Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2017/0807

 

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар0221/МА2017/0807

Улаанбаатар хот

Т.Д нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Т.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нарын гаргасан давж заалдах гомдлоор Т.Д нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Т.Д 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Засаг даргаар Т.Д томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, зохих бичилт хийхийг даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Т.Д Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Засаг даргаар Т.Д томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, зохих бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч Т.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр явагдаж, уг хуралдаанаар иргэдээс багийн Засаг даргаа сонгох санал хураах ажиллагаа явагдсан бөгөөд санал хураалтын дүнгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдийн 55.2 хувийн саналыг Т.Д авсан. Ийнхүү Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлаас 08 дугаартай “Багийн Засаг даргыг батламжлуулахаар уламжлах тухай” тогтоол гарган баталж, Баян-Өндөр сумын Засаг даргад хүргүүлсэн. Энэхүү тогтоолыг Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт нь хүлээн авснаас хойш Т.Д Баянбулаг багийн Засаг даргаар томилох, томилохоос татгалзах шийдвэр гаргах эсэх талаар хариу өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Иргэдийн Нийтийн Хурлийн 08 дугаартай тогтоолыг 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өндөр сумын Засаг даргад хүргүүлсэн бөгөөд үүнээс хойш нийт хагас жилийн хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд Баянбулаг баг нь Засаг даргагүйгээр өдийг хүрээд хуучин Засаг дарга н.Д тэтгэвэртээ 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гарсан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хариуцагч талаас Т.Д, Ж.А нарын асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд Т.Д Баянбулаг багийн Засаг даргаар томилох, эсхүл томилохоос татгалзах талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа эс үйлдэхүй байна гэж үзэхээр байгаа боловч энэхүү эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн нь буруу байна. Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэгт багийн Засаг даргыг сумын Засаг дарга томилох, эсхүл томилохоос татгалзахаар заасан байх ба түдгэлзүүлнэ, томилохгүй, орхигдуулж болно гэж заагаагүй. Гэтэл шүүх томилохгүй, татгалзахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус гэж үзэхээргүй байна гэж буюу зөвтгөж дүгнэсэн нь үндэслэлгүй. Сумын Засаг дарга багийн Засаг даргыг хуулийн дагуу иргэдийн Нийтийн Хурлаас томилуулахаар санал болгож тогтоолоо хүргүүлэхэд томилохгүй эсхүл татгалзахгүй байгаа эс үйлдэхүйг шүүх зөв гэж дүгнэж байгаа бол иргэдийн Нийтийн Хурал хуралдаж тогтоолоо сумын Засаг даргад хүргүүлээд багийн Засаг даргаа сонгох, багийн Засаг даргаар сонгогдох Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийг хэн, хэрхэн хангах вэ гэдэг асуудал үүснэ. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9/-д “Шууд буюу төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан төрийн удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэж заасан иргэний эрхийг сумын Засаг дарга эс үйлдэхүйгээрээ зөрчиж болохгүй.

Т.Д багийн Засаг даргад нэр дэвшихдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасан багийн Засаг даргад тавигдах шаардлага болох шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх, ялгүй байх шаардлагуудыг бүрэн хангаж байсан. Энэ нь гэрч Л.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр нотлогддог. Ийнхүү хуульд заасан багийн Засаг даргад тавигдах шаардлагыг хангасан, хуульд заасан иргэдийн Нийтийн Хурал явагдах журмаар явагдаж иргэдийн сонгосон багийн Засаг даргыг сумын Засаг дарга томилохоос татгалзах эрх байхгүй шууд томилох ёстой.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэгт зааснаар Баян-Өндөр сумын Засаг дарга нь Баянбулаг сумын Засаг даргад нэр дэвшигчийг томилох, томилохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргах талаар сонгох заалт байгаа учраас шүүхээс Т.Д Баянбулаг багийн Засаг даргаар томилох шийдвэр гаргахыг шууд даалгах нь захиргааны байгууллагын хуульд заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлэх, сонгох боломжийг хязгаарласан шийдвэр болно” гэсэн нь үндэслэл муутай.

Учир нь багийн Засаг даргад нэр дэвшигч нь багийн Засаг даргад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй бол сумын Засаг дарга уг шаардлагыг хангасан багийн Засаг даргыг иргэдийн Нийтийн Хурлаар дахин хэлэлцэж, санал хурааж тогтоол гарган ирүүлэх зорилгоор томилохоос татгалзаж болно.

Харин дээрх хуулийн шаардлагыг хангасан Т.Д томилохоос татгалзах эрхийг Баян-Өндөр сумын Засаг дарга эдлэхгүй. Шүүх Т.Д багийн Засаг даргад тавигдах хуулийн шаардлага хангаж байгаа бөгөөд сумын Засаг дарга Т.Д томилохоос татгалзах үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт хийлгүй орхиж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлд Засаг даргад нэр дэвшигчийг томилуулахаар эхний удаа санал болгосон хүнийг дээд шатны Засаг дарга томилох эсэх талаар шийдвэр гаргах хугацааны талаарх нарийвчилсан зохицуулалт байхгүй.

Түүнчлэн уг зүйлийн 26.4-т зааснаар нэр дэвшигчийг эрх бүхий албан тушаалтан томилохоос нэг удаа татгалзах боломжтой байх тул Т.Д Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Засаг даргаар томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж шууд дүгнэх боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас гадна тухайн үед багийн Засаг даргад нэр дэвшиж өрсөлдсөн Ж.А нэхэмжлэгч Т.Д “Багийн Засаг даргаар батламжлуулахаар уламжлах тухай иргэдийн нийтийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 8 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, мөн Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасантай холбогдуулан шүүхийн маргаан хянагдаж байгаа болон Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 148 дугаар албан бичгээр сумын Засаг даргад хандаж Ж.А гаргасан өргөдлийг судлан шийдвэрлэх хүртэл багийн Засаг даргыг батламжлахыг түдгэлзүүлэхийг хүссэн бодит нөхцөл байдал, мөн хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан “...Т.Д томилохоос татгалзаагүй, гагцхүү Ж.А нэхэмжлэлтэй хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарч томилгоог шийдвэрлэнэ...” гэх тайлбар зэргээс үзэхэд Т.Д багийн Засаг даргаар томилох эсэхийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж дүгнэх боломжгүй.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар багийн Засаг даргаар эхний удаа нэр дэвшсэн хүнийг томилохоос татгалзах эрх хариуцагчид байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийг Засаг даргаар томилохыг даалгах нь хуулиар олгогдсон хариуцагчийн эрх хэмжээг хязгаарлах үр дагаварт хүргэнэ.

Мөн Ж.А нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэрэгт нэхэмжлэгч Т.Д гуравдагч этгээдээр оролцож байна.

Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээгүй байх тул түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохыг хариуцагчид даалгах үндэслэлгүй, энэ тохиолдолд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, зохих бичилт хийлгэх шаардлага ч хангагдах боломжгүй.

Иймд дээрх үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН