Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 141

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Сүхжаргал,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн /ҮД:0360/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Зд холбогдох 1703000010134 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1981 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хорооллын 43 дугаар байрны 10 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Б З

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.З нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 16 цаг 45 минутын орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Батлан Хамгаалах Их Сургуулийн баруун талын замд Ч.Анхбаярын эзэмшлийн Тоёота Чейзер маркийн 87-77 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4-т “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин З.Дашнямын жолоодож явсан З.Адуучины эзэмшилийн Дайхацу маркийн 73-58 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг мөргөж 1.840.000 төгрөгийн шууд, 2.395.200 төгрөгийн нийт хохирол, жолооч З.Дашням, зорчигч Д.Уугандаваа нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Н.Дүүриймаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, эд хөрөнгөд 304.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Зы өгсөн: “... би 2017 оны 9 дүгээр 28-ны өдөр Өгөөмөр зах орж сэлбэг үзчихээд Да-Хүрээ зах орж байгаад ертөнцийн зүгээрээ урдаасаа хойшоо замын эсрэг урсгал руу орж Дашням,  Уугандаваа нарын машиныг мөргөж хохирол учруулсан гэм буруугаа ойлгож байгаа. Мөн хүүгийн сэрвээний яс хугарч, гавлын цууралттай гээд эмчилгээ хийлгэж явж байгаадаа гэмшиж байна” гэх мэдүүлэг,

2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.3-9/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.15/,

Мөрдөн байцаалтад хохирогч З.Дашнямын өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Шархаднаас гэрийн тавилга ачаад Улаанхуаран хүргэж өгөхөөр өөрийн эзэмшлийн Дайхацу маркийн 73-58 УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодон Батлан Хамгаалах Их Сургуулийн баруун талын замаар ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү 2 дугаар эгнээгээр уруудаж явтал ертөнцийн зүгээр урдаасаа хойд зүг рүү явж байсан Чейзер маркийн автомашин урсгал сөрөөд хөндлөнгөөрөө орж ирж миний жолоодож явсан машиныг мөргөсөн. Миний машинд эхнэр Дүүриймаа, хүү Уугандаваа нар сууж явсан. Гэмтлийн эмнэлэгт байхад гарсан эмчилгээний зардлыг барагдуулсан. Хэдэн төгрөг гарсаныг би мэдээгүй. Тэргэнцэр, тухайн осол болох үед гэрийн тавилга ачиж явсан үнэлгээгээр гарсан 304.000 төгрөгийг барагдуулсан. Осол болох үед өмсөж явсан хром гутлыг тайлж авах боломжгүй байсан тул хайчилж авсан хромны мөнгө болох 600.000 төгрөгийг бас барагдуулсан. Хүү Уугандавааг эмнэлэгт хэвтэж байхад эмчилгээний зардал гарсан хэдэн төгрөг болсоныг мэдэхгүй, Зоригсайханы зүгээс бас барагдуулсан байсан. Жолооч Б.З нь 2 жилийн дараа хөлөнд тавиулсан хадаасыг авах эмчилгээний зардал мөн ажилгүй үеийн цалин болон 3.000.000 төгрөгийг надад өнөөдөр гаргаж өгсөн. Намайг эмнэлэгт хэвтэж байхад жолоочийн ар гэрээс эмчилгээний зардлыг мөн гаргаж өгч байсан. Цаашид миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх мэдүүлэг /хх.20-25/,

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дүүриймаагийн өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагийн орчим би хүү Уугандаваа, нөхөр Дашнямын хамт Шархаднаас Улаанхуаран орохоор нөхөр Дашнямын жолоодож явсан автомашинд нөхрийнхөө хажуу талын суудал дээр хүү Уугандавааг өвөр дээрээ суулгаад Батлан Хамгаалах Их Сургуулийн баруун талын замаар ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү уруудаж явтал урдаас ирж явсан улаан, хар өнгийн суудлын автомашин урсгал сөрж хөндлөн орж ирж манай машиныг ирж мөргөсөн. Би суудлын бүстэй явж байсан намайг урд талын цонхоор хоёр залуу татаж гаргасан. Миний хүү Уугандаваа машины урд машины цонхоор урагшаа шидэгдэж, манай машиныг ирж мөргөсөн суудлын автомашины зүүн урд талын дугуйны хажууд доошоо харсан байдалтай, ямар ч дуу гарахгүй хэвтэж байхад нь би өөрөө очиж авсан. Хүү Уугандаваагийн толгойноос цус гарч байсан. Дашням машинаасаа бууж чадахгүй байсан, хүмүүс Дашнямыг машинаас татаж гаргасан болно. Удалгүй түргэн ирж хүү Уугандаваа, нөхөр Дашням, нөгөө жолооч болон бид нарыг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан, дөнгөж хөдлөх үед цагдаа нар ирж харагдсан. Жолооч Б.З өнөөдөр хүү Уугандаваагийн цаашид эмчилгээний зардалд 3.300.000 төгрөгийг гаргаж өгсөн. Зоригсайханаас нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх мэдүүлэг /хх.37-38/,

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжпэгч Э.Адуучины өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр миний нэр дээр байгаа Дайхацу маркийн 73-58 УНЧ улсын дугаартай автомашиныг авга ахын хүүхэд З.Дашням жолоодож яваад зам тээврийн осолд орсон байсан. Би 2016 оны 09 дүгээр сард З.Дашнямд дээрх автомашиныг 3.500.000 төгрөгөөр тохирч өгсөн. Би З.Дашнямтай худалдах, худалдан авах гэрээг хийгээгүй, амаараа л тохирсон байсан. Тухайн үед З.Дашням надад 500.000 төгрөг өгсөн, үлдсэн мөнгийг өгөөгүй байсан. Үлдэгдэл мөнгийг өгсөн тохиолдолд автомашины гэрчилгээг шилжүүлэх байсан юм. Би “Вендо” ХХК-р автомашинд учирсан эвдрэлийн үнэлгээг гаргуулахад нийт 2.395.200 төгрөг, шууд хохирол нь 1.840.000 төгрөг болсон. Автомашины үнэлгээг мөргөсөн жолоочийн эхнэр нь гаргаж өгсөн. Дельта авто сервест явах эд ангийн оношлогоо хийлгэсэн. Миний эзэмшилийн Дайхацу маркийн 73-58 УНЧ улсын дугаартай автомашинд нийт 2.395.000 төгрөгний хохирол учирсан. Энэ учирсан хохиролыг жолооч Зоригсайхан өгсөн. Надад цаашид нэхэмжлэлтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг /хх.42-44/, мөн түүний хохирлын мөнгө хүлээн авсан баримт /хх.46/,

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Ч.Анхбаярын өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 16 цаг 45 минутын орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Батлан хамгаалахын их сургуулийн баруун талын замд миний найз Дөлгөөний ах Б.З нь Тоёота Чейзер 87-77 УНТ улсын дугаартай автомашиныг жолоодон явах үедээ Дайхацу маркийн 73-58 УНЧ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж осол гаргасан байсан. Тоёота Чейзер 87-77 УНТ улсын дугаартай автомашиныг би Б.З ахад 2017 оны 08 сарын дундуур 8.200.000 төгрөгөөр зарсан. Зоригсайхан ах надад тухайн үед 3.500.000 төгрөгийг өгсөн үлдэгдэл мөнгийг өгөхөд нь би өөрийн нэрээс хасаж Зоригсайхан ахын нэр дээр болгохоор хоорондоо ярилцаад өгсөн. Тоёота Чейзер 87-77 УНТ улсын дугаартай автомашинд учирсан эвдрэл гэмтлийн хохирлыг Зоригсайхан ах өөрөө хариуцах болно. Намайг Зоригсайхан ахад машинаа өгөхөд ямар нэгэн доголдол, эвдрэл гэмтэл байгаагүй” гэх мэдүүлэг /хх.49-50/,

Мөрдөн байцаалтад гэрч Э.Дөлгөөний өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 15 цагийн орчим Жаргалан хотхоноос Зоригсайхан, Чинбаатар, Цэнгэл, Анхбаяр бид нар уулзаад Өгөөмөр зах руу Зоригсайхан Тоёота Чейзер маркийн 87-77 УНТ улсын дугаартай автомашинтай, би Чинбаатарын хамт Тоёота Ист маркийн 14-50 УНҮ улсын дугаартай автомашинтай, Цэнгэл, Анхбаяр хоёр 48-88 улсын дугаартай автомашинтай явсан. Өгөөмөр зах дээр машины сэлбэг үзээд Да Хүрээ зах орохоор явсан. Анхбаяр хүнтэй уулзана гээд үлдсэн. Цэнгэл 48-88 улсын дугаартай автомашинтай түүний араас Зоригсайхан Тоёота Чейзер маркийн 87-77 УНТ улсын дугаартай, Чинбаатар бид хоёр Тоёота Ист маркийн 14-50 УНҮ улсын дугаартай машинтай, Батлан Хамгаалахын Их Сургуулийн баруун талын замаар ертөнцийн зүгээр урдаас хойд зүг рүү өгсөж явах үед би хажуу тийш хараад урагшаа хартал хоёр машин мөргөлдөж харагдсан. Осол болсон газраас 10 метрийн наана машинаа зогсоож, Чинбаатар машинаас бууж мөргөлдсөн машин руу очсон. Би өөрийн гар утсаар осол болсон талаар цагдаа болон түргэнд дуудлага өгсөн. Осол болсоноос хойш 5-10 минутын дараа осол болсон машинууд дээр очтол Зоригсайханы машин эсрэг урсгал руу орчихсон, Дайхацу маркийн автомашинтай мөргөлдсөн байсан. Зоригсайхан ах машин дотроо суучихсан, нөгөө машинд явсан жолоочийг газар хэвтүүлсэн, замын хажууд нэг эмэгтэй хүүхэдтэйгээ байсан” гэх мэдүүлэг /хх.55/,

Мөрдөн байцаалтад гэрч Н.Чинбаатарын өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 15 цагийн орчим Жаргалан хотхоноос Зоригсайхан ах Тоёота Чейзер маркийн 87-77 УНТ улсын дугаартай автомашинтай, Цэнгэл, Анхбаяр хоёр 48-88 улсын дугаартай автомашинтай, би Дөлгөөний хамт Тоёота Ист маркийн 14-50 УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодон Өгөөмөр зах орчихоод Да Хүрээ зах орохоор явсан. Цэнгэл, түүний араас Зоригсайхан ах, түүний араас би Батлан Хамгаалах Их Сургуулийн баруун талын замаар ертөнцийн зүгээр урдаас хойд зүг рүү өгсөж явтал Зоригсайхан ах гэнэт эсрэг урсгал руу орж хойноос урд зүг рүү явж байсан машинтай мөргөлдсөн. Би машинаасаа буугаад Зоригсайхан ахын машин дээр очиход Зоригсайхан ах машин дотроо ухаан алдсан байдалтай, нөгөө машины жолооч машин дотроо, түүний эхнэр нь машины урд талын шил хагарсан, Зоригсайхан ахын жолоодож явсан машины зүүн урд талын дугуйны хажууд нэг хүүхэд уначихсан байсан. Хажуугаар явж байсан хүмүүс нийлж Дайхацу маркийн машины жолоочийг машинаас татаж гаргасан. Үүний дараа түргэн ирж Зоригсайхан, нөгөө жолооч, түүний эхнэр, хүүхдийг авч явсан. Зоригсайхан ахыг жолоочийн эсрэг талын хаалгаар татаж гаргасан” гэх мэдүүлэг /хх.56-57/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 12436 дугаартай: “З.Дашнямын биед баруун шаант ясны ил хугарал, зүүн дунд чөмөгний далд хугарал, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгэз эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх.59/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 12435 дугаартай: “Д.Уугандаваагийн биед 2 талын зулай ясны хугарал, их тархины зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, духанд шарх, толгойн хуйх, баруун зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.61/,

Техникийн шинжээчийн 606 дугаартай: “Зам тээврийн осол, хэргийн материалтай танилцаад Тоёота Чейзер маркийн 87-77 УНТ улсын дугаартай автомашины жолооч Б.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт зөрчсөн гэж үзэж байна” гэх дүгнэлт /хх.71/,

“Вендо” ХХК-ны үнэлгээний 08605048 дугаартай: “Дайхацу маркийн 73-58 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.840.000 төгрөгийн шууд, 2.395.200 төгрөгийн нийт хохирол учирсан” гэх тайлан /хх.90/,

Мөрдөн байцаалтад Б.Зы яллагдагчаар өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цаг 40 минутын орчим би найз Ч.Анхбаярын нэр дээр байгаа Тоёота Чейзер маркийн 87-77 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Жаргалан хотхоноос Өгөөмөр зах орчихоод тэндээс Цайз зах орохоор Батлан Хамгаалах Их Сургуулийн баруун талын замаар ертөнцийн эүгээр урдаасаа хойд зүг рүү өгсөж яваад эсрэг урсгал руу орж хойноос урд зүг рүү уруудаж явсан Дайхацу маркийн 73-58 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн жолооч Дашням, түүний хүү Ууганбаатар нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруугаа ойлгож Дашням, түүний хүү Ууганбаатар нарын цаашдын эмчилгээнд зарцуулах нийт 6.300.000 төгрөгийг барагдуулах болно. Харин Дайхацу маркийн 73-58 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан. хохирол болох 2.395.200 төгрөгийг барагдуулсан. Миний зүгээс Дашням, түүний хүү Ууганбаатар нарыг гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь нийт 3.638.375 төгрөгийг зарцуулсан байсан. Мөн Дашнямын машинд ачиж явсан эд зүйлийн хохирол, өмсөж явсан гуталны хохирол болох 904.000 төгрөгийг мөн барагдуулсан болно. Миний зүгээс нийт 13.237.575 төгрөгийг зарцуулсан байна. Би Тоёота Чейзер маркийн 87-77 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4-д заасан заалтыг зөрчсөн буруугаа ойлгож байна. Өөрийн гэм буруугаа ойлгож бусад учирсан хохирлоо бүрэн барагдуулсан тул надад холбогдох хэргийг яаралтай шийдэж өгнө үү ” гэх мэдүүлэг /хх.112/,

Б.Зы оршин суугаа Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны Засаг дагын тодорхойлолт /хх.150/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.157/,

Хохирлын зардлын баримтууд /хх.160-167/,

Хохирлын мөнгө хүлээн авсан баримт /хх.168-171/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

   Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.З нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 16 цаг 45 минутын орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Батлан Хамгаалах Их Сургуулийн баруун талын замд Ч.Анхбаярын эзэмшлийн Тоёота Чейзер маркийн 87-77 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4-т “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин З.Дашнямын жолоодож явсан З.Адуучины эзэмшилийн Дайхацу маркийн 73-58 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг мөргөж 1.840.000 төгрөгийн шууд, 2.395.200 төгрөгийн нийт хохирол, жолооч З.Дашням, зорчигч Д.Уугандаваа нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.3-9/,

Мөрдөн байцаалтад хохирогч З.Дашнямын өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Шархаднаас гэрийн тавилга ачаад Улаанхуаран хүргэж өгөхөөр өөрийн эзэмшлийн Дайхацу маркийн 73-58 УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодон Батлан Хамгаалахын Их Сургуулийн баруун талын замаар ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү 2 дугаар эгнээгээр уруудаж явтал ертөнцийн зүгээр урдаасаа хойд зүг рүү явж байсан Чейзер маркийн автомашин урсгал сөрөөд хөндлөнгөөрөө орж ирж миний жолоодож явсан машиныг мөргөсөн. Миний машинд эхнэр Дүүриймаа, хүү Уугандаваа нар сууж явсан. Гэмтлийн эмнэлэгт байхад гарсан эмчилгээний зардлыг барагдуулсан. Хэдэн төгрөг гарсаныг би мэдээгүй. Тэргэнцэр, тухайн осол болох үед гэрийн тавилга ачиж явсан үнэлгээгээр гарсан 304.000 төгрөгийг барагдуулсан. Осол болох үед өмсөж явсан хром гутлыг тайлж авах боломжгүй байсан тул хайчилж авсан хромны мөнгө болох 600.000 төгрөгийг бас барагдуулсан. Хүү Уугандавааг эмнэлэгт хэвтэж байхад эмчилгээний зардал гарсан хэдэн төгрөг болсоныг мэдэхгүй, Зоригсайханы зүгээс бас барагдуулсан байсан. Жолооч Б.З нь 2 жилийн дараа хөлөнд тавиулсан хадаасыг авах эмчилгээний зардал мөн ажилгүй үеийн цалин болон 3.000.000 төгрөгийг надад өнөөдөр гаргаж өгсөн. Намайг эмнэлэгт хэвтэж байхад жолоочийн ар гэрээс эмчилгээний зардлыг мөн гаргаж өгч байсан. Цаашид миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх мэдүүлэг /хх.20-25/,

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дүүриймаагийн өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагийн орчим би хүү Уугандаваа, нөхөр Дашнямын хамт Шархаднаас Улаанхуаран орохоор нөхөр Дашнямын жолоодож явсан автомашинд нөхрийнхөө хажуу талын суудал дээр хүү Уугандавааг өвөр дээрээ суулгаад Батлан Хамгаалахын Их Сургуулийн баруун талын замаар ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү уруудаж явтал урдаас ирж явсан улаан, хар өнгийн суудлын автомашин урсгал сөрж хөндлөн орж ирж манай машиныг ирж мөргөсөн. Би суудлын бүстэй явж байсан намайг урд талын цонхоор хоёр залуу татаж гаргасан. Миний хүү Уугандаваа машины урд машины цонхоор урагшаа шидэгдэж, манай машиныг ирж мөргөсөн суудлын автомашины зүүн урд талын дугуйны хажууд доошоо харсан байдалтай, ямар ч дуу гарахгүй хэвтэж байхад нь би өөрөө очиж авсан. Хүү Уугандаваагийн толгойноос цус гарч байсан. Дашням машинаасаа бууж чадахгүй байсан, хүмүүс Дашнямыг машинаас татаж гаргасан болно. Удалгүй түргэн ирж хүү Уугандаваа, нөхөр Дашням, нөгөө жолооч болон бид нарыг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан дөнгөж хөдлөх үед цагдаа нар ирж харагдсан. Жолооч Б.З өнөөдөр хүү Уугандаваагийн цаашид эмчилгээний зардалд 3.300.000 төгрөгийг гаргаж өгсөн. Зоригсайханаас нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх мэдуулэг /хх.37-38/,

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжпэгч Э.Адуучины өгсөн: “... Миний эзэмшилийн Дайхацу маркийн 73-58 УНЧ улсын дугаартай автомашинд нийт 2.395.000 төгрөгний хохирол учирсан. Энэ учирсан хохирлыг жолооч Зоригсайхан өгсөн. Надад цаашид нэхэмжлэлтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг /хх.42-44/,

Мөрдөн байцаалтад гэрч Э.Дөлгөөний өгсөн: “... Осол болсоноос хойш 5-10 минутын дараа осол болсон машинууд дээр очтол Зоригсайханы машин эсрэг урсгал руу орчихсон, Дайхацу маркийн автомашинтай мөргөлдсөн байсан. Зоригсайхан ах машин дотроо суучихсан, нөгөө машинд явсан жолоочийг газар хэвтүүлсэн, замын хажууд нэг эмэгтэй хүүхэдтэйгээ байсан” гэх мэдүүлэг /хх.55/,

Мөрдөн байцаалтад гэрч Н.Чинбаатарын өгсөн: “Зоригсайхан ах гэнэт эсрэг урсгал руу орж хойноос урд зүг рүү явж байсан машинтай мөргөлдсөн. Би машинаасаа буугаад Зоригсайхан ахын машин дээр очиход Зоригсайхан ах машин дотроо ухаан алдсан байдалтай, нөгөө машины жолооч машин дотроо, түүний эхнэр нь машины урд талын шил хагарсан, Зоригсайхан ахын жолоодож явсан машины зүүн урд талын дугуйны хажууд нэг хүүхэд уначихсан байсан. Хажуугаар явж байсан хүмүүс нийлж Дайхацу маркийн машины жолоочийг машинаас татаж гаргасан. Үүний дараа түргэн ирж Зоригсайхан, нөгөө жолооч, түүний эхнэр, хүүхдийг авч явсан. Зоригсайхан ахыг жолоочийн эсрэг талын хаалгаар татаж гаргасан” гэх мэдүүлэг /хх.56-57/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 12436 /хх.59/, 12435 /хх.61/ дүгнэлтүүд,

Техникийн шинжээчийн 606 дугаартай дүгнэлт /хх.71/,

“Вендо” ХХК-ны үнэлгээний 08605048 дугаартай тайлан /хх.90/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.15/,

Мөрдөн байцаалтад Б.Зы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.112/,

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт Б.Зыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Б.Зыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Зы гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Б.Зы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадалгын арга хэмжээ тус тус хэрэглэхээр шийдвэрлэв.

             Б.Зд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд   тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Зд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн, эсхүл хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг түүнд мэдэгдэж байна.

Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч З.Дашням, Д.Уугандаваа нарын эмчилгээний зардалд 3.638.375 төгрөг, эд зүйлийн хохиролд 904.000 төгрөг, цаашид гарах зардалд 6.300.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Адуучинд автомашины хохиролд 2.395.200 төгрөг нөхөн төлсөн, хохирогч З.Дашням, насанд хүрээгүй хохирогч Д.Уугандаваагийн хууль ёсны төлөөлөгч Н.Дүүриймаа, иргэний нэхэмжлэгч Э.Адуучин нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн камерын бичлэг бүхий цагаан өнгийн СД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээж, хэрэгт түр хурааж ирүүлсэн Б.Зы В ангиллын 126604 дугаартай жолоочийн үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангах зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Биелүүлэх Албанд хүргүүлэх нь зүйтэй.

Хэдийгээр хохирогч З.Дашням, насанд хүрээгүй хохирогч Д.Уугандаваагийн хууль ёсны төлөөлөгч Н.Дүүриймаа нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч хойшид гарах эмчилгээний бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д овогт Б З “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Зд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэн, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадалгын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Зд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн, эсхүл хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг түүнд мэдэгдсүгэй.

4. Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч З.Дашням, Д.Уугандаваа нарын эмчилгээний зардалд 3.638.375 төгрөг, эд зүйлийн хохиролд 904.000 төгрөг, цаашид гарах зардалд 6.300.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Адуучинд автомашины хохиролд 2.395.200 төгрөг нөхөн төлсөн, хохирогч З.Дашням, насанд хүрээгүй хохирогч Д.Уугандаваагийн хууль ёсны төлөөлөгч Н.Дүүриймаа, иргэний нэхэмжлэгч Э.Адуучин нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн камерын бичлэг бүхий цагаан өнгийн СД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээсүгэй.

6. Хэрэгт түр хурааж ирүүлсэн Б.Зы В ангилалын 126604 дугаартай жолоочийн үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангах зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Биелүүлэх Албанд хүргүүлсүгэй.

7. Хохирогч З.Дашням, насанд хүрээгүй хохирогч Д.Уугандаваагийн хууль ёсны төлөөлөгч Н.Дүүриймаа нар нь цаашид гарах эмчилгээний бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Зд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ӨСӨХБАЯР