| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2023/0554/З |
| Дугаар | 128/ШШ2024/0850 |
| Огноо | 2024-10-30 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2024/0850
2024 10 30 128/ШШ2024/0850
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Т*******” ХХК
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Э.А*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Х*******, Б.Б*******
Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Х, Ц.С
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Т, Х.А
Нэхэмжлэлийн шаардлага: Улсын байцаагч нарын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах, Татварын алба “Т*******” ХХК-ийн Ашигт малтмалын нөөц ашигласны 2018, 2019, 2020, 2021 онд гаргасан тайланг хугацаандаа гаргасан эсэх, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхийг хянаж, хүлээн авч байгаа үйлдэл нь нийтийн эрх зүйн харилцаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х*******, Б.Б*******, хариуцагч Н.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс “Улсын байцаагч нарын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах, Татварын алба “Т*******” ХХК-ийн Ашигт малтмалын нөөц ашигласны 2018, 2019, 2020, 2021 онд гаргасан тайланг хугацаандаа гаргасан эсэх, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхийг хянаж, хүлээн авч байгаа үйлдэл нь нийтийн эрх зүйн харилцаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх” шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтыг дурдвал
2.1.Татварын Ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын хамтарсан “Хяналт шалгалт хийх тусгай удирдамж”-тайгаар хариуцагч нар нь дугаар томилолттой нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн 2018-2021 он хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус хэсэгчилсэн хяналт шалгалтыг хийжээ.
2.2.Дээрх хяналт шалгалттай холбоотойгоор хариуцагч нар нь маргаан бүхий 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №******* дугаар нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн байна.
2.3.Маргаан бүхий дээрх захиргааны актаар нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зохих журмын дагуу төлөөгүй байна гэж үзэж, 6,753,337,845.17 төгрөгийн нөхөн татвар, 2,342,625,176.16 төгрөгийн торгууль, 1,375,118,529.79 төгрөгийн алданги, нийт 10,471,081,551.12 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоожээ.
2.4.Тус шүүх “Т*******” ХХК-аас гаргасан “Улсын байцаагч нарын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах, Татварын алба “Т*******” ХХК-ийн Ашигт малтмалын нөөц ашигласны 2018, 2019, 2020, 2021 онд гаргасан тайланг хугацаандаа гаргасан эсэх, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхийг хянаж, хүлээн авч байгаа үйлдэл нь нийтийн эрх зүйн харилцаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлээр Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Х, Ц.С нарт холбогдуулан 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэл гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар: "Т*******" ХХК нь Татварын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* тоот нөхөн ногдуулалтын актыг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр баталгаат шуудангаар гардан авч, Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д татвар төлөгч нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй бол нөхөн ногдуулалтын актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 46.1-д заасан маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно" гэж хуульчилснаар актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор харьяаллын дагуу гомдлоо гаргасан. Тус гомдлыг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Татварын маргаан таслах зөвлөл хянан шийдвэрлээд 28 дугаар тогтоол гаргаж гомдлыг хүлээн авахгүй, ******* тоот нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталсан. Энэ тогтоолыг манай байгууллага 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гардан авсан тул эс зөвшөөрч, хуульд заасан хугацаанд багтааж шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаан зарлагдсан 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр манай байгууллагын Нягтлан бодогч С******* болон Өмгөөлөгч Б.Б******* нар Татварын Ерөнхий газрын байрны хүлээлгийн өрөөнд 9 цаг 20 минутаас хойш өдрийн 12 цагийг хүртэл хуралдаанд оролцохоор хүлээсэн боловч, тодорхойгүй шалтгаанаар манай байгууллагыг хуралдаанд оролцуулахаар дуудаагүй. Ингээд Татварын Ерөнхий газрын үүдний угтагч ажилтнаас хурлын дарааллыг тодруулахад "Т*******" ХХК-ийн гомдлыг хянан шийдвэрлэх хуралдаан болоод дуусчихсан, шийдвэр гарчихсан талаар хуралдааны нарийн бичгээс утсаараа мессеж бичин тодруулж өгсөн. Ингээд манай байгууллага ямар ч тодорхой шалтгаангүйгээр Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанд оролцож, гомдлын үндэслэлээ тайлбарлаж, мэтгэлцэх боломжоор хангагдаагүй. Манай байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаан давхацсан талаар хүсэлтийг Татварын маргаан таслах зөвлөлд гаргасан байсан ч тус хуралдаанд оролцох оролцогчийн бүртгэлд манай байгууллагын Нягтлан бодогч болон Өмгөөлөгч нарын нэрс байсан юм. Дээр дурдсан манай байгууллагыг татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанд оролцуулаагүй хууль бус үйлдэл нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдийг оролцуулах, тэднийг сонсох ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.
Нөхөн ногдуулалтын тайлан хуульд нийцээгүй талаар. Тус компани нь Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын Хэнтий аймгийн Галшар сумын "Хар бичигт" нэртэй газарт 30 гектар талбай бүхий уурхайн талбайд дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй боловч уг уурхайн талбайд ашигт малтмалын нөөцийг тодорхойлуулж чадаагүйн улмаас 2018-2021 онуудад олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй болно. "Т*******" ХХК нь өөрийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй нь Хэнтий аймгийн, сумын засаг даргын албан бичиг, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын албан бичиг, 2018-2021 оны уулын ажлын тайлан зэргээр нотлогдоно. Харин 2018-2021 онуудад орон нутгийн бичил уурхай эрхлэгч нэр бүхий нөхөрлөл, хувь хүнээс жонш худалдан авч экспортлон борлуулсан. Татварын хяналт шалгалтын явцад дотоодоос жонш худалдан авсныг нотлох гарал үүслийн баримт бичгийг гаргаж өгсөн боловч татварын улсын байцаагчид уг баримтыг үндэслэл болгон авч үзээгүй, өмнөх татварын маргаан бүхий актад ижил зөрчил тавигдсан, дээд шатны шүүхээр шийдвэрлэгдсэн эсэхийг үл харгалзан маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт бичсэн нь зүйд нийцэхгүй байна. Актын 1, 3 дахь зөрчил нь Ашигт малтмалын тухай /2006 оны/ хуулийн 47 дугаар зүйлийн "47.1.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө" гэж заасан нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбай, уурхайн эдэлбэрээс ашигт малтмал олборлосон, уг олборлосон ашигт малтмалаа худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр хуулийн зохицуулалттай байна. Түүнчлэн "Т*******" ХХК нь өөрийн эзэмшиж буй тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бус, Бичил уурхай эрхлэгч болон бусад тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдүүдээс худалдан авсан жоншоо, экспортод гаргасан. Тухайн иргэд болон хуулийн этгээдүүд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө төлдөг эсэхийг тухайн орон нутгийн эрх бүхий этгээд, харьяалах татварын алба шалгах эрх хуулиар олгогдсон байдаг. Иймд "Т*******" ХХК-д АМНАТ төлөх үүрэг хууль зүйн хувьд үүсэхгүй байна. Энэ үйл явдал манай компанийн өмнөх татварын хяналт шалгалтаар гарч, маргаан бүхий акт нь хуулийн энэ заалтаар буюу Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 338 тоот тогтоолоор хүчингүй болж, татвар төлөгчийн талд шийдвэрлэгдэж байсныг дурдах нь зүйтэй. Актын 2, 5, 6 дахь зөрчил нь Ашигт малтмалын тухай хууль /2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан/-ийн 47 дугаар зүйлийн "47.7. Ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч энэ хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт, 47 19-д заасны дагуу суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно" гэж заасны дагуу дотоодоос худалдан авсан жоншны худалдан авалтыг дутуу хасаж тооцсон байна. Актын 7 дахь зөрчилд дурдсан Ашигт малтмалын үндсэн төлбөр болох 301,577,575.95 төгрөгийг хуулийн хугацаанд төлөөгүй, хугацаа хожимдуулсан гэх зөрчлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Учир нь 2020 оны 04 сарын 09 өдөр батлагдсан Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд "2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй", мөн 2020 оны 12 сарын 25 өдөр батлагдсан Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд "2020 оны 9 дүгээр сарын 01- ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй" гэж тус тус хуульчилснаар алданги, торгуулиас чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Татварын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* тоот актаар ногдуулсан 127,481,366,111.51 төгрөгийн зөрчилд ногдох 10,471,081,551.12 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-т заасны дагуу хууль бус нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Татварын алба нэхэмжлэгч компанийн 2018, 2019, 2020, 2021 онуудад гаргасан борлуулалтын орлогын тайланг хүлээгээд авчихсан хэр нь 2022 онд гэнэт хяналт шалгалт хийж нөхөн ногдуулалтын акт тавьсныг хүлээн зөвшөөрдөггүй. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу татварын алба манай гаргасан тайланд хяналт тавьж хүлээж авсан. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т татварын алба татварын тайланг хүлээн авахдаа татвар төлөгчийн татвар ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-30.9-д заасны дагуу есөн шалгуураар шалгаад хүлээн авдаг.
Ингэхдээ аль нэг шаардлага нь нийцэхгүй бол санхүүгийн анхан шатын баримтуудыг шаардах эсхүл тайланг залруул, тайлбар гарга, тайланг хүлээж авахгүй гэдэг асуудлыг бид нарт мэдэгдэх боломж байсан. Гэвч 2022 оны 10 дугаар сарын 31 буюу нөхөн ногдуулалтын акт гарах хүртэл хугацаанд манай татварын тайланг ямар нэг байдлаар буцаагаагүй, нэмэлт шаардлага тавьж байгаагүй, үнэн зөв байна гэдэг утгаар хүлээж авч байсан. Татварын тайланг хүлээж авч байгаа үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.4 дүгээрт тус тус зааснаар эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэж байна. Үүнээс дүгнэвэл Татварын алба нь нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангуудыг нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх нь хэсэгт хүлээж авч байсан. Борлуулалтын үнэлгээгээ тооцоод ийм байдлаар татвар төлж байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн үйл баримтын хувьд маргахгүй байгаа гэж үзэж байгаа. Үүнийг нөхөн ногдуулалтын актдаа тусгаад баталгаажуулчихсан байгаа. 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Засгийн газрын тогтоолын дагуу жишиг үнэ хүчин төгөлдөр болчихсон байсан. Гэтэл 2018-2021 онуудын тайланг манай борлуулалтын үнэлгээнээс тооцож хүлээж авчхаад 2022 онд буруу байсан байна, жишиг үнээр тооцох ёстой гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Бидний зүгээс яагаад хяналт шалгалт хийх болсныг ойлгоогүй учраас нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг гаргасан. Өмнө нь татварыг үнэн зөв байна гэж хүлээж авсан хэр нь яагаад хяналт шалгалт хийснийг ойлгоогүй учраас татварын тайланг хугацаандаа хүлээж авсан үйлдлийг нийтийн эрх зүйн харилцаа болохыг тогтоолгоод хүлээн зөвшөөрүүлье гэж нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн тайлбартаа хүлээн зөвшөөрүүлэх шаардлагыг гаргаснаараа танай ямар ашиг сонирхол чинь дээрдэх юм бэ, Улсын дээд шүүхийн тогтоолд заасны дагуу танай ямар ашиг сонирхол сэргэх юм бэ гэдэг асуудал ярьсан. Бидний зүгээс 2018-2021 он хүртэл тайлангаа үнэн зөв гаргасныг хүлээж аваад байгаа үйлдэл өөрөө эрх зүйн тодорхой үйл баримт юм. Гэтэл энэ үйл баримтыг өөрсдөө эсэргүүцээд, дахин акт гаргаад тэр актаа эсэргүүцээд байгаа үйлдэл нь хариуцагч нар хоорондоо зөрүүтэй акт гаргаад байгаа нөхцөл байдал болж байгаа. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн нөхөн ногдуулалтын актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь бидний өмнө гаргаж байсан тайлангуудыг хүлээж авч байсан нь үгүйсгэх нөхцөл байдал гэж үзэж байгаа учраас нөхөн ногдуулалтын актаар өндөр төлбөр тогтоогоод байгаа акт хүчингүй болж бид нарын ашиг сонирхол сэргэх учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Мөн нөхөн ногдуулалтын актын хууль зүйн үндэслэлийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нөхөн ногдуулалтын акт өөрөө татварын нөхөн ногдуулалт төлөлтийг шалгасан тухай ерөнхий удирдамжийн дагуу хийсэн гээд татварын байцаагч нар нөхөн ногдуулалтын акт гаргачихсан боловч ерөнхий удирдамжаа бид нарт танилцуулж байгаагүй.
Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж томилолттой хийнэ гэдэг заалт байгаа. Мөн татварын хяналт шалгалт хийх журам болоод ерөнхий удирдамж дээр аль алин дээр нь байгаа. Татвар төлөгчийн тайланд хяналт шалгалт хийх гэж байгаа бол ерөнхий удирдамж, тусгай удирдамж, томилолтыг танилцуулна гэсэн боловч биш бид нарт тусгай удирдамж танилцуулаад өөр баримт танилцуулалгүйгээр нөхөн ногдуулалтын актыг тавьсан. Тусгай удирдамж танилцахдаа тусгай удирдамжийн хоёр дугаар хавсралтыг огт танилцуулаагүй. Тэр дээр нь бид нарт хэн хяналт шалгалт хийх юм бэ гэдэг хамгийн чухал зохицуулалт байсан. Улсын байцаагч нарын бүрэлдэхүүнийг танилцуулаагүй мөн ямар учраас Т******* ХХК хяналт шалгалтын объект болсон юм бэ гэдгийг огт танилцуулалгүйгээр энэ ажиллагааг шууд хийж эхэлсэн юм. Бидний зүгээс нөхөн ногдуулалтын акт нь өөрөө удирдамжийнхаа дагуу тавигдаагүй, бид нарт танилцуулаагүй мөн тусгай удирдамжийн хавсралтын нэгд заасан бүрэлдэхүүнээр хийгдээгүй гэж үзэж байгаа юм. Улсын ахлах байцаагч нарт эрх хэмжээ олгогдоогүй, татварын нөхөн ногдуулалт гаргах боломжгүй этгээдүүд байна гэж үзэж байгаа юм. Тусгай удирдамж дээр ямар улсын байцаагч нар энэ шалгалтыг хийх вэ гэдгийг нэр зааж тодорхойлсон боловч манайд шалгалт хийсэн улсын ахлах байцаагч нарын нэр байхгүй мөн томилолт олгоод байгаа хяналт шалгалтын хэлтсийн даргын нэр байхгүй байгаа. Хяналт шалгалтын хэлтсийн дарга нь томилолт олгож болно гэж үзэж байгаа боловч бүрэлдэхүүнд хяналт шалгалтын хэлтсийн даргын нэр нь байхгүй байгаа юм. Иймээс ямар ч эрх хэмжээ олгогдоогүй хүмүүс татварын хяналт шалгалтыг хийсэн байна гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдсэн байна. Мөн захиргааны актыг гаргахдаа захиргааны актыг гаргах эрх хэмжээтэй албан тушаалтан мөн үү, биш үү гэдгийг хамгийн түрүүнд шалгадаг. Нөхөн ногдуулалтын актад хяналт шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын газрын ахлах байцаагчид чиг үүргийн дагуу хамтран ажиллана гэдгийг тэмдэглэлийн хэсэгт тусгасан боловч ямар байцаагч нар хамтарч ажилласан юм бэ гэдэг нь байхгүй, ямар ч гарын үсэг байхгүй байна. Хавтаст хэрэгт байгаа баримтуудыг харвал нөхөн ногдуулалтын акт гаргах эрх хэмжээ хариуцагч нарт байхгүй байна. Мөн шүүхэд гаргаж өгсөн томилолт дээр хариуцагч нарын ажил 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэхээр удирдамжид зааж өгсөн байгаа. Гэтэл бид нараас баримт бичиг гаргуулах хүсэлт болон холбогдох албан бичгээрээ 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлээд ажлаа эхлээд явчихсан асуудал байгаа. Томилолтод байгаа хугацаанаасаа түрүүлээд ажиллагаагаа эхлүүлчихсэн байгаа. Нэхэмжлэгч компанийн хувьд нөхөн ногдуулалтын актад дурдагдсан газарт уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл авчхаад олборлолт хийгээгүй талаарх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Ашигт малтмалын газарт гаргасан Амнат-ын төлбөр төлсөн баримтын лавлагааг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Нөхөн ногдуулалтын актын 2018 оноос 2019 оны 04 дүгээр сар хүртэл ногдуулсан татварыг нөхөн ногдуулалтын актаар тооцсон татварыг хүчингүй болгох үндэслэл болж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т буюу 2019 оны 04 дүгээр сараас өмнө мөрдөгдөж байсан Ашигт малтмалын өөрчлөлт ороогүй хууль дээр "ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан эсвэл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө", Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласан агаар, ус, хөрс бохирдуулснаар татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна гэж тус тус зааснаас үзвэл 2019 оны 04 дүгээр сараас өмнө ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх этгээд нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч байна. Өөрөөр хэлбэл уурхайн эдэлбэрээсээ олборлоод худалдахаар ачуулсан, ашигласан тохиолдолд уг төлбөрийг төлөх зохицуулалттай байна.
Нэхэмжлэгч нь 2018-2019 онд экспортод гарган худалдсан гээд байгаа 30763 тонн хайлуур жоншны хүдэр баяжмалыг 10716 тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон уурхайн эдэлбэрээс олборлоогүй болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 112017 дугаар албан бичиг, Хэнтий аймаг, Галшар сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт явуулсан 2021, 2023 онуудад олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй талаар албан бичгүүдээр тус тус нотлогдож байна. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын 80958 дугаар лавлагаагаар нотлогдож байна. Тайлан ирүүлсэн байдлын талаар тодорхойлох Маргаан таслах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг харвал татварын улсын байцаагч нар эх үүсвэр тодорхойгүй байгаа нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж тайлбар хийсэн зэргээр нотлогдож байна. 2019 оны 04 дүгээр сар хүртэл бид нарын экспортолсон тайлан дээр үндэслээд шууд татвар ногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч компанийн зүгээс санхүүгийн анхан шатын баримтуудыг гаргаж өгсөн боловч хариуцагч санхүүгийн анхан шатын баримтын бүрдэл хангаагүй гэдэг үндэслэлээр манай баримтуудыг хяналт шалгалтад ашиглаагүй байсан. Нэхэмжлэгч компани өөрийн эзэмшилгүй тусгай зөвшөөрлийн талбайгаас орлогынхоо тухай бүр тодорхойлолт болон ажил үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэн, хуулийн этгээдүүдээс жоншийг худалдаж авсан гэдэг байдлаар гуравласан гэрээ, худалдах, худалдан авах гэрээ, гарал үүслийн бичгүүдийг гаргаж өгсөн. Гаргаж өгсөн санхүүгийн анхан шатын баримтуудыг үнэлснээрээ, хяналт шалгалтад ашигласнаараа давхар татварын асуудал шийдэгдэх байсан. Өөрөөр хэлбэл хувиараа аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч болон хуулийн этгээдүүд борлуулсан жоншны орлого дээрээ давхар татвар төлсөн байх боломжтой байтал энэ талаар хяналт шалгалт хийгээгүй. Хяналт шалгалт хийсэн бол нөхөн ногдуулалтын актын төлбөрийн хэмжээ багасах байсан гэж бидний зүгээс үзэж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д ашигт малтмалыг шууд эсвэл нэмэгдүүлэн баяжмал бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалын төлбөр төлөх, ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч төлбөрийн баримтыг суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно гэж заасны дагуу холбогдох анхан шатын баримтуудыг үндэслээд манай нөхөн ногдуулалтын актыг хасаж тооцох магадлал гарах боломжтой байсан гэж үзсэн. Мөн татварын маргаан таслах зөвлөлийн тэмдэглэлийн тэмдэглэл дээр маргаан таслах зөвлөлийн гишүүн "гуравласан гэрээг тодруулсан юм уу, жоншны гарал үүслийн бичиг татвар хурааж гарын үсэг зурсан байгаа нь ямар эрх зүйн зохицуулалттай вэ гэж асуусан байсан. Гэтэл улсын байцаагч нар хариулахдаа баримт гаргаж өгөөгүй, татвар хураагч гарын үсэг зурах эрх зүйн зохицуулалтгүй гэж хариулсан. Түүнээс биш татварын систем рүү ороод нэг бүрчлэн гарал үүслийн бичиг дээр байгаа иргэн, аж ахуйн нэгжийн татвар төлөлтийг огт шалгаж үзээгүй байгаа. Хэрвээ шалгаж үзсэн бол нөхөн ногдуулалтын актын хэмжээ өөрчлөгдөх боломжтой байсан.
Мөн ашигт малтмалын үндсэн төлбөр болох 301 сая төгрөгийг хуулийн хугацаанд төлөөгүй гээд торгууль, алданги тооцсон асуудлыг хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2020 он 04 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан Татвар, алданги торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд 2020 оны 02 дугаар сарын 01-ээс 2020 оны 09 дүгээр сарын 01-ийг хүртэл хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан, төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас нэг удаа чөлөөлнө. Мөн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Торгууль, алдангиас чөлөөлөх хуулийн зохицуулалтаар 2020 оны 09 дүгээр сарын 01-ээс 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл буюу 2020 оны 04 дүгээр сарын 09-өөс 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл торгууль, алдангиас чөлөөлөх хууль зүйн үндэслэл байхад хяналт шалгалт хийхдээ ашиглаагүй байна. Тиймээс торгууль, алдангийн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хяналт шалгалт хийхдээ зөвхөн экспортоор гаргасан мэдээний дагуу буюу 2016 оны Засгийн газрын тогтоолын жишиг үнэлгээгээр бид нарт татварын нөхөн ногдуулалтын акт бичсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тавин эх компани жишиг үнэлгээг Засгийн газар тогтоосон асуудлаар маргадаг. Мөн Засгийн газрын тогтоол дээр дурдаад байгаа сайт дээр байгаа жишиг үнэ хүчин төгөлдөр байхаа больчихсон. Мөн олон улсын жишиг үнийг жоншны борлуулалт дээр тооцох ямар нэгэн боломжгүй байгаа нь нэхэмжлэгч компанийн хувьд борлуулалтын үнэлгээгээр тайлангаа үнэн зөв ногдуулаад, тайлагнаад төлөөд явж байсан нь нотлогдоно. Бид нар тухайн үнэлгээг хүлээн зөвшөөрдөггүй. Бидний зүгээс тооцоо хийгээд байгаа асуудал нь бүхэлдээ нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох үндэслэл болж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.
5.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Том татвар төлөгчийн газартай харьцдаг "Т*******" ХХК-ийн 2018-2021 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хамтран баталсан хяналт шалгалт хийх тусгай удирдамж, Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус Хэсэгчилсэн/ шалгалтыг хийх тоот томилолтын хүрээнд Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах/ байцаагч Ц.С, Н.Х бид хяналт шалгалтыг ажлыг хийж гүйцэтгэж Татварын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* тоот нөхөн ногдуулалтын акт үйлдсэн.
Дээрх татварын улсын байцаагчийн ******* тоот нөхөн ногдуулалтын актаар 127,481,366,111.51 төгрөгийн зөрчилд нийт 10,471,081,5 51.12 төгрөгийн төлбөр ногдуулсныг татвар төлөгч эс зөвшөөрч гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Актын 1, 3 дах зөрчил нь Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1 Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө" гэж заалт нь Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбай, уурхайн эдэлбэрээс ашигт малтмал олборлосон, уг олборлосон ашигт малтмалаа худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан тохиодолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр хуулийн зохицуулалттай байна. Энэ үйл явдал манай компанийн өмнөх хяналт шалгалтаар гарч, маргаан бүхий акт нь хуулийн энэ заалтаар буюу Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 338 тоот тогтоолоор хүчингүй болж, татвар төлөгчийн талд шийдвэрлэгдэж байсныг дурдах нь зүйтэй гэжээ.
Хариу тайлбар: Татварын хяналт шалгалтын явцад 2018-2021 онуудад экспортод борлуулсан жоншны хүдэр, баяжмалыг тусгай зөвшөөрөлтэй талбайгаас олборлосон эсэх талаар тодруулахад олборлоогүй, Дундговь, Хэнтий, Өмнөговь аймгийн хувь хүн, нөхөрлөлөөс худалдан авсан талаар тайлбар, ярилцлага өгсөн. Татварын хяналт шалгалтын явцад татвар төлөгчөөс ирүүлсэн 2018-2019 оны жоншны худалдан авалтын баримт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 "анхан шатны баримт" гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 13 дугаар зүйлийн 13.5. Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна" гэж заасан бөгөөд татвар төлөгчөөс ирүүлсэн анхан шатны баримтын бүрдэл хангаагүй, анхан шатны баримтыг шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй байсан.
Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болдог. Мөн дээрх баримтаар ажил гүйлгээг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4."журнал" гэж ажил, гүйлгээг ерөнхий дэвтрийн дансанд шилжүүлэхийн өмнө цаг хугацааны дарааллаар нь бүртгэх бичилтийг, 3.1.5. "ерөнхий дэвтэр" гэж аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг бүрдүүлж байгаа бүх дансыг" гэж заасны ерөнхий дэвтрийн дансанд бүртгэсэн журнал, ерөнхий дэвтрийг болон гүйлгээ баланс, санхүүгийн тайлангуудыг хяналт шалгалтад ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл тус компани нь 2018-2019 онуудад жоншыг дотоодоос худалдан авсан нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар бүрэн нотлогдоогүй, хяналт шалгалтад шаардлагатай баримт материалыг бүрэн ирүүлээгүй тул холбогдох хууль, тогтоомжийн дагуу АМНАТ-ын тооцооллыг хийж татварын улсын байцаагчийн нохой ногдуулалтын актаар төлбөрийг ногдуулсан.
Хоёр. Актын 2, 4, 6 дах зөрчил нь Ашигт малтмалын тухай хууль 12019 оны 03 дугаар сарын ш 26-ны өдөр өөрчлөн найруулснаар/-ийн 47 дугаар зүйл 47.7. Ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт малтмалын агуулгыг нэмэгдүүлэн баяжмал бүгээхүүн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухай ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч энэ хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт, 47.19-д заасны дагуу суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно" гэж заасны дагуу дотоодоос худалдан авсан жоншны худалдан авалтыг дутуу хасаж тооцсон байна гэжээ. Татвар төлөгчийн гомдолд дурдсан Ашигт малтмалын тухай хууль /2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулснаар/-ийн 47 дугаар зүйлийн 47.7-д заасны дагуу заалтын дагуу төлбөрийн баримт болон Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд тайлагнасан нь нотлогдсон "Х*******" ХХК-аас 2019 онд худалдан авсан 2,220.08 ти жоншны 484,381,749.49 төгрөгийн борлуулалтын үнэлгээнд ногдуулсан 24,219,087.47 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөрийг хасаж тооцсон. Гурав. Актын 7 дах зөрчилд Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай 2020 оны 04 дүгээр сарын 09-ний, мөн 12 дугаар сарын 25-ны өдрийн хуульд зааснаар алданги, торгуулиас чөлөөлөгдөх үндэслэлтэй байна гэжээ.
Хариу тайлбар. Татварын хяналт шалгалтад Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай 2020 оны 04 дүгээр сарын 09-ний, мөн 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулийг татварын хяналт шалгалтад хэрэглэж татвар төлөгчийн тайлагнасан 2020 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ны өдрийг хүртэлх хугацааны торгууль, алданги чөлөөлсөн. Харин 2021 оны 07 дугаар сарын 1-ны өдрөөс хойш төлөөгүй ашиг малтмалын нөөц ашигласны төлбөрийн үлдэгдэл 301,577,575.95 төгрөгийн дүнгээс 12 дугаар сарын 31-ны өдрийн хүртэлх хугацаанд 30,157,757.59 төгрөгийн торгууль, 22,049,208.64 төгрөгийн алдангийг ногдуулсан. Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.19.1-д заасны дагуу торгуулийн дүнг 10 хувиас хэтрүүлэлгүй тооцсон болно. Иймд татвар төлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актын хэрэгжилтийг хангуулж өгнө” гэжээ.
2018 оноос 2021 оны хоорондох хугацааны тайланг тус аж ахуйн нэгж тайлагнах гаргах үүрэгтэй. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д татвар төлөгч төлбөл зохих ногдлоо өөрөө тодорхойлж хуулиар тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасны дагуу цаасан болон цахим хэлбэрээр татварын албанд явуулах үүрэгтэй. Татварын алба мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу есөн шаардлагын дагуу хянаж авдаг. Тогтоосон хугацаандаа тушаасан уу, батлагдсан маягтын дагуу бүрэн бөглөсөн үү, тайлангаа илгээсэн үү, нягтлан бодох бүртгэлийн болон тайлан бүрдүүлэлт хоорондоо тохирч байна уу гэдэг үзүүлэлтийг харж авдаг. Тус аж ахуйн нэгж нь 2018, 2019 онуудад Татварын албанд борлуулалт хийгээгүй гээд икс тайлан илгээсэн. Тус хугацаанд татварын албанаас удаа дараа буруу байна гээд мэдэгдэл өгөөд буцааж байсан. Ингэж буцааж байгаа нь хяналт шалгалтад орох үндэслэл болдог. Мөн хуулийн 38 дугаар зүйлд энэ хуулийн 30.6-д заасан заасан тайлбарыг хугацаанд ирүүлээгүй эсвэл ирүүлсэн тайланг үндэслэлгүй гэж үзвэл татварын алба холбогдох мэдээллийг татварын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан руу бүртгээд энэ талын тайлангийн хугацаанд хамаарах төлөлттэй холбоотой асуудалд татварын хянан шалгалт хийж тайлангийн магадлалд тодорхойлох үндэслэл болно. Нэхэмжлэгч нь манай компанийг ямар ч үндэслэлгүйгээр хяналт шалгалтад оруулчихлаа гэж тайлбар гаргаад байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч компанид 4 удаа коммент үлдээсэн. Үүнд ямар нэгэн хариу ирүүлээгүй учир тайланг нь хүлээж аваад хяналт шалгалт хийсэн.
Ашигт малтмалын хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу Амнат ногдуулдаг. Монгол улсын хөрснөөс ашигт малтмал борлуулж байгаа бол Амнат төлөх ёстой. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Амнат төлөгчийг тодорхойлж өгсөн. Энэ дээр нэхэмжлэгч хуулийн өөрчлөлтийн талаар дурддаг. Хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигч бол Амнат төлнө гэж хуульчилсан байсан нь өөрчлөгдөөд экспортолсон, ачуулсан бол төлнө гэж өөрчлөгдсөн. Олборлосон эсэх нь үл хамаарч бүгд Амнат төлдөг болсон. Энэ хуульд давхардаж татвар ногдоод байна гэдэг үндэслэлээр хуульд өөрчлөлт орсон. Түүнээс Амнат төлөхгүй гэсэн ойлголт байхгүй. Актын хувьд өмнөх татвар төлсөн эсэх дээр тус хуулийн 45 дугаар зүйлийн 45.7-д заасныг баримтлан хасаж байсан. Үүнийг хасах талаар хуулиар нарийвчлан зохицуулсан байгаа. Амнат ногдуулж байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар борлуулалтын үнэлгээндээ ногдуулдаг. Ногдуулахдаа экспортод гаргасан бол олон улсын жишиг үнийг барьдаг. Гаалийн лабораторийн дүгнэлтийг хууль болон тогтоолуудыг үндэслээд тухайн Амнат-ын дотор нь ийм элементүүд байна, агуулга нь ийм байна гэдэг гаалийн лабораторийн дүгнэлт гараад энэ дүгнэлтийг үндэслээд Амнат-ын хуульд заасан хувь хэмжээгээр, тогтоолуудыг үндэслээд жишиг үнэ буюу 81 дүгээр тогтоолыг үндэслээд Сангийн яамнаас гаргасан жишиг үнийн дунджийг тухайн газрын дунджаар үржүүлээд гардаг. Татварын алба ногдуулалт хийгээд байгаа асуудал биш. Хуульд заасны дагуу татвар төлөгч үнэн зөв тодорхойлох үүрэгтэй. Үүргийнхээ дагуу олон улсын жишиг үнийг барина гэсэн байхад яагаад гэрээний үнээр тайлангаа ногдуулаад байгаа юм бэ? Хуульд маш тодорхой нарийвчлаад, Засгийн газраас нь тогтоочихсон хуульд нь тусгачихсан байхад заавал гэрээний үнээр ногдуулаад байгаа нь хууль зөрчиж байна, татвараас зайлсхийж байна гэж харагдаж байна. Үүний дагуу ногдуулалт хийгээд тайлан гарч байгаа, тайлангийн ногдол үүсэж байгаа. 2018 оноос 2019 онд борлуулалтын орлого буюу гаалийн мэдүүлгээр 121,8 тонн жонш, 3,2 тонн хүрэн нүүрс зэргийг Бүгд Найрамдах Хятад Ард улс болон Оросын холбооны улс руу экспортод гаргачихсан. Гаалийн дүгнэлтийг үндэслээд 2018-2019 оны хооронд экспортод гаргасан нь нотлогдсон байхад нэхэмжлэгч компани икс тайланг татварын албанд өгөөд явж байдаг. Тэгсэн хэр нь ямар үндэслэлээр хянан шалгалтад оруулчхав аа, төлөх ёсгүй байсан гэж нэхэмжлэл гаргаад маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчээс “... ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээний үнийн дүнгээс тооцон суутган төлөх ёстой.” гэж, хариуцагчаас “... ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д заасны олон улсын зах зээлийн үнээр төлөх ёстой.” гэж тус тус маргажээ.
3.Нэхэмжлэгч “Т*******” ХХК-аас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын улсын байцаагч нарт холбогдуулан “Улсын байцаагч нарын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах, Татварын алба “Т*******” ХХК-ийн Ашигт малтмалын нөөц ашигласны 2018, 2019, 2020, 2021 онд гаргасан тайланг хугацаандаа гаргасан эсэх, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхийг хянаж, хүлээн авч байгаа үйлдэл нь нийтийн эрх зүйн харилцаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан бөгөөд дээрх шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Татварын Ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын хамтарсан ерөнхий болон тусгай удирдамжтайгаар хариуцагч нар нь дугаар томилолттой нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн 2018-2021 он хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус хэсэгчилсэн хяналт шалгалтыг хийжээ.
5.Дээрх хяналт шалгалттай холбоотойгоор хариуцагч нар нь маргаан бүхий 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №******* дугаар нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн байна.
6.Маргаан бүхий дээрх захиргааны актаар нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зохих журмын дагуу төлөөгүй байна гэж үзэж, 6,753,337,845.17 төгрөгийн нөхөн татвар, 2,342,625,176.16 төгрөгийн торгууль, 1,375,118,529.79 төгрөгийн алданги, нийт 10,471,081,551.12 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоожээ.
7.Нэхэмжлэгч “Т*******” ХХК нь маргаан бүхий дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаар тогтоолоор маргаан бүхий дээрх нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
8.Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн дээрх тогтоолд “... Ашигт малтмалын тухай /2006 оны/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө;”, 47.2-т "Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно; 47.2.1. экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан; 47.3-т “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараах хэмжээтэй байна; 47.3.2. энэ хуулийн 47.3.1, 47.3.3-т заасан алтнаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувьтай тэнцүү;” гэж зааснаар 2018 онд экспортолсон 26,870.72 тонн, 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд экспортолсон 3,893.27 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулан төлөхөөр байна. Гомдол гаргагч өмнөх татварын маргаан бүхий актад ижил зөрчил тавигдсан, дээд шатны шүүхээр шийдвэрлэгдсэн эсэхийг үл харгалзан маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт бичсэн нь зүйд нийцэхгүй байна гэж маргажээ. “Т*******” ХХК-ийн 2012 оны татварын ногдуулалт төлөлтийг шалгасан татварын улсын байцаагчийн 210255 дугаар актаар ногдуулсан ашигт малтмалын төлбөрийг гурван шатны шүүхийн шийдвэрээр “тусгай зөвшөөрөлтэй уурхайн эдэлбэрээс олборлоогүй болох нь тогтоогдсон тул зөрчил гаргасан гэж үзэхгүй” гэж дүгнэн хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба маргаж буй ******* дугаар нөхөн ногдуулалтын актын тухайд гомдол гаргагч тусгай зөвшөөрөлтэй уурхайн эдэлбэрээс олборлоогүй бусдаас худалдан авсан нь анхан шатны баримтаар тогтоогдоогүй тул өмнөх шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн гэж үзэх боломжгүй юм.
Иймд, Манай компани өөрийн тусгай зөвшөөрөлтэй боловч өөрийн эзэмшлийн талбайгаас олборлоогүй нь Хэнтий аймгийн Галшар сумын засаг даргын албан бичиг, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн бичгээр баталгаажсан, мөн энэ үйл явдал өмнөх татварын хяналт шалгалтаар гарч шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.” гэжээ.
9.Нэхэмжлэгч “Т*******” ХХК нь 2018 онд 26,870.72 тн, 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнө 3,893.27 тн, 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш 22,211.24 тн, 2020 онд 47,602.11 тн, 2021 онд 21,234.90 тн хайлуур жоншны хүдэр, баяжмал, 2021 онд 3,298.55 тн боловсруулаагүй нүүрс экспортод гаргаж борлуулсан байна.
10.Хэргийн оролцогч нар нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн экспортод гаргаж борлуулсан хайлуур жоншны хүдэр, баяжмал болон боловсруулаагүй нүүрсний тоон жин, гаалийн лабораторийн шинжилгээний дүгнэлт зэрэгтэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
11.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл.“Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр”, 47.1.“Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна:”, 47.2.“Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно:”, 47.2.1.“экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан;”, 47.14.“Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана.” гэж тус тус заажээ.
12.Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, экспортод гаргаж буй ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийг тогтоохдоо олон улсын зах зээлийн үнийг баримтлахаар байх бөгөөд энэ үнийг Засгийн газар нийтэд зарлахаар байна.
13.Монгол улсын Засгийн газар нь хуулийн дээрх заалтын дагуу 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” 81 дүгээр тогтоолоор 2 дугаар хавсралтаар хайлуур жоншны зах зээлийн үнийн эх сурвалжийг нийтэд нэрлэн зарлажээ.
14.Дээрх үнийг үндэслэн ашиг малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох ёстой гэж үзсэн хариуцагч нарын шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв.
15.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3.“дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн.” гэж заажээ.
16.Хуулийн заалтаас үзвэл, дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн гэрээний үнийн дүнгээр экспортод гаргаж буй ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийг тодорхойлох боломжтой байна.
17.Харин маргаан бүхий тохиолдолд, дээрх хуулийн заалтыг хэрэглэж гэрээний үнийн дүнгээр экспортод гаргаж буй ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийг тодорхойлох боломжгүй байна.
18.Тодруулбал, хайлуур жоншны зах зээлийн үнийг Ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор тодорхойлох боломжтой байх тул дээрх хууль болон Засгийн газрын тогтоолыг үндэслэн маргаан бүхий захиргааны актаар нөхөн төлбөр, торгууль, алданги тогтоосон хариуцагч нарын шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв.
19.Маргаан бүхий хяналт шалгалтын тусгай удирдамжийн 3.2-т “Харьяалах байгууллага нь хяналт шалгалтын нэгжийн дарга “Татварын хяналт шалгалт хийх томилолт” олгох бөгөөд шаардлагатай тохиолдолд томилолтод заасан хугацааг сунгах, хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг өөрчилж болно.” гэж зааснаас үзвэл харьяалах байгууллагын хяналт шалгалтын нэгжийн дарга нь шаардлагатай тохиолдолд хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг өөрчилж болохоор байх тул удирдамжийн хавсралтад нэр нь байхгүй улсын байцаагч нар маргаан бүхий хяналт шалгалтыг явуулсан гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл үндэслэлгүй байна.
20.Татварын ерөнхий хуульд зааснаар татвар төлөгч нар нь татварын тайланг үнэн, зөв гаргаж, хууль, журамд заасан хэмжээгээр татварыг үнэн, зөв тайлагнах үүрэгтэй байх бөгөөд маргаан бүхий тохиолдолд татварын байгууллагаас нэхэмжлэгчийг ашигт малтмалын нөөц ашигласны татварыг үнэн зөв тайлагнах талаар мэдэгдлүүдийг нэхэмжлэгчид хүргүүлж байсан байна.
21.Дээрхээс үзвэл, нэхэмжлэгчийн татварын байгууллага нь маргаан бүхий асуудлуудтай холбоотой манай компаниас гаргаж байсан тайлангуудыг тухай бүр нь хүлээж авч байсан атлаа уг асуудлаар дахин хяналт, шалгалт явуулж маргаан бүхий актыг үйлдсэн нь үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл мөн үндэслэлгүй байна гэж үзлээ.
22.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Т*******” ХХК-аас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Улсын байцаагч нарын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах, Татварын алба “Т*******” ХХК-ийн Ашигт малтмалын нөөц ашигласны 2018, 2019, 2020, 2021 онд гаргасан тайланг хугацаандаа гаргасан эсэх, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхийг хянаж, хүлээн авч байгаа үйлдэл нь нийтийн эрх зүйн харилцаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.14-т заасныг тус тус баримтлан “Т*******” ХХК-аас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Улсын байцаагч нарын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах, Татварын алба “Т*******” ХХК-ийн Ашигт малтмалын нөөц ашигласны 2018, 2019, 2020, 2021 онд гаргасан тайланг хугацаандаа гаргасан эсэх, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхийг хянаж, хүлээн авч байгаа үйлдэл нь нийтийн эрх зүйн харилцаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ