Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/904

 

    

 

 

    2023             9               5                                       2023/ДШМ/904          

 

Э.Ү, Ш.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор Г.Цогтмагнай,

           шүүгдэгч Э.Ү,

           нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

           Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/618 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Үын гаргасан давж заалдах гомдлоор Э.Ү, Ш.Н нарт холбогдох эрүүгийн 2209012860730 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Боржигин овгийн Э.Ү, 1990 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ................тоотод оршин суух, /РД:......................./;

            Архангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнссэн,

Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 318 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 250 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 23/298 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, 

2. Харчу овгийн Ш.Н, 2003 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Стек хаусд тогооч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ................ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................/;

            Шүүгдэгч Э.Ү, Ш.Н нар нь бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сатир” нэртэй бааранд тус баараар үйлчлүүлсэн Б.Т, Х.У нартай үйлчилгээний хөлс буюу төлбөр тооцооны асуудлаас болж маргалдан улмаар хохирогч Б.Т, Х.У, Б.Т нарыг зодож, Б.Тын биед тархи доргилт, баруун хацрын завжинд язрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, 2 бугалга, зүүн мөрөнд цус хуралт, зүүн тохойд зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Б.Тын биед тархи доргилт, эрүү, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Х.Уын биед хүзүү, нуруу, зүүн гуянд цус хуралт, цээж, нуруунд зулгаралт,                         1 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Ү, Ш.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигин овогт Э.Ү, Харчу овогт Ш.Н нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.Үыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 (таван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Ш.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.Ү, Ш.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.Н нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нь Э.Ү нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдэж, Э.Ү, Ш.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Э.Ү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд гэмт хэрэг үйлдэж, бусдын бие махбодид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, холбогдох хуулийн хариуцлага хүлээж, биелүүлэхийг ойлгож ухамсарлаж байна. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн тухайд хохирогч нар миний ажиллуулдаг байсан бааранд үйлчлүүлснийхээ дараа тооцоогоо хийхгүй гэж маргаж улмаар намайг болон манай ажилчдыг цохиж хэл амаар доромжилсноос болж энэ гэмт хэрэг гарах шалтгаан болсон. Гэхдээ миний бие хийсэн үйлдэлдээ гэмшиж харамсаж ухаарч байгаа. Миний бие бага насны 2 хүүхэдтэй эхнэр одоогоор бага сартай жирэмсэн хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Манай гэр бүлээс зөвхөн би ажил хийж амьжиргаагаа залгуулдаг. Тийм учраас нийтэд тустай ажил хийлгэх ял нь манай гэр бүлд хүндээр тусч байна. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Г.Цогтмагнай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Үын хувьд урьд удаа дараа энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж шүүхээс ял шийтгэгдэж байсан боловч дахин гэмт хэрэг үйлдэж байгаа нь өөрийн үйлдэлдээ гэмшээгүй гэж харагдаж байх тул энэ хүнд торгуулийн ял оногдуулах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

          ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

             Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

             Шүүгдэгч Ү, Ш.Н нар нь бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сатир” нэртэй бааранд тус баараар үйлчлүүлсэн Б.Т, Х.У нартай үйлчилгээний хөлс буюу төлбөр тооцооны асуудлаас болж маргалдан улмаар хохирогч Б.Т, Х.У, Б.Т нарыг зодож, Б.Тын биед тархи доргилт, баруун хацрын завжинд язрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, 2 бугалга, зүүн мөрөнд цус хуралт, зүүн тохойд зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Б.Тын биед тархи доргилт, эрүү, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Х.Уын биед хүзүү, нуруу, зүүн гуянд цус хуралт, цээж, нуруунд зулгаралт,                         1 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.Тын “...Бид 3 дундаа 0,5 литрийн архи аваад Х.У бид 2 хувааж уусан. Эхнэр Б.Т нь уугаагүй, эрүүл байсан. Х.У бид 2 архи хувааж уугаад согтолттой байсан. Такси бариад харьчих чадвартай байсан. Юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Намайг очиход манай найзыг хориглоод гаргахгүй байсан. Миний 2 гарын булчин дээр хөхөрсөн. Биеийн энд тэнд өвдөлттэй, толгой жаахан өвдөж байна, нүд хөхөрсөн байна. Захирал гээд байсан залуу зодсон. Өөр 7-8 хүн байсан. ...Цагаан футболк өмссөн залуу намайг шууд цохиж аваад газар унагаагаад шууд чирээд 2 давхрын өрөө рүү оруулж байгаад намайг шууд зодоод эхэлсэн. "Камергүй өрөө рүү аваад ор, хаалга түгж” гэж хэлж байгаад шууд намайг зодоод эхэлсэн. Би эсэргүүцэл үзүүлэх ямар ч боломжгүй болчихсон. Толгой руу өшиглөсөн болохоор манараад хөдөлж чадаагүй. “Ямар бөх биетэй писда вэ" гээд намайг цахилгаан бороохой гаргаж ирээд намайг цохиулаад байсан. Нүүрэн дээр гутлаараа гишгээд зогсоод байсан. ...” / хх 38, 48/,

хохирогч Х.Уын “...шээс хүрээд байхаар нь ариун цэврийн өрөө орохоор нийтийн караокены тасалгааны хэсгээс гартал миний ард талаас тэнд байсан захирал залуу, тогооч, нийтийн заалны зурагтын доод талд сууж байсан залуучууд, захирал залуугийн дүү гэх улаан саравчтай малгайтай өндөр залуу, эд нар араас гарч ирээд захирал гээд байсан бүдүүн цагаан майктай залуу “Чи муу тооцоо хийхгүй зугтаах гээд байна” гээд миний баруун талын чих рүү зүүн гараараа 2 удаа алгадсан. Тэгсэн эхнэр Б.Т хажуугаас нь “Чи хөгжимчин хүний чих рүү яагаад алгадаж байгаа юм” гэж хэлсэн. Тэгтэл тэр захирлын дүү гэх улаан саравчтай малгайтай, өндөр залуу намайг миний өмсөж явсан цамцны захаар мушгиж боож унагаасан. Тэгэхээр нь би “Болчих л доо, наад боолт чинь ороод байна, би яг уналаа” гээд газар унахад “Чамайг угаасаа үхтэл чинь шаана. шөнөжингөө зодно” гээд миний элэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгтэл цаад талаас нь захирал гэх ах нь хар өнгийн гар чийдэн шиг цахилгаан бороохой дугаргаж гарч ирээд миний цээжин дээр нааж байгаад цохиулсан. Тэгсэн эхнэр Б.Т “Чи болиоч ээ” гээд иртэл улаан малгайтай өндөр дүү нь эхнэр Б.Тыг ухаан алдаж унатал нь баруун гарын тохойгоороо эрүүний хэсэгт нэг удаа цохиж унагаасан. Тэгээд би “Давраад байгаарай, эмэгтэй хүнийг ингэж болохгүй” гээд орилоод босох гэтэл намайг хэдэн талаас өргөөд “Харанхуй өрөө рүү авч явж ална” гээд бөөнөөрөө өргөөд тэр газрын 2 давхарт байдаг нэг гэрэлтэй өрөөнд оруулаад газар хаяад хэдэн талаас дэвсэлсэн. Тэгээд нэг хартал манай найз Б.Төгсөөг тэр өрөөний цаад талын буланд өвдгөн дээр нь сөхрүүлээд суулгачихсан захирал гэх цагаан майктай залуугийн хөлөөс нь тэвэрчихсэн “Миний найзыг битгий зодоо, та нар хүн аллаа шүү дээ" гэхэд Б.Төгсөөг нөгөөх залуу цээж рүү нь гараараа 1 удаа түлхэж хойш унагаад нүүрэн дээр нь баруун хөлөө тавьж зогсоод “Та нар яадаг болчихсон юм бэ, та нарыг ална” гээд орилоод байж байхад нь эхнэр Б.Т гаднаас цагдаа нартай хамт ороод ирсэн. Ямар учраас зодсоныг мэдэхгүй байна. Бие засах гэж гарсныг зугтах гэж байна гэж ойлгосноос болсон байх. Баруун талын хавирга цуурсан, амьсгалахаар цээжний хэсэгт амьсгал авч болохгүй хатгуулж байгаа. Үүдэн доод нэг шүд хөдөлгөөнд орсон. Зүүн бөөрний хэсэгт гөврүү татаж хөхөрсөн өвчтэй, цээжний хэсэгт цахилгаан бороохойны ором гарч хөхөрсөн, биеийн ихэнх хэсэгт зулгаралт үүссэн өвчин зовуурь хөндүүр ихтэй байна. Би Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Тухайн байгууллагад байсан хүмүүс нийлж зодож миний эрүүл мэндэд хохирол учруулсанд гомдолтой, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” /хх 41, 58/,

хохирогч Б.Тын “...Би утсаараа ярих гээд тамхины өрөө орчихоод иртэл манай нөхөр тэр байгууллагын захирал гэх цагаан майктай залуу руу “Та яагаад намайг доромжлоод байгаа юм бэ, би бас адилхан эр хүн ш дээ, зөндөө удаан доромжлууллаа” гээд өөдөөс нь орилоод хэлтэл нөгөөх залуу манай нөхөр Х.Уын шанаа хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би “Та яаж байгаа юм, яахаараа цохидог юм” гээд очтол, тогооч, тек дээр зогсож байсан залуу 2 захирлынхаа урдуур нь ороод хаацайлаад байсан. Тэгээд маргаад байж байтал Б.Төгсөө гарч ирээд надаас Яасан талаар асуухад нь болсон зүйлийн талаар хэлэхэд тэр захирал гэх залуу руу хандаж “Яахаараа манай найзыг цохидог юм” гэхэд энэ “Яасан овоо гөлөг вэ” гээд “Араас ороод ир, хаалгаа түгжчих хүн битгий оруулаарай” гээд Б.Төгсөөг нөгөө захирал гэх залуу нойлын хажуу талын бор хаалга руу аваад орчихсон. Тэгсэн манай нөхөр "Цагдаа дууд” гэж хэлээд орилтол “Цагдаатай чинь хамт ална” гээд захирал эрэгтэй нь дүү гэх улаан малгайтай залуу заамдаж боогоод толгойгоор нь хана савуулсан. Тэгсэн манай нөхөр цохих гэж гараа зангидаад цохилгүй орхиход хажуугаас нь тогооч гэх бүдүүн 27-28 орчим насны эрэгтэй орж ирээд нүүрэн тус газар нь баруун гараараа нэг удаа цохисон. ...манай нөхрийг боогоод зогсож байсан захирлын дүү гэх залуу над руу харж байснаа баруун гараараа миний эрүү рүү 1 удаа тохойлдсон. Тэгээд би ухаан алдаж унасан бололтой хэсэг хугацааны дараа сэргэсэн юм. Тэгээд босоод иртэл манай нөхрийг 4 залуу өргөчихсөн “Чамайг шөнөжингөө эрүүл болтол чинь зодно’’ гээд 2 давхар руу аваад гарсан юм. ...цагдаагийн машин ирчихсэн зогсож байсан. Тэгэхээр нь би учир байдлыг очиж хэлээд дээшээ нөхөр лүүгээ түрүүлээд гүйгээд ортол захирал гэх залуу Б.Төгсөөгийн нүүрэн дээр гишгэчихсэн зогсож байсан. Тэгээд “Цагдаа ирчихлээ" гээд хэлэхэд манай нөхрийг үсэдчихсэн зогсож байсан. Захирлын дүү гэх залуу шууд өрөөнөөс гараад явчихсан. ...” /хх 45, 52/,

гэрч С.Ч“...2 давхарт вип өрөөндөө хүмүүс оруулчхаад байж байтал доор хүмүүс орилолдоод байхаар доош буугаад очтол Э.Ү "Хөсөгтөн” хамтлагийн залуутай барьцалдаад зогсож байсан. Тогооч Ш.Н өөр нэг залуутай барьцалдаад зогсож байсан. Би салгах гээд очтол Ш.Нтай барьцалдаж байсан залуу намайг цохиод авахаар нь би буцаад явчихсан юм. 2 давхраас зөөгч дуудаад байхаар нь буцаад дээшээ гарсан. ...” /хх 63/,

гэрч Д.Г өөрийгөө “Хөсөгтөн” хамтлагийн хөгжимчин гэх залуу тооцоогоо хийхгүй яваад өглөө” гээд манай зөөгч охин надад хэлэхээр нь би нөгөө залуугийн араас гараад оруулж ирсэн. Тэгсэн орж ирээд эхнэртэйгээ маргалдаад боогоод байхаар нь би очиж салгасан. Тухайн үед манай захирал хоол идэх гээд эхнэр хүүхэдтэйгээ ирчихсэн байсан юм. Манай захирлыг таньдаг гээд байхаар нь би захирлаа дуудтал манай захирал танихгүй байсан. Тэгээд захирлыг болон бид нарыг “Хөдөөний халтрууд надтай ингэж харьцахгүй шүү” гэх мэтээр маш их хэл амаар доромжлоод байсан. Тэгснээ шууд нөгөө хөгжимчин залуу манай захирлын хувцсыг ураад нүүр лүү цохиод автал захирал эргүүлээд цээж хэсэг рүү нь өшиглөөд авсан. Захирал руу нийлээд бөөндөө дайраад байхаар нь би дундуур нь орж салгасан. Манай тогооч залуу Ш.Ныг нөгөө хөгжимчинтэй хамт яваа гэх махлаг залуу цохиод авсан чинь манай тогооч залуу буцаагаад цохиод авсан. Үйлчлүүлэгч нар их байсан учраас шууд нөгөө хүмүүсийг 2 давхарт гаргаад байж байтал цагдаа нар ирсэн. Нөхөр нь өөрөө боочихсон байж байхад би очиж салгасан. Манай захирал 1 удаа л жийсэн өөр үйлдэл хийгээгүй. Би тухайн үед хар өмд шар өнгийн цахилгаантай том цамцтай байсан. ...” /хх 67-68/,

гэрч Т.С“...Тухайн үед “Сатир” нэртэй караокед ажилладаг н.Чулуунбат над руу яриад “Хүн тооцоогоо өгөхгүй байна, муудалцаад байна, чи хүрээд ирэх боломжтой байна уу” гэж залгасан юм. Тэгэхээр нь би “Цэрэг хувцастай явж байна, арай амжихгүй байх” гэж хэлчхээд гэр лүүгээ явж байхад н.Чулуунбат караокеныхоо гадаа жижигхэн шар царайтай эрэгтэй хүнтэй бас нэг залуу хажууд нь байсан. Тэгээд “Тооцоогоо хий” гээд маргалдаж байсан. Манай гэр тэр караокены хойд талд байдаг юм. Тэгээд би муудалцаад байхаар нь “Төлбөр тооцоогоо хий" энэ тэр гээд тэр хүмүүс маргалдаад дотогшоо орсон. Тэгээд би дагаад ороод иртэл 1 ээгтэй гар утсаараа бичлэг хийгээд байсан. Тэгэхээр нь би буцаад гараад явсан. ...” /хх 77/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 6924 дугаар “...Б.Тын биед тархи доргилт, эрүү, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...”/хх 80-81/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 6925 дугаар ”...Х.Уын биед хүзүү, нуруу, зүүн гуянд цус хуралт, цээж, нуруунд зулгаралт, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 84-85/,

                   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 6919 дугаар “...Б.Тын биед тархи доргилт, баруун хацрын завжинд язрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, 2 бугалга, зүүн мөрөнд цус хуралт, зүүн тохойд зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 88-89/ гэсэн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

                   Шүүгдэгч Э.Үын “...шүүхээс оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Шүүгдэгч Э.Ү, Ш.Н нар нь хохирогч Б.Т, Х.У, Б.Т нарыг зодож, Б.Тын биед тархи доргилт, баруун хацрын завжинд язрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, 2 бугалга, зүүн мөрөнд цус хуралт, зүүн тохойд зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Б.Тын биед тархи доргилт, эрүү, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Х.Уын биед хүзүү, нуруу, зүүн гуянд цус хуралт, цээж, нуруунд зулгаралт, 1 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Э.Ү, Ш.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар шүүгдэгч Ш.Нт 450.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Э.Үад 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн, мөн хувийн байдлыг харгалзсан байх тул шүүгдэгч Э.Үын “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгөхийг” хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.

Иймд шүүгдэгч Э.Үын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/618 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Үын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

                ШҮҮГЧ                                           М.АЛДАР

 

                ШҮҮГЧ                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                ШҮҮГЧ                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ