| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00125/И |
| Дугаар | 304/ШШ2025/00110 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 304/ШШ2025/00110
\
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Ө*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 624,702 /зургаан зуун хорин дөрвөн мянга долоон зуун хоёр/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00125/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Ө******* нь М*******-ын мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 06 дугар сарын 25-ны өдөр 1400000390036 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Ц.Ө******* нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 650,000 төгрөгийг сарын 2,9% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагуй юм. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессэж илгээх, утсаа тогтоох ажиллагаа хийсэн ба өнгөрсөн хугацаанд нийт 369,192 төгрөгийг төлсөн хэдий ч төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 495,948 төгрөг, зээлийн хүү 111,834 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,920 төгрөг, нийт 624,702 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Ц.Ө******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* ХХК нь хариуцагч Ц.Ө******* холбогдуулан 624,702 /зургаан зуун хорин дөрвөн мянга долоон зуун хоёр/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц.Ө******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М******* ХХК нэхэмжлэлийн шаардлага 624,702 /зургаан зуун хорин дөрвөн мянга долоон зуун хоёр/ төгрөгийг хариуцагч Ц.Ө******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 9695.5 /есөн мянга зургаан зуун ерэн таван мянга таван мөнгө/ төгрөг, хариуцагч Ц.Ө*******аас 9695.5 /есөн мянга зургаан зуун ерэн таван мянга таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА