| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2025/00008/И |
| Дугаар | 304/ШШ2025/00103 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 304/ШШ2025/00103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 132/2025/00008/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун оролцов.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У******* нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүх хуралдааны тов мэдэгдэхэд илэрхийлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч А.Ц******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие Гурванбулаг сумын Баянбэрх ХК-нд үтрэмийн сахиулаар 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орж 1997 оныг хүртэл ажилласан. 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн дэвтэр дуусгавар болж, нийгмийн даатгалын дэвтэр олгогдсон. 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарыг дуустал 3 жил ажилласан нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн. Дээрх хугацаанд ажилласан хугацааны цалингийн түүвэр архиваас олдохгүй байх тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн №......... дугаартай нийгмийн даатгалын 1995-1997 оныг дуустал нийгмийн даатгалын бичвэр бүхий нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 4-6-р хуудас/,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн лавлагаа гаргах боломжгүй гэх тодорхойлолт /хэргийн 7-р хуудас,
-Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 132/ШШ2024/00387 дугаар шийдвэрийн хуулбар /хэргийн 8-9-р хуудас/,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Баянбэрх ХК байгуулагдсан тухай тодорхойлолт /хэргийн 28-р хуудас/,
-Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын Газрын үйлчилгээний хэлтсийн даргын архивын лавлагаа авах хүсэлт буюу хүсэлт гаргагчийн 1995-1997 онд Баянбэрх ХК-аас шимтгэл төлөлтийн лавлагаа, мэдээлэл /хэргийн 29-р хуудас/.
3.Хүсэлт гаргагч А.Ц*******ийн хүсэлтээр гэрчээр Г.М*******, П.М******* нарыг асуусан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн Гурванбулаг сумын Баянбэрх ХК-нд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарыг дуустал үтрэмийн сахиулаар ажилласан боловч цалингийн цэс олдохгүй байгаа тул ажилласан жилээ тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Хүсэлт гаргагч А.Ц******* нь Булган аймгийн Гурванбулаг сумын Баянбэрх ХК-нд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үтрэмийн сахиулаар ажиллаж байсан болох нь нийгмийн даатгалын дэвтэр, архивын лавлагаа болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
5.Иймд хүсэлт гаргагч А.Ц******* нь Булган аймгийн Гурванбулаг сумын Баянбэрх ХК-нд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үтрэмийн сахиулаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А.Ц*******ийг Булган аймгийн Гурванбулаг сумын Баянбэрх ХК-нд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үтрэмийн сахиулаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА