| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2024/01225/И |
| Дугаар | 138/ШШ2025/00009 |
| Огноо | 2024-12-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 138/ШШ2025/00009
| 2024 оны 12 сарын 25 өдөр | Дугаар 138/ШШ2025/00009 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь тус шүүхэд “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Г.******* миний бие 2020 онд Нийгмийн даатгалын газарт материалаа бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газраас шалгалт ирээд ТТБТрестийн халагдсан тушаал үгүй, пүүс зохион байгуулсан тушаалд нэр тань байхгүй байна гээд үүнийг нэн даруй ажилласан байдлыг шүүхээр тогтоолго гэсэн. Миний бие 1987 онд сургуулиа төгсөөд Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестэд хувиарлагдан 1987 оны 06 сарын 29-ний өдрөөс өнгөлгөөчнөөр томилогдон ажилласан. ТТБТрест нь 1991 онд өмч хувьчлалаар зохион байгуулалтын хувьд олон пүүс болон өөрчлөгдөн татан буугдсан ба миний бие нүүдлийн 2 дугаар баг буюу Цэрэнпил даргатай Овоот пүүст хуваарилагдан 1994 он хүртэл ажилласан. 1994 оны 06 сараас Орон сууц ашиглалтын конторт ажилд орж байсан. Ажиллаж байх үеийн зарим тушаал нь байхгүй байгаа. Иймд Г.******* миний биеийг Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестэд 1987 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл өнгөлгөөчнөөр, “Овоот” ББХК-д 1992 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл өнгөлгөөчнөөр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэх болон 208866 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Дорнод аймгийн Техник туслалцааны барилгын трестийн даргын 1987.06.29-ний өдрийн 146 дугаартай, 1988.11.02-ны өдрийн 356 дугаартай, 1991.01.20-ны өдрийн 13 дугаартай тушаалуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архивын тодорхойлолт, Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд шүүхээс *******, ******* нарыг гэрчээр асууж, мэдүүлэг авах ажиллагааг явуулсан болно. (хх 2-12, 18-24 тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.
Нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврээ тогтоолгоход шаардлагатай баримт бичгийн бүрдүүлбэр хангагдахгүй байгаа, Хөдөлмөрийн дэвтэрт ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалууд бүрэн бичигдээгүй байгаагаас дээрх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүхээр зайлшгүй тогтоолгох шаардлага гаргах эрх үүсчээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 208866 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архивын тодорхойлолт, Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, Дорнод аймгийн Техник туслалцааны барилгын трестийн даргын 1987.06.29-ний өдрийн 146 дугаартай, 1988.11.02-ны өдрийн 356 дугаартай, 1991.01.20-ны өдрийн 13 дугаартай тушаалуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтын шаардлага хангасан бичгийн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг нотолсон үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж шинжлэн судласан болно.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Г.******* нь Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестэд 1987 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл өнгөлгөөчнөөр, “Овоот” ББХК-д 1992 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл өнгөлгөөчнөөр тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* *******гийн Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестэд 1987 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл өнгөлгөөчнөөр, “Овоот” ББХК-д 1992 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл өнгөлгөөчнөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА