Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/920

 

 

 

 

 

 

    2023            9             14                                         2023/ДШМ/920

 

 

Ц.Бад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

   Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

   прокурор Т.Төмөртулга,

шүүгдэгч Ц.Б,

   нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

   Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/876 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Бын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2308000000612 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Манкцай овгийн Ц.Б, 1999 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Юнител ХХК-д хэрэглэгчийн зөвлөх ажилтай, ам бүл 2, эгчийн хамт ................ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ...................тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.................../;

Ц.Б  нь 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өгөөмөр” ломбард ажиллуулж байсан иргэн О.Оийн зарж борлуулахаар үзүүлж байсан Самсунг А-52 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 550.000 төгрөгийн,

2023 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гар утас худалдааны төвд гар утасны худалдаа эрхэлж байсан иргэн Ч.Уийн зарж борлуулахаар үзүүлж байсан Самсунг А-31 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 300.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Манкцай овогт Ц.Быг хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бад 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Бад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Баас 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч О.От олгож, шүүгдэгч Ц.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Ч.Ут 300.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардаг нэхэмжлээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувийн байдлын хувьд төрсөн эгчийн хамт Улаанбаатар хотод байр түрээсэлж амьдардаг. Харин аав, ээж минь Увс аймгийн Өлгий суманд амьдардаг. Аав 3 удаа тархины тал цус харвасан, ээж үе мөчний өвчтэй группт байдаг. Анхан шатны шүүх хурлын үеэр хохирогч О.От учруулсан хохирол болох 550.000 төгрөгийг төлөх хугацаа өгсөн боловч аавын бие удаа дараа муудаж, эмчилгээ, эм, тариа гээд зайлшгүй ар гэрийн санхүүгийн асуудал гарсан тул хохирлыг төлж чадаагүй. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирлыг төлж барагдуулах болно. Аав, ээжээ асран хамгаалах, тусалж дэмжих, ажил хөдөлмөр эрхэлж амьдралаа босгох насан дээрээ гэмт хэрэг үйлдэж бусдад эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол учруулсандаа туйлын их харамсаж байна. Миний хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Т.Төмөртулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Бадрах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг хоёр удаагийн үйлдлээр үйлдсэн. Хохирол, төлбөр төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан боловч хохирлоо нөхөн төлөөгүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Бын үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд шүүгдэгч Ц.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Б нь 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өгөөмөр” ломбард ажиллуулж байсан иргэн О.Оийн зарж борлуулахаар үзүүлж байсан Самсунг А-52 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:           

хохирогч О.Оийн “...би өөрийн ажил дээрээ буюу “Өгөөмөр” ломбарданд ажиллаж байтал гаднаас нэг үл таних эрэгтэй хүн орж ирээд зарах гар утас байна уу гэж хэлэхээр нь би байгаа гээд зарах гэж байсан гар утсыг үзүүлээд байж байтал гаднаас үл таних 2 эмэгтэй орж ирээд “гар утас барьцаанд тавья” гэж хэлэхээр нь би тухайн 2 эмэгтэй хүний гар утсыг барьцаанд авах гээд шалгаж үзэж байтал өмнө орж ирсэн гар утас худалдаж авахаар үзэж байсан залуу шууд гараад зугтаахаар нь би араас нь ломбардаа түгжээд гартал тухайн залуу хаашаа явсан нь мэдэхгүй алга болсон байсан. ...” /хх 7/,

шүүгдэгч Ц.Бын яллагдагчаар өгсөн: “...Өгөөмөр нэртэй ломбард байхаар нь тухайн газарт ортол нэг эгч сууж байхаар нь “гар утас байна уу” гэж асуутал надад самсунг А52 маркийн гар утас гаргаж ирж үзүүлэхээр нь үзээд үнийг нь асуутал “450.000 төгрөгөөр зарна” гэхээр нь “за за” гэж хэлээд тухайн гар утсыг өгчхөөд гарч яваад хэсэг байж байгаад буцаад орж ирээд дахиад зарах гэж байгаа утсыг чинь үзье гэтэл надад самсунг А52 маркийн гар утсыг өгөхөөр би тухайн гар утсыг үзээд байж байтал гаднаас үл таних 2 эмэгтэй орж ирээд тухайн ломбардын хүнтэй юм яриад зогсож байхаар нь би тухайн гар утсыг аваад ломбардаас гараад гүйчихсэн. Би тухайн гар утсыг Сонгинохайрхан дүүргийн 19-ийн автобусны буудал дээр 300.000 төгрөгөөр зарсан. ...” /хх-17-18, 25-27/ гэсэн мэдүүлгүүд,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Ц-255 дугаар “Самсунг А52 загварын гар утсыг 550.000 төгрөгөөр үнэлэв. ...” /хх 12-13/ гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар,

Ц.Б нь 2023 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гар утас худалдааны төвд гар утасны худалдаа эрхэлж байсан иргэн Ч.Уийн зарж борлуулахаар үзүүлж байсан Самсунг А-31 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 300.000 төгрөгийн хохирол болох нь:

хохирогч Ч.Уийн “...15 цаг 11 минутын орчимд гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд самсунг А31 загварын гар утсыг худалдаж авъя гэхээр нь би самсунг А31 загварын гар утсанд өөрийн 96260107 дугаарыг хийж шалгаад тухайн хүнд өгөхөд миний 86662685 дугаар луу залгаж шалгаад авахаар болсон тул би дагалдаж өгөх гар утасны гэрийг авч өгөх гээд эргэж харахад тухайн залуу самсунг А31 загварын гар утсыг аваад гарч зугтаасан. Би араас нь гарсан боловч хурдан гүйж байсан тул гүйцээгүй. Тэгээд өөрийн 96260107 дугаарын утас руу манайх дотор, гаднаа хяналтын камертай тул чи хаашаа ч зугтааж чадахгүй шүү миний утсыг авчирч өг гэж мессеж бичихэд над руу буцаагаад “18 цагт миний мөнгө ороод ирнэ тэр үед таны мөнгийг өгье, та битгий сандарч тэвдээрэй, таныг хохиролгүй болгоно” гэсэн байсан Тэгээд 18 цаг хүртэл хүлээхэд “өнөөдөр амжихгүй болчихлоо маргааш 12 цаг гээд мөнгийг чинь хийе” гэх мэт мессеж бичиж байгаад орой 20 цагийн орчимд над руу нууцалсан дугаараас залгаад “эгчээ би маргааш яг өгнө өө” гэхээр нь “цагдаад хандаагүй байгаа дээр утсыг минь авчраад өгчих” гэж хэлсэн, тэгээд дахиж холбогдоогүй тул цагдаагийн байгууллагад хандсан. ...” /хх-54-55/,

шүүгдэгч Ц.Бын яллагдагчаар өгсөн “...цамбагаравын автобусны буудлын хойно байрлах гар утасны сэлбэг хэрэгсэл зардаг ТҮЦ байхаар нь ортол нэг эгч байхаар нь лангуун дээр зарж байсан самсунг А31 маркийн гар утсыг хараад “энэ гар утсыг үзье” гэж хэлэхэд надад үзүүлэхээр нь би тухайн гар утсанд сим хийж үзэх гэтэл тухайн эмэгтэй өөрийнхөө скайтелын сим картаа тухайн гар утсанд хийгээд надад өгөхөөр нь би “шалгаж үзэж байгаад авъя” гэж хэлэхэд тухайн эмэгтэй цаашаа эргээд гар утасныхаа дагалдах хэрэгслийг гаргаж өгөх үед нь би тухайн газраас гараад зугтаасан. ...” /хх-75-76, 82-84/ гэсэн мэдүүлгүүд,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 23023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Ц-232 дугаар “Самсунг А31 загварын гар утсыг 300.000 төгрөгөөр үнэлэв. ...” /хх 69-70/ гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус хангалттай тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Ц.Быг “хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.Б нь хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ц.Б “...хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг  илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх” гэмт хэргийн хувьд  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл илэрдэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан ялын төрлөөс хорих ялыг сонгож, 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулсан нь, мөн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн арга, үйлдсэн гэмт хэргийнх нь улмаас учирсан хохирол, хор уршигт болон гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээнд тохирсон төдийгүй хэрэгт тогтоогдсон этгээдийн хувийн байдалд нь тохирсон байна.

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Ц.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч О.От хохиролд 550.000 төгрөг төлсөн, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгч Ц.Б нь 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл нийт 57 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/876 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Ц.Б нь хохирогч О.От хохиролд 550.000 төгрөг төлсөн, төлбөргүй болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Б нь 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл нийт 57 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

  

ШҮҮГЧ                                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ