| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 138/2024/01108/И |
| Дугаар | 309/ШШ2025/00097 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 309/ШШ2025/00097
| 2025 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 309/ШШ2025/00097 |
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ын *******т холбогдох,
Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 5,671,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.******* миний бие хүүхэд бие муудлаа гээд хот руу машинаараа явсан. Замд явж байхдаа хүүхэд нас барчихлаа гэхэд шоконд орж машинаа зогсоож барьж чадахгүй болох үед машинд явсан Э.******* зөвшөөрч цааш машиныг барьсан. 21 цагийн орчим би машинаа баръя гэхэд эхнэр нь зүгээрээ сайхан явчихнаа гээд машиныг өгөөгүй. 22 цагийн үед урд машины гялбаанд орж зам дээр явсан тугал, бярууг мөргөж дайрсан. Гэтэл нөхөр рүүгээ хэлэхэд байж бай, битгий хөдөлгө гэсэн чинь жолооч малын төлбөрт орно, цагдаад битгий хэл гэж хэлээд би засаад өгнө гэсэн. Гэтэл одоо машины эвдрэлийн үнэлгээ 5,186,200 төгрөг, машинаа ачиж ирсэн машины болон хүмүүүсээ суулгаж ирсэн ирсэний төлбөр 190,000 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 295,000 төгрөг, нийт 5,671,200 төгрөгийг Э.*******аар төлүүлэх гэхээр ганц сая төгрөг л төлнө бусдыг нь төлөхгүй гэсэн учир өөрт учирсан 5,671,200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.******* /утас: .../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.*******ийн гаргасан нэхэмжлэлийг хариуцагч Э.******* би хүлээн авч, уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Иргэн Э.******* би 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр жолооч Ч.*******т Улаанбаатар хот явах зардлаа өгөөд зорчигчоор машинд нь сууж явсан. Хэрлэн сумаас 17 цаг 20 минутанд гараад явж байтал жолооч утсаар ярьснаа дүү маань нас барчихлаа гээд машинаа зогсоосон. Жолооч Ч.******* нь зорчигч надад чи машиныг маань бариад яваач гэж гуйсан. Би тэр үед надад машин жолоодох эрх байхгүй шүү гэхэд зүгээрээ гэсэн. Түүнд тусалж л машиныг нь бариад явсан. Тэгээд би машиныг нь бариад аймгаас 177 км-т өөдөөс ирж байсан машины гэрэлд гялбаж, зам дээр явж байсан тугалыг мөргөсөн. ...Иймд миний зүгээс Ч.*******ийн гаргасан 5,671,200 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Э.******* нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ч.******* миний бие хариуцагч Э.*******тай 5,671,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 4,171,200 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 1,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар, хариуцагч дээрх төлбөрийг 2025 оны 02 дугаар сараас эхлэн сар бүр 400,000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрлээ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь тус шүүхэд хариуцагч Э.*******т холбогдуулан Эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 5,671,200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,671,200 төгрөгөөс 4,171,200 төгрөгийг гаргуулахаас татгалзан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1,500,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Э.******* нь бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,690 төгрөгөөс 52,845 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 52,845 төгрөгийг, хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 19,475 төгрөг /1,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч Ч.*******т 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.690 төгрөгөөс 52,845 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 52,845 /тавин хоёр мянга найман зуун дөчин тав/ төгрөгийг, хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 19,475 /арван есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдгдсүгэй.
ШҮҮГЧ П.ПАГМА