Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 123

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Д.Агар,

Хохирогч Н.Ангарагтуяа, Н.Ариунтуяа,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Бт холбогдох 1806001850023 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун урт суманд 1988 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежментийн мэргэжилтэй, “Майничи кофе” шопт ачигч ажилтай, ам бүл 3 эмээ, нагац ах нарын хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хорооллын 6а байрны 9 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Алаг адуут Б овогт Г Б

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Г.Б нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Майничи кофе шоп”-н хувцас солих өрөөнд Н.Ариунтуяа, Н.Ангарагтуяа нартай маргалдан улмаар тэднийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бын өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Ангарагтуяагийн өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 18 цагийн үед дүүтэйгээ ээлжээ солих гээд хувцас солидог өрөө рүү орж хувцасаа солих гэж байтал Баяраа ах араас орж ирсэн. Тэгээд би Баяраа ахаа хичээлдээ явах гээд яаараад байна та түр гарч байгаач гэж хэлсэн чинь Баяраа ах би бас яаараад байна гэсэн. Та намайг сургалттай гэдгийг мэдэж байгаа биз дээ та чинь ямар сонин юм бэ, би таны хажууд нүцгэлээд зогсож байх юм уу гэсэн чинь тэгэхгүй юу гэсэн. Тэгэхээр би та одоо юу яриад байгаа юм бэ гэтэл өөдөөс дайрсан, би тэр үед сандарсан. Тэгээд Баяраа намайг үсдээд, 2 гараараа ээлжилж цохиод, өшиглсөн. Би тэр үед орилоод уйлаад сууж байсан чинь манай дүү  дээрээс бууж ирсэн. Дүү маань орж ирээд яасан юм бэ, юу болсон юм бэ? гэж асуухад нь би …”Баяраа ах намайг зодчихлоо” гэж хэлсэн. Дүү маань Баяраа ах руу чи яагаад манай эгчийг зоддог юм бэ гэсэн чинь Баяраа ах чи намайг чи гэлээ гээд манай дүүг цохиж зодоод хувцасныхаа шүүгээнээс овтерка болон угаалтуурын нарийн хоолойны төмөр хэсгээр дүүгийн маань толгой руу нь цохиж хагалсан. Тэр үед нь би Баяраа ахыг дүүгээсээ салгах гэж оролдсон. Тэгтэл намайг дахин зодсон. Баяраа ах надаас уучлалт гуйсан гэж хэлж байна. Надаас уучлалт гуйгаагүй. Над руу “sorrу me” гэж мессеж бичсэн. Ингэж мессеж бичснээсээ хойш надтай огт холбоо бариагүй. Ажил дээр очоод хүмүүст наад хоёр чинь зүгээр эрүүл байгаа. Худлаа ажлаа таслаж байгаа  юм гэж хэлсэн байсан. Би 3 дугаар сарын сүүлээр “Герман” улс руу явахаар сургалтанд сууж байгаа. Би зүүн гараараа хичээлээ хийдэг. Энэ гэмтлээс болж “Герман” улс руу авч явах сургалтын газрын хүмүүс авч явж чадахгүй ч юм шиг зүйл ярьж байна лээ. Би Баяраа ах руу та миний гарыг ийм болгосон гээд зурагаа явуулсан гэхэд …“би чиний гарыг ийм болгоогүй, бусад гэмтлийг бол яаж учруулснаа би мэдэж байгаа” гэж хэлсэн. Өмнө нь Баяраа миний биед гар хүрэх гээд байхаар нь би гарын цохиод яагаад байгаа юм бэ гээд болиулдаг байсан. Над руу Баяраа ах пабад сууя, хоёулаа уулзья гэх мэтчилэн янз бүрийн мессеж бичдэг байсан. Өмнө нь би Баяраа ахад муу санаж байсан удаа байхгүй. Ажлын хувьд бараа цагт нь авчирч өгсөнгүй гэж хоорондоо маргаж байсан зүйл байгаа. Энэ хүнээс нийтдээ 1.400.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнд томографийн зураг, дүү бид хоёрын сарын цалин, машины бинзений мөнгө, бусад эм тарианы зардлаа оруулж нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Ариунтуяагийн өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр эгч маань хичээлтэй гээд би ээлжийг нь авах гээд очсон. Намайг очиход эгч маань хувцасаа солчихоод ирье гээд хувцас солих өрөө рүү буусан. Дээр байж байтал хүмүүс шуугалдаад байхаар нь ажлынхаа охиноос доор хүн байгаа юм уу гэж асуутал, байхгүй бүгд тарсан гэж хэлсэн. Тэгэхээр нь  би за, за тэгвэл доошоо бууж харчихаад ирье гээд доошоо буугаад хартал эгч маань уйлчихсан сууж байсан. Би яасан талаар нь асуусан чинь Баяраа ах зодсон гэж хэлсэн. Чи яагаад манай эгчийг зоддог юм бэ гэсэн чинь чи намайг чи гэлээ гээд үснээс зулгаагаад өшиглөсөн. Тэгээд эгч маань салгах гэж оролдсон чинь чи цаашаа гээд эгчийн маань гарыг өшиглөсөн. Тэр үед нь би биеэ хамгаалах зорилгоор Баяраа ахын үснээс нь зулгаасан. Тэгээд Баяраа ах хувцас солих шүүгээнээсээ овтерка гаргаж ирээд миний гэдэс рүү дүрсэн. Тэр үед эгч маань босож ирээд та одоо болиочээ гэсэн чинь төмөр нарийн хоолой гаргаж ирснээ миний толгой руу цохисон. Тэгээд миний хацарнаас цус гарсан чинь Баяраа ах больсон. Хохиролын хувьд эгчтэйгээ адилхан байгаа. Цаашид бид хоёрын хувьд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Ангарагтуяагийн өгсөн: “Миний бие өнөөдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 18 цагийн үед ажлаасаа гараад хичээлдээ явах санаатай ажлынхаа хувцас сольдог өрөөнд байж байтал миний араас манай кофе шопт ачигч хийдэг Баярбаатар ах ороод ирсэн. Тэгэхээр нь би Баярбаатар ахад та гарч байгаач би хичээлдээ явах гээд яаараад байна, би гялс хувцсаа солиодохъё гэсэн чинь Баярбаатар ах над руу уурлаад хажууд хувцсаа солихгүй юу, би ч гэсэн яаараад байна гэсэн. Тэгэхээр нь би Баярбаатар ахад би таны хажууд хувцсаа солино гэж юу байдаг юм бэ, та гарч бай л даа гэсэн чинь Баярбаатар ах над руу уурлаж хүрч ирээд намайг уг хувцас солих өрөөнд зодсон. Баярбаатар ах намайг зодохдоо үсдэж, гараа атгаж байгаад миний толгойн хэсэг рүү цохиод хөлөөрөө намайг хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгж байтал манай төрсөн дүү Ариунтуяа нь над руу хүрч ирээд болсон явдлын талаар асуухаар нь би болсон явдлын талаар хэлсэн чинь манай дүү Баярбаатар ах руу очоод та яагаад манай эгчийг зоддог юм бэ гэсэн чинь Баярбаатар ах манай дүүг бас зодсон, зодохдоо отверка авч байгаад дүүгийн хэвлийн тус газарт нь хатгасан, мөн угаалтуурын нарийн төмөрөөр зодсон. Тэгж байтал манай нэг худалдагч охин тэр үйл явдлыг харчихаад менежерийг дуудсан” гэх мэдүүлэг /хх.7-8/,

“Баярбаатар өмнө нь миний биед хүрээд байдаг байсан. Миний бэлхүүс орчимд хүрээд илээд, уулзъя гэж утсаар ярьж байнга залгадаг, пабад сууя энэ тэр гэдэг байсан. Би тэр болгонд нь зөвшөөрдөггүй байсан учраас намайг зодсон байх гэж бодож байна. Над руу утсаараа залгах болгонд нь би ярих дургүй байдаг байсан. Хамгийн сүүлд л гэхэд дүү бид хоёр гэмтэж бэртсэн байхад ирж ажлаа хий зүгээр байж энэ тэр гэж фасебүүкээр дарамталсан байдалтай чат бичихээр нь би өөрийнхөө байгаа байдлын зургийг авч явуулсан. Тэгээд би Ариунаагийн биеийн байдлыг бол мэдэж байна, харин чамайг бол мэдэх ч үгүй гээд байсан” гэх мэдүүлэг /хх.9/,

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Ариунтуяагийн өгсөн: “Эгч Ангарагтуяа бид хоёр нэг газарт буюу Майничи кофе шопт ажилладаг юм. Би худалдагчаар ажиллаж, манай эгч кассан дээр суудаг байсан. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 29-ний 17-18 цагийн үед байх, эгч Ангарагтуяагаас ээлжээ сольж авсан юм. Тэгээд эгч хувцас солих өрөө рүү явж хувцсаа солих гээд явсан юм. Тэгээд би ажлынхаа охинд ажилд нь туслаад байж байтал хувцас солих өрөөнд чимээ шуугиан гарсан юм. Тэгээд би доор хүн байгаа юм уу гэхэд хүн байхгүй гэхээр нь би өөрөө харахаар хувцас солих өрөө рүү ороход Ангарагтуяа уйлчихсан хажууд нь Баярбаатар байсан. Тэгээд би Ангарагаас яасан гэхэд Баярбаатар ах намайг зодчихлоо гэсэн. Тэгэхээр нь би чи миний эгчийг зодлоо гэсэн чинь Баярбаатар миний үснээс зулгаагаад чи намайг чи гэж хэллээ гээд шууд өшиглөсөн. Тэгээд Ангарагтуяаг салгах гээд тавь гээд босож иртэл чи юу вэ гээд бас цохиод байсан. Тэгээд би бас салгах гэтэл шүүгээнд байсан овтерка гаргаж ирээд миний гэдэсний зүүн тал руу чичиж дүрсэн. Тэгээд дараа нь угаалтуурын хоолойгоор намайг цохьсон. Тэгээд хацарнаас цус гараад хойшоо болтол бид хоёрыг зодохоо больсон. Тэгээд би ажлынхаа охин руу утсаар ярьж цус арчих салфетка авч ирүүлээд менежерийг дуудуулсан. Толгойн зулай хэсэгт хагарсан, гэдэсний зүүн талд овтеркаар дүрсэн. Зузаан цамцтай байсан тулдаа арай гайгүй өнгөрсөн. Баруун талын хацар дээр нүднээс хамарны угалз хүртэл шалбалж маажисан байсан. Одоо миний толгой эргэж нүд харанхуйлж байна. Тэр үед авсан гэмт одоо илэрч байх шиг байна. Эгч бид хоёр шүүх эмнэлэгт 16.000 төгрөг тушаасан. Тэгээд хувийн эмнэлэгт үзүүлж 350.000 төгрөг тушаасан. Мөн 100.000 орчим мянган төгрөгний бензин хийж явсан” гэх мэдүүлэг /хх.11-12/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 870 дугаартай:

“1. Н.Ариунтуяагийн зулайн хуйханд шарх, баруун хацар, хамрын баруун угалз, баруун гарын сарвуу, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2, 4. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

З. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтэл нь бусад эд эрхтэнд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.14/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 871 дугаартай:

“1. Н.Ангарагтуяагийн биед зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт, зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2, 4. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

З. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтэл нь бусад эд эрхтэнд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.17/,

Мөрдөн байцаалтад Г.Бын яллагдагчаар өгсөн: “Тэр өдөр ажил тарах болж байсан юм. Би хувцас солих өрөөнд ороход Ангарагтуяа хувцас солих өрөөнд хувцсаа солих гээд байж байсан юм. Тэгээд намайг гарч бай, би хувцсаа солих гэж байна гэхээр нь би бас хувцсаа солих гэж байна, адилхан яарч байж, би гялс солиод гарлаа гэсэн. Тэгээд бид хоер нэг нэг рүүгээ чи өрөөнөөс гар гэж шаардсан. Яаараад байгаа бол нөгөө өрөөнд ороод соль гэж би Ангарагтуяад хандан хэлж тэгээд хоорондоо маргаж эхэлсэн. Тэгээд намайг Ангарагтуяа хэл амаар доромжилсон. Тэгээд би уурандаа чи яахаараа надтай ингэж муухай харьцаж байдаг юм гэсэн. Ер нь бол Ангарагтуяа, Ариунтуяа нар надтай муухай харьцаж намайг хүндлэхгүи элдэв янзын ааш гаргадаг юм. Тэгээд би Ангарагтуяагийн толгой руу нь гараа атгаж байгаад 3-4 удаа цохиод уйлуулсан юм. Тэгээд уйлж байхдаа намайг ингэж зодно гэж бодсонгүй гээд байж байтал дүү Ариунтуяа нь орж ирээд над руу шууд дайрч эхэлсэн. Тэгээд тэр хоёр намайг хоёр талаас барьж аваад үснээс зулгаагаад зодсон гэх юмуу дайраад байхаар нь шүүгээний хажууд байсан отверкыг аваад тэр хоёроос салахын тулд Ариунтуяа руу чиглүүлж хатгасан. Тэгээд надаас зуурсан байснаа болиод салсан. Тэгээд хэрэлдэж байхдаа Ариунтуяа над руу салаавч гаргасан. Тэгээд хэрэлдэж байх явцдаа шкафанд байсан сангийн уян холбоосоор нэг удаа цохьсон. Ингээд хэрүүл зодоон салсан. Надтай хүнлэг биш харьцаад байдаг юм. Би төрөлхийн ээрүү учраас нэг их юм хэлж чадахгүй өнгөрөөчихдөг юм. Тэгээд сүүлийн удаа яахын аргагүй тэсээгүй юм” гэх мэдүүлэг /хх.27-28/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Г.Б нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Майничи кофе шоп”-н хувцас солих өрөөнд Н.Ариунтуяа, Н.Ангарагтуяа нартай маргалдан улмаар тэднийг зодож эрүүл мэндэд нь тус бүр хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Ангарагтуяагийн өгсөн: “... Баярбаатар ах намайг зодохдоо үсдэж байгаад гараа атгаж байгаад миний толгойн хэсэг рүү цохиод хөлөөрөө намайг хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгж байтал манай төрсөн дүү Ариунтуяа нь над руу хүрч ирээд болсон явдлын талаар асуухаар нь би болсон явдлын талаар хэлсэн чинь манай дүү Баярбаатар ах руу очоод та яагаад манай эгчийг зоддог юм бэ гэсэн чинь Баярбаатар ах манай дүүг бас зодсон, зодохдоо отверка авч байгаад дүүгийн хэвлийн тус газарт нь хатгасан, мөн угаалтуурын нарийн төмөрөөр зодсон...” гэх мэдүүлэг /хх.7-9/,

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Ариунтуяагийн өгсөн: “... Тэгэхээр нь би чи миний эгчийг зодлоо гэсэн чинь Баярбаатар миний үснээс зулгаагаад чи намайг чи гэж хэллээ гээд шууд өшиглөсөн. Тэгээд Ангарагтуяа салгах гээд тавь гээд босож иртэл чи юу вэ гээд бас цохиод байсан. Тэгээд би бас салгах гэтэл шүүгээнд байсан овтерка гаргаж ирээд миний гэдэсний зүүн тал руу чичиж дүрсэн. Тэгээд дараа нь угаалтуурын хоолойгоор намайг цохьсон... Эгч бид хоёр шүүх эмнэлэгт 16.000 төгрөг тушаасан. Тэгээд хувийн эмнэлэгт үзүүлж 350.000 төгрөг тушаасан. Мөн 100.000 орчим мянган төгрөгний бензин хийж явсан” гэх мэдүүлэг /хх.11-12/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 870, 871 дугаартай дүгнэлтүүд /хх.14, 17/,

Мөрдөн байцаалтад Г.Бын яллагдагчаар өгсөн: “... Тэгээд би Ангарагтуяагийн толгой руу нь гараа атгаж байгаад 3-4 удаа цохиод уйлуулсан юм... Тэгээд тэр хоёр намайг хоёр талаас барьж аваад үснээс зулгаагаад зодсон гэх юмуу дайраад байхаар нь шүүгээний хажууд баисан отверкаг аваад тэр хоёроос салахын тулд Ариунтуяа руу чиглүүлж хатгасан...” гэх мэдүүлэг /хх.27-28/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бын өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Ангарагтуяагийн өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 18 цагийн үед дүүтэйгээ ээлжээ солих гээд хувцас солидог өрөө рүү орж хувцасаа солих гэж байтал Баяраа ах араас орж ирсэн. Тэгээд би Баяраа ахаа хичээлдээ явах гээд яаараад байна та түр гарч байгаач гэж хэлсэн чинь Баяраа ах би бас яаараад байна гэсэн. Та намайг сургалттай гэдгийг мэдэж байгаа биз дээ та чинь ямар сонин юм бэ, би таны хажууд нүцгэлээд зогсож байх юм уу гэсэн чинь тэгэхгүй юу гэсэн. Тэгэхээр би та одоо юу яриад  байгаа юм бэ гэтэл өөдөөс дайрсан, би тэр үед сандарсан. Тэгээд Баяраа намайг үсдээд, 2 гараараа ээлжилж цохиод, өшиглсөн. Би тэр үед орилоод уйлаад сууж байсан чинь манай дүү  дээрээс бууж ирсэн. Дүү маань орж ирээд яасан юм бэ, юу болсон юм бэ? гэж асуухад нь би …”Баяраа ах намайг зодчихлоо” гэж хэлсэн. Дүү маань Баяраа ах руу чи яагаад манай эгчийг зоддог юм бэ гэсэн чинь Баяраа ах чи намайг чи гэлээ гээд манай дүүг цохиж зодоод хувцасныхаа шүүгээнээс овтерка болон угаалтуурын нарийн хоолойны төмөр хэсгээр дүүгийн маань толгой руу нь цохиж хагалсан. Тэр үед нь би Баяраа ахыг дүүгээсээ салгах гэж оролдсон. Тэгтэл намайг дахин зодсон. Баяраа ах надаас уучлалт гуйсан гэж хэлж байна. Надаас уучлалт гуйгаагүй. Над руу “sorrу me” гэж мессеж бичсэн. Ингэж мессеж бичснээсээ хойш надтай огт холбоо бариагүй. Ажил дээр очоод хүмүүст наад хоёр чинь зүгээр эрүүл байгаа. Худлаа ажлаа таслаж байгаа  юм гэж хэлсэн байсан. Би 3 дугаар сарын сүүлээр “Герман” улс руу явахаар сургалтанд сууж байгаа. Би зүүн гараараа хичээлээ хийдэг. Энэ гэмтлээс болж “Герман” улс руу авч явах сургалтын газрын хүмүүс авч явж чадахгүй ч юм шиг зүйл ярьж байна лээ. Би Баяраа ах руу та миний гарыг ийм болгосон гээд зурагаа явуулсан гэхэд …“би чиний гарыг ийм болгоогүй, бусад гэмтлийг бол яаж учруулснаа би мэдэж байгаа” гэж хэлсэн. Өмнө нь Баяраа миний биед гар хүрэх гээд байхаар нь би гарын цохиод яагаад байгаа юм бэ гээд болиулдаг байсан. Над руу Баяраа ах пабад сууя, хоёулаа уулзья гэх мэтчилэн янз бүрийн мессеж бичдэг байсан. Өмнө нь би Баяраа ахад муу санаж байсан удаа байхгүй. Ажлын хувьд бараа цагт нь авчирч өгсөнгүй гэж хоорондоо маргаж байсан зүйл байгаа. Энэ хүнээс нийтдээ 1.400.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнд томографийн зураг, дүү бид хоёрын сарын цалин, машины бинзений мөнгө, бусад эм тарианы зардлаа оруулж нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Ариунтуяагийн өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр эгч маань хичээлтэй гээд би ээлжийг нь авах гээд очсон. Намайг очиход эгч маань хувцасаа солчихоод ирье гээд хувцас солих өрөө рүү буусан. Дээр байж байтал хүмүүс шуугалдаад байхаар нь ажлынхаа охиноос доор хүн байгаа юм уу гэж асуутал, байхгүй бүгд тарсан гэж хэлсэн. Тэгэхээр нь  би за, за тэгвэл доошоо бууж харчихаад ирье гээд доошоо буугаад хартал эгч маань уйлчихсан сууж байсан. Би яасан талаар нь асуусан чинь Баяраа ах зодсон гэж хэлсэн. Чи яагаад манай эгчийг зоддог юм бэ гэсэн чинь чи намайг чи гэлээ гээд үснээс зулгаагаад өшиглөсөн. Тэгээд эгч маань салгах гэж оролдсон чинь чи цаашаа гээд эгчийн маань гарыг өшиглөсөн. Тэр үед нь би биеэ хамгаалах зорилгоор Баяраа ахын үснээс нь зулгаасан. Тэгээд Баяраа ах хувцас солих шүүгээнээсээ овтерка гаргаж ирээд миний гэдэс рүү дүрсэн. Тэр үед эгч маань босож ирээд та одоо болиочээ гэсэн чинь төмөр нарийн хоолой гаргаж ирснээ миний толгой руу цохисон. Тэгээд миний хацарнаас цус гарсан чинь Баяраа ах больсон. Хохиролын хувьд эгчтэйгээ адилхан байгаа. Цаашид бид хоёрын хувьд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Г.Быг “Хоёр ба түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Г.Б нь “Хоёр ба түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.      

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Г.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Г.Бт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Г.Бт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Хохирогч нар нь ажилгүй байсан хугацааны цалинд 1.000.000 төгрөг, эмчилгээ болон машины шатахууны зардалд 400.000 төгрөг, нийт 1.400.000 төгрөг нэхэмжилж байх боловч шүүхэд тэдгээрийн гаргаж өгсөн баримтуудыг үзэхэд өвчний учир ажлаас чөлөөлөгдсөн тухай эмчийн магадлагаа байхгүй, чухам хэний ямар автомашинаар хаанаас хаана хүртэл зорчиход хэрэглэсэн шатахууны зардал болох нь тодорхойгүй байх тул 1.090.300 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, шүүгдэгч Г.Баас нийт 309.700 төгрөг гаргуулж, хохирогч Н.Ариунтуяад 155.000 төгрөг, хохирогч Н.Ангарагтуяад 154.700 төгрөг тус тус олгох нь зүйтэй.

Хохирогч Н.Ариунтуяа, Н.Ангарагтуяа нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн бусад хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Бовогт Г Б “Хоёр ба түүнээс дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Бт оногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Бт мэдэгдсүгэй.

5. Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баас нийт 309.700 төгрөг гаргуулж, хохирогч Н.Ариунтуяад 155.000 /нэг зуун тавин таван мянга/ төгрөг, хохирогч Н.Ангарагтуяад 154.700 /нэг зуун тавин дөрвөн мянга долоон зуу/ төгрөг тус тус олгосугай.

7. Хохирогч Н.Ариунтуяа, Н.Ангарагтуяа нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн бусад хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР