| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00357/И |
| Дугаар | 301/ШШ2025/00091 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 301/ШШ2025/00091
| 2025 оны 02 сарын 20 өдөр | Дугаар 301/ШШ2025/00091 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын ** дүгээр баг, Б ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух Б овогт Чийн Цын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У хот, С дүүрэг, ** дугаар хороо, БХ-ын **-**** тоотод оршин суух Э овогт Бын Бд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай болон хариуцагч Б.Бын хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, 5 ханатай гэр гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ч.Ц
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П
Хариуцагч Б.Б
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Н, М.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Ц нь хариуцагч Б.Бад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хариуцагч Б.Б хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, 5 ханатай гэр, гэрийн тавилга хоолны шкаб, модон урт авдар, модон ор гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна.
2. Нэхэмжлэгч Ч.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
- Миний бие Ч овогтой Цнь 2018 оны 10 дугаар сард Б овогтой Бтай танилцан дотносож улмаар хамтран амьдарч байсан. Бид хоёрын дундаас хүү болох Бын Т 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин болох Бын Ш нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тус тус төрсөн. Б нь 2022 оны 06 дугаар сард төрсөн эгч болох Баярцэцэгийн хамт Ухот руу явсан. Үүнээс хойш ирэн очиж байсан. Ирээд явахдаа зан ааш нь байнга хувирч байнга хэрүүл хийх бүр том хүү болох Б.Тд гар хүрсэн үүнээс хэрүүл дахин үүссэн. Б Ухот руу яваад хэсэг холбоо тогтоогоогүй байж байгаад 11 дүгээр сард ирж уучлал гуйгаад хамт амьдран гэж амлаж явсан боловч амласандаа хүрээгүй. Үүнээс хойш Ухот руу яваад буцаж огт ирээгүй. Сүүлд холбоо арай хийж барихад би өөр эхнэртэй болсон, та нартай амьдрах хүсэлгүй байна гэж хэлсэн. Үүнээс хойш холбоо барих ямар ч боломжгүй байгаа. Цуг амьдарч байх хугацаанд Б.Б нь эрхэлсэн ажилгүй санхүүгийн эх үүсвэр үгүй, манай аав ээж 100% бүх зүйлийг минь дааж байсан Ч.Ц миний бие аав ээжийн хамт мал маллаж амьдарч байгаа, санхүүгийн тогтвортой эх үүсвэр байхгүй, 2 хүүхдээ ганцаараа өсгөж байгаа энэ хугацаанд Б.Баас эд материал болон санхүүгийн дэмжлэг туслалцаа авч байгаагүй. Иймд хүү болох Б овогтой Т, охин болох Б овогтой Ш нарт гэр бүлийн хуулийн дагуу хүүхдийн мөнгөн тэтгэмж гаргуулах хүсэлтэй байгааг минь хүлээн авна уу гэжээ.
3. Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.Бын зүгээс нэхэмжлэгч Чийн Цын тус шүүхэд гаргасан 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад доорх тайлбарыг гаргаж байна. Миний бие Б.Б би Ч.Цтай 2018 онд танилцаж хамтран амьдарсан бөгөөд бидний дундаас 2020 оны 01 сарын 26-нд хүү Бын Т, 2022 оны 02 сарын 15-нд охин Бын Ш нар төрсөн. Би эхнэр болох Ч.Цтай танилцахаас өмнө У хотод Хар хорин зах дээр лангуу ажиллуулж байсан бөгөөд өөрийн гэсэн хашаа байшинтай болж бие муутай ээжийгээ асарч байсан. Би эхнэр болох Цын хамт хадам аав Чийнд анх очиход эхнэрийн аав, ээж, ах дүү нь та 2 хөдөө мал малла, та хоёрт мал тасалж өгнө гэж гуйгаад, мөн эхнэр Ц бас гуйгаад байхаар нь аргагүйн эрхэнд зөвшөөрсөн. Манай дарга надад лангуу сайн ажиллуулж байна гээд газар байшин авч өгч өөрийн гэсэн газартай болгож өгсөн байсан. Ингээд би эхнэр Ц болон хадам аав ээж, ах дүүгийнх нь гуйлтаар хадам аав Чийнд хүрч очсон. Хадам аав Чийнх олон толгой малтай болохоор өдөр тутам мал хариулж гадуур дотуур хийх бүх ажлыг амжуулж хийдэг байсан. Эхнэр Ц бид хоёрыг очсон цагаас л эхлэн хадам ээж намайг аашилж загнаж гэр оронгүй ядуу, гуйлгачин гэж гадуурхаж аашилж загнаж янз бүрээр хэл амаар доромжилж хэлдэг болсон. Би эхнэрийнхээ нэрийг бодоод дуугүй ажлаа хийж малд нь явдаг байсан. Би хадам аав, ээж нар байнга муу хэлээд байхаар дуугүй өнгөрүүлж байгаад өөрийн гэсэн гэр оронтой больё гэж бодоод 2020 онд У хотод ирж гэр барих мөнгөө чадахаараа цуглуулсан, мөн өөрийн дотно найз Г, Ц нар надад тусалж хамтдаа хэрчсэн гурилын үйлдвэр ажиллуулж байгаад гэр барих мөнгөө олж авсан. 2020 оны 10-р сард У хотод гэрээ барихаар урилгаа тарааж хадам талдаа хурим найраа хамтдаа хийе гэхэд тэгье гэж хэлэхэд эхнэр болон хадам тал зөвшөөрсөн. Гэрээ бариад найр хийхийн өмнөхөн эхнэр Ц хөдөөгөөс ирээд миний барьсан гэрийг голж байгаад явсан юм. Гэтэл хадам аав, ээж, эхнэр нараас найр хийхгүй гэсэн мэдээ ирсэн. Би урилга тараасан болохоор өөрийн ах дүүсээ цуглуулж гэрийн найраа хийж дараа нь би 2 хүүхдээ бодоод хадам аавын гадаа гэрээ нүүлгэж очиход хадам аав, ээж нар миний гэрийг муу гэр байна гэж голж шилж намайг гоочилж хэл амаар доромжилж мөн миний эхнэр Цыг аашилж загнаж чи энэ хүнтэй байх юм бол насаараа ядуу явна өөдлөхгүй гэх зэргээр дарамталж, намайг гуйлгачнаар дуудаж үгийн муугаар хэлж доромжлоход нь би за яах вэ настай хүмүүс яваандаа болох байх гээд дуугүй л өнгөрөөсөн. Би 2019 оноос 2022 оны 06 дугаар сар хүртэл хадам аав, ээжийн олон зуун мал маллахдаа нэг ч сарын цалин авч үзээгүй, би өвдөх эрхгүй ажиллаж байсан. Намайг бие өвдөөд босож явж чадахгүй байхад баашилж байна гэж хадам ээж их загнаж элдвээр хэлж байсан. Хадам аав ээж нар эхнэр биднийг анх очиход 11 ямаа, 100 хонь, 20 гаруй бяруу өгч байна гэж хэлж л байсан болохоос яг нүдэлж тасалж өгөөгүй. Би хадам аавын малыг маллахдаа өвчтэй бие муутай ээждээ ганц шөлний хонь гаргаж өгөх эрхгүй байсан. Намайг ээжийгээ эргэхээр У хот руу явахад манай хадам ах надад 100,000 төгрөг өгч явуулж байсан, мөн хадам бэрүүд ээжид ааруул цагаан идээ өгч явуулдаг байсан болохоос манай эхнэр болон хадам аав, ээж намайг хоосон явуулдаг байсан. Би бодохдоо эхнэр болох Ц нь миний зөөлөн дуулгавартай зан байдлыг ашиглан намайг аав ээжийнхээ олон зуун бод, бог малыг маллуулах гэж хөдөө дагуулан аваачиж боолчлох зорилготой байсан юм байна гэсэн ойлголтод хүрсэн. Учир нь би нэгэнт энэ хүнтэй гэр бүл зохиож 2 хүүхэдтэй болсон болохоор гэр бүлээ бодоод их тэвчиж хүлээцтэй байсан. Хамгийн сүүлд хадам ээж намайг ядуу гуйлгачин гэж хөөгөөд эхнэрийг аашилж загнаж энэ хүнтэй хамт байвал эх үрийн холбоо тасарна гэж маш муухайгаар хэлсэн үгийг 2 чихээрээ сонсож байсан. Түүний дараа би хадам ээжийн тэр муухай үгийг сонсоод би энд байх боломжгүй юм байна гэж бодоод 2022 оны 06 дугаар сард У хотод бие муутай группэд байдаг ээж болон 2 өнчин дүү нар дээрээ ирсэн. Одоо би У хотод ирээд ажил хайж байгаад "Сүү" хувьцаат компанид ачигч, дараа нь операторын ажил эрхэлж өөрийн гэсэн орлоготой, ээжтэйгээ хамт сэтгэл санаа тайван сайхан байна. Эхнэр болох Ц намайг нэг хүүхдээ ав гэж байсан болохоор би 2 хүүхдийнхээ том хүүгээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Мөн өөрийн барьсан 5-н ханатай гэрээ авмаар байна. Ч гуайнд миний барьсан 5-н ханатай гэр хэрэггүй байхаа. Би 2019-2022 оны 06 сар хүртэл хадам аавын олон зуун малыг олон жил малыг нь маллахдаа нэг төгрөгийн цалин авч үзээгүй. Миний дансны хуулгыг шалгасан ч болно. Тэр хавийн саахалтын хүмүүс сайн мэднэ. Гэтэл эхнэр Ц өргөдөлдөө хүү Тд гар хүрсэн гэж огт худал зүйл бичсэн байна. Би хүүхдүүддээ хатуу ширүүн зан байдал гаргаж байгаагүйг тэр хот айлын хүмүүс ч мэдэж байгаа байх. Мөн Б намайг санхүүгийн ямар ч эх үүсвэргүй, манай аав, ээж 100 хувь бүх зүйлийг дааж байсан гэж бичсэн байгаа нь миний хийж байсан ажил хөдөлмөр, чин сэтгэлийг үнэлэх оюун ухааны нүдгүй, хомс хүмүүс гэдгээ харуулсан байна. Хөрөнгөтэй баян хүний хажууд ядуу хүн юу ч биш гэдгийг өнгөрсөн 4-5-н жилийн хугацаанд мэдэрсэн. Би Цтай хамт амьдрахаас өмнө өөрийн гэсэн ажилтай, цалин хөлс орлоготой байсан. Тэр намайг хийж байсан ажлаас минь гаргаж хөдөө аваачиж аав ээжийнхээ олон тооны малыг цалин хөлсгүй ажиллуулж, миний амьдралын бүх боломжийг алдагдуулаад зогсохгүй миний хийсэн хөдөлмөрийг үнэлэхгүй, эцэг эхийнхээ хамтаар намайг хог шаар мэтээр ад үзэж байсан болохоор аргагүй байдалд орж намайг тэндээс явахад хүргэсэн юм. Олон зуун мянган мал маллаад ямар ч хөлс авч байгаагүй, нэг удаа би хавар ямаа самналтын үеэр 500,000 төгрөг гуйж аваад өдөр тутмын бензин шатахуун, утасны нэгж, гурил будаандаа зарцуулсан байхад эхнэр болон хадам ээж, эгч нар нь надаас мөнгөө нэхэж байгаа юм. Би хэдий өнчин, ядуу ч гэсэн ажил хөдөлмөрийнхөө үр шимээр сайхан амьдрах эрхтэй гэж боддог юм. Ц надтай цаашид хамт амьдрах боломжгүй болсон учраас 2 хүүхдээр минь дөрөөлж шүүхээр мөнгө нэхэж өргөдөл гаргажээ. Баян тарган айлын охин миний 2 хүүхдийг тэжээж чадахгүй, мөн амьдралд нь саад болж байгаа бол би хүү, охин хоёрыгоо өөрийн асрамждаа авах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэгч Цын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж зөв шударга шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
4. Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Б.Б би Ч.Цтай 2018 онд танилцаж хамтран амьдарсан бөгөөд бидний 2020 оны 01 сарын 26-ны өдөр хүү Бын Т, 2022 оны 02 сарын 15-ны өдөр охин Бын Шнар төрсөн. 2 хүүхэд маань одоогоор ээжийнхээ асрамжид байгаа. Надтай уулзуулахгүй, утсаар яриулахгүй байгаа. Би эхнэр болох Ч.Цтай танилцахаас өмнө У хотод Хархорин зах дээр лангуу ажиллуулж байсан бөгөөд өөрийн гэсэн хашаа байшинтай болж бие муутай ээжийгээ асарч байсан. Би эхнэр болох Ч.Ц болон хадам аав, ээж нарын хөдөө гарч мал малла гэж гуйгаад байхаар нь ээж дүү болон хийж байсан ажлаасаа гарч хөдөө хадмындаа очсон. Гэвч намайг хүргэний ёсоор биш цалин хөлсгүй мал маллуулах зарц байдлаар хандаж, ядуу гуйлгачин гэж хэл амаар доромжилж хөөсөн. Би Цтай хамт амьдрах хугацаанд эхнэрийнхээ үгээр, түүний аав ээжийн хэлсэн болгоныг хийж олон мянган малыг маллаж хариулж ямар ч цалин орлогогүй, өөрийн мэдэлгүй явж ирсэн. Би өөрийн гэсэн гэр орон гал голомтоо барьж хүний дайтай амьдрах юмсан гэж хичээж зүтгэж ирсэн. Эцсийн эцэст намайг ядуу гуйлгачнаар минь доромжилж хөөж явуулсан. Гэтэл эхнэр намайг хүүхдээ аашилж загнаж зоддог, миний аав ээжийн хүчинд амьдарч байсан гэх зэргээр элдэв үгээр худал бичиж шүүхэд нэхэмжлэл бичиж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би өмнө нь өөрийн гэсэн ажилтай, цалин хөлс орлоготой, ээж дүүдээ тустай боломжийн амьдралтай байсан үүнийг Ц мэдэж байгаа. Гэтэл миний амьдралын бүхий л боломжийг алдагдуулсан. Хөдөө сайхан амьдран гэж намайг ажлаас гаргаж дагуулж аваачаад аав ээжтэй нийлж цалин хөлсгүй боолчилж доромжилж эцэст нь муу хэлж хөөж байгаа нь сайн хүний мөс чанар биш. Миний хувьд хүүхдүүддээ гар хүрч зодож байсан удаагүй эцгийн хайраар хүүхдээ хайрлаж ирсэн. Харин эххнэр Ц болон түүний аав ээжийн хатуу хахир муухай зангийн байдлаас болж 2 хүүхдээсээ тусдаа амьдарч байна. Би 2 хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой гэж үзэж байна, 2 хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлэх өөрийн гэсэн бодолтой хүн, би өөрийн гэсэн эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс орлоготой өөрийн гэсэн зорилготой, ээж дүүгийнхээ хамтаар амьдарч байна. Иймд миний санал хүсэлтийг харгалзан үзэж миний хүү Бын Т, охин Бын Шнарыг миний асрамжид байхаар тогтоож, хуульд зааснаар тэтгэлэг гаргуулах, мөн миний өөрийн барьсан таван ханатай гэрийг Цаас гаргуулахаар энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч Ч.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгч Ч.Ц би Б.Бын 2 хүүхдээ өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний тухайд 2 хүүхдээ өөрийн асрамжид өсгөж хүмүүжүүлж байгаа. Надад ээнэгшин дассан. Б.Б нь хүүхдүүддээ хайр халамж үзүүлж, хажуудаа авч өсгөж чадахгүй. Хүүхдүүд ч эцгээ гэж мэдэхгүй шахуу. 2022 оны 07 дугаар сарын эхээр Б.Б хот руу үл ялих шалтгаанаас маргаад миний эгчийн машиныг унаж явсан. Энэ цагаас хойш хүүхдүүдээсээ хол хөндий байгаа. Миний 2 хүүхэд над дээр өссөн, цаашид эцгийнх нь асрамжид өгөхгүй. Надад хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх санхүүгийн болоод бусад бүх талын боломж бий. Б.Б одоо өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болсон. Би хүүхдүүддээ хойд эхийн царай харуулахыг хүсэхгүй байна. 5 ханатай гэрийг тэр хүн авах эсэхээ өөрөө шийднэ биз дээ гэжээ.
6. Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... Хариуцагч Б би анх шүүхэд хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, өөрийн 5 ханатай гэрийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нөхцөл байдалтай холбогдуулан хариуцагч миний зүгээс өөрийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа гаргуулах шаардлага гарч байна. Учир нь анх бид хоёр таарч тохирохгүйн улмаас тус тусдаа амьдрах үедээ хоёр хүүхдээ нэг нэгээр нь өөрсдийнхөө асрамжид амьдрах талаар харилцан тохиролцож салсан боловч үүнээс хойш Цын санаа бодол өөрчлөгдөн одоо хоёр хүүхдээ өөрийнхөө асрамжид үлдээж надаас тэтгэмж гаргуулах талаар нэхэмжлэл гаргасан юм. Хүүхэд залуучууд гэр бүлийн төвөөс хүүхдийн аятай тав тухтай нөхцөл байдлыг тогтоохдоо илт үндэслэлгүй дүгнэлт гаргаж, нэхэмжлэгч Ч.Ц өөрийн гэсэн орчин үеийн орон сууцтай, байнга хүүхдүүдийнхээ сургалт хүмүүжилд анхаарах боломжтой хүүхдүүд ээжтэйгээ хамт амьдрахад боломжтой харин аавтайгаа хамт амьдрахад боломж муу гэх утгатай илт үндэслэлгүй дүгнэлт гаргасантай миний хувьд санал нийлэхгүй байна. Тус орон сууц нь түүний аав, ээж хоёрынх нь өмчлөлийн орон сууц түүний ээж аав хоёр нь шүүхээр бид хоёрын асуудал шийтгэгдсэн хойно миний хоёр хүүхдийг шоовдорлож, эд хөрөнгөө илүүд үзэж мэдэх зан авиртай хүмүүс, мөн Ц ч өнөөдөр хүний хань хүүхдүүдийн ээж болчхоод ээж, аавынхаа үгнээс гарахгүй өөрийнхөө нөхрийг үл тоож шоовдорлож хөөж туун үгийг дагаж явдаг учраас миний хүүхдүүдийн ирээдүй бүрхэг гэж миний хувьд үзэж байна. Яг үнэндээ бид хоёр бол хадам ээж аав хоёрын хүний хөдөлмөрийг үнэ цэнэгүй мөлжиж, шулж амьдрах увайгүй тэр хүмүүсийн зан авираас айл гэр салж сарнин хүүхдийн хувь заяа, ирээдүй хохирч байгаа шүү дээ, хэрэв шүүхээс миний 2 хүүхдийг эхийн асрамжид үлдээсэн тохиолдолд хүүхдүүдийн эцэг намайг өөрийнхөө хүүхдүүдтэй чөлөөтэй уулзаж, халамжлах, туслах зорилгоор чөлөөтэй уулзуулахыг Цад даалгаж шийдвэр гаргах мөн би Цтай ханилахдаа өөрийн хүч хөдөлмөрөөр барьсан 5 ханатай гэр, гэрийн тавилга хоолны шкаб, ааваас минь өвлөгдөж ирсэн модон урт авдар, модон ор зэргийг нэхэмжлэгчээс гаргуулахаар нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.
7. Нэхэмжлэгч Ч.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ... Хариуцагчийн нэхээд байгаа гэр болон бусад эд хогшил миний ахын хашаанд хураалттай байгаа. Ирээд ав. Үүнийг би булаацалдахгүй, надад хэрэггүй ээ. Иймд гэр эд хогшил гаргуулах шаардлагын тухайд маргахгүй гэжээ.
8. Нэхэмжлэгч Ч.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Би 2 хүүхдээ өөрийн асрамждаа авна. Эцгээр нь тэтгэлэг гаргуулна. Бага байхад хүүхдээ хаяад явсан тул хүүхдүүдээ Бад өгөхгүй. Би 5 ханатай гэрийг нь өгнө. Гэрээ хэзээ ч авсан болно гэв.
9. Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Цтай 2018 онд танилцаж байсан. Анх танилцсаны дараа аав ээж нь ирж танилц гэж хэлж байсан. Тэгэхээр нь аав, ээжтэй нь очиж танилцтал хотод ажил хийж хэрэггүй, хөдөө мал маллаж амьдар гэж хэлж байсан. 2022 онд анхны хүүхэд Т маань төрсөн. Тэгээд хүүхэд төрсөн тул би хуримаа хийе гэж бодоод гэр барих бодолтой байсан. Тэгтэл хадам аав хурим найрыг нь хийе, танайх гэрээ барьчих гэж хэлж байсан. Тэгээд би У хотод 1 сар гаран ажил хийж байгаад гэр аваад, шинэ гэр барьсан. Тэгээд хуримын өдрөө товлоод хамаатан садандаа урилга тараасан. Бүх зүйл товлогдчихсон байхад хадам тал манайх найр хийхгүй гэж хэлсэн. Тэгээд би хүмүүс урьчихсан юм чинь эхнэр хүүхдээ аваад гэрийн найр хийе гэтэл явуулахгүй гэж хэл ам хийгээд найр болохоос 3 хоногийн өмнө Ухотод ирсэн. Ирээд энэ гэр юм уу гээд гоочилсон. Тэгээд Ц ирээд 7 хонож байтал аавын чинь бие өвдөөд байна хүрээд ир гэж эхнэрийг маань дуудсан. Тэгээд Ц явчихсан. 1 сард хөдөө очтол хавраас хөдөө амьдар, мал тастаж өгье гэхээр нь аав ээжээсээ асууя гэсэн. Цын эгч нь манай ээжээс хөдөө амьдруулаад өгөөч гэж гуйсан. Ер нь намайг У хот руу явуулахгүй байсан болохоор би сүүлдээ хүүхдээ бодоод хөдөө амьдаръя гэж шийдсэн. Тэгээд би хөдөө очсон. Сүүлдээ маргалдаж байгаад намайг гуйлгачин, хүүхдийг маань хооллож, ундалж чадахгүй, элсээр хоол зуурч өгнө гэх мэтээр байнга хэл ам хийгээд байсан болохоор нь би Цын ахад “дүү нь У хот явж, өөрийнхөө ажлыг хийе” гэж хэлсэн. Ингээд удалгүй манай эгч хөдөө ирсэн. Тэгтэл шоглож байгаад, Ц манай эгчтэй зодолдсон. Зодоон хийсэн шалтгаан нь бид нар аавын газар дээр очно гэж ярьж байсан юм. Тэгээд явахгүй гэх зэргээр маргалдаж байгаад зодоон хийсэн. Ингээд бид тусдаа амьдарсан. Намайг явахад өмсөж байгаа хувцастайгаа зайл гэж хэлсэн. Надад унааны мөнгө ч байхгүй байсан. Цын ах нь 100,000 төгрөг өгсөн. Тухайн үед намайг охиноо аваад яв, хүүгээ өгөхгүй гэж хэлж байсан. Би гэр бүлээ хаяж яваагүй, Ц хамт явъя гэхээр хамт яваагүй. Цад надтай хамт амьдрах бодол байгаагүй, аав ээжийнхээ үгэнд ороод явсан. Би бүх амьдралаа орхиод очсон. Би шинэ гэрээ, аавынхаа авдартай авах хүсэлттэй байгаа гэв.
- А аймгийн Э сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ** тоот тодорхойлолт,
10. Нэхэмжлэгчээс:
-Б.Т, Б.Ш нарын эрүүл өсөн бойжиж буй Ар Мөнхжин өрхийн эрүүл мэндийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн тодорхойлолтууд,
- А аймгийн Э сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ** тоот тодорхойлолт,
- Б.Шийн Иргэний улсын бүртгэлийн лавлагаа,
- Гараар бичсэн уучлал хүссэн өргөдөл,
- Б.Тгийн төрсний гэрчилгээ,
- А аймгийн И сумын Х багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ** тоот тодорхойлолт,
- Бын Ш, Бын Т нарын хадгаламжийн дэвтэр,
- Ч.Цын №******** дугаартай Э дээд сургуулийн Диплом,
- Ш.Чийн ********** дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
11. Хариуцагчаас:
- Нийслэлийн С дүүргийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ** тоот тодорхойлолт,
- Б.Т, Б.Ш нарын төрсний бүртгэлийн лавлагаа,
- Үйлдвэрлэл худалдааны Сүү хувьцаат компанийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн **/** тоот тодорхойлолт,
12. Хариуцагч Б.Бын хүсэлтээр:
- А аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ** тоот албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт,
- А аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ** тоот албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт,
Зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Ц нь хариуцагч Б.Бад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хариуцагч Б.Б хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, 5 ханатай гэр, гэрийн тавилга хоолны шкаб, модон урт авдар, модон ор гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:
- Миний бие Чоёндорж овогтой Цнь 2018 оны 10 дугаар сард Бадрах овогтой Бтай танилцан дотносож улмаар хамтран амьдарч байсан. Бид хоёрын дундаас хүү болох Бын Т 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин болох Бын Ш нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тус тус төрсөн. Би 2 хүүхдээ өөрийн асрамждаа авна. Эцгээр нь тэтгэлэг гаргуулна. Бага байхад хүүхдээ хаяад явсан тул хүүхдүүдээ Бад өгөхгүй. Би 5 ханатай гэрийг нь өгнө. Гэрээ хэзээ ч авсан болно гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг доорхи үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
-Би Цтай 2018 онд танилцаж байсан. Анх танилцсаны дараа аав ээж нь ирж танилц гэж хэлж байсан. Тэгэхээр нь аав, ээжтэй нь очиж танилцтал хотод ажил хийж хэрэггүй, хөдөө мал маллаж амьдар гэж хэлж байсан. 2022 онд анхны хүүхэд Т маань төрсөн. Тэгээд хүүхэд төрсөн тул би хуримаа хийе гэж бодоод гэр барих бодолтой байсан. Тэгтэл хадам аав хурим найрыг нь хийе, танайх гэрээ барьчих гэж хэлж байсан. Тэгээд би У хотод 1 сар гаран ажил хийж байгаад гэр аваад, шинэ гэр барьсан. Тэгээд хуримын өдрөө товлоод хамаатан садандаа урилга тараасан. Бүх зүйл товлогдчихсон байхад хадам тал манайх найр хийхгүй гэж хэлсэн. Тэгээд би хүмүүс урьчихсан юм чинь эхнэр хүүхдээ аваад гэрийн найр хийе гэтэл явуулахгүй гэж хэл ам хийгээд найр болохоос 3 хоногийн өмнө Ухотод ирсэн. Ирээд энэ гэр юм уу гээд гоочилсон. Тэгээд Ц ирээд 7 хонож байтал аавын чинь бие өвдөөд байна хүрээд ир гэж эхнэрийг маань дуудсан. Тэгээд Ц явчихсан. 1 сард хөдөө очтол хавраас хөдөө амьдар, мал тастаж өгье гэхээр нь аав ээжээсээ асууя гэсэн. Цын эгч нь манай ээжээс хөдөө амьдруулаад өгөөч гэж гуйсан. Ер нь намайг У хот руу явуулахгүй байсан болохоор би сүүлдээ хүүхдээ бодоод хөдөө амьдаръя гэж шийдсэн. Тэгээд би хөдөө очсон. Сүүлдээ маргалдаж байгаад намайг гуйлгачин, хүүхдийг маань хооллож, ундалж чадахгүй, элсээр хоол зуурч өгнө гэх мэтээр байнга хэл ам хийгээд байсан болохоор нь би Цын ахад “дүү нь У хот явж, өөрийнхөө ажлыг хийе” гэж хэлсэн. Ингээд удалгүй манай эгч хөдөө ирсэн. Тэгтэл шоглож байгаад, Ц манай эгчтэй зодолдсон. Зодоон хийсэн шалтгаан нь бид нар аавын газар дээр очно гэж ярьж байсан юм. Тэгээд явахгүй гэх зэргээр маргалдаж байгаад зодоон хийсэн. Ингээд бид тусдаа амьдарсан. Намайг явахад өмсөж байгаа хувцастайгаа зайл гэж хэлсэн. Надад унааны мөнгө ч байхгүй байсан. Цын ах нь 100,000 төгрөг өгсөн. Тухайн үед намайг охиноо аваад яв, хүүгээ өгөхгүй гэж хэлж байсан. Би гэр бүлээ хаяж яваагүй, Ц хамт явъя гэхээр хамт яваагүй. Цад надтай хамт амьдрах бодол байгаагүй, аав ээжийнхээ үгэнд ороод явсан. Би бүх амьдралаа орхиод очсон. Би шинэ гэрээ, аавынхаа авдартай авах хүсэлттэй байгаа гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ч.Ц, хариуцагч Б.Б нар нь 2018 онд танилцаж, дотносон хамт амьдарсан бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй, тэдний хүү 2020 оны 01 сарын 26-ны өдөр төрсөн Б.Т, 2022 оны 02 сарын 15-ны өдөр төрсөн охин Б.Шнар төрсөн, хүүхдүүд эцэг Б.Баар овоглодог ба одоо эх Ч.Цын асрамжид эрүүл өсөж бойжиж сургууль цэцэрлэгт хамрагдаж байна. Нэхэмжлэгч Ч.Ц хариуцагч Б.Б нар хувийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаа бөгөөд хүүхдүүдийн асрамжийн асуудал дээр маргажээ.
5. Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Ч.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хүү Б.Т, охин Б.Ш нарыг өөрийн асрамжид авах шаардлага гаргасан ба хариуцагч Б.Б нь хүү Б.Т, охин Б.Ш нарыг өөрийн асрамжид авахаар сөрөг нэхэмжлэл гаргаж зохигч хүүхдийн асрамжийн асуудал дээр маргасан.
Хэрэгт авагдсан баримтуудаар эцэг эхийн хэн аль нь хүүхдүүдээ асрамжлахад эдийн засгийн болоод ёс суртахууны хувьд боломжгүй гэх зүйл тогтоогдсонгүй. Гэхдээ хүүхдүүдийн эхийн асаргаа шаардлагатай бага насны хүүхдийн онцлог /2-5/, эцэг эхийн халамж, хүүхдийн ээнэгшин дассан орчин нөхцөлийг өөрчлөх ноцтой шалтгаан тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Т, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б.Шнарыг эх Ч.Цын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Б.Баар хүү Б.Т, охин Б.Ш нарыг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
6. Хариуцагч Б.Бын 5 ханатай гэр, гэрийн тавилга хоолны шкаб, модон урт авдар, модон ор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Ч.Ц хариуцагч Б.Бын 5 ханатай гэр, гэрийн тавилга хоолны шкаб, модон урт авдар, модон ор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн өмгөөлөгчөөс хүүхэдтэй уулзах хугацааг тогтоож шүүхийн шийдвэрт тусгана уу гэж тайлбартаа дурдсан боловч энэ талаар ...
7. Нэхэмжлэгч Ч.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Б.Бын сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2020 оны 01 сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Т, 2022 оны 02 сарын 15-ны өдөр төрсөн охин Б.Ш нарыг эх Ч.Цын асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү Б.Т /РД: **********/, охин Б.Ш/РД: **********/ нарыг тус бүрийг нь сард 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Баар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлан зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 38.6-д заасныг баримтлан тэтгэлэг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдах бөгөөд тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй тогтоогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ц, хариуцагч Б.Б нар хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах үүргийг адил тэгш хүлээх болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугар зүйлийн 26.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ц, хариуцагч Б.Б нарын хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглох болохыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ц хариуцагч Ц.Бын 5 ханатай гэр гаргуулах шаардлагыг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН