Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 184

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр /ҮД:1338/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дт холбогдох 1706003690423 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Сэргэлэн суманд 1994 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерын сүлжээний инженер мэргэжилтэй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамалын 2 дугаар гудамжны 7 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д Б

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Д нь 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанхуарангийн 12 дугаар гудамжны 297 тоот хашаанд Т.Эрдэнэхуягийг сагс тоглож байхад дээрэлхсэн хэмээн зодолдож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дын өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Эрдэнэхуягийн өгсөн: “... Би 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэрийнхээ ойролцоох сагсны шийдэн дээр тоглож байхдаа Баярбаатартай муудалцаж зодолдоод эрүүгээ хугалуулсан, эрүүний хагалгаанд орж 1.185 000 төгрөгний зардал гарсан. Баярбаатарт бас 360.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан гэсэн. Үүнийг нь хасаад би үлдсэн хохирлоо Баярбаатараар төлүүлж хоорондоо тохиролцон, сая үлдсэн 400.000 төгрөгийг хүлээн авч одоо ямар нэгэн хохирол гомдол саналгүй боллоо” гэх мэдүүлгүүд /хх.17-18, 97/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.Бямбажаргалын өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамалын 2-7 тоот хашаандаа амбаар засч байгаад Б.Д бид хоёр 17 цагийн орчим гарч сагсны шийд орж сагс тоглосон. Сагс тоглож байхад манай тэндэхийн Эрдэнэхуяг ах 2 найзтайгаа хамт байсан. Бид 2-г сагс тоглож байхад Эрдэнэхуяг ах бацаанууд том болжээ, гөлөгнүүд цээжээ хаялаад гэж хэлэхээр нь манай ах Баярбаатар та яагаад пиздагаар нь дууддаг юм бэ гэхэд Эрдэнэхуяг түрийний бөөс толгойд гарах нь ээ гээд босч ирээд Баярбаатарыг заамдаад цохисон, би салгах гэсэн чинь хамт явсан 2 найз нь ойртуулаагүй тэгэхээр нь би ээжийгээ дуудах гээд гэр лүүгээ ортол гэрт хүн байгаагүй, тэгсэн араас Баярбаатар ах ороод ирсэн” гэх мэдүүлэг /хх.23-24/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.Бямбасүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх.31-32/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 8036 дугаартай дүгнэлт /хх.37/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн 8066 дугаартай:

“1. Т.Эрдэнэхуягийн биед доод эрүүний далд хугарал, зүүн зулайд оёдол бүхий шарх, өвдөгөнд зулгаралт гэмтэл учиржээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.40/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.46/,

Б.Дын хувийн байдлын талаарх баримтууд /хх.49-52/,

Хохирогч Т.Эрдэнэхуягийн хохирлын мөнгө хүлээн авч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримт /хх.99/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

   Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Д нь 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанхуарангийн 12 дугаар гудамжны 297 тоотод Т.Эрдэнэхуягийг сагс тоглож байхад дээрэлхсэн хэмээн зодолдож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Эрдэнэхуягийн өгсөн: “... Би 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэрийнхээ ойролцоох сагсны шийдэн дээр тоглож байхдаа Баярбаатартай муудалцаж зодолдоод эрүүгээ хугалуулсан, эрүүний хагалгаанд орж 1.185 000 төгрөгний зардал гарсан. Баярбаатарт бас 360.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан гэсэн. Үүнийг нь хасаад би үлдсэн хохирлоо Баярбаатараар төлүүлж хоорондоо тохиролцон, сая үлдсэн 400.000 төгрөгийг хүлээн авч одоо ямар нэгэн хохирол гомдол саналгүй боллоо” гэх мэдүүлгүүд /хх.17-18, 97/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.Бямбажаргалын өгсөн: “... Бид 2-г сагс тоглож байхад Эрдэнэхуяг ах бацаанууд том болжээ гөлөгнүүд цээжээ хаялаад гэж хэлэхээр нь манай ах Баярбаатар та яагаад пиздагаар нь дууддаг юм бэ гэхэд Эрдэнэхуяг түрийний бөөс толгойд гарах нь ээ гээд босч ирээд Баярбаатарыг заамдаад цохисон, би салгах гэсэн чинь хамт явсан 2 найз нь ойртуулаагүй тэгэхээр нь би ээжийгээ дуудах гээд гэр лүүгээ ортол гэрт хүн байгаагүй, тэгсэн араас Баярбаатар ах ороод ирсэн” гэх мэдүүлэг /хх.23-24/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн 8066 дугаартай дүгнэлт /хх.40/,

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

             Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Дыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

            Иймд Б.Дыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Б.Дын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон эрүүгийн хариуцлагыг түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

             Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Б.Дын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэв.

             Б.Дт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

            Шүүгдэгч Б.Дт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

             Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 400.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Д Б “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Дт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.          

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Дт мэдэгдсүгэй.

5. Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 400.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                                                  С.ӨСӨХБАЯР