Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 316/ШШ2025/00105

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 316/ШШ2025/00105

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

  Нэхэмжлэгч: Бадамгаравын Энхцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дашдоржийн Бадам-Осорт холбогдох,

  Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 багийн нутагт орших улсын бүртгэлийн ******* дугаартай, нэгж талбарын ******* дугаартай, 4999.5 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, ******* улсын дугаартай KNCSCO362TS1827008 маркийн хөх өнгөтэй ачааны автомашин, 3 толгой үхэр, 19 бүл зөгий, улсын бүртгэлд бүртгэгдээгүй Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1-р баг, Дэлгэрхаан хаягт байгаа хувийн орон сууц, хашаа зэрэг нийт 51,000,000 төгрөгийн эд хөрөнгөөс оногдвол зохих хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Даваасүрэн,

Хариуцагч: *******,

Хариуцагчийн өмгөөлөгч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ариунтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Сэлэнгэ аймгийн Шаамар сумд оршин суух *******, ******* бид хоёрын төрсөн хүү Ганбаатарын ******* нь 2006 онд Бадам-Осортой гэр бүл болж 2007 онд нэг хүүтэй болсон. Миний хүү энэ үедээ эхнэр хүүгийн хамт 3-лаа манай хашаанд цуг амьдарч байсан. Хүү маань аав, ээждээ тусалж хамтын хөдөлмөрөөр ногоо тарьж зөгий үржүүлэх амьдардаг байсан.

Гэтэл миний хүү 2016 оны 03 сарын 10-нд өвчний улмаас нас барж бидэнд хүнд үе тохиолдовч хуулиа дээдэлж хуулийн хугацаанд өв хүлээн авах хүсэлтээ өгсөн болно. Хамтын хөдөлмөрийн үр шимээр бий болсон бидний өв хөрөнгө гэвэл тодорхой юм. Энэ бүхэн хуулийн дагуу мөнгөн биет хэлбэрээр эрх бүхий хүмүүст олгогдох ёстой гэж үзэж ирсэн. Учир нь: хүүгийнхээ ирээдүйн болон хамтын амьдрал, аж ахуйг дээшлүүлэхээр хүүгээ гэрлэхээс өмнө нэр дээр нь нэг хүний өмчлөлийн гэр бүлийн зориулалттай ногоо тарих өмчлөлийн газар авч хамтран ногоо тарьж олсон орлогоороо амьдарч байсан. Иймд хүүгийнхээ нэр дээр байгаа уг өмчлөлийн газрыг эцэг эх болох *******, ******* бид хоёрт өвчлөх эрх хуулийн дагуу шилжих ёстой гэж үзэж байгаа юм.

Нэхэмжлэгч ******* миний өмчлөлийн Д-18585551135213 нэгж, Г1316001596 талбар газар дээр хүү Г.******* 2013 онд байшин барьж 2014 онд бүрэн ашиглалтад оруулсан. Уг байшин 8*9 харьцаатай хар модон палкаар байрьсан өвлийн байшин бөгөөд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй болно. ******* миний уг газрын нийт хэмжээ нь 2400 мкв хоёр хүний өмчлөлийн бөгөөд уг газраасаа ач хүү бэр ******* нарт үл хөдлөх хөрөнгийн доор 690 мкв газар төслөн өгөх. Харин байшинг үнэлүүлж үнийн дүнгээс эцэг, эх болох бид оногдох хэсгийг авах хүсэлтэй байна. Жич: үлдэгдэл газар болон 1710 мкв газраа хоёр хүний өмчлөлд хэвээр үлдээж, газрын үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээгээр миний өмч болох нь тодорхой юм. Шаамар сумын ард иргэдийн амьдралын эх үүсвэр болох ногоо тарих, зөгий үржүүлэх, зөгийн бал хураан авах зэргээр амьдарч байгаа. Миний хүү анх хоёр бүл зөгий үржүүлэн 215 оны жилийн эцсээр 19 бүл зөгийтэй болсон бөгөөд уг 19 бүл зөгийнөөс хувь оногдоно гэж үзэж байгаа.

Хүүтэйгээ эхлүүлсэн бизнесийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор 1996 онд үйлдвэрлэсэн Бонго маркийн ачааны авто машиныг эх ******* би хүүдээ 2008 онд авч өгсөн. Хүүгээ нас барсны дараагаар 1,200,000 төгрөгийн сэлбэгээр засаж сайжруулсан ба надад шилжих ёстой юм. Хүүгээ гэр бүлтэй болж өрх тусгаарлахад нь нэг тооны үхээ авч өгсөн ба уг мал өсөж 2015 оны тооллогоор 3 толгой болж өссөн. Энэ өв хуваагдах эсэхийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх. 2016 онд хүүгээ нас барсны 11 сарын дараа сумын нотариат Ц.Алтанзогсоолд өв хүлээн авах хүсэлтээ өгсөн ба энэ иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.2 дахь хэсэгт зааснаар энэ нь өв хүлээ навсан гэж үзнэ гэсэн хуулийн заалтаар эх *******, аав Б.Ганбаатар бид хоёрт өв үлдэх ёстой гэж үзэж байна. Өвлөгдөх үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийн үнэлгээг 2021 онд зах зээлийн үнэлгээг үндэслэн өөрсдөө тогтоон өөрсдөө үнэлсэн бөгөөд шүүхийн журмаар үнэлгээ хийлгүүлэх гаргуулах хүсэлт тус тус өгсөн байгаа болно. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Нэгдүгээрт нэхэмжлэл буй 0,49 сот буюу хагас га газрыг би авсан, гэрчилгээ нь надад байдаг. Хэдий би ашиглаж байгаа ч албан ёсоор миний нэр дээр болоогүй. Миний хүү гэр бүл болохоос өмнө бүтээсэн хөрөнгө тул бэр *******т хамааралгүй гэж бодож байна. Хоёрдугаарт, машины хувьд би хүүдээ авч өгч байсан. Хүүгээ нас барсны дараа 49 хоног нь өнгөрсний дараа би бэрдээ хэлээд машиныг нь авсан. 1,800,000 гаруй төгрөгийн засвар үйлчилгээ хийгээд одоо хүртэл надад байдаг. Гэхдээ мөн албан ёсоор миний нэр дээр болоогүй. Гуравдугаарт зөгийний хувьд анх Дэлхийн зөн олон улсын байгууллагаас 2 бүл зөгий өгсөн. Миний хүү тухайн жилдээ зөгийгөө үржүүлж 4 бүл зөгий болгохдоо их баярлаж байсан. Зөгийг үржүүлэхэд миний болон миний хүүгийн хүч хөдөлмөр орсон. Миний бэр байсан ******* оролцдоггүй байсан. 2015 оны тооллогод 19 бүл зөгий тоолуулсан. Дөрөвдүгээрт хашаа байшингийн тухайд миний талийгаач хүү болон миний талийгаач хань бид гурвын хүч хөдөлмөр, хөрөнгөө зарцуулж босгосон. Бэрийн гэрийн зүгээс торхыг нь босгож байсан ч бусад зүйлсийг бид хөрөнгө оруулж байсан. Үүнээс хуулийн дагуу тодорхой хэмжээнд ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

3.Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжилж буй зөгийг Дэлхийн зөн олон улсын байгууллагаас миний хүү өд хүүхдийн сайн сайхны төлөө өгсөн, миний хүүгийн өмч юм. Эцэг нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Миний хүү ааваасаа 3 дугаар ангид байхдаа хагацсан. Гэтэл манай хадам одоо миний хүүхдийн хөрөнгөтэй маргаад яваад байна. Зөгий бол миний хүүгийн хуваарьт хөрөнгө. Миний ханийг нас барсны дараа хадам ээж ...зөгийнөөс би авах шаардлагатай байна. гэхэд нь би 3 бүл зөгий өгч байсан. Зөгий өгч байхад хамт байсан хүмүүс нь гэрчээр тодорхойлолтоо өгсөн. Машины тухайд манай нөхөр бид 2 Улаанбаатар хотод байхдаа өөрсдийнхөө амьдрал ахуйг дээшлүүлэх гэж авсан. Тухайн үеийн амьдарч байсан хаяг, нотлох баримтыг улсын бүртгэлээс лавлагаа авч хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн.

Миний нөхрийг нас бараад 49 хоногийнх нь дараа мөн хадмууд хэрэгтэй байна, авмаар байна гэхэд нь би 49 хоног нь дуусчихсан, авбал ав гээд өгсөн. Одоо хүртэл хадамд байсаар байна. 0.49 сот газрын тухайд тус газар нь манай нөхрийн нэр дээрх газар мөн. Миний нөхрийг нас барснаас хойш хадам маань тус газарт нь ногоо тарьж амьдарч байна. Энэ бүх зүйлийг манай хадмууд аль хэдийн авсан. Иргэн бүрд газар олгож байхад миний нэр дээр бид 2 Улаанбаатарт газар авсан. Улаанбаатарт авсан газраа хадам ээждээ бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж оронд нь одоо амьдарч байгаа газар дээрээ манайх хашаа байшингаа барьсан. 2006 оноос 2016 он хүртэл 10 жилийн хугацаанд бид байшингаа барихын тулд бүх материалаа өөрсдөө бүрдүүлж өөрсдөө барьсан. Тухайн үед би төрийн байгууллагын ажилтан байсан учир авах боломжтой бүх зээлийг авч байшингаа барьж байсан.

Хамгийн сүүлд байшингаа барихад Капитал банкнаас зээл авсан. Манай нөхөр тус зээлийг аваад удаагүй байхад нас барсан тул үлдэгдэл бүх зээлийг би төлсөн. Одоо хүртэл би хүүгийн хамтаар тус хашаа байшиндаа амьдарч байна. Д.Даваасүрэн өмгөөлөгч намайг ажил дээр ирээд дуудаж уулзаад ...чи энэ бүхнийг хүлээн зөвшөөрч байгаа бол надтай уулз, гарын үсгээ зур гэсэн. Би яагаад бүх юмаа өгчхөөд нэмж өгөх ёстой юм. Би өрх толгойлсон эмэгтэй, хүүтэйгээ хоёулхнаа амьдарч байна. Тийм учраас нэхэмжилж буй зүйлийг өгөх боломж надад байхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******ээс хариуцагч *******т холбогдуулан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 багийн нутагт орших улсын бүртгэлийн ******* дугаартай, нэгж талбарын ******* дугаартай, 4999.5 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, ******* улсын дугаартай KIA маркийн автомашин, 3 толгой үхэр, 19 бүл зөгий, улсын бүртгэлд бүртгэгдээгүй Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1-р баг, Дэлгэрхаан хаягт байгаа хувийн орон сууц, хашаа зэрэг нийт 51,000,000 төгрөгийн эд хөрөнгөөс оногдвол зохих хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* нь 3 толгой үхэр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь 3 толгой үхэр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлах нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч *******ийн хүү Ганбаатарын ******* нь 2016 оны 3 дугаар сарын 11-ны өдөр нас барж, түүний өв нээгдсэн, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 багийн нутагт орших улсын бүртгэлийн ******* дугаартай газар болон ******* улсын дугаартай автомашины өмчлөгчөөр Г.******* бүртгэгдсэн, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1-р баг, Дэлгэрхаан хаягт хувийн орон сууц, хашаа байгаа болох нь Г.*******ийн нас барсны гэрчилгээ, нэхэмжлэгч *******ийн паспортын хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн болон тээврийн хэрэгслийн лавлагаа, нэхэмжлэгч, хариуцагч нарын хүлээн зөвшөөрсөн тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 41, 88, 143, 172 дахь тал/

 

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө,

520 дугаар зүйлийн 520.1-д Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй.

520.1.1.нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх;

520.1.2.энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ,

520.5.Гэрлэгчдийн хуваарьт эд хөрөнгийг энэ хуулийн 520.1-520.3-т зааснаар өвлөнө.

520.6.Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд оногдох хэсгийг гагцхүү энэ хуулийн 520.1.1-д заасан этгээд биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй гэж тус тус заажээ.

 

Үүнээс үзвэл нэхэмжлэгч ******* нь хууль ёсны өвлөгчийн хувьд өвлүүлэгч Г.*******ийн хуваарьт болон гэр бүлийн гишүүний хувьд дундаа хамтран өмчилж байсан эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Өвлүүлэгч М.*******, түүний гэр бүлийн гишүүд нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн хашаанд тодорхой хугацаанд амьдарч байсан байх бөгөөд энэ нь нэхэмжлэгч ******* нь өвлүүлэгч М.*******, түүний гэр бүлийн гишүүдтэй хамт амьдарч байсан гэж үзэх Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч ******* нь гэр бүлийн гишүүнд тооцогдохгүй.

 

Иймд нэхэмжлэгч ******* гэр бүлийн гишүүний хувьд бус өвлүүлэгч М.*******ийн хууль ёсны өвлөгчийн хувьд нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй.

 

3.Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ,

528.2-т Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж тус тус заажээ.

 

Өвлүүлэгч М.*******ийг нас барах хүртэл хамт амьдарч байсан эхнэр, хариуцагч *******, өвлүүлэгчийн хүүхэд нар нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч тал үүнийг үгүйсгэхгүй байх тул өвлүүлэгчийн эхнэр, хариуцагч *******, хүүхэд нар нь өвийг хүлээн авахаас татгалзаагүй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Мөн өвлүүлэгч М.*******ийг нас барах хүртэл хамт амьдарч байгаагүй түүний эх, нэхэмжлэгч *******, эцэг ******* нь нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгүүдийг өвийн журмаар хүлээн авах хүсэлтээ нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор буюу 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын тойргийн нотариатч Ц.Алтанзогсоолд гаргаж, нотариатч энэ тухай тэмдэглэл үйлдсэн болох нь *******, ******* нарын нотариатчид гаргасан хүсэлт, нотариатчийн бүртгэлийн дэвтэр дэх бүртгэл, Монголын Нотариатчидын танхимын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 422 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр тогтоогдож байх тул өвлүүлэгч эх, нэхэмжлэгч *******, эцэг ******* нар өвийг хүлээн авахаас татгалзаагүй гэж шүүхээс дүгнэлээ. /хэргийн 138-140, 147-148/

 

4. Нэхэмжлэлийн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 багийн нутагт орших улсын бүртгэлийн ******* дугаартай, нэгж талбарын ******* дугаартай, 4999.5 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын ногдох хэсгийг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгчээс Тухайн газар нь хариуцагч *******той гэр бүлээ бүртгүүлэхээс өмнө өвлүүлэгчид байсан хөрөнгө тул өвлүүлэгчийн хуваарьт хөрөнгө гэж, хариуцагчаас Өвлүүлэгчтэй 2002 оноос буюу гэр бүлээ бүртгүүлэхээс өмнө хамт амьдарч байсан тул өвлүүлэгчийн гэр бүлийн гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж маргаж байна.

 

Өвлүүлэгч Г.*******, хариуцагч ******* нар 2006 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр өвлүүлэгч 2006 оны 2 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн болох нь гэрлэгчдийн 0047395 дугаартай гэрлэгчдийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өвлүүлэгч гэрлэхийн өмнө олж авсан гэж үзэх үндэслэлтэй байна. /хэргийн 39,88 дахь тал/

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Гэр бүлийн гишүүний дараахь хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарна:

127.1.1-д гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрх гэж заасны дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өвлүүлэгчийн хуваарьт хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээрх өвлүүлэгчийн хуваарьт эд хөрөнгийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч эхнэр, хариуцагч *******, хүүхэд , 520.1.2-т заасан хууль ёсны өвлөгч өвлүүлэгчийн эх, нэхэмжлэгч *******, эцэг ******* нар мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.5-д зааснаар адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж шүүхээс дүгнэж, нэхэмжлэгч *******т Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 багийн нутагт орших улсын бүртгэлийн ******* дугаартай, нэгж талбарын ******* дугаартай, 4999.5 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын үнэлгээний дөрөвний нэг хэсгийг олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д Тогтоох хэсэгт ... Шийдвэр гүйцэтгэх арга, журмыг зааж, ... шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад шаардагдах бусад зөвшөөрөл олгоно гэж заасны дагуу тухайн газрын үнэлгээний дөрөвний нэг хэсгийг нэхэмжлэгч *******т олгох ажиллагааг талууд тохиролцож хэрэгжүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар үнэлгээ хийж гаргуулахаар шийдвэрт заав.

 

5. Нэхэмжлэлийн ******* улсын дугаартай KIA маркийн автомашинаас ногдох хэсгийг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгчээс Тухайн автомашиныг 2008 онд өвлүүлэгчид авч өгч байсан, өвлүүлэгч нас барсны дараа 1,200,000 төгрөгөөр засаж сайжруулсан тул өвлүүлэгчийн хуваарьт хөрөнгө гэж, хариуцагчаас Тухайн автомашиныг 2011 онд хуучин автомашинаа зарсан мөнгөөрөө авсан тул өвлүүлэгчийн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж маргаж байна.

 

******* улсын дугаартай авто машины өмчлөгчөөр өвлүүлэгч М.******* нь 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэн буюу гэрлэлтээ батлуулснаас хойш өвлүүлэгч нь тухайн эд хөрөнгийг олж авсан байх тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараахь хөрөнгө хамаарна:

126.2.4- гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэж заасны дагуу тухайн автомашин нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байна. /хэргийн 143 дахь/

 

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж заасан тул тухайн автомашин нь гэр бүлийн гишүүн болох өвлүүлэгч М.*******, эхнэр, хариуцагч *******, хүүхэд нарт адил хэмжээгээр буюу гуравны нэг хэсэг ногдож байна.

 

Тухайн автомашин нь Ашид билгүүн ХХК-ны үнэлгээгээр 4,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн тул өвлүүлэгч М.*******т гуравны нэг буюу 1,333,333 төгрөг ногдож байна. /хэргийн 119 дэх тал/

 

Иймд дээрх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг Иргэни хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч эхнэр, хариуцагч *******, хүүхэд , 520.1.2-т заасан хууль ёсны өвлөгч өвлүүлэгчийн эх, нэхэмжлэгч *******, эцэг ******* нар мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.6-д зааснаар адил хэмжээгээр өвлөх эрхтэй шүүхээс дүгнэж, нэхэмжлэгч *******т ******* улсын дугаартай KIA маркийн авто машинаас өвлүүлэгчид ногдох 1,333,333 төгрөгийн дөрөвний нэг буюу 333,333 төгрөгийг олгохоор шийдвэрлэлээ.

 

6. Нэхэмжлэлийн 19 бүл зөгийнөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгчээс Зөгий үржүүлэх ажлыг хүүтэйгээ эрхэлдэг байсан, хариуцагч огт оролцдоггүй байсан, 2015 оны жилийн эцсээр 19 бүл зөгийтэй болсон. Өвлүүлэгчийн гэр бүлийн гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж, хариуцагчаас 2010 оны 6 дугаар сард Дэлхийн зөн байгууллагаас хүүхдийн сайн сайхны төлөө хүү өд 4 бүлэнцэр зөгий өгсөн, иймээс уг зөгий хүү ийн хуваарьт хөрөнгө гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-д гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө-ийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарахаар заажээ.

 

Хүү өд Дэлхийн зөн байгууллагаас хүүхдийн сайн сайхны төлөө 4 бүлэнцэр зөгийг өгсөн боловч зөгийн аж ахуй үйл ажиллагааг хүүхэд дангаар эрхлэх боломжгүй, тухайн байгууллагаас гэр бүлийн хэрэгцээнд зориулж, бэлэглэсэн [1]гэж үзэх үндэслэлтэй байх тул гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж шүүхээс дүгнэлээ.

 

Гэвч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүрэгтэй бөгөөд 19 бүл зөгий байгаа гэдгийг нотлох баримтаар нотлоогүй, мөн ийн хуваарьт хөрөнгө бус өвлүүлэгч М.*******ийн ногдох хэсгээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэж байгаа тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

7. Нэхэмжлэлийн Улсын бүртгэлд бүртгэгдээгүй Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1-р баг, Дэлгэрхаан хаягт байгаа хувийн орон сууц, хашаанаас ногдох хэсгийг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь тухайн хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэдэгт маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж заасан тухайн орон сууц, хашаа нь гэр бүлийн гишүүн болох өвлүүлэгч М.*******, эхнэр, хариуцагч *******, хүүхэд нарт адил хэмжээгээр буюу гуравны нэг хэсэг ногдож байна.

 

Ашид билгүүн ХХК-ны үнэлгээгээр орон сууц 28,969,290 төгрөг, хашаа 410,000 төгрөг, дээрх 2 эд хөрөнгө нийт 29,379,290 төгрөгөөр үнэлэгдсэн тул өвлүүлэгч М.*******т гуравны нэг буюу 9,793,096 төгрөг ногдож байна. /хэргийн 119 дэх тал/

 

Иймд дээрх гэр бүлийн гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгүүдийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч эхнэр, хариуцагч *******, хүүхэд , 520.1.2-т заасан хууль ёсны өвлөгч өвлүүлэгчийн эх, нэхэмжлэгч *******, эцэг ******* нар мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.6-д зааснаар адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж шүүхээс дүгнэж, нэхэмжлэгч *******т өвлүүлэгчийн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох орон сууц, хашаанаас өвлүүлэгчид ногдох 9,793,096 төгрөгийн дөрөвний нэг буюу 2,448,274 төгрөгийг олгохоор шийдвэрлэлээ.

 

8. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 17,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

9. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өвлүүлэгчийн эцэг ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч *******ийг түүний эрх залгамжлагч биш гэж үзсэн. Иймд энэхүү шүүхийн шийдвэрээр Б.Ганбаатарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй тул хуульд заасны дагуу Б.Ганбаатарын өвлөгч гэж тогтоогдсон этгээд нь дахин нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно. /хэргийн 155 дахь/

 

10. Нэхэмжлэгчээс тухайн эд хөрөнгийг биет байдлаар бус ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхээс хариуцагчаас ногдох хэсгийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчид ногдох хэсгийг олгосон тохиолдолд энэхүү шүүхийн шийдвэр нь холбогдох байгууллага тухайн эд хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагч *******ыг бүртгэх үндэслэл болохыг дурдсугай.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь 3 толгой үхэр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

 

2.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.5, 520.6-д заасныг баримтлан хариуцагч Ламын гэгээн овогт Дашдоржийн Бадам-Осор /РД:ЧВ82011305/-оос Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 багийн нутагт орших улсын бүртгэлийн ******* дугаартай, нэгж талбарын ******* дугаартай, 4999.5 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын үнэлгээний дөрөвний нэг хэсгийг, ******* улсын дугаартай KIA маркийн авто машины үнээс 333,333 төгрөг, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1-р баг, Дэлгэрхаан хаягт байрлах хувийн орон сууц, хашааны үнээс 2,448,274 төгрөгийг хариуцагч тус тус гаргуулж, нэхэмжлэгч Боржигон овогт Бадамгаравын Энхцэцэг /РД:МО58041508/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 багийн нутагт орших улсын бүртгэлийн ******* дугаартай, нэгж талбарын ******* дугаартай, 4999.5 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын үнэлгээний дөрөвний нэг хэсгийг нэхэмжлэгч ******* олгох ажиллагааг талууд тохиролцож хэрэгжүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар үнэлгээ хийж гаргуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 17,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-д зааснаар шийдвэрийн 1 дэх заалтад зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд бусад заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авах, хүлээн авах, давж заалдах журмаар гомдол гаргах талаар дараах эрх, үүрэгтэй болохыг дурдсугай.

  5.1. Шүүх хуралдаанд оролцсон оролцогч нар шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж өөрөө шийдвэрийг гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

5.2. Шүүх хуралдаанд оролцоогүй оролцогч нарт шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардуулна. Гардуулах боломжгүй тохиолдолд 7 хоногийн дотор баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлснийг шийдвэрийг гардан авсанд тооцох бөгөөд хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүйгээс шүүхээс хүргүүлсэн шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

5.3. Шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болно.

5.4. Нэг талын нэхэмжлэгч (эсхүл хариуцагч), гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн нь эхэлж шийдвэрийг гардан авсан огнооноос тухайн талын гомдол гаргах хугацааг тоолно.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Л.ЭНХТАЙВАН