Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/884

 

 

 

 

 

 

   2023             8             31                                        2023/ДШМ/884          

 

 

Б.Тт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор Ц.Батзаяа,

           нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 2023/ШЦТ/386 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар эсэргүүцлээр Б.Тт холбогдох эрүүгийн 2311004640746 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Б.Т, 1995 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, Соёмбо Прэйс ХХК-д хүргэлтийн жолооч ажилтай, ам бүл 3, эгч, ахын хамт ....................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ......................тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:........................./;

Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, “Чикаго” нэртэй бааранд үйлчлүүлж байсан Б.Дгийн “Эхлэл брэндийн С7” загварын гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 809.100 төгрөгийн хохирол гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй прокурорын газраас: Б.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 809.100 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Т нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Б.Чинбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн зүйл хэсгийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ” гэж тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шаардлагыг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 2023/ШЦТ/386 дугаар шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ” гэснийг “Шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэгт холбогдсон” гэж өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Ц.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, “Чикаго” нэртэй бааранд үйлчлүүлж байсан Б.Дгийн “Эхлэл брэндийн С7” загварын гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 809.100 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Дгийн "... Бид нар бааранд нэлээн удаан бүжиглэж байгаад 02:20 минутын үед манай нөхөр залгаад би гэр рүүгээ явлаа гэхэд манай эрхлэгч Аззаяа түр байж байгаад яв гээд миний гар утсыг халаасандаа хийсэн. Ариун цэврийн өрөө ороод эргэж гарч ирээд явъя гээд Аззаяагаас утсаа авъя гэхэд миний гар утас Аззаяад байхгүй байна гэсэн. Миний утсыг аваад өөрийнхөө гар утастай хамт халаасандаа хийсэн гэхээр нь баарны хяналтын камерыг шүүлгэсэн. Энэ хооронд удаан хугацаа өнгөрөөгүй 4-5 минут л болсон. Тэгсэн Аззаяаг бүжгийн талбайд бүжиглэж байхад шоотой цамцтай эрэгтэй ойртож байгаад халааснаас нь авч байгаа үйлдэл бичигдсэн байсан. Тухайн залуу баарнаас гараад явсан байсан. Эргээд орж ирэхэд нь хамгаалагч нарт хэлээд барьж авсан. Өөрөө аваагүй гээд гүрийгээд байсан. Миний гар утас Эхлэл брэндийн хар өнгөтэй С-7 загварын гар утас 2023 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр 899.000 төгрөгөөр Эхлэл дэлгүүрээс авсан. Гэрт хайрцаг сав, баримт нь байгаа. /хх 9-10/,

Шүүгдэгч Б.Тийн яллагдагчаар өгсөн “...Бааранд бүжиглэж байгаад би нэлээн согтоод хүмүүстэй маргалдаж муудалцаад баарнаас гарч ороод байсан ба нэг мэдэхэд тасарчихсан эрүүлжүүлэх байранд сэрсэн байдаг. Дараа нь намай найз Эрдэнээ надад хэлэхдээ чамайг баарын хамгаалагч эмэгтэй хүний гар утас хулгайлсан байна гээд камерын бичлэг үзүүлсэн гэж хэлсэн. ...би согтуу бүжиглэж байхдаа нэг эмэгтэй хүний гар утсыг хулгайлсан байж таарсан. Би тухайн гар утсыг хаана хаяснаа мэдэхгүй байна, нэг газар хаячихсан байх. Миний хувьд уг үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ба хохирогч Б.Дгийн хохирлыг төлж барагдуулж уучлалт гуйсан байгаа. ...” /хх 42/, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх 26-28/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний газрын 2023 оны 3 дугаар сарын 20-ний өдрийн ЧД1-23-292 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 20-21/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүхээс шүүгдэгч Б.Тийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Тийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн  үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тт хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдал зэрэгт тохирсон байна.

Харин шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх талаар талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр прокурор хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 98 дугаартай прокурорын тогтоол гаргасан. /хх 52/

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж заасны дагуу шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Дээд шатны прокурор Б.Чинбат “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч Б.Тт холбогдох хэргийн зүйлчлэлийг бичихдээ алдаатай бичсэнийг зөвтгөж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар прокурор, оролцогч шүүхэд хүсэлт гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар энэ хуулийн 36.14 дүгээр зүйлд заасан журмаар залруулна.” гэжээ.

Прокурорын зүгээс шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт алдаатай бичигдсэнийг зөвтгүүлэх талаар гаргасан эсэргүүцэл агуулгын хүрээнд үндэслэлтэй байна.

Гэхдээ шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт хэргийн зүйлчлэлийн талаар зөв дүгнэж ял шийтгэлийг оногдуулсан байх тул шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлээ алдаагүй байна. Харин удиртгал хэсэгт Б.Тт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэж анхан шатны шүүх буруу бичсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэж зөвтгөн дүгнэх шаардлагатай.

 Иймд дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг агуулгын хүрээнд хүлээн авч, шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 2023/ШЦТ/386 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                              М.АЛДАР

  

ШҮҮГЧ                                              Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ