхцөл байдлуудын аль нь үүссэн юм бэ? Ямар хүчин төгөлдөр эрхийн актуудыг үндэслээд татгалзсан юм бэ? гэдэг талаарх баримтуудыг шаарддаг. Энэ баримтыг шаардсаны дараа Жаргалтхаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтаар орон нутгийн тусгай хамгаалалтын буюу түүх соёлын дурсгалт газар байгаа гэдэг зорилгоор тусгай хэрэгцээнд авсан байдаг. 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1 дүгээр тогтоолын 18 дугаар хавсралтаар “Гичгэний голын эх” гэдэг газартай нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийн 279.15 га талбай газар давхцалтай байдаг. Тухайн талбай буюу давхцалтай хэсгийг түүх соёлын дурсгалт өв байгаа гэдэг зорилгоор авсан нь үндэслэлгүй буюу зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөл байдалд тохироогүй гэж нэхэмжлэгчээс зөвшөөрөхгүй байгаа юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хөөн хэлэлцэх хугацааг тоолох нарийвчилсан зохицуулалт байхгүй. Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тоолоод тусад нь хэрэглээд явдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлээ зохих журмын дагуу гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа зогсоно гэсэн зохицуулалт байгаа. Тэгэхээр нэхэмжлэл хуульд заасан хугацаандаа буюу 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хуульд заасан журмаар нэхэмжлэлээ гаргасан. Ингээд тодорхой шалтгааны улмаас хүлээн авахаас татгалзаад энэ үйл явц хөөн хэлэлцэх хугацаа зогсох үр дагавар үүсгэж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Мөн дээрээс нь маргааны үйл баримт нь хайгуулын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа дууссан уу? дуусаагүй юу? хайгуулаа үргэлжлүүлэх үү? үгүй юу гэдэг агуулгаар биш. Зөвхөн 9 жил хайгуул хийж байгаа лицензээ ашиглалт болгоё гэдэг маргаан. Ашиглалт болгоё л гэдэг маргаан. Ашиглалт болгохын тулд маргаан бүхий акт буюу 2016 оны 1 дүгээр тогтоолын холбогдох хэсэг давхцалтай. Тухайн давхцалтай хэсэг нь бодит нөхцөл байдалд тохироогүй. Захиргааны үйл ажиллагаа өөрөө Захиргааны ерөнхий хууль болон түр болон тусгай баримт бичгийг баримталж үйл ажиллагаагаа явуулсан байх шаардлагатай. Хариуцагч байгууллага 2016 онд маргаан бүхий актыг батлахдаа нэхэмжлэгчийн хайгуулын талбайтай давхцаж байгаа гэдгийг мэдсээр байж мэдэгдэх үйл ажиллагааг хийгээгүй. Нэмэлтээр нотлох баримт цуглуулаагүй. Ийм хууль бус үйл ажиллагааных нь улмаас нэхэмжлэгч хохироод явж байна. Захиргааны байгууллагын аливаа шийдвэрээ бодитой, яг тухайн нөхцөл байдалдаа тохирсон үр нөлөөтэй үндэслэл бүхий байх шаардлагатай. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан тусгай зарчмаар хуульчлагдаад явж байгаа. Тэгэхээр Гичгэний голын эх гээд давхцалтай хэсэг буюу 279.15 га талбай нь өөрөө тусгай хамгаалалтад авсан нь бодитой үнэлээгүй бөгөөд тусгай хамгаалалтад авах ямар ч хэрэгцээ шаардлага үүсээгүй байхад хуулиар олгосон эрх хэмжээ байгаа гэж үзэн дур зоргоороо аашилж авсан нь өөрөө хууль бус юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн боломжтой байгааг шүүх анхаарч үзээсэй гэв.
3.4 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Т.Д- ийг компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш гэж тайлбарлаж байна. Төлөөлөх эрхийн агуулга нь Иргэний хуулийн 64, 68 дугаар зүйлээр зохицуулагдаад явж байгаа. Өөрөөр хэлбэл төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан хүсэлтийг хожим төлөөлүүлэгч өөрөө хүлээн зөвшөөрөх юм бол түүний хэлцэл өөрөө хүчин төгөлдөр байна гээд Иргэний хуулийн 64 дүгээр зүйл дээр маш тодорхой заагаад өгсөн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаад өөр этгээд гарын үсэг зураад өгсөн гэж бодъё. Гэтэл хожим нэхэмжлэгч нэхэмжлэл гаргана гээд гарын үсэг зурлаа гэж бодъё. Энэ тохиолдолд хожим нь хүлээн зөвшөөрсөн этгээд төлөөлөх эрхгүй бол хүчин төгөлдөр байна гэдэг агуулга. Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл өөрөө хүчин төгөлдөр байх нөхцөлүүдийг шүүх харгалзаж үзнэ байх гэж найдаж байна.
Хоёрт: Д- гэдэг хүн төлөөлөх эрхгүй этгээд биш. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ..... гэдэг компани 100 хувь Д- гэдэг хүний, нэг хувьцаа эзэмшигчтэй компани юм. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “компанийн эрх барих дээд удирдлага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна”. Мөн хуулийн 60 дугаар зүйл дээр нэг хувьцаа эзэмшигчтэй бол нэг эзэмшигч нь өөрөө хувьцаа эзэмшигчийн хурал байна. Мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар Д- гэдэг хүн ерөнхий захирал гэдэг албан тушаалтай. Энэ хүрээнд ажил үүргээ гүйцэтгээд явж байгаа. Компани өөрөө компанийн дүрэм бусад баримт бичгийн хүрээнд компани ямар бүрэлдэхүүнтэй ажиллах, ямар байдлаар ажиллах, багаар ажиллах юм уу, үгүй юм уу гэдэг нь компанийн өөрсдийнх нь дотоод асуудал. Дараа нь Д- гэдэг хүний агуулгыг Т- гэдэг хүнд итгэмжлэл олгоод энэ агуулгаар нь дэмжээд бусад агуулга дээр нь гарын үсэг зураад дэмжээд яваад байгаа юм. Өөрөөр хэлбэл ямар ч үед төлөөлөх эрхгүй этгээдтэй холбоотой маргах эрх нь компани өөрөө байгаа. Тийм учраас компанийн нэрээр ямар нэгэн байдлаар Д- гэдэг хүн өргөдөл гаргах ёстой байсан юм гэдэг агуулгаар бид гомдол гаргаагүй гэдгийг ойлгох ёстой. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар гэрээ хэлцэлд шууд болон шууд бусаар оролцож байгаа. Мөн 10-аас дээш хувийн хувьцаа эзэмшигч нь эрх бүхий албан тушаалтан байна. Өөрөөр хэлбэл компанийн эрх бүхий албан тушаалтан илэрхийлэгдэж байгаа юм. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд зааснаар хуулийн этгээдийн бланк дээр тухайн хуулийн этгээд тамга дарна гэж байгаа. Компани өөрөө төлөөлөөд албан бичиг дээр гарын үсэг зурж байгаа бол компанийн тамга тэмдэг дарж байж үйл ажиллагаа явагдана. Энэ хүсэлт дээр компанийн тамга тэмдэг дарагдсан гэж үзэж байгаа. Тийм учраас Д- гэдэг хүн компанийнхаа албан ёсны тамга тэмдгээ дараад хүсэлт өгсөн бол үүнийг ямар нэгэн байдлаар шийдвэрлэх нь төрийн байгууллагын үүрэг. Д- гэдэг хүний оронд төлөөлөх өөр этгээд гарын үсэг зурсан бол энэ агуулга өөрчлөгдөнө. Тийм учраас энэ агуулга өөрчлөгдөхгүй яг л компаниа төлөөлөөд явж байгаа учраас Д- гэдэг хүн компанийн тамга тэмдэгтэй өргөдөл гаргаад явж байгааг ойлгох хэрэгтэй гэж үзэж байна. Тиймээс төлөөлөх эрхийн асуудал дээр хууль зүйн хувьд Иргэний хууль болон тухайлсан хуулиар зохицуулагдсан харилцаа. Иймээс тухайн өргөдөл гомдлыг шийдвэрлэхгүй байх үндэслэл байхгүй. Тийм учраас энэ агуулгаар тайлбарлах нь зүйтэй.
Хөөн хэлэлцэх хугацааны хугацаа тоолох журмыг Иргэний хуулийн 72 дугаар зүйлд тодорхой заагаад өгсөн байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой тайлбар мөн адил нийцэхгүй байна. Өнөөдрийн байдлаар манай хүсэлт өнөөдрийг хүртэл хугацаанд шийдвэрлэгдээгүй байгаа.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар жишээ авъя. Энэ хуулийн 14 дүгээр зүйл дээр өргөдөл гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах зохицуулалт байгаа. 14 дүгээр зүйлийн 14.1 дээр дор дурдсан үндэслэл байвал хянан үзэхгүй байж болно.
... Хэрвээ “өргөдөл, гомдол нь энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар гаргаагүй бөгөөд үүний улмаас өргөдөл, гомдлыг шийдвэрлэх боломжгүй бол уг шаардлагыг хангахыг мэдэгдэж, түүнийг өргөдөл, гомдол гаргагчид З хоногийн дотор буцаана” гэсэн байна.
Нэгт: Огт буцаасан зүйл байхгүй. Хуулиар тогтоосон хугацаанд төрийн захиргааны байгууллага хариу өгөөгүй хариуцагчийн өмгөөлөгчийн яриад байгаа энэ асуудалд буцаасан үйл баримт байхгүй. Буцаасан бол бид гарын үсгээ солиод өгөх байсан.
Хоёрт: Энэ өргөдөл гомдлыг хянан үзэхгүй байх үндэслэл дотор төлөөлөх эрхгүй этгээд гэдэг ойлголт байхгүй. Шүүхэд төлөөлөх эрхгүй этгээд гомдол гаргах гэдэг ойлголт ерөөсөө байхгүй. Хэлцэлд төлөөлөх гэдгийг буруу ойлгоод байх шиг байна. Шүүхэд төлөөлөх эрхийн асуудлыг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан үндэслэл шаардлагыг хардаг. Төлөөлөх эрх гэдэг нэг төрлийн хэлцэл...
Гуравт: Нэхэмжлэгч шүүхэд хандаад 1 жил болсноороо нэхэмжлэлийг хангахгүй байх үндэслэл байхгүй. Яг энэ өргөдөл гомдол, хүсэлтийг шийдвэрлээгүй үндэслэл өөрөө буцаасан буцаагаагүй гэдэг эс үйлдэл нь хууль тогтоомжид заасан үүргээ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй нь эс үйлдэхүй болж байгаа.
Эцсийн дүндээ компани гэдэг эдийн бус баялаг буюу өмчлөх эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой байгууллага. Нотлох баримтыг шинжлэн судлах явцад Д- гэдэг хүн 100%-ийн хувьцаа эзэмшигч мөн байна. Хариуцагчийн өмгөөлөгч яриад байна. Хувьцаа эзмшигч Д-, гүйцэтгэх захирал Т- нарын хууль ёсны ашиг сонирхол өөр өөр гээд байна. Огтоос тийм биш. Яагаад гэвэл Т- гэдэг хүн Д- гэдэг хүнтэй хөлсний гэрээ байгуулаад тэр хүний өмнө үүрэг хариуцлага хүлээгээд ажиллаж байгаа юм. Ийм зохицуулалтыг хэлдэг учраас энэ тохиолдолд компанийг хувьцаа эзэмшигч төлөөлөх эрхтэй. Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигч эрх бүхий албан тушаалтан буюу /ЭБАТ/ гэж ярьдаг.
Би яагаад эрх бүхий албан тушаалтан гэж яриад байна вэ гэхээр, эрх бүхий албан тушаалтан компанийг төлөөлөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүсэлт өргөдөл гаргах эрхтэй. Ийм учраас үүнийг төлөөлөх эрхгүй этгээд гэдэг агуулгаар өргөдлийг шийдвэрлэхгүй байх хууль зүйн үндэслэл байхгүй” гэв.
3.5 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний зүгээс энэ хүсэлтийг л шийдвэрлээд өг гэдэг хүсэлтийг гаргасан. Түүнээс нөхөн төлбөр өг ч гэдэг юм уу? Эвсэл өгөхгүй байх ч гэдэг юм уу? Ямар нэг өөр байдлаар хүсэлт гаргаагүй. Хуульд зааснаар “эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох захиргааны акт гаргахыг даалгана” гэж байгаа. Тэгэхээр ..... гэдэг компани хайгуулын үйл ажиллагаа явуулсан уу? гэвэл явуулсан байна. Хайгуулын үйл ажиллагаагаа явуулаад хайгуулын ажиллагаа дууссаны дараа хайгуулын талбай гээд нилээдгүй том талбайн тодорхой хэсэгт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулъя гээд Ашигт малтмал газрын тосны газарт хандсан байна. Ингээд Ашигт малтмал газрын тосны газар танайх хайгуулын газрыг ашиглах боломжгүй. Яагаад гэвэл Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор танай газрын зарим хэсэг давхцалтай байгаа учраас хайгуулын зөвшөөрлийг ашиглаж болохгүй гэдэг. Тэгэхээр бид ямар хүсэлтийг Иргэдийн төлөөлөгчдийн хуралд гаргаад байна вэ гэхээр “та хэд лицензийн талбайтай давхцалтай газрыг тусгай эрхээр авахдаа манайд мэдэгддэггүй юм уу? Бид олон жил хайгуулын үйл ажиллагаа явуулаад бөөн зардал гаргаад ажиллаад яваад байна” гэдэг асуудлаар л хандаж байгаа юм. Үүнд л бид хариу хүсээд байгаа юм. Гэтэл Иргэдийн төлөөлөгчдийн хурал хариу өгөөгүй учраас бид энэ хариуг авахын тулд шүүхэд хандаад байгаа юм.
Хариуцагч тал хариугаа огт өгөхгүй явсаар байгаад хариу тайлбараа 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр яг энэ өмгөөлөгчийн яриад байгаа тайлбарыг Ц-дарга шүүхэд өгсөн байдаг. Энэ хариуг өгөхгүй байх эс үйлдэхүй гаргаж байхдаа тэр хариугаа хугацаандаа бичгээр өгөхгүй яасан юм бэ? ..... компанийн захирал чинь энэ хүн байна. Энэ хүн гарын үсэг зурсан учраас бид танай асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн бол бид өнөөдөр ингээд маргаад байх шаардлага байхгүй. Яг тухайн үедээ яагаад хариу тайлбар өгөөгүй юм. Хэрэв хариуцагч тал “танай эрх бүхий албан тушаалтан чинь өргөдлөө гаргаагүй байна” гэсэн бол эрх бүхий албан тушаалтан түүнийг нь гаргаад өгчихнө. Биднийг 2024 оны 7 дугаар сарын 09-ний дотор хуульд заасан 30 хоногийн дотор энэ асуудлыг шийдвэрлэх ёстой байсан гээд байна. Хариуцагч Ашигт малтмалын тухай хуулиар үүнийг шийдвэрлэж хариу өгөх ёстой байсан. Тийм учраас эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгоё гэж байгаа. Түүнээс нөхөн төлбөр өгөхийг даалгуулъя ч гэдэг юм уу? Тийм байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Шаардлагатай захиргааны актад маань ямар нэгэн байдлаар хариу өгөөч ээ л гэж хүсээд байгаа юм.
2. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны
02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн "Гичгэний голын эх" хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Яагаад 2007 оны тогтоолыг тодруулахгүй байгаа юм бэ гэхээр 2007 оны тогтоол нь ашигт малтмал газрын тосны газарт бүртгэлгүй байгаа юм. Харин 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1 дүгээр тогтоолын хавсралтад заагдсан координат нь ашигт малтмал газрын тосны газар бүртгэгдээд кадастрын мэдээллийн санд давхцал үүсгээд байгаа захиргааны акт нь өөрөө энэ юм. Түүнээс хариуцагчийн өмгөөлөгчийн яриад байгаа 2007 оны акт нь тусгай хамгаалалтад авсан захиргааны акт буюу давхар кадастрт бүртгэгддэг журамтай. Энэ журмын дагуу 2007, 2016 оны аль нь бүртгэгдсэн юм бэ гэхээр 2016 оных нь бүртгэгдсэн. Тийм учраас ашигт малтмал газрын тосны газраас ямар хариу өгсөн бэ? гэхээр “Танай хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглах боломжгүй. Энэ акт бүртгэлтэй байна” гэдэг асуудлаар бид нарт хандаад байгаа юм. Тийм учраас бид энэ актыг сонгож тодорхойлоод байгаа нь энэ юм.
Хоёрдох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бид бодитой юм ярих ёстой. Захиргааны хэргийн шүүх эрх нь хөндөгдсөн байгаа гэж үзээд захиргааны хэрэг үүсгэсэн. Бидний ямар эрх хөндөгдөөд байгаа юм бэ гэхээр олон жил хайгуулын үйл ажиллагаа явуулсан компани ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсээд авах гээд ирэхээр энэ тогтоол өөрөө давхцал үүсгээд байна. Мөн яг ашиглалт олгохоос татгалзсан Ашигт малтмал газрын тосны газрын татгалзалтай холбогдуулаад бид Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр нэхэмжлэл гаргаад явж байсан боловч Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн шүүх дээр байгаа маргааныг шийдсэний дараа Нийслэл дэх хэргийг Захиргааны хэргийг нь шүүх шийднэ гэсэн. Өөрөөр хэлбэл Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд сэргээлгэхээр хандсан эрх, энд хандсан сэргээлгэх эрх хоёр давхцаж байгаа гэсэн үг. Тийм учраас 2 тусдаа шүүх нэг эрхийн хөндөгдөж байгаа асуудлаар шийдвэрээ гаргахдаа зэрэг явж болохгүй дэс дараалж явна гэдэг агуулгаар энэ хэргийг түрүүлж шийдвэрлүүлэх саналтай байгаа. Тэгэхээр энэ эрхийн хүрээнд бидний эрх хөндөгдөөд байна гэж үзээд хоёр шүүхэд хандаад хоёулан дээр нь захиргааны хэрэг үүсээд явж байгаа юм. Нэгэнт эрх хөндөгдсөн байгаа үед бид захиргааны үйл ажиллагаа буюу 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1 дүгээр тогтоолыг гаргахдаа хийсэн Жаргалтхаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан юм уу? Үгүй юм уу? Яг бодитой соёлын дурсгалт газар байгаа юм уу? Үгүй юм уу? гэдгийг өнөөдрийн шүүх хуралдаанаар ярих ёстой болохоос биш өмгөөлөгчийн яриад байгаа шиг гарын үсэг зурсан этгээдийн талаар ч юм уу? эсхүл хоног хугацааны талаар ярих нь тохиромжгүй юм. Бидний зүгээс 279.15 га газрыг чөлөөлүүлье л гээд байгаа. Гэтэл хариуцагч тал яг энэ талбай дотор ийм ийм соёлын олдворууд байгаа 2007 оноос хойш бид хамгаалалтад авсан гээд археологийн дүгнэлтүүд, судалгаа хийсэн судлаачдынх нь тайлбарыг гаргаад ирвэл бид өөр асуудал ярина.
Бид юу гэж яриад байна гэхээр яг манай энэ давхцалтай хэсэг дээр ямар ч соёлын дурсгалт зүйл, байгалийн ховор эмийн ургамал ч юм уу тийм зүйл байна гэсэн баримт байхгүй учраас Ашигт малтмал газрын тосны тухай хуулийн дагуу хайгуулын лицензээр ашиглаж болох үйл ажиллагаанд бодит байдлаар судлаагүй, шинжлэн тогтоогоогүй, Захиргааны ерөнхий хуульд заасан зорилгодоо нийцээгүй ийм захиргааны акт саад болоод байгаа учраас бид бүхэлд нь биш яг манайхтай давхацсан 279.15 га газрын актыг хүчингүй болгуулъя гэдэг нэхэмжлэл гаргаад байгаа юм. Хөөн хэлэлцэх хугацааны асуудлын тухайд бид нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж гаргахдаа 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тодорхой гаргаад өгсөн байгаа. Анх 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Үүнээс хойшоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа огт тасалдалгүй шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд татгалзсан үндэслэлийг яг хугацаанд нь буюу 30 хоногийн хугацаанд засаад явчихсан байгаа нь хэргийн материалд авагдсан баримтуудаас тодорхой харагдана. Тийм учраас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан гэдэг ойлголт байхгүй. Хоёрт хөөн хэлэлцэх хугацааг алдаагүй. 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргаснаас хойш 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хариу өгөх ёстой байсан. Бид анх 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр захиргааны үйл ажиллагаатай холбогдуулж нэхэмжлэлээ гаргасан учраас энэ бол хууль бус хугацаа хэтэрсэн зүйл байхгүй. Захиргааны байгууллага төрийн ажил хийж байгаа бол тухайн үед нь “танай гаргасан өргөдлийг компанийн захирал нь гаргаагүй байна” гэж хэлэх ёстой. Тэгтэл өргөдлийг маань хүлээж авчхаад компанийн захирал нь гаргаагүй байна гэж дотроо бодчихоод бид нарт тэрийгээ илэрхийлж хэлээгүй. Үүнийгээ илэрхийлсэн хариуг бид нарт өгөх ёстой байсан. Тийм учраас хариуцагчийн өмгөөлөгчийн хэлээд байгаа тайлбар өөрөө хууль бус байна.
2007 онд захиргааны акт гаргасан 2016 онд тэрийгээ хэрэгжүүлж байна гэж хариуцагчийн өмгөөлөгч яриад байна. Энэ бол хууль бус үйл ажиллагаа. Хэрвээ тусгай хэрэгцээнд газар нутгийг авч байгаа тогтоол гарч байгаа бол Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу 10 хоногийн дотор бүртгүүлж байж тэр акт хүчин төгөлдөр болно. 2007 онд тийм ажил хийгээгүй учраас тэр акт угаасаа бүртгэлгүй. Бүртгэлгүйн дээр өөрсдөө 2016 онд хүчингүй болгочихсон. Тэгэхээр 2016 оны акт хүчин төгөлдөр, 2016 оны актаар тусгай зөвшөөрөлтэй талбайг тусгай хэрэгцээнд авсан. Энэ нь өөрөө Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зайлшгүй хэрэглэх ёстой.
Тусгай хэрэгцээнд авах нь хугацаатай байдаг ... 2007 оны захиргааны акт яалтачгүй манай ..... компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна. Эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөнө гэхээр зөвхөн хайгуулын юм уу ашиглалтын талбай хүчин төгөлдөр байвал гэж ойлгоно. Байхгүй бол ойлгохгүй гэдэг асуудал яриад байна. Гэтэл бид 9 жил хайгуулын үйл ажиллагаа явуулж, 2013 онд судалгаа шинжилгээ хийж, соёлын дурсгалт зүйлийг тогтоогоод хамгаалалтад оруулаад Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлөө гаргаж байгаа юм. Энэ эрх зүйн харилцаанд манайх оролцож байгаа. Захиргааны хэргийн шүүхэд энэ эрх зүйн харилцаа үргэлжилж явагдаж байгаа бол нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг байна гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байгаа юм. Тэгэхээр бид хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан талаар 2016 онд энэ хүмүүс анхнаасаа мэдэж байсан талаар сая баримтаар гарч ирлээ.
2022 онд Ашигт малтмал газрын тосны газраас хариу авахдаа, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах ажиллагааны хүрээнд захиргааны актыг мэдэж байх жишээтэй. Тэгэхээр төрийн захиргааны байгууллага өөрөө Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль бус энэ үйл ажиллагаа, Ашигт малтмалын тухай хуулиар өөрт нь үүрэг болгосон энэ эрхийг хэрэгжүүлээгүй үйл ажиллагаанаас болоод хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл авсан манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхол гэж тодорхойлсон байгаа. Ашиглалтын зөвшөөрлийг авах хуульд заасан болзлыг хангасан компани нэг талаас ярьж байгаа юм. Болзлоо хангасан компани эрхээ эдэлье гэхээр 2016 онд гаргаад мэдэгдээгүй дунд шатны захиргааны акт саад болоод байгаа юм. Тийм учраас нэхэмжлэгчийн ашиг сонирхол зайлшгүй хөндөгдөж байна гэж үзэх үндэслэлтэй.
Мөн Ашигт малтмалын тухай хуульд заасан энэ эрх үүргээ хэрэгжүүлээгүй. Одоо хэрэгжүүлээч ээ, манай нөхөн төлбөр олговортой холбоотой асуудлаа шийдээч ээ гээд хандахаар ямар нэгэн байдлаар хариу өгдөггүй. Хуулиар нэгэнт ийм акт гаргасан юм бол энэ өргөдлийг хүлээж аваад шийдэх үүрэг байна уу гэвэл байна. Ашигт малтмалын тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлүүд дээр заасан байна. Бид заавал нөхөн олговор олгох шийдвэрийг гарга ч юм уу? Тийм байдлаар нэхэмжлэлийн шаардлага огт гаргаагүй шүү гэдгийг би удаа дараа хэлж байгаа. Нэгэнт хуулиар ийм газрыг тусгай хэрэгцээнд авсан ашигт малтмалын хүчин төгөлдөр газрыг тусгай хэрэгцээнд авсан юм бол нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг ямар нэгэн байдлаар шийдэхийг даалгаж өгөөч гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдах үндэслэлтэй буюу эс үйлдэхүй байгааг хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй байгааг Захиргааны хэргийн шүүхээс энэ хууль бус эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэж байгаа болохоос шийдлийг тогтоо гээгүй юм.
Мөн компанийг төлөөлөгч нь Д- байна уу, Т- байна уу гэдэг ерөөсөө асуудал биш. Манай гаргасан өргөдөл бланк дээрээ тамга тэмдэгтэй. 100 хувь хувьцаа эзэмшигч энэ компанийг бүхэлд нь эзэмшиж байгаа хүн өөрөө гарын үсэг зураад тамгаа дарсан байна.
Харин гүйцэтгэх захирал хувьцаа эзэмшигчийн эсрэг үйл ажиллагаа явуулбал зөрчил болдог. Энэ компанийн 100 хувь эзэмшигч нь энэ компанийн эзэн нь гэсэн үг. Энэ тусгай зөвшөөрөл тэр хүнийх гэсэн үг. Яагаад 2019 онд татварын хууль тогтоомжид орсон өөрчлөлтөөр эцсийн өмчлөгчийг хүсээд байгаа юм гэхээр компанитай холбоотой асуудлыг хэн хариуцах юм бэ? эцсийн өмчлөгч л хариуцна шүү дээ. Энэ лиценз хүчингүй болбол Т- хохирох юм уу? Д- хорих юм уу? Нөхөн олговрыг хэн авах юм бэ? Д- авна. Энэ компани нэг л өмчлөгчтэй тэр нь Д-. Тэр үндэслэлээр хууль бус эс үйлдэхүй гаргаж болохгүй. Түүнээс хаа хамаагүй хүн очоод гарын үсэг зурсан асуудал байхгүй.
..... компанийн тусгай зөвшөөрлийн газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгоод өгөөч л гэж хүсч байгаа юм. Үүнийг сум өөрөө ч шийдвэрлэх боломжтой. Яг бодитоор, Соёлын өвийн төвөөс ирсэн албан бичгээр бидний чөлөөлүүлэх гээд байгаа 279.15 га талбай дээр 4,5 соёлын өв байвал бид энэ акт үндэслэлтэй байна гээд зөвхөн нөхөн олговрын асуудлыг ярина. Гэтэл тэр аваад байгаа манайхтай давхцаад байгаа 279.15 га газарт соёлын болон байгалийн дурсгалт зүйлс огт байхгүй тогтоогдохгүй байна. Гэтэл гол урсаж байгаа гэдэг талаар маргаан бүхий захиргааны акт дээр тусгай хэрэгцээнд авч байгаа зорилгыг дэлгэрэнгүй бичсэн байна. Соёлын дурсгалт зүйлс байгаа учраас тусгай хэрэгцээнд авлаа гэж байна. Тэгэхээр байхгүй юмыг хамгаална гэж байхгүй. Соёлын дурсгалт зүйл байхгүй бол тусгай зөвшөөрөл авсан компани ашиглалт хийгээд ашигт малтмалын үйл ажиллагаагаа явуулъя улсдаа, сум орон нутагтаа татвараа төлье гээд байхад тэгэхгүй ээ энэ бол түүх соёлын дурсгалт газар гээд хийсвэр юм яриад бүхэл бүтэн 9 жилийн турш байгууллагын хийсэн үйл ажиллагааг үгүйсгээд суугаад байж болохгүй. Тийм учраас төрийн байгууллага өөрөө хууль дээдлэх зарчмыг баримтлах ёстой. Төрийн үйл ажиллагаа үндэслэл бүхий зорилготой байх ёстой. Тэнд татвар төлөгчдийн мөнгө явж байдаг учраас төрийн нэг үйл ажиллагаа ч гэсэн бодитой явах ёстой болохоос биш огт соёлын дурсгалт зүйл байхгүй 279.15 га газрыг авчхаад хамгаална гээд суугаад байж болохгүй. Тийм учраас төрийн байгууллагын хууль бус үйл ажиллагаа тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч гэсэн саналтай байна“ гэв.
3.6 Хариуцагч Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 1.т ...Төлөөлөх эрхгүй этгээдээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэх үүрэг байхгүй.
‘....." ХХК-аас 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандан хүсэлт гаргахдаа тус компанийн ерөнхий захирал Т.Д- төлөөлж гарын үсэг зуржээ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд “.....” ХХК-ын гүйцэтгэх захирлаар Т.Т- 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэсэн байх бөгөөд гүйцэтгэх захирал компанийг төлөөлөх эрхтэй этгээд байна. Иймд 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр “....." ХХК-аас Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандан хүсэлт гаргахдаа төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан хүчин төгөлдөр бус баримт байна.
Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах түүнийг шийдвэрлэх тухай хуулийн 10.2-д "Өргөдөл, гомдлыг иргэд бичгээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах буюу эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргана” гэж заасан.
Иймд өргөдөл гомдолд тавигдах шаардлага хангаагүй, төлөөлөх эрхгүй этгээдээс гаргасан өргөдлийг шийдвэрлүүлэхийг даалгах хууль ёсны эрх нэхэмжлэгчид үүсэхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.т ....Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн.
“.....” ХХК нь тус шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргажээ. Өмнө нь тус компаниас 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 0133 тоот захирамжаар төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэл гэх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг захирамж хүчин төгөлдөр үлдсэн байна.
Гэтэл ".....'’ ХХК дахин 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлөөлөх эрхгүй этгээд буюу гүйцэтгэх захирлаар гарын үсэг зуруулан нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлага болгож буй Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот тогтоолыг Ашигт малтмал газрын тосны газарт холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр мэдэж, 2023 оны 6 дугаар сарын 09-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандсан гэдэг.
Иймд нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буйчлан 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр анх Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот тогтоолыг мэдсэн гэж үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4-д “..Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлжээ.
Төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэл эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөөн хэлэлцэх хугацаа зогсох үндэслэл байхгүй юм. Иймд актыг мэдсэнээс хойш даруй 8 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж буй нь хуульд заасан дээрх хугацааг ноцтой зөрчжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.4-д зааснаар тус асуудлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэх боломжтой байна.
Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.7 Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч актаа андуураад байна. 2016 оны Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол биш, 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 02 дугаартай тогтоолоор уг газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад /Гичгэний голыг/ авсан. Харин 2016 онд энэ газрыг дахин нэгтгэж кординатжуулсан буюу өмнө тусгай хамгаалалтад авсан байсан газруудаа нэгтгэж, нэг жагсаалтад оруулсан. Түүнээс шинээр гаргасан шинэ акт биш. Гэтэл нэхэмжлэгч тал 2023 онд маргаад ороод ирдэг. Үүн дээр хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Энэ талаар нэхэмжлэгч тал тайлбарлахдаа, хайгуул хийсэн газар дээр нөхөн төлбөр олгож өгнө үү? гээд байдаг. Нэхэмжлэгч хэзээ хайгуул хийсэн юм бэ? Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тогтоол гаргаад 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тусгай хамгаалалтад авсан. Гэтэл ..... компани хайгуулын тусгай зөвшөөрөл аваад 2007 онд хайгуул хийсэн юм уу? Одоо нөхөн төлбөр гэж юу нэхээд байгаа юм бэ? Сая нэхэмжлэгчийн дурдаад байгаа заалтууд, Ашигт малтмалын тухай хуулийн заалтуудыг буцаан хэрэглэх утгатай тайлбар хэлээд байх юм. 2007 онд, Тусгай зөвшөөрлийг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авах тухай хуульд нөхөн төлбөр олгоно гэсэн заалт байхгүй.
Нэхэмжлэгч тал 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүсэлт гаргадаг. Гаргасан хүсэлт дээрээ компанийг төлөөлөх эрхгүй этгээд буюу Д- гэдэг хүн тус компанийн ерөнхий захирал гээд гарын үсэг зурсан байгаа. Гэтэл Д- гэдэг хүн тухайн компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэдэг нь өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоод шүүх тухайн нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн гэрчилгээгээр гүйцэтгэх захирал нь Д- биш. Т- гэдэг хүн улсын бүртгэл дээр бүртгэлтэй байсан. Гэтэл Д- гэдэг хүн хүсэлт гаргаад байдаг. Захиргааны байгууллагат өргөдөл гомдол гаргах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2-т ”өргөдөл, гомдлыг иргэд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах буюу эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргана” гэж заасан байдаг.
Гэтэл 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Т- биш Д-ийн гарын үсэг зурсан хүсэлтийг өгдөг бөгөөд уг хүсэлт нь өргөдөлд тавигдах шаардлагыг хангаагүй байдаг. Нэхэмжлэгч тал ийм хүчин төгөлдөр бус баримт гаргаж өгчхөөд үүнийгээ шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргалаа гэж нэхэмжлэл гаргаад байгаа юм.
Ямар нэгэн өргөдөл гомдол нэхэмжлэл гаргахад компанийг төлөөлөх эрхтэй этгээд гарын үсэг зурж, компанийн тамга дарагдсанаар хүчин төгөлдөр болно. Харин компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурснаараа хүчин төгөлдөр болно гэсэн үг биш. Гэтэл нэхэмжлэгч тал иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй өргөдөл өгчхөөд шийдвэрлэх үүрэггүй асуудлыг шийдвэрлэсэнгүй гээд шийдвэрлүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрөө үндэслэлгүй юм.
Анх 2023 оны 7 сард гаргасан нэхэмжлэлийг Д- гэдэг хүн гаргаж байсан. 2023 оны 7 сараас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д- гэдэг хүн төлөөлөх эрхгүй этгээд байна. Т- гэдэг хүн ..... компанийг төлөөлөх эрхтэй байна. Д- гэдэг хүний гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээж авах үндэслэлгүй байна гэсэн ... яг гаргасан өргөдөлтэйгөө адилхан нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргаж өгсөн. Шүүх үүнийг шийдвэрлэх боломжгүй байна гээд татгалзсантай адилхан захиргааны байгууллага буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргасан өргөдөл нь өөрөө эрх зүйн үйлчлэл байхгүй. Шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэл нь хүчин төгөлдөр бус эрх зүйн үйлчлэл байхгүй. Нэхэмжлэл нь өөрөө хүчин төгөлдөр бус байсан. Нэхэмжлэлээ дахин гаргахаасаа өмнө эхлээд хүчин төгөлдөр төлөөлөх эрх бүхий этгээдийнхээ өргөдлөө иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаа өгөөд тэр хурлаараа шийдвэрлүүлээд. Тэр хурлаараа энэ асуудлыг шийдэх үү? Үгүй юу? эс үйлдэхүй гаргах уу, үгүй юу гэдгээ шийднэ. Ингээд захиргааны байгууллагын шийдвэр гарсны дараа манай өргөдлийг шийдвэрлээд татгалзсан нь буруу байна гэдэг байдлаар нэхэмжлэлээ гаргах ёстой. Гэтэл ямар ч захиргааны үйл ажиллагаа болоогүй байхад манай өргөдлийг шийдвэрлэсэнгүй гэж ярих нь өөрөө үндэслэлгүй юм.
Хоёрт: Нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан алдаа, нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд гаргасан өргөдөл нэхэмжлэл хоёр нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй байх үндэслэл болохгүй. 2023 оны 6 дугаар сард гаргасан өргөдөлд шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан байна гээд хийсвэрээр төсөөлөөд цаашаа явлаа гэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар дээд шатны байгууллагад 30 хоногийн дотор гомдол гаргах эрх, үүрэгтэй. 30 хоногийн дотор төлөөлөх эрхгүй этгээд гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх үндэслэл огтоос биш. Нэхэмжлэгч байгууллагад энэ маргааныг шийдвэрлэх дээд шатны байгууллага байхгүй байгаа учраас захиргааны хэргийн шүүхэд хандсан. Ингээд 30 хоногоор тоолоход 2023 оны 7 дугаар сарын 09-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх ёстой. Хугацаа тоолоод үзэхээр нэхэмжлэгч байгууллага бүтэн 5 сарын дараа нэхэмжлэл гаргасан байдаг. Тэгээд хүндэтгэн үзэх шалтгаанаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэдэг үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхээр шүүгчийн захирамж гаргуулах байсан. Иймд тухайн нэхэмжлэлд эс үйлдэхүй гээд байгаа үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан өргөдлийн шаардлага хангаагүй.
Захиргааны хэргийн шүүх тухайн захиргааны үйл ажиллагаанд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн тохиолдолд л хэрэг үүсгэнэ. Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол байна уу гэдгийг нэн түрүүнд шалгаад шалгах явцад нь хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол захиргааны хуульд зааснаар хүчингүй болгож шийддэг. Захиргааны байгууллага буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нотлох баримтгүй хүсэлтийг өгчхөөд, дараа нь захиргааны хэргийн шүүх рүү бас нотлох баримтгүй нэхэмжлэлийг хугацаагаа хэтрүүлж гаргачхаад шүүх хүлээгээд авчихсан юм чинь шийд, бүтэн жил болчихлоо гээд яриад байгаа нь үндэслэлгүй байна.
Мөн Иргэний хуульд заасан хэлцэл яриад байна. Хэлцэлд төлөөлөх, захиргааны байгууллагын захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд төлөөлөх хоёр чинь тусдаа ойлголт. Нэг нь хуульд заасан императив шинжийг хэрэглэдэг бол нөгөө нь Иргэний хуульд заасан зөвшилцлийн деспозетив шинжтэй онцлог 2 өөр ойлголт. Захиргааны эрх зүй бол хуулиар хүлээн зөвшөөрснөөс бусдыг хориглодог. Иргэний эрх зүйд хориглосноос бусдыг зөвшөөрдөг. Зарчмын хувьд ялгаатай хоёр эрх зүйн төлөөллийг нэг мэтээр тайлбарлаж хэлж байгаа нь үндэслэлгүй байна.
Иргэн, төр захиргааны байгууллагатай харилцаж байгаа харилцааг захиргааны хуулиар, хоёр иргэн хоёр хуулийн этгээдийн харилцаж байгаа харилцааг иргэний хуулиар тус тус зохицуулдаг. Энэ том ялгааг хооронд нь нэгтгэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
2007 оны захирамжийг 2016 онд хүчингүй болгосон гээд байх юм. 2007 оны захирамжийг 2016 онд гарсан захирамжаар хүчингүй болгох юм бол 2007 оны захирамж нь хүчинтэй болж таарна. 2007 оны иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тогтоолын 8 дугаар зүйлд заасан Гичгэний голын эх гээд тодорхой байгаа.
Нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ашиг сонирхол байна уу? Үгүй юу гэдэг нь хамгийн чухал. Гэтэл энэ тохиолдолд байхгүй. Хариуцагч захиргааны байгууллага нь төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан өргөдлийг шийдээгүй. Хуулийн шаардлагад нийцүүлж өргөдөл гомдлоо гаргах нь компанийн өөрсдийнх нь асуудал. Төлөөлөх эрхтэй этгээдийн шаардлага хангасан өргөдлийг шийдвэрлээгүй гэж шүүхэд ханддаг болохоос төлөөлөх эрхгүй этгээдийн хүчин төгөлдөр бус өргөдлийг шийдвэрлээгүй гэж хандах ёсгүй. Үүнийг шийдвэрлэхийг даалгаж өгөөч гэж байгаа нь өөрөө хууль бус юм. Хэрэв шүүхээс шийдвэр гарах юм бол төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан өргөдлийг захиргааны байгууллага шийдвэрлэх ёстой байж. Энэ нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг төр хамгаалж байгаа асуудал биш.
Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар “...дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ” гэсэн заалт байгаа. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу гарын үсэг зурсан байна гэж үзэж байгаа бол иргэн болгон гарын үсэг зурна. Хуулийн этгээдийн бол хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурна. Компанийн тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хуулиараа иргэний эрх зүйн харилцаа явж байгаа. Хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурчхаж байгаа. Тэгэхээр төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурж байна гэдэг нь иргэний эрх зүйн ойлголт. Энэ ойлголт захиргааны эрх зүйн ойлголтод байхгүй. Өргөдөл, гомдол гэдэг хоёр тусдаа ойлголт. Нэг төрлийн хэлбэр биш,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг баримтална гэсэн ойлголт байхгүй, хөөн хэлэлцэх хугацаа гэсэн ойлголт байхгүй гомдол гаргах хугацаа л гэж байгаа. Өргөдөл, нэхэмжлэл гаргах хугацаа гэж байгаа. Хөөн хэлэлцэх хугацааны тасалдах гэсэн ойлголт нь шаардах эрхээ хэрэгжүүлэх 3 жилийн хугацаа гэж ойлгоно. Нэхэмжлэл гаргах хугацаа 3 жил байгаа л гэж ойлгоно. Ер нь иргэний эрх зүйн хөөн хэлэлцэх хугацаа, захиргааны эрх зүй дэх гомдол гаргах хугацаатай дүйцүүлж ойлгох хууль зүйн боломж байхгүй. Тусдаа ойлголтыг хооронд нь хольж байна. Ингээд хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэж байгаа нь алдаа. Гомдол гаргах хугацаа нэхэмжлэл гаргах хугацаа л гэж байгаа. Гомдол гаргах хугацаа тасалдах, нэхэмжлэл гаргах хугацаа зогсох гэсэн ойлголт байхгүй. Төлөөлөх эрхгүй этгээд гаргасан бол тэр компани нэхэмжлэл гаргаагүй гэсэн үг. Тэр цаг хугацаа нь явж л байна. Энэ бол тухайн байгууллагын хариуцлагын асуудал. Эрх бүхий албан тушаалтан төлөөлнө гэсэн ойлголт захиргааны эрх зүйн харилцаанд байхгүй. Энд зөвхөн төлөөлөх эрх бүхий этгээд нь гарын үсэг зурж тамга тэмдгээр баталгаажуулсан хуульд заасан бүхий л шаардлагыг хангасан өргөдөл болон нэхэмжлэл болно. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэл байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгөөч гэж хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх ".....'’ ХХК-ийн нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч ".....'’ ХХК нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “...Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлүүлэхийг даалгуулах, мөн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн “Гичгэний голын эх” хэсгийн Х8488 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсэг болох 279.15 га талбайг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэгчийн “...Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг[4] шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлүүлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1 Нэхэмжлэгч нь: ".....'’ ХХК-нд 2007 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Х8488 дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож, гэрчилгээ гарсны дагуу Уул уурхайн яамны Ашигт Малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт гарч, Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-тай 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдөр АӨҮА-2013/45/156 дугаартай “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээ” байгуулан тус гэрээнд заасан нөхцөл болон хайгуулын 8488Х тусгай зөвшөөрлийн дагуу ашиглалтын өмнөх үйл ажиллагааг явуулсан.
Гэтэл Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын орон нутгийн тусгай хамгаалалтад авсан “Гичгэний голын эх” нэртэй газар нь тус компаний Х\/-8488 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, газартай давхцалтай гэдгийг мэдсэн.
Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу “...Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлөх” ба 14.6-д “...Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” болохыг анхаарна уу гэсэн албан тоотыг Ашигт малтмалын газраас, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн байна. Тус газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 6/1629 тоот /албан бичиг/ нотлох баримтыг нэхэмжлэгч нь 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр мэдсэн.
Ингээд 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 23/02 дугаартай албан бичгээр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нөхөх олговор гаргуулах тухай хүсэлт хүргүүлсэн боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгч, шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасан” гэж үзээд маргаж байна.
2.2 Хариуцагч нь: 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд “....." ХХК-ийн ерөнхий захирал Т.Д- гэсэн гарын үсэгтэй хүсэлт ирүүлсэн. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд “.....” ХХК-ын гүйцэтгэх захирлаар Т.Т- 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэсэн байна. Гүйцэтгэх захирал компанийг төлөөлөх эрхтэй этгээд юм. Иймд төлөөлөх эрхгүй этгээдээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэх үүрэг байхгүй. Өргөдөл, гомдлыг иргэд бичгээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах буюу эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох, баримт бичгийг хавсаргана гэж хуульд заасан шаардлагыг хангаагүй, төлөөлөх эрхгүй этгээдээс гаргасан өргөдөл хүсэлтийг шийдвэрлүүлэхийг даалгах хууль ёсны эрх нэхэмжлэгчид үүсэхгүй гэж маргаж байна.
2.3 ”....." ХХК-ийн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Т- овогтой Т- гүйцэтгэх захирлаар бүртгэсэн байна. “....." ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрээр компанийн дүрмийг шинэчлэн найруулан баталсан ба тус дүрмийн[5] 11.1-т “...Компанийн гүйцэтгэх удирдлага нь Гүйцэтгэх захирал байна. Гүйцэтгэх захирал нь ... компаний өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хэлцэл хийх, гэрээ байгуулах, санхүүжилт татах, компанийн эрх ашгийн төлөө түүнийг Монгол Улс болон хилийн чанадад төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж тусгажээ.
2.4 ”....." ХХК нь 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 23/02 дугаартай нөхөн төлбөр олгохыг хүссэн хүсэлтийг Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бичгээр гаргажээ. Тус компани нь дүрэмдээ гүйцэтгэх захирал нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, ...компанийн эрх ашгийг итгэмжлэлгүйгээр төлөөлнө гэж заасан атлаа тухайн албан бичигт ерөнхий захирал Т.Д- гэсэн гарын үсэг зурсан байна.
Иргэдээс Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “...Өргөдөл, гомдлыг иргэд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах буюу эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргана” гэж заасан.
”....." ХХК нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүсэлт гаргахдаа, өргөдөл гомдолд тавигдах шаардлага хангаагүй, тус компанийг төлөөлөх эрх олгосон нотлох баримт бичигийг Т.Д- д олгоогүй байна. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, Т.Д- нөхөн төлбөр олгуулах хүсэлт гаргасан нь дээрх хуулийн заалт болон холбогдох дүрэм журамтай нийцэхгүй байгаа тул тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд төлөөлж хүсэлт гаргасан байна гэж шүүх үзлээ.
2.5 Иймд ”....." ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдээс нөхөн төлбөр олговор олгуулах хүсэлтээ Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргаагүй байх тул, 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 23/02 дугаартай хүсэлт шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, шийдвэрлүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгчийн “...Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн “Гичгэний голын эх” хэсгийн Х8488 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсэг болох 279.15 га талбайг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1 Нэхэмжлэгч нь: ".....'’ ХХК нь Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 76 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар тус шүүхэд захиргааны хэрэг үүсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.
Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад...
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн “Гичгэний голын эх" гэх газартай хэсэгчлэн давхцалтай гэх үндэслэлээр, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 76 дугаар шийдвэр гарч, ...ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг,
Өмнө нь Ашигт малтмал, газрын тосны газраас Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 6/1629 тоот албан бичиг хүргүүлсэн болохыг, хариуцагч нотлох баримт болгон гаргаж өгсөнөөр нэхэмжлэгч нь 2023 оны 5 сарын 16-ны өдөр мэдсэн.
“Гичгэний голын эх” гэх нэртэй газрыг байгалийн болон түүх соёлын дурсгалт газрын зориулалтаар Орон нутгийн тусгай хамгаалалтад авах хэрэгцээ шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Учир нь тус газар “Гичгэний голын эх” гэх нэртэй боловч бодит байдалд ямар нэгэн гол, мөрөн, урсац, эх байхгүй байдаг.
Манай компани нь хуульд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл авч, хайгуулын үйл ажиллагаа болон ашиглалтаас өмнөх үйл ажиллагааг хийж гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд орон нутгийн зүгээс уг талбай дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход татгалзах зүйлгүй гэсэн зөвшөөрөл бүхий албан бичгийг удаа дараа өгч байсан. Гэтэл Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн “Гичгэний голын эх” гэх газрыг байгалийн болон түүх соёлын дурсгалт газрын зориулалтаар, /үндэслэлгүйгээр/ Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан нь “.....” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна” гэж маргаж байна.
3.2 Хариуцагч нь: “.....” ХХК нь ...шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн.
Тус компани нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот тогтоолыг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр хянагдаж байгаа, Ашигт малтмал газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу нэхэмжлэгч нь 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дээрхи нотлох баримтыг мэдсэн. Улмаар 2023 оны 6 дугаар сарын 09-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд энэ талаар хандсан гэдэг.
Нэхэмжлэгч “.....” ХХК-ийг Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот тогтоолыг 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр анх мэдсэн гэж үзнэ.
Гэтэл тус компани нь маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 26-нд нэхэмжлэл гаргажээ. Иймээс “...шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн, хөөн хэлэлцэх хугацаа зогсоогүй, маргаан бүхий актыг мэдсэнээс хойш 8 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, хуульд заасан хугацааг зөрчсөн” гэж маргаж байна
3.3 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д “...Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, 18.1.2 “к”-д “...нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “...Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж заасан бөгөөд хуулийн энэ зохицуулалтаас үзвэл хариуцагч Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг[6] гаргасан байна.
3.4 “.....” ХХК-нд 2007 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ХB-008488 дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож, гэрчилгээ гарсан. Улмаар Уул уурхайн яамны Ашигт Малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт гарч, Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-тай 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдөр АӨҮА-2013/45/156 дугаартай “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээ” байгуулж, тус гэрээнд заасны дагуу ашиглалтын өмнөх үйл ажиллагааг явуулсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг.
Гэвч “.....” ХХК нь дээрх гэрээнд заасны дагуу ямар үйл ажиллагааг хэрхэн яаж, ямар зардлаар явуулсан болох нь, мөн үргэлжлүүлэн хэдий хугацаанд уг үйл ажиллагааг гүйцэтгэсэн нь тодорхойгүй энэ талаар нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, хавтаст хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
3.5 Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд, Ашигт малтмал, газрын тосны газраас 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 1/2587 дугаартай албан бичиг[7] ирүүлжээ. Үүнд: “... 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Уул уурхайн кадастрын бүртгэлийн системд шүүлт хийж үзэхэд ..... ХХК /РД:5108241/-ийн эзэмшилд байсан Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт Булгийн цагаан толгой нэртэй 3273.91 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-008488 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар бүртгэлтэй байна.
Тус компани нь дээрх ашигт малтмалын хайгуулын ХВ-008488 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэсэгчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл ирүүлснийг тусгай зөвшөөрлийн өргөдлийн бүртгэлийн NM-025692 дугаарт бүртгэсэн байна.
Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан бичиг баримтын бүрдэл дутуу, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор байгалийн болон түүх соёлын дурсгалт газрын зориулалтаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газартай 3273.91 гектар талбайгаар хэсэгчлэн давхцалтай байсан байна.
Үүний дагуу манай газраас Захиргааны ерөнхий хуулийн 26,27 дугаар зүйлд зааснаар 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр сонсох ажиллагаа явуулан,
Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2-т заасан “..тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй байна” гэсэн шаардлагыг хангаагүй тул Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 76 дугаартай шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэснээр уг ашигт малтмалын хайгуулын ХВ-008488 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болгох хөдөлгөөнийг Уул уурхайн кадастрын бүртгэлийн системд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эцэслэн бүртгэсэн” гэжээ.
Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 10/2040 дугаартай албан бичигт[8] “...Уул уурхайн кадастрын бүртгэлийн системд 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар шүүлт хийхэд ..... ХХК нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бүртгэлгүй байна” гэжээ.
Эдгээр бичгийн нотлох баримтуудаар ..... ХХК нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн бүртгэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
3.6 Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.18, 11.1.22 дахь заалтыг үндэслэн “.....” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХВ-008488 дугаартай хүчингүй болсон тусгай зөвшөөрөл бүхий талбайг уул уурхайн кадастрын бүртгэлийн системд 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай 12.5 га талбайгаар, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай 279.15 га талбайгаар тус тус хэсэгчлэн давхцалтай байна гэсэн 10/1621 тоот албан бичиг[9]-ийг 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас,
Мөн Ашигт малтмал газрын тосны газраас 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10/5161 тоот албан бичигт[10] “...Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.18, 11.1.22 дахь заалтыг үндэслэн “.....” ХХК-ийн эзэмшиж байсан ХВ-008488 дугаартай хүчингүй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг уул уурхайн кадастрын бүртгэлийн системд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан “Гичгэний голын эх” нэртэй газартай 279.15 га талбайгаар хэсэгчлэн давхцалтай байна гэж тус тус тодорхойлон ирүүлжээ.
Эдгээр бичгийн нотлох баримтуудаар: “.....” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХВ-008488 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий газар, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай тодорхой хэмжээгээр давхцалтай гэдэг нь тогтоогдож байна.
“.....” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХВ-008488 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэх боловч эрхийн хугацаа нь дуусгавар болж хүчингүй болсон, одоогоор Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын хүчинтэй тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй байх тул нэхэмжлэгч “.....” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй бөгөөд, тус компани нь хамгаалагдах болон сэргээгдэх эрхгүй байна гэж үзлээ.
3.7 Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дах хэсэгт “...Энэ хуулийн 14.5-д заасны дагуу тогтоосон нөхөх олговортой холбогдсон маргаан гарвал шүүх хянан шийдвэрлэнэ” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “...Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж тус тус хуульчилсан.
“.....” ХХК нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай “Газар нутгийн зарим хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолыг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс, Ашигт малтмал газрын тосны газарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр мэдсэн гэж өөрсдөө нотолдог.
Шүүх нэхэмжлэгч “.....” ХХК-ийг маргаан бүхий захиргааны актыг мэдсэн өдрөөсөө буюу тухайн актыг хүчингүй болгуулахаар 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргалгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлж, шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна гэж дүгнэлээ.
3.8 Иймд нэхэмжлэгч “.....” ХХК-ийн “...Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн “Гичгэний голын эх” хэсгийн Х8488 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсэг болох 279.15 га талбайг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Шүүхээс: нэхэмжлэгч “.....” ХХК-ийн, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “...Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлүүлэхийг даалгуулах, мөн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн “Гичгэний голын эх” хэсгийн Х8488 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсэг болох 279.15 га талбайг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Иргэдээс Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 24 дүгээр зүйлийн 24.4.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.18 дах хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “.....” ХХК-аас Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “...Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлүүлэхийг даалгуулах, мөн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн “Гичгэний голын эх” хэсгийн Х8488 дугаартай хайгуулыг тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсэг болох 279.15 га талбайг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхийн шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.БАЯСГАЛАН
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 1-4 дүгээр хуудас,
[2] 2 дугаар хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас,
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 71-79 дүгээр хуудас,
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар хуудас,
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 7-12 дугаар хуудас,
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 74-79 дүгээр хуудас,
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 178 дугаар хуудас,
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 133 дугаар хуудас,
[9] 1 дүгээр хавтаст хэргийн 128-129 дүгээр хуудас,
[10] 1 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар хуудас