Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/35

 

 

 

 

 

   2023        9           21                                           2023/ДШМ/35

 

 

Ц.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ба-,

Хохирогчийн өмгөөлөгч Л.Наранчимэг, 

Шүүгдэгч Ц.Б-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш нарыг оролцуулан, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/136 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч насанд хүрээгүй хохирогч Б.З-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ба-, хохирогчийн өмгөөлөгч Л.Наранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Б-д холбогдох эрүүгийн 2239002160140 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Ц.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчим насанд хүрээгүй хохирогч Б.З-тай "ээжийгээ авч явах гэлээ" гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Б.З-ын зүүн гуя хэсэгт зэвсгийн чанартай зүйл буюу нийт 20,5 см урттай цагаан өнгийн төмөр эвхмэл хутгаар 1 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд зүүн гуяны артери, вен, мэдрэл тасарсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

 

- 2022 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчим Б.Ө-ы баруун хөлийн дотор хэсэгт нийт 20,5 см урттай цагаан өнгийн төмөр эвхмэл хутгаар 1 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд баруун хөлийн дотор хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс шүүгдэгч Ц.Б-гийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Б-г 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 (дөрвөн зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 (дөрвөн зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор буюу 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 (дөрөв) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан 4 жил 2  сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Насанд хүрээгүй хохирогч Б.З-, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ба- нарын нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож,

- Хохирогч Б.Ө- нь эмчилгээнд гарсан зардлаа, насанд хүрээгүй хохирогч Б.З-, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ба- нар нь сэтгэл санааны хохирол 20 сая төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа, иргэний нэхэмжлэгч нь эрүүл мэндийн даатгалын зардал 5.645.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ц.Б-гээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

- Эрүүгийн 223900210140 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн нийт урт 20,5 см төмөр эвхмэл хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэжээ.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.З-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ба-, хохирогчийн өмгөөлөгч Л.Наранчимэг нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлах гол урьд ч нөхцөл нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх бөгөөд шүүгдэгч Ц.Б-гийн хувьд хохирол төлбөрийн асуудал дээр маргаантай сэтгэл санааны хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байхын зэрэгцээ, мөн анхан шатны шүүхээс хохирогч нь сэтгэл санааны хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй шийдвэрлэсэн атлаа шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг хангаагүй гэж үзэж байна.

Yндэслэл нь:

1.Хохирогч сэтгэл санааны хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж зааж байгаа нь өөрөө гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй гэж дүгнэхээр байна.

2. Насанд хүрээгүй хохирогч Б.З-ын биед гэмт хэргийн улмаас зүүн гуяны артери, вен, мэдрэл тасарсан шарх бүхий хүнд хохирол учирсан. Тухайн гэмтлийн улмаас Б.З- нь 2 удаа венийн судас залгуулах хагалгаанд орсон. Одоогоор залгуулсан судас нь 40 хувийн нарийсалтай байнга цус шингэлэх эм ууж байгаа.

Хэрэв цус өтгөрөх юм бол нарийссан судас бөглөрч хөл тайруулах эрсдэлтэй нөхцөл байдалд байнгын эмчийн хяналтанд, бие махбоддоо гэмтэл авснаас олон хоног өвдөж шаналж нойргүй хонох, гутрах, сэтгэл санааны гүн хямрал зэрэг олон сөрөг үр дагварыг даван туулж байхад түүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зөвхөн авч чадаагүй цалин хөлс, хиймэл эрхтэн хийлгэх, эмчилгээний зардал гэх мэт зайлшгүй шаардагдах зардлын хүрээнд хохирлыг тооцож барагдуулах нь учир дутагдалтай байна.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д “эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй”,  230.2-т “гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байхад шүүхээс зарим тохиолдолд сэтгэл санааны хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй нөхцөлд мөнгөн дүнгээр тооцож төлүүлэх боломжгүй гэж дүгнэж, уг хохирлыг гаргуулахаас татгалзаж шийдвэрлэж байгаа нь Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө ашиг сонирхолд үл нийцэж тэгш шудрага ёс хангагдахгүйд хүрч байхын зэрэгцээ хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж зөрчигдсөн эрхийг сэргээхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай нийцэхгүй байна.

3. Хэдийгээр эрүүгийн хариуцлагыг тодорхойлох, ял оногдуулах асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал мөн боловч шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байж гэмээн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчим хангагдсан гэж үзнэ.

Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б-гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа зөвхөн эмчилгээний бодит зардал төлөгдсөнөөр насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хор уршиг бүрэн арилсан, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргэсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан 4 жилийн хорих ял оногдуулж байгаа нь шудрага ёсны зарчимд нийцэхгүйн зэрэгцээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохироогүй гэж дүгнэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Л.Наранчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохирол болон бусад эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа учраас шүүгдэгч Ц.Б-г хохирол төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлах үндэслэлгүй.

       Уг гэмт хэргийн улмаас Б.З-ын биед зүүн гуяны артери, вен, мэдрэл тасарсан шарх бүхий хүнд хохирол учирсан. Б.З- нь 2 удаа венийн судас залгуулах хагалгаанд орсон. Одоогоор залгуулсан судас нь 40 хувийн нарийсалтай байнга цус шингэлэх эм ууж эмчийн хяналтад байгаа.

Б.З- нь бие махбоддоо гэмтэл авснаас олон хоног өвдөж, шаналж нойргүй хонож, сэтгэл санааны хувьд тогтворгүй байдалтай байна. Үүнийг шүүх анхаарч үзэхгүйгээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Насанд хүрээгүй хохирогчийн хувьд байнгын эмчийн хяналтад өвчин зовуурь ихтэй байгаа учраас зөвхөн бодит хохирол төлөгдсөнөөр тухайн хүний зөрчигдсөн эрх сэргэсэн, хохирол төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд Ц.Б- нь насанд хүрээгүй хохирогч Б.З-тай хамтран амьдарч байсан, хэрэг гарснаас хойш хохирогчтой нэг ч удаа уулзаагүй, уучлалт гуйгаагүй, анхан шатны шүүх хуралдаан дээр л гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлэг өгснөөр шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй гэж үзэж байна.

Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж байгаа нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй, ял хөнгөдсөн гэж  үзэж байна” гэв.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэрлэсэн.

Хохирол хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс ирүүлсэн ирүүлсэн баримтын хүрээнд бүрэн төлөгдсөн. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой. Хор уршгийн хувьд бүрэн арилсан гэж шүүх үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй.

Шүүхээс хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхэд саад болохгүй, хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эмчилгээний болон унааны зардал, түүнтэй холбогдолтой бусад зардал зэргийг хохирогчийн эрүүл мэндэд шууд учирсан зардал гэж үзээд, сэтгэл санааны хохирол зэрэг бусад зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь зөв байна. Сэтгэл санааны хохирлын хувьд баримт байдаггүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 заалт нь хохирлоо нөхөн төлсөн байхыг шаарддаг. Шүүгдэгч Ц.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө бүрэн төлсөн учир уг хуулийн заалтыг хэрэглэх боломжтой,хууль зөрчөөгүй байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ц.Б- давж заалдах шатны шүүхэд гаргах тайлбар байхгүй гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ба- давж заалдах шатны шүүхэд гаргах тайлбаргүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Б.З-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ба-, хохирогчийн өмгөөлөгч Л.Наранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр Ц.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс шүүгдэгч Ц.Б-гийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг  журамлан шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор буюу 2 сарын хугацаагаар хорих ялаар тооцож, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Б-д 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан  нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

 

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ:

- насанд хүрээгүй хохирогч Б.З-, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Ба- нарын нэхэмжилсэн 23.764.055 төгрөгийн нэхэмжлэлээс өмгөөлөлийн хөлс 3 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний болон бусад зардлын 1.674.459 төгрөгийн хохирол баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хохирогчид 5.000.000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгч Ц.Б-  бусдад төлөх  төлбөргүй гэж дүгнээд, үлдэх сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа,

- хохирогч Б.Ө-ы эмчилгээний зардал тодорхойгүй тул эмчилгээний зардлаа,

- эрүүл мэндийн даатгалын сан 5.645.000 төгрөгийн нэхэмжлэлээ тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурьджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг... харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж хуульчилсан.

 

Гэтэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн эмчилгээний болон бусад зардлаас баримтаар нотлогдсон хэмжээгээр буюу 1.674.459 төгрөгийн хохирол нөхөн төлснийг “хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүйгээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэхдээ хохирлоо нөхөн төлснөөс гадна гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж тухайн зохицуулалтыг  хэрэглэх  эсэхийг шийдвэрлэнэ.

 

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Б-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Л.Наранчимэг, насанд хүрээгүй хохирогч Б.З-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ба- нарын гаргасан “шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг буруу хэрэглэсэн” гэх агуулга бүхий давж заалдах  гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/136 дугаар шийтгэх тогтоолыг  хүчингүй болгосугай.

 

2. Хохирогчийн өмгөөлөгч Л.Наранчимэг, насанд хүрээгүй хохирогч Б.З-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ба- нарын гаргасан давж заалдах  гомдлыг хангаж, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-гийн цагдан хоригдсон 93 /ерэн гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ГАНЗОРИГ

  

                           ШҮҮГЧИД                                                 Б.ДЭНСМАА