Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 605

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн давдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Б.Т*******,   

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комисс, 

Гуравдагч этгээд: Ц.Ц*******, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 209/2011 дугаартай актыг хүчингүй болгуулах”,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, гуравдагч этгээд Ц.Ц*******, гуравдагч этгээд Ц.Ц*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Т******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч Б.Т******* миний бие Б дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7 дугаар байрны ******* тоотод эхнэр хүүхдүүдийн хамтаар олон жил амьдарч байна. Гэвч иргэн Ц.Ц*******ын захиалгаар манай байрны чанх урд үйлчилгээний зориулалттай зоорьтой, 3 давхар барилгын ажлыг гүйцэтгэгч компаниар 2010 оноос барьж эхэлсэн.

Тус байрыг барьж эхлүүлэхдээ барилга хоорондын зайн хэмжээг тогтоосон барилгын зураг төслөөс ойртуулан барьж байна гэж илт харагдахуйц байсан тул барилга баригдаж эхэлсэн үеэс миний бие зохих шаардлагыг захиалагч, гүйцэтгэгч нарт тавьж, улмаар миний бие Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан.

Гомдлын дагуу 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч гомдолд дурдсан газар дээр ирж хэмжилт, үзлэг, хяналт хийж 07-210/2625 тоот улсын байцаагчийн дүгнэлт гаргасан. Тус дүгнэлтээр дараах зөрчлүүдийг илрүүлсэн. 

Шинээр баригдаж байгаа иргэн Ц.Ц*******ын зочид буудлын барилгын холбогдох байгууллагаар хянагдаж батлагдсан ерөнхий төлөвлөгөөний зурагт орон сууцны 7 дугаар байрнаас уг барилга хүртэл 10,5 м байхаар тусгагдсан зай хэмжээг 9.3 м болгон хоорондын зай хэмжээг 1.2 м ойртуулан угсралтын ажил гүйцэтгэсэн нь Монгол улсын Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйл, Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хориглох зүйлийн 24.1.5 дахь заалт /холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөх/-ыг зөрчиж байна.

Улмаар дараах дүгнэлтийг гаргасан. “Иргэн Ц.Ц*******ын зочид буудлын барилгын захиалагч, гүйцэтгэгч нар нь Монгол Улсын Хот байгуулалтын тухай хуулийг зөрчин холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан барилга хоорондын зай хэмжээг дур мэдэн ойртуулснаас нийтийн орон сууцны 7 дугаар байрны 1 дүгээр давхрын зарим айлуудын цонхоор тусах нарны тусгалыг хааж, ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулсан байна” хэмээн дүгнэсэн. Тодруулбал тухайн байрны нэг давхрын айлуудын хэвийн нөхцөлд амьдрах, өмчлөлийн хөрөнгө ашиглах боломж алдагдсан бөгөөд бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх алдагдаж эхэлсэн. /Нэг давхрын айлууд гэдэгт нэхэмжлэгч Б.Т******* буюу манайх орж байгааг тодорхойлсон баримтыг хэрэгт хавсаргав/

Гэвч тус байрыг Засгийн газрын 2009 оны 72 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс”-ын 2011 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 209/2011 дугаартай актаар хүлээн авч ашиглалтанд оруулсан байсан нь хууль зөрчсөн байна.

1. Засгийн газрын 2009 оны 72 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс” нь Засгийн газрын 2009 оны 72 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах” дүрмийг үйл ажиллагаандаа удирдлага болгон байрыг хүлээж авах ёстой. Гэвч комисс нь тус дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Улсын комисс нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан барилга байгууламжийг ашиглалтанд оруулах үүрэгтэй гэж заасан”.

Барилгын тухай хуулийн доорх зүйл заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнд: 

9 дүгээр зүйл “Барилга байгууламжид тавих шаардлага”, 9.1 “Барилга байгууламж дараах шаардлагыг хангасан байна”, 9.1.2 “Энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлага хангасан зураг төслийн дагуу баригдсан”, 9.1.4 “Зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй”.

2010 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн гомдолд дурдсан газар дээр ирж хэмжилт, үзлэг, хяналт хийж 07-210/2625 тоот улсын байцаагчийн дүгнэлтээр байр хоорондын зай хэмжээг ойртуулж анхны зураг төслөөр бариагүй болохыг тогтоосон учир Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч гомдолд дурдсан газар дээр ирж хэмжилт, үзлэг, хяналт хийж 07-210/2625 тоот улсын байцаагчийн дүгнэлтээр 7 дугаар байрны 1 дүгээр давхрын зарим айлын ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулсан гэж шууд дүгнэсэн байгаагаас Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д заасныг зөрчсөн байна.

Иймд Засгийн газрын 2009 оны 72 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс” нь Засгийн газрын 2009 оны 72 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах” дүрмийг үйл ажиллагаандаа удирдлага болгон байрыг хүлээж авах ёстой. Гэвч комисс нь тус дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-ийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. “4.1.1-д Улсын комисс нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах үүрэгтэй” гэж заасан заалтыг зөрчсөн байна. Ингэснээр хууль зөрчиж гүйцэтгэсэн актаар хүлээн авч тэнд үйл ажиллагаа явуулах эрхийг бүрдүүлж өгч байгаа нь байрны буюу манай байрны 1 давхрын айлуудын ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулсан барилгыг ашиглалтанд оруулж бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах, тав тухтай амьдрах эрхийг зөрчсөн шийдвэр болж байна. Бид уг нь тус хууль зөрчсөн байрыг хүлээн авахгүй гэж итгэж байсан боловч хууль бус шийдвэр гаргаж хүлээж авсан байна. 

2. Улсын комисс нь байрыг хүлээн авахдаа Барилгын норм ба дүрмийн 30-01-04-ийн 2 дугаар зүйлийн 2.11-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь тус дүрмээр шинээр баригдаж буй байр 3 давхар бол байр хоорондын зай нь 15-20 м байхаар журамлаж өгсөн бөгөөд улсын комисс тус заалтыг мөн хангасан эсэхийг шалгах үүрэгтэй.

Тус үйлчилгээний барилгыг бариулсан захиалагч нар байр хоорондын зайг зөрчиж барьснаас үүдэн төрийн байгууллага, мэргэжлийн зураг төслийн байгууллагын барилга хоорондын зай, нөлөөллийн хэр хэмжээг тооцон гаргасан анхны зураг төслөөр бариагүй барилгын ажил эхлүүлснээс болж миний бие өөрт учирсан нөлөөллийн улмаас бидэнд учирсан хохирлыг иргэний эрх зүйн хөршийн эрхийг сэргээлгэхээр Б дүүргийн шүүхэд хандсан билээ. 

Тус шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь одоогоор шинжээчийн дүгнэлтийг хөршийн нөлөөллийн хэр хэмжээг тогтоохоор түр түдгэлзүүлсэн байгаа болно. Бид тус хэргийн хариуцагч болох барилгын захиалагчид шүүхэд барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн гэж мэдүүлсний дагуу Нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргасан бөгөөд Нийслэлийн Засаг даргаас харьяаллын дагуу шилжүүлснээр тус барилгыг улсын комисс ашиглалтанд хүлээж авсныг Мэргэжлийн хяналтын газрын 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 02-02/1017 тоот албан бичгээр мэдсэн болно. 

Улсын комиссын шийдвэрийг шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг төрийн байгууллагаас ирүүлсэн хариунд тусгасан. Тус улсын комисс нь байнгын бус шинжтэй барилгыг хүлээн авахад нэгдэж, бусад үед байнгын бус байдаг тул дээд шатны захиргааны байгууллага байхгүй шууд шүүхээр шийдвэрлүүлэх маргаан болно. Миний бие шүүхэд хандах нэхэмжлэлийн шаардлагаа болгох буюу ямар байгууллагаас гаргасан хэдэн тоот захиргааны акт гэдгийг байгууллагаас ирүүлсэн хариугаар 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр албан ёсоор мэдсэн болно. 

Миний бие иргэний шүүхээр шийдвэрлүүлэх асуудал нь хөршийн эрх сэргээлгэх асуудал байсан бол захиргааны шүүхээр шийдвэрлүүлэхийг хүссэн асуудал нь тухайн илт хууль зөрчиж гүйцэтгэсэн барилга нь зэргэлдээ байрны айлуудын ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж байгааг болон хэд хэдэн хууль, журмыг зөрчсөнийг тогтоосон захиргааны акт байсаар байхад түүнийг үл хайхран барилгыг хүлээн авсан улсын комиссын актыг хүчингүй болгуулж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсэж байна.

Энэхүү нэхэмжлэлийг 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гаргаж байсан бөгөөд шүүхээс 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1463 дугаар захирамжаар хэргийг хугацаа тогтоон бүрдүүлбэр хангуулахаар 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 14 хоногийн хугацаа олгосон захирамж гаргасан. Гэвч тус захирамж нь 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрөө гараагүй бөгөөд хэрэг үүсгэх 7 хоногтоо багтаах үүднээс огноог татаж тавьсан гэдэг нь захирамжаас илт харагдаж байна. 

Учир нь 07 дугаар сарын 02-ны өдөр гаргасан захирамжиад бүрдүүлбэр хангуулах хугацааг 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэхээр тавихгүй бөгөөд захирамж гарсан өдрөөс хойш буюу 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш тавигдах ёстой. Гэтэл тус захирамжийг 07 дугаар сарын 10-ны өдрөөс бүрдүүлбэр хангуулахаар 14 хоногийн хугацаа тогтоосон боловч бидэнд 2013 оны 07 дугаар сарын 02-ноос 10-ны өдрийг хүртэл огт мэдэгдээгүй.

2013 оны 07 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 14-ний өдрүүд бол үндэсний их баяр наадмын бүх нийтийн амралт болон хагас, бүтэн сайн өдрүүд таарсан байгаа. Харин нэхэмжлэгч миний бие 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хүсэлт өгсөн бөгөөд тус хүсэлтээр 2013 оны 07 дугаар сарын 15-наас 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл албан ажлаар хөдөө томилолтоор явах болсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өөрт холбогдох хэсгийг хойшлуулж өгнө үү гэсэн утга бүхий хүсэлтийг байгууллагаас томилсон томилолтын хамт шүүхэд өгч 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гэсэн дардас даруулсан байгаа. 

Гэтэл түүний дараа шүүхээс хэргийг буцаасан гэж мэдэгдсэн. Миний бие хөдөө явсан байсан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд бүрдүүлбэр хангуулаагүй үндэслэлээр хэргийг буцаасан тул дахин нэхэмжлэлээ гаргаж байгаа болно. Бид тус хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бүрдүүлбэр хангуулах хугацаанд бүрдүүлбэр хангуулж өгөөгүйг энэхүү нэхэмжлэлд давхар дурдах нь зүйтэй.

Иймд Засгийн газрын 2009 оны 72 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс”-ын 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 209/2011 дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Баттөгс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Засгийн газрын 2009 оны 72 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс”-ын 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 209/2011 дугаартай актыг хүчингүй болгох гэжээ.

Иргэн Ц.Ц*******ын захиалгаар зочид буудлын зориулалтаар баригдсан барилгад нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 128 дугаар захирамжаар Барилгын зураг төслийн “Б*******” ХХК-иар зуруулж Улаанбаатар хотын Ерөнхий архитектороор батлуулан барилга угсралтын “Жугамт өргөө” ХХК-иар батлуулсан байна.

Барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах улсын комисс нь Засгийн газрын 72 дугаар тогтоолоор зөвхөн тухайн барилгын стандартын шаардлага хангасан эсэх талаар тодорхойлдог эрх зүйн баримт бичиг юм. Уг барилга байгууламжийг анх зураг төслийг боловсруулж мэргэжлийн байгууллага буюу Нийслэлийн Барилга хот төлөвлөлтийн газраар хянагдаж баталгаажсаны дараа холбогдох байгууллагын хяналт дор баригдаж дуссан байна. Барилга байгууламжийг ашиглаланд оруулахдаа Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн “Барилга байгууламжид тавих шаардлагыг хангасан байна”, 9.1-д Барилга байгууламж дараах шаардлагыг хангасан байна, 9.1.1-д “хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан”, 9.1.2-т “энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлага хангасан зураг төслийн дагуу баригдсан”, 9.1.3-д “хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэгцээг хангасанг”, 9.1.4-д “зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй”, 9.1.5-д “үйлдвэрлэлийн гоо зүй, байгаль орчны нөхцөл, шаардлагад нийцсэн, тохиолдолд улсын комисст авахаар заасан байна.

Миний бие иргэний шүүхээр шийдвэрлүүлэх асуудал нь хөршийн эрх сэргээлгэх асуудал байсан бол захиргааны шүүхээр шийдвэрлүүлэхийг хүссэн асуудал нь тухайн илт хууль зөрчиж гүйцэтгэсэн барилга нь зэргэлдээ байрны айлуудын ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж байгааг болон хэд хэдэн хууль, журмыг зөрчсөнийг тогтоосон захиргааны акт байсаар байхад түүнийг үл хайхран барилгыг хүлээн авсан улсын комиссын актыг хүчингүй болгуулж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсэж байна/ Иргэн Б.Т*******ын эрх зөрчигдсөн гэх үндэслэл нотлох баримт харагдахгүй байна. Ямар хэмжилтээр БНбД-ийн 30-01- 04-ийн 9 дүгээр зүйлийн 9,19 дэх орон сууцны цонхоор нэг өдөрт тусах нарны тусгалын үргэлжлэх хугацааны заалтыг зөрчсөн гэх нь мөн тогтоогдохгүй байна. Иймд иргэн Б.Т*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Ц******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Б.Т*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 

Ц.Ц*******т миний бие Нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 124 тоот “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж барилга барих зөвшөөрөл олгох тухай” захирамжийн дагуу Б дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0,024 га газрыг үйлчилгээний барилгын зориулалтаар эзэмших болсон. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 377 тоот шийдвэрийг үндэслэн газар, нэгж талбарын 80******* дугаар бүхий 240 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар надад эзэмших эрхийг 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдөр олгосон.

Мөн 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын ерөнхий архитехторын 01 тоот мэдэгдэл гарч, №БГД01/03/09 тоот Архитектур төлөвлөлтийн даалгавар тус тус хийгдсэн.

2009 онд барилгын зураг төслийн “Б*******” ХХК-д ББ-02/09 шифртэйгээр зочид буудлын барилгынхаа зураг төслийг хийлгэсэн бөгөөд барилга угсралтын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг зохих дүрэм, журмын дагуу авсан болно.

Ийнхүү Барилгын газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл, бусад холбогдох бичиг баримтуудыг Барилгын тухай, Хот байгуулалтын тухай, Газрын тухай хуулиуд, тэдгээртэй уялдуулан гаргасан журам дүрмийн хүрээнд бүрдүүлж барилгын ажлаа 2010 оны 6 дугаар сараас эхэлсэн. 2010 оны 10 дугаар сард иргэн Б.Т******* нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаж 2010 оны 10 дугаар сарын 08-нд Улсын байцаагчийн 07-210/2625 тоот дүгнэлт гаргуулж, 2010 оны 06 дугаар сараас эхэлсэн. 2010 оны 10 дугаар сард иргэн Б.Т******* нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаж 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр улсын байцаагчийн 07-210/2625 тоот дүгнэлт гаргуулж, 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэсэн үндэслэлээр намайг 432.000 төгрөгөөр торгосон. Үүний дараа түр зогсоогоод байсан барилгын ажлаа үргэлжлүүлсэн. 

2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 209/2011 тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-аар зочид буудлынхаа барилгыг улсын комисс хүлээн авсны дараа холбогдох газарт хандан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгээ авсан болно. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Б.Т******* нь нэхэмжлэлийн шаардлагадаа “иргэн Ц.Ц*******ын зочид буудлын зориулалттай 3 давхар барилга нь миний амьдарч буй 1 давхрын орон сууцны 3 цонхны нарны тусгалыг хааж барьсан бөгөөд барилга хоорондын зай хэт ойртсон, Барилгын тухай хууль болон холбогдох норм дүрмийг зөрчсөн байхад Улсын комисс 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 209/2011 тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-аар хүлээж авсан учир уг актыг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.

Иргэн Ц.Ц******* нь Б дүүргийн Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 377 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалтаар эзэмшиж, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” 124 дүгээр захирамжаар үйлчилгээний зориулалтаар барилга бариулахаар 0,024 га газрыг эзэмшсэн байна. Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас 2007 онд 26 ортой 2 одтой зочид буудлын барилгын эскиз зураг батлагдаж, 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн БГД01/03/09 дүгээр “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-аар 19,2мх12,8м хэмжээтэй үйлчилгээний барилга бариулахаар зөвшөөрч батлагдсан.

Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 115/2010 дугаар зөвшөөрлөөр олгогдож, Зураг төсөл, хайгуул, судалгааны ажлын улсын экспертизийн дүгнэлт гарч, холбогдох техникийн нөхцөлүүдийг авсан байна. 

Улмаар 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах техникийн комиссын актыг үндэслэн 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 209/2011 дугаар актаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс уг барилгыг хүлээн авчээ. 

Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр гишүүдээс өгөгдсөн санал, үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэсэн гишүүн тус бүрийн дүгнэлт нотлох баримтаар олдоогүй, холбогдох байгууллагууд болон Үндэсний төв архивт хадгалагдаж үлдээгүй хэдий ч биелэлт жагсаалт хэлбэрээр бүртгэгдсэн, уг барилгыг ашиглалтад оруулах комиссын акт дээр “...ажлын чанар, холбогдох акт, баримтуудтай танилцаад газар дээр нь шалган үзэв. ... Улсын комиссын гишүүдийн өгсөн үүрэг даалгаврын биелэлтээр уг барилгыг байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн” хэмээн тэмдэглэж, Улсын комиссын бүрэлдэхүүн, нэр бүхий 16 гишүүд гарын үсэг зурж баталгаажсанаар нэхэмжлэгчийн комиссын гишүүдийн өгөгдсөн үүрэг даалгавар биелэгдээгүй, газар дээр нь шалгаж үзээгүй” гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна. 

1. Нэхэмжлэгч Б.Т*******ын 2 өрөөтэй орон сууцны бүх өрөөнд тусах нарны ээвэрлэлт, гэрлийн тусгалын тухайд: 

Б дүүргийн шүүхээс иргэний хэргийг, мөн тус шүүхээс захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад хэргийн материалд цугларсан “Хөрөнгийн үнэлгээний төсөв” ХХК, Барилгын хөгжлийн төв зэрэг байгууллагуудаас гаргасан нэхэмжлэгч Б.Т*******ын орон сууцны нарны ээвэрлэлт, зориулалтын хувьд барилгын өрөө нарны шууд тусгалын үргэлжлэх хугацаа, нарны гэрлийн тусгалын хангамж хангалттай эсэх, БНбД 23-04-07 барилгын норм ба дүрмийг хангаж байгаа эсэх дээр гарсан шинжээчийн дүгнэлтүүд нь зөрүүтэй байсан учир дахин шинжээчээр дүгнэлт гаргуулсан байна. 

Үүнд: Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлтээр “Б.Т*******ын 2 өрөөтэй орон сууцны бүх өрөөнд нарны тусгалын үргэлжлэх норматив хугацаа хангагдаж байна”, тус төвийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 1/348 дугаар албан бичгээр “...Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж БНбД 23-04-07-ийн 4.4-д заасны дагуу компьютерийн программ хангамжийн тусламжтайгаар тооцоход нарны тусгал хангагдсан байна” гэжээ. 

Иймд нэхэмжлэгчийн амьдарч буй орон сууцны ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулсан, нарны тусгал, ээвэрлэлтийг хаасан гэх гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно. 

2 .Барилга хоорондын зай ойртсон гэх гомдлын тухайд: 

Хэдийгээр нэхэмжлэгч Б.Т******* нь барилгыг эхний зургийн дагуу бариагүй, барилга хоорондын зай ойртсон, консольтийг зөвшөөрөлгүй нэмсэн учир сууриараа байшин зөөвөрлөгдөж баригдсан гэх гомдлыг нэхэмжлэлдээ дурдаж байгаа ч Архитектур төлөвлөлтийн даалгавраар эзэмшиж буй газрын хэмжээ болох 245 м.кв газарт барилгын суурийн хэмжээг тодорхойлж өгсөн, Барилга хот байгуулалт төлөвлөгөөний газраас баталсан Барилгын ажлын зураг, гүйцэтгэлийн зураг дээр консольтийг нэмж барихыг зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 07-210/2625 дугаар дүгнэлтийн дагуу 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, барилга хоорондын зай 10,5 м байхаас 9,3 м болгон ойртуулсан учир уг барилгын захиалагч Ц.Ц*******д захиргааны хариуцлага хүлээлгэж, торгуулийн шийтгэл ногдуулсан бөгөөд барилга барих үйл ажиллагааг төрийн байгууллагын зүгээс зогсоогоогүй байна.

Иймд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд уг барилга байгууламжийн зураг төслийг мэргэжлийн байгууллага буюу Нийслэлийн барилга, хот байгуулалтын газраар хянагдаж баталгаажсан бөгөөд холбогдох байгууллагын хяналтан дор баригдаж, барилгын ажлын болон гүйцэтгэлийн зургийн дагуу Засгийн газрын 72 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах” дүрмийн дагуу мэргэжлийн комисс хүлээж авсан 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 209/2011 тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-ыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Нэхэмжлэгч Б.Т******* нь маргаан бүхий асуудлаар 2011 оноос эхлэн иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан хэдий ч Нийслэлийн Засаг даргын иргэн Ц.Ц*******д үйлчилгээний зориулалт бүхий газар эзэмшүүлсэн 2009 оны захирамж, Нийслэлийн Барилга, хот байгуулалтын газраас олгосон Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх 2010 оны зөвшөөрөл зэрэг эрх зүйн актуудтай хуулийн хугацаанд маргаагүй гэдгийг шүүх хуралдаанд мэдүүлснийг тэмдэглэж байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2008 оны Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2, 9.1.4, 10 дугаар зүйлийн 10.1.1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Т*******ын “2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 209/2011 тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-ийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, ******* дугаар зүйлийн *******.1-д заасны дагуу 903.582 /есөн зуун гурван мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг нэхэмжлэгч Б.Т*******аас нөхөн гаргуулж Барилгын хөгжлийн төвийн Барилга захиалагчийн хэлтсийн хяналтын инженер Д.З*******, тус төвийн Магадлалын хэлтсийн мэргэжилтэн Д.О******* нарт олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ОЮУМАА