Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар  2023/ДШМ/921

 

 

 

 

 

  2023             9             14                                        2023/ДШМ/921

 

 

Г.Бид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

   Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

   прокурор А.Ариунаа,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, М.Энхжаргал,  

   нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

   Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/661 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Бийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2303000790114 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сартуул овгийн Г.Б, 1989 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамт ...............тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:....................../;

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж,                              1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 565 дугаар магадлалаар 587 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон,

Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 20:30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Болгарын гудамж Архитектур рестораны зүүн талын замд “Тоёота Приус” маркийн 76-90 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө ", 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: в/ “...түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч Б.А, Т.У нарыг мөргөж, Б.Аын эрүүл мэндэд нь хүнд, Т.Уын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Г.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч                                Г.Бид оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Боос 2.008.530 /хоёр сая найман мянга таван зуун гуч/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Уд, 225.184 /хоёр зуун хорин таван мянга нэг зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ад тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.У, Б.А нар нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах зардал болон ажилгүй байсан хугацааны цалинг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан үндсэн ял болох хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ухамсарлан ойлгож,  маш их харамсаж гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх, прокурорын шатанд нэг ч удаа өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн асуудал дээр маргаж байгаагүй бөгөөд үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байгаагаа илэрхийлсээр ирсэн болно. Түүнчлэн осол болсноос хойш хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж, улсын болон хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж бүхий л бололцоогоор хангаж, төлбөр тооцоо, зардал мөнгийг нь чирэгдэл дараа учруулалгүй хурдан түргэн шийдэж өгч өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг цайруулахын төлөө чин сэтгэлээсээ хичээж ирсэн. Шүүхийн хэлэлцүүлэг дээр яллах дүгнэлтэд тусгагдсан үлдэгдэл хохирол төлбөрийг өөрийн биеэр бэлнээр авч ирэн хохирогчид өгсөн боловч яллах дүгнэлтэд техникийн шинж чанартай алдаа гарсны улмаас хохирол төлбөрийн хэмжээ зөрүүтэй байсныг би огт мэдээгүй, хэргийн бусад оролцогч нар маань ч мэдээгүй байсан бөгөөд тус хэлэлцүүлэг дээр дахин хянаж нягтлах явцад хохирол төлбөрт зөрүү гарсан байдаг юм. Би бэлдэж ирсэн 1.400.000 төгрөгөө хохирол төлбөрт тооцуулж  шинээр тогтоосон зөрүү төлбөрийг мэдээгүйн улмаас төлж чадаагүй байсан билээ. Иймээс хохирогч нартаа хохирол төлбөрийн үлдэгдэл төлбөрөө бүрэн төлж барагдуулан давж заалдах шатны шүүх хуралдаандаа оролцох болно. Хохирогч нараас би мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэг дээр чин сэтгэлээсээ уучлалт хүсч, өршөөл эрсэн бөгөөд дахин уучлалт хүсч сэтгэл болоод чин зүрхнээсээ үнэхээр гэмшин харамсаж байгаагаа дахин дахин илэрхийлэхийг хүсч байна. Эрхэм хүндэт шүүгч та бүхэн минь миний гаргасан гомдолтой танилцаж дээр дурдсан нөхцөл байдлыг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг минь өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгөхийг та бүхнээсээ чин сэтгэлээсээ хичээнгүйлэн хүсч байгаа хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгөхийг дахин дахин хичээнгүйлэн хүсч байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Г.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн. Цагдан хоригдох хугацаандаа хохирогч Т.Уд 2.800.530 төгрөг, Б.Ад 225.180 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Одоогоор төлөх төлбөргүй. Шүүгдэгч Г.Б анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа тул хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү гэж давж заалдах шатны шүүхээс хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч М.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Бийн гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан саналтай санал нэг байна. Үйлчлүүлэгчийн маань хувьд хохирол, төлбөртэй холбоотой асуудлаар хохирлыг төлж барагдуулсан. Хохирол, төлбөртэй холбоотой баримтыг өмгөөлөгч миний бие хавтаст хэрэгт  хавсаргасан. Мөн шүүгдэгч Г.Бийн хувийн байдалтай холбоотой 2 хуудас баримтыг гаргаж байна. 2023 оны 9 сарын 13-ны өдрийн 21 дугаартай өрхийн эмнэлгийн тодорхойлолтод Баасандоржийн эх Ж.Наранцэцэг нь эмнэлгийн хяналтад уушгины багтраа, зүрхний өвчтэй, байнгын хяналтад байгаа болохыг тодорхойлсон. Мөн Г.Б нь эх Ж.Наранцэцэгийн хамт амьдардаг болохыг тодорхойлсон Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны тодорхойлолтыг гаргаж байна. Шүүгдэгч Г.Б нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ харамсаж байгаа, хохирол, төлбөрийг бүрэн барагдуулсан. Цаашид хохирогч нарт учрах зардлыг хохирогч нартай харилцан ойлголцож, шийдвэрлэнэ. Одоогоор төлөх төлбөргүй. Иймд түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэн харгалзах хугацаагаар тогтоож өгнө үү. Учир нь, түүний эхийн биеийн байдал муу. Эхийг нь ганц асран хамгаалж байгаа хүү нь Г.Б байгаа. Шүүгдэгч Г.Бийн хувийн байдлыг харгалзан үзнэ үү гэсэн саналтай байна. ...” гэв.

Прокурор А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Бийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Шүүгдэгч Г.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг шүүх хуралдаанаар тодруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байна, хүндрүүлэх нөхцөл байхгүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгч Г.Бид 1 жилийн хорих ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.Бид оногдуулсан ял шийтгэл нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 20:30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Болгарын гудамж Архитектур рестораны зүүн талын замд “Тоёота приус” маркийн 76-90 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө ", 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: в/ “...түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч Б.А, Т.У нарыг мөргөж, Б.Аын эрүүл мэндэд нь хүнд, Т.Уын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Аын “...Би 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 20 цаг өнгөрч байхад Сансарын И-Март орох гээд сургуулиасаа багш Уын хамт гараад явсан. Тэгээд би юу ч санахгүй байна. Нэг мэдсэн чинь малгайтай ах миний хажууд байсан ба миний бие дайвалзаад хөл их өвдөж байгаагаа санаж байна. Дараа нь сургууль дээрээ ирээд сууж байснаа санаж байна. Тэр үед би гараа харсан чинь цус болсон байсан, сургуулийнхаа нойл руу ороод гараа угааж байснаа санаж байна. Тэр үед манай ихэр дүү Азбилэг ирээд “ээж гадаа ирсэн байна” гэж хэлэхэд нь сургуулиас гараад ээжийн машинтай гэр лүүгээ явсан. Намайг гэрт ирсэн хойно багшийн утсаар цагдаа залгаад намайг осолд орсон байна, ар гэрийнхээ утсыг өгөөрэй гэхээр нь би ээжийн утсыг цагдаад өгсөн. Тэр үед ээж намайг чи осолд байна гэж хэлээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Г.Б өнөөдрийн байдлаар миний эмчилгээний зардалд нийт 500.000 гаруй төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. ...” /хх 24-25/,

хохирогч Т.Уын “...Сургуулиас гараад хойноосоо урагшаа чиглэлтэй явган хүний замаар явж байгаад Сэлбийн гүүрний доогуур гараад цаана нь байдаг явган хүний гарцаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй зам хөндлөн гарах үедээ автомашинд мөргүүлж осолд орсон. Тухайн үед би машинд мөргүүлээд шоконд орсон ба нэг мэдэхэд замын зорчих хэсгийн эсрэг урсгалд буюу урдаасаа хойшоо явах чиглэлд байдаг траншейны таган дээр хөдөлж чадахгүй хэвтэж байсан. Тэгээд ухаан орох үед миний хажууд үл таних эмэгтэй хүн байсан ба тэр эмэгтэй хүн цагдаа болон түргэн дуудаарай гэж хэлээд байсан. Би тэр эмэгтэй хүний царайг нь харж чадаагүй. Би тэр үед хажууд байсан хүмүүсээс надтай хамт явж байсан охиныг хаана байгаа талаар асуухад Аыг босоод явчихсан, араас нь цагдаа явсан гэж ярьж байхыг нь сонссон. Тэгээд байж байсан чинь цагдаагийн алаг машин ирэхийг нь мэдсэн. Хэсэг хугацааны эмнэлгийн машин бас ирсэн. Г.Б өнөөдрийн байдлаар хохиролд 250.000 төгрөг өгсөн. Би өөрийн эмчилгээнд гарсан зардал, ажилгүй байсан өдрүүдийн цалин, мөн 2 хэлний сургалтад бүртгүүлсэн байсан ба ослын улмаас сургалтдаа сууж чадаагүй учир сургалтын төлбөрийг буруутай этгээдээс нэхэмжилнэ. ... /хх 43-44, 231/,

гэрч Д.Э“...Сэлбэ голын төмөр гүүрээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш гараад явж байх үед гүүрний баруун талын машины замын явган хүний гарцаар 2 хүүхэд зам хөндлөн миний өөдөөс гарч явсан ба тэр үед хойноос нэг машин нэлээн хурдтай ирээд гарцаар гарч явсан хоёр хүүхдийг мөргөөд нэг нь баруун тийшээ, нөгөө нь зүүн тийшээ шидэгдээд траншейны таг дээр унасан. Тэр машин гарцаас нэлээн урагшаа яваад баруун урагшаа хараад зогссон. Машинд мөргүүлсэн хоёр хүүхдийн нэг нь буюу зүүн талд унасан хүүхэд учиргүй ёолоод орилоод байсан. Нөгөө хүүхэд нь юм дуугаралгүй хөдөлгөөнгүй хэвтээд байсан. Хүүхдүүдийг мөргөсөн машины жолооч нь тэр үед машинаасаа бууж ирсэн ба 30 гаруй насны эрэгтэй хүн байсан. ...би жолоочийг яагаад явган хүний гарц дээр явж байсан хүмүүсийг мөргөчихвөө гэж асуухад тэр жолооч халтирсан гэсэн юм яриад байсан. Тэгээд би тэр үед машиныг нь очоод харахад машины урд талын салхины шил нь хагарсан байсан. Би тэнд эмнэлгийн машиныг явсны дараа ослын газраас явсан. ...” /хх 91/,

иргэний хариуцагч Д.Э“...Би 76-90 УБП улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг 2022 оны 3 дугаар сард Дармаа гэж миний төрсөн ах Д.Сандагдоржтой хамт ажилладаг хүнд 4.500.000 төгрөгөөр зарсан. ...Хуульд гэм хорын хохирлыг төлж барагдуулахаар заасан байгаа учир би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй. Би уг автомашиныг худалдаад 1 жил болсон бөгөөд одоо уг автомашиныг хэрэглэдэггүй учир ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх 72, 75/,

Шүүгдэгч Г.Бийн яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 20 цаг 30 минутын орчимд 76-90 УБП улсын дугаартай тоёота приус маркийн автомашиныг жолоодоод эгч Г.Мөнхцэцэгийг ажлаас нь авах гээд Сити их сургуулийн зүүн талын замаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй явж байгаад гүүрэн доогуур гараад Сансарын И-Март салдаг төмөр гүүрний харалдаа ирэх үед замын баруун талаас 2 явган зорчигч гүүр лүү гарах гээд зам хөндлөн гарч байхыг хараад машиныхаа тоормосыг гишгэсэн боловч явган зорчигч нар хэт ойрхон байсан учир зогсож чадалгүй тэр хоёр хүнийг хоёуланг нь мөргөөд зогссон. ...Би хохирогч Б.Аын эмчилгээний зардалд 500.000 орчим төгрөг, харин Т.Уын эмчилгээний зардалд 250.000 төгрөг өгсөн. Хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулна. ...” /хх 159-160/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 1569 дүгээр “...Б.Аын биед баруун зулай, чамархай ясны шугаман хугарал, баруун чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун зулай, чамархайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн осол гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ...” /хх 98-99/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 299 дүгээр “...Т.Уын биед умдаг ясны баруун доод салаанд ташуу, зөрүүгүй хугарал, ясны хэмт эдийн няцрал, ууцны зүүн латерал массын хэмт эдийн няцрал, бүсэлхийн 5-аас сээрний 1-р нугалмын мөгөөрсөн цагираг ар хэсгээр сэмэрсэн урагдал, тархи доргилт, баруун зулайн хуйх, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. ...” гэсэн дүгнэлтүүд /хх 223-228/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39114879 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 123-128/,

Мөрдөгчийн 2023 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 295 дугаар “...76-90 УБП улсын дугаартай tоуоta prius маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө ”, 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: в/"... түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн хэрэг, осол гарах шалтгаан нөхцөл болсон гэх үндэслэлтэй нь цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Явган зорчигч Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Явган зорчигч Т.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...” /хх 145-146/ гэсэн магадалгаа,

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 1187 дугаар “...76-90 УБП улсын дугаартай Тоуоtа prius 10 маркийн автомашины техникийн эвдрэлийг 335.000 төгрөгөөр үнэлсэн...” хохирлын үнэлгээ /хх 134-135/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ-823/6230 дугаартай “...сэнс 70.000 төгрөгөөр, дэлгэц 320.000 төгрөгөөр, гаднах гэр /кейс/ 200.000 төгрөгөөр, нийт үнийг 590.000 төгрөгөөр тогтоосон...” хохирлын үнэлгээ /хх 142-144/, хохирогч Т.Уын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн 881 дугаартай өвчний түүх /хх 28-35/,

2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-11/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (0.00%) /хх 12/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.Бийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх Г.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад  зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.Б “...анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг минь өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзвэл тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрт нэг бүрчлэн тусгаж, хохирогч, иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоож, тэдэнд хуульд заасан эрхийг бүрэн эдлүүлэхээс гадна гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд бодитой хууль зүйн дүгнэлт хийж, гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн төрөл, хэмжээний ялыг сонгож оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

Мөн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Г.Бид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Б нь хохирогч Т.Уд 2.008.530 төгрөг, хохирогч Б.Ад 225.184 төгрөг тус тус төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл нийт 77 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/661 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.Б нь хохирогч Т.Уд 2.008.530 төгрөг, хохирогч Б.Ад 225.184 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Б нь 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл нийт 77 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ

  

ШҮҮГЧ                                           Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ