| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00719/И |
| Дугаар | 301/ШШ2025/00071 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 301/ШШ2025/00071
| 2025 оны 02 сарын 04 өдөр | Дугаар 301/ШШ2025/00071 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн Т сумын С баг, Онцгой дөрвийн **-** тоотод оршин суух, Ш овгийн А.Бийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн Т сумын С багийн Д хорооллын **-** тоотод оршин суух, Б овогт Эын Тт холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Э.Тт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.Т бид хоёр 2014 онд танилцаж, улмаар дотносон хамтран амьдарч байгаад 2021 оны 3 дугаар сарын 04-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэрлэгчдийн 10 дугаар бүхий гэрчилгээ авсан. Бидний дундаас 2016 оны 01 сарын 06-нд охин Т.Н, 2018 оны 09 сарын 30-нд хүү Т.Г, 2021 оны 11 сарын 08-нд охин Т.С нар төрсөн. Өнгөрсөн хугацаанд нэг гэр бүл болж хамтран амьдарч байхад эхэндээ эвтэй найртай сайхан амьдарч байсан боловч 2023 оны эхнээс нөхөр Э.Т нь архи, согтууруулах ундаа хэрэглэх нь эрс ихсэж, ажил дээр ирж агсан согтуу тавьж, эрэгтэй хүн болгонтой хардаж, бусадтай харилцахыг хязгаарлаж, ардаас мөрдөн мөшгөж, тэр хүмүүстэй чинь нийлүүлж байгаад уулын модонд аваачиж буудна, ална гэх мэтээр байнга дарамталж, заналхийлдэг. Ажил дээр ирж ажлын газрын даргатай хэрэлдэж, зодож байсан. Өнгөрсөн 5 сараас хойш тусдаа амьдарч байхад шөнийн 2-4 цагийн хооронд дан согтуу ирж хаалга нүдэхээр нь онгойлгож өгөхгүй болохоор цонхоор орж ирэн орилж, хашхичиж хүүхдүүдээ айлган сүрдүүлдэг, мөн намайг хүсээгүй байхад хүчээр бэлгийн харьцаанд ордог. Хамгийн сүүлд хүүхдүүдээ ээжийнх нь гэрээс авчхаад, 22 цагийн үед харих замдаа намайг хэл амаар доромжилж, намайг машинаас буулгаад 2 том хүүхдээ дагуулаад ингээд үх чи гээд хурдтай давхиад явахад нь би цагдаад дуудлага өгсний дараа хоёр хүүхдээ хээр гудамжинд үлдээчихсэн байсан. Энэ байдлыг би тэвчихээ больж, сумын цагдаад хэлэхэд 3-4 удаа саатуулж байсан. Хэрэг нээж аймаг руу шилжүүлж байгаагүй. Би Э.Тийг ажил дээрээ хэзээ ороод ирэх бол, гудамжинд явж байхад хэзээ гараад ирэх бол, гэртээ байж байхад хэзээ хүрээд ирэх бол гэх мэтчилэн байнгын айдас түгшүүртэй, сэтгэл санааны байнгын дарамтад байдаг. Гэртээ хүйтэн хөндий харилцаатай, хүнтэй утсаар ярихдаа дандаа гарч тусдаа ярьдаг, надтай огт ярилцдаггүй, маш их худлаа ярьдаг. Надад тэр хүнийг гэх сэтгэл байхгүй, хөрсөн, эвлэрэх боломжгүй, сэтгэл, санаа, бэлгийн хүчирхийлэлд удаа дараа өртсөн. Цаашлаад амь нас, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй тул гэрлэлтээ цуцлуулж, 3 хүүхдээ өөрийн асрамжид авч, хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно. Бидний хооронд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд Ш овогт Аийн Б, Б овогт Эын Т бидний гэрлэлтийг цуцалж, охин Т.Н, хүү Т.Г, охин Т.С нарыг эх А.Б миний асрамжид үлдээж, эцгээр нь хуульд заасан хэмжээ, хугацаагаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3. Нэхэмжлэгчээс А аймгийн Т сумын Б багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ** тоот тодорхойлолт, А аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ** тоот тодорхойлолт, А аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ** тоот тодорхойлолт, хүүхдүүдийн эрүүл эсэн мэнд бойжиж байгаа гэсэн Т сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолтууд, Т.Сийн төрсний гэрчилгээ, Э.Т, А.Б нарын гэрлэлтийн гэрчилгээ, А аймгийн Т сумын Хүүхдийн цэцэрлэгийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ** тоот тодорхойлолт, Т.Н, Т.Г нарын төрсний гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн
ҮНДЭСЛЭХ НЬ
1. Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Э.Тт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Хариуцагч Э.Т бид хоёр 2014 онд танилцаж, улмаар дотносон хамтран амьдарч байгаад 2021 оны 3 дугаар сарын 04-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэрлэгчдийн ** дугаар бүхий гэрчилгээ авсан. Бидний дундаас 2016 оны 01 сарын 06-нд охин Т.Н, 2018 оны 09 сарын 30-нд хүү Т.Г, 2021 оны 11 сарын 08-нд охин Т.С нар төрсөн. Өнгөрсөн хугацаанд нэг гэр бүл болж хамтран амьдарч байхад эхэндээ эвтэй найртай сайхан амьдарч байсан боловч 2023 оны эхнээс нөхөр Э.Т нь архи, согтууруулах ундаа хэрэглэх нь эрс ихсэж, ажил дээр ирж агсан согтуу тавьж, эрэгтэй хүн болгонтой хардаж, бусадтай харилцахыг хязгаарлаж, ардаас мөрдөн мөшгөж, тэр хүмүүстэй чинь нийлүүлж байгаад уулын модонд аваачиж буудна, ална гэх мэтээр байнга дарамталж, заналхийлдэг. Өнгөрсөн 5 сараас хойш тусдаа амьдарч байхад шөнийн 2-4 цагийн хооронд дан согтуу ирж хаалга нүдэхээр нь онгойлгож өгөхгүй болохоор цонхоор орж ирэн орилж, хашхичиж хүүхдүүдээ айлган сүрдүүлдэг, мөн намайг хүсээгүй байхад хүчээр бэлгийн харьцаанд ордог. Хамгийн сүүлд хүүхдүүдээ ээжийнх нь гэрээс авчхаад, 22 цагийн үед харих замдаа намайг хэл амаар доромжилж, намайг машинаас буулгаад 2 том хүүхдээ дагуулаад ингээд үх чи гээд хурдтай давхиад явахад нь би цагдаад дуудлага өгсний дараа хоёр хүүхдээ хээр гудамжинд үлдээчихсэн байсан. Энэ байдлыг би тэвчихээ больж, сумын цагдаад хэлэхэд 3-4 удаа саатуулж байсан. Бидний хооронд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд Ш овогт Аийн Б, Б овогт Эын Т бидний гэрлэлтийг цуцалж, охин Т.Н, хүү Т.Г, охин Т.С нарыг эх А.Б миний асрамжид үлдээж, эцгээр нь хуульд заасан хэмжээ, хугацаагаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2011 онд танилцаж, гэрлэлтээ 2021 онд албан ёсоор эрх бүхий байгууллагад бүртгүүлж байсан. Тэдний дундаас 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр охин Т.Н, 2018 онд хүү Т.Г, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр охин Т.С нар төрсөн. Гэрлэгчид нь эвтэй, сайхан амьдарч байсан боловч хариуцагч Т нь архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэж, нэхэмжлэгчийн ажил дээр нь ирж агсам согтуу тавьж, найз нөхөдтэй нь нийлүүлэхгүй байх, үг хэлээр дарамталж, заналхийлж гэр бүлийн хүчирхийлэлд байлгасан. Энэ үйлдлийг нь нэхэмжлэгч тэвчсэн. Харин 2023 оны 10 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч байгаа. Тусдаа амьдарсан хэдий ч хариуцагчийн зан авир нь засрахгүй нэхэмжлэгчийн хаалгыг эвдэж, хүүхдүүдээ элдэв үгээр хэлдэг, үр хүүхдүүдээ үл хайхарч хээр орхиж байсан гэдэг үйл баримтуудыг нэхэмжлэгч дурдаж хэлдэг. Мөн сэтгэл санаа, бие махбод болон бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан талаараа тайлбар гаргадаг. Нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж өгсний дараа нэхэмжлэлийн шаардлагын талаар мөн би гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй гэж огт маргаагүй. Иймд нэхэмжлэгч гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан гэдэг нь нотлогдож байна. Үүнээс гадна цаашдаа нэхэмжлэгчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй 3 хүүхдээ өөрийн асрамжид авч хуульд заасан хувь хэмжээгээр эцгээр нь тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байгаа. Гэрээлэгчдийн хооронд үүссэн харилцааг Гэр бүлийн тухай хуулиар зохицуулсан байгаа. Хуульд зааснаар захиргааны болон шүүхийн журмаар гэрлэлтийг цуцалдаг. Нэхэмжлэгч А.Б, хариуцагч Э.Т нарын тухайд насанд хүрээгүй 3 хүүхэдтэй байх тул захиргааны журмаар гэрлэлтийг цуцлах боломжгүй байна. Иймд шүүхийн журмаар гэрлэлтийг цуцлахдаа Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийг үндэслэн цуцлах нь зүйтэй байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.1-т заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчид гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан талаар ажлын газрынх хүмүүс нь мэддэг. Цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргаж байсан. Гэхдээ төв системдээ бүргэхгүйгээр сумын хэсгийг төлөөлөгч нь түр саатуулах, эрүүлжүүлэх арга хэмжээ авч байсан. Хариуцагч нь төрийн тусгай албанд ажилладаг тул түүний ажил албаны нэр хүндэд харшилна гэж үзээд гэмтлийн зэрэг тогтоолгож байгаагүй. Хэрвээ хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргасан бол манай талаас холбогдох гэрч нарыг асуулгах байсан. Тухайлбал нэхэмжлэгчийн ажил дээр ирж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байх үед нь таслан зогсоох гэж байсан даргынх нь биед халдсан мөн эмнэлгийг даргыг нь зодсон гэх зэрэг үйл баримтууд байгаа . Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн нэхэмжлэгч 3 хүүхдээ өөрийн асрамждаа авах хүсэлттэй байгаа. Үүнийг хариуцагч ямар нэгэн байдлаар хүлээн зөвшөөрөхгүй талаараа тайлбар ирүүлээгүй буюу татгалзаагүй тул хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж өгнө үү. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар эцгээс нь сар бүр мөнгөн хэлбэрээр хуульд заасан хугацаа болон хэмжээгээр тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч Э.Тт шүүх нэхэмжлэлийн хувийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гардуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн дотор хариу тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэхийг мэдэгдэж, хариуцагчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж өгсөн байна. Гэвч хариуцагч Э.Т нь хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.
4. Нэхэмжлэгч А.Б, хариуцагч Э.Т нар 2014 гэр бүл болж 2021 оны 03 сарын 04-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний охин Тийн Н нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, хүү Тийн Г нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, охин Тийн С нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн болох нь ********** дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, ************, ************, ************** дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч А.Б нь нэхэмжлэлдээ хариуцагч Э.Ттай зан харьцаа, сэтгэл санааны хувьд таарч тохирохгүй, цаашид хамтран амьдрах боломжгүй гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн талаар дурдсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан тайлбар баримт ирүүлээгүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Охин Т.Н, хүү Т.Г, охин Т.С нар нь одоо эхийн асрамжид амьдарч байгаа бөгөөд хүүхдийн асрамжийг өөрчлөх ноцтой шалтгаан тогтоогдоогүй, хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан хүүхдүүдийг эх А.Бийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж байгаа учир Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр охин Охин Т.Н, хүү Т.Г, охин Т.С нарт тэтгэлэг тогтоож эцэг Э.Таар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
5. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч А.Бийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Таас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Бт олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш овгийн Аийн Б, хариуцагч Б овгийн Эын Т нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Тийн Н, 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Тийн Г, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн Тийн С нарыг эх А.Бийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Тийн Н /РД: **********, 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Тийн Г /РД: **********/, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн Тийн С /РД: ************/ нарыг сард 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, /11-16 нас/ суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Таар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Бийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Таас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Бт олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах / А.Бизъяад/ даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН