| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2024/0690/З |
| Дугаар | 128/ШШ2024/0882 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2024/0882
2024 11 11 128/ШШ2024/0882
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, Б.Т*******гийн гомдолтой, Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн улсын байцаагч Э.М*******д холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: “Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Б.Т*******гийн гомдолтой, Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн улсын байцаагч Э.М*******д холбогдох захиргаа (зөрчил)-ны хэргийг хянан хэлэлцэх 2024.11.11-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Т******* болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч******* бид хохирлын үнэлгээний талаар дараах байдлаар эвлэрсэн болно. Үүнд: Маргаан бүхий ***** тоот шийтгэлийн хуудсаар иргэн Г.Д******* учирсан хохиролд 11,533,060 төгрөгийн нөхөн төлбөр, хохирлын үнэлгээний зардал 800,000 төгрөгийг тус тус Б.Т*******гээр төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Гомдол гаргагч Б.Т******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болгоомжгүй байдлаар гал гарсан асуудлаар иргэн Г.Д******* уучлалт гуйж, хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг багасгах, өөрийн ар гэрийн аж амьдралын талаар хүсэлтээ илэрхийлж, хохирлын нөхөн төлбөрт 6,000,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор, хохирлын үнэлгээний зардал 800,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дотор тус тус төлж барагдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг иргэн Г.Д*** нь Б.Т*******гийн хувийн байдал, залуу гэр бүлийн хүүхдийн эрүүл мэнд болон ар гэрийн аж амьдралын байдлыг харгалзан үзэж хүсэлтийг хүлээн авч, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар тогтоосон хохирлын үнэлгээг багасгасан байдлаар тогтоосон хугацаанд төлөх асуудлаар Б.Т*******, Г.Д*** нар нь харилцан тохиролцож, эвлэрсэн болно.
Ийнхүү хүчингүй болгуулахаар шаардаж буй маргаан бүхий шийтгэлийн хуудсаар тогтоосон хохирлын нөхөн төлбөр, үнэлгээний зардлыг дээр дурдсанаар багасгаж, төлөх хэмжээг нийт 6,800,000 төгрөг болгон багасгасныг хохирогч Г.Д***, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч******* нар нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь эвлэрсэн учир нэхэмжлэгч Б.Т******* нь шүүхэд гаргасан "Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн улсын байцаагч Э.М*** 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 0******* тоот "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл (гомдлын шаардлага)-ээс татгалзаж байгаа болно.
Иймд, дээр дурдсанаар “Б.Т******* нь хохирлын нөхөн төлбөр 6,000,000 төгрөгийг 2025.03.31-ний өдрийн дотор, хохирлын үнэлгээний зардал 800,000 төгрөгийг 2024.12.11- ний өдрийн дотор тус тус иргэн Г.Д******* төлөхөөр тохиролцож, талууд эвлэрсэн"-тэй холбогдуулан нэхэмжлэгч Б.Т*******гийн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан гомдлын шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасны дагуу Б.Т*******гийн гомдолтой, Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн улсын байцаагч Э.М*******д холбогдуулан гаргасан “Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн улсын байцаагч Э.М******* 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн **** тоот “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий гомдлоосоо бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь маргаан бүхий Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” *** тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан 11,533,060 /арван нэгэн сая таван зуун гучин гурван мянга жаран/ төгрөгийн хохирлыг гомдол гаргагч Б.Т*******, хохирогч Г.Д*** итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч******* нар харилцан тохиролцож, хохирлын хэмжээг 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр тооцож, гомдол гаргагч Б.Т*******гээс 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор 6,000,000 /зургаан сая/ төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дотор хохирлын үнэлгээний зардал 800,000 /найман зуун мянга/ төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон үндэслэлээр гомдол гаргагч гомдлоосоо бүхэлд нь татгалзаж байх тул гомдол гарагчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Гомдол гаргагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “ ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Б.Т*******гээс Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн улсын байцаагч Э.М*******д холбогдуулан гаргасан “Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн улсын байцаагч Э.М*** 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн **** тоот “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ С.ГАНБАТ