| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0819/З |
| Дугаар | 128/ШШ2024/0941 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2024/0941
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.*******
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.*******
Хариуцагч: Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.*******
Нэхэмжлэлийн шаардлага: “Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Б.*******аас тус шүүхэд Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд холбогдуулан Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.
Хоёр. Маргааны үйл баримтын талаар:
2.1.Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар тогтоолоор “...Нотариатын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, Сахилгын зөвлөлийн ажиллах журам”-ын 2.1.1, 17.2.1, 17.3, 17.4-д заасныг удирдлага болгон Нийслэлийн тойргийн нотариатч Б.*******ид сануулах сахилгын шийтгэл оногдуулсугай” гэжээ.
2.2.Нэхэмжлэгч дээрх тогтоолыг эс зөвшөөрч 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдад гомдол гаргаж, Хууль зүйн, дотоод хэргийн сайдаас Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн дарга Х.д “...Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар тогтоолоор Нийслэлийн тойргийн нотариатч Б.*******ид сануулах сахилгын шийтгэл оногдуулсан асуудлыг сахилгын зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцүүлэх арга хэмжээ авч, нотариатч Б.*******ид хариу өгч, хэрхэн шийдвэрлэсэн талаар танилцуулахыг хүсье” гэх агуулга бүхий гомдол шилжүүлэх тухай 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар албан бичгийг хүргүүлсэн байна.
2.3.Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлөөс нотариатч Б.*******ид 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Нотариатын тухай хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны ******* дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Сахилгын зөвлөлийн ажиллах журам”-д дурдсан тогтоолыг дахин хянах үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.” гэх ******* дугаар албан бичгийг хүргүүлснийг эс зөвшөөрч, нэхэмжлэл гаргагчаас тус шүүхэд 2024 оны 9 дүгээр сарын *******-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШЗ2024/8264 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1.Б.*******аас шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ:
"Нотариатч Б.******* миний бие Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар тогтоолыг Нотариатын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Нотариатчдын Сахилгын дүрмийн холбогдох заалтуудыг зөрчин, нотариатч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
1.Сахилгын Зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаас гарсан тогтоолын үндэслэх хэсэгт "Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний оролцогч талууд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй хэдий ч уг чөлөөт байдал нь хуулийн хүрээгээр хязгаарлагдаж, тэгш эрхийн зарчимд суурилах учиртай" гэжээ.
Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч аливаа этгээдүүдэд эрх үүргээ чөлөөтэй хэрэгжүүлж, гэрээнийхээ агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Мөн Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид эрхээ хэрэгжүүлэхдээ харилцан сайн дурын үндсэн дээр, эрх үүргээ өөрсдөө хэрэгжүүлж, тэгш эрхээ харилцан хангаж оролцдог. Тэгш эрх нь хангагдаагүй гэж үзвэл иргэний эрх зүйн харилцаанд оролцохгүй байх эрхтэй бөгөөд үүнийгээ хэрхэн хангах нь тухайн оролцогчийн эрх зүйн чадвар, чадамжаас хамаарч байдаг. Тэгш эрхийн зарчим нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид үйл ажиллагаандаа удирдлага болговол зохих эрх зүйн хэм хэмжээ бөгөөд энэ нь тухайн харилцааны оролцогчдын хүсэл зоригийн илэрхийлэл, түүний хэлбэрээр илэрхийлэгддэг билээ.
2.Зөвлөлийн тогтоолын үндэслэх хэсэгт "... агуулгын хувьд орон сууцны талбайн хэмжээ, өрөөний тоо зэрэг нь илэрхий зөрүүтэй байхад солилцож байгаа орон сууцуудын үнэ тэнцүү *******,*******,******* төгрөг байхаар тохиролцсон гэрээний агуулгыг нотариатч гэрээ, хэлцэл гэрчлэх, үйлдэл хийхдээ анхаараагүй нь буруутай..." Үл хөдлөх эд хөрөнгө худалдах үнийн тухайд талууд өөрсдөө гэрээний гол нөхцөлөө тодорхойлсон байсан бөгөөд тухайн үед буюу 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар энэ талаар хязгаарлалт тавиагүй, эд хөрөнгийн үнийг тогтоох нь нотариатч, улсын бүртгэгчийн үүрэг байгаагүй тул хуулийн хүрээгээгээр хязгаарлагдаагүй байсан. Зөвлөл нотариатчийг гэрээний үнэ тогтоох үүрэгтэй байсан мэтээр тайлбарлаж, Нотариатын тухай хууль зөрчиж байна.
3.Зөвлөлийн тогтоолын үндэслэх хэсэгт “Нотариатч Б.*******аар үйлчлүүлсэн Ч., Б., Э. нар нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд арилжааны гэрээний маргаан үүсгэсэн болох нь хариуцагчийн өөрийнх нь тайлбар, гэрч асуусан тэмдэглэл зэргээр тогтоогдсон. Дээрхи байдлаар нотариатч Нотариатын тухай хуулийн 46.2-т нэрлэн заасан буюу талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх, агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх зэрэг нөхцөл байдлыг гэх үр дагавар, улмаар маргаан гарах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн байна" гэжээ.
Иргэн Ч., Б. болон Э. нар 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нотариатын үйчилгээ авахдаа ямар нэг байдлаар маргалдаагүй, аль аль нь гомдол гаргаагүй буюу нэгдмэл сонирхолтой байсан бөгөөд энэ ч үүднээс Нотариатын тухай хуулийн 46.2-т нэрлэн заасан буюу талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх, агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх дээр эргэлзээтэй нөхцөл байдал ажиглагдаагүй учраас миний бие нотариатын үйлчилгээг хуульд заасны дагуу үзүүлсэн. Түүнчлэн талууд тухайн үед давхар зээлийн гэрээ байгуулсан байсан бөгөөд зээлийн гэрээтэй маргаан үүссэний улмаас арилжааны гэрээний үнийн дүн дээр давхар маргаж байгаа юм байна. Энэ нь намайг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөх үед мэдэгдсэн бөгөөд уг маргааныг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байна. Шүүх Ч., Б., Э. нарын хооронд үүссэн зээл болон арилжааны гэрээг дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад сахилгын зөвлөл уг арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл мэтээр дүгнэж байгаа нь хууль бус. Хэрэв шүүх уг арилжааны гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэвэл нотариатч намайг хилсээр шийтгэсэн хэрэг болно.
Зөвлөл нотариатчийг маргаан гаргах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудийн хэн аль нь маргаан үүсгэх эрхтэй бөгөөд үүнийг хэнийх нь шаардлага үндэслэлтэй болохыг зөвхөн шүүх шийдвэрлэнэ.
4.Зөвлөлийн тогтоолын үндэслэх хэсэгт мөн "... Тодруулбал, нэг байршил байгаа орон сууцны үнэ нь талбайн хэмжээ өөр байхад адилхан үнэтэй байхаар талууд тохиролцсон байхад тэднээс асууж лавлаж, үнийн зөрүүг яаж тохиролцсон, өөр ямар гэрээ байгуулах давхар байгуулах талаар зөвлөж, шалтгаан үр дагаврыг тайлбарлаж, ийнхүү тайлбарласнаа баталгаажуулж баримтжуулах, шаардлагатай бол Нотариатын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тэмдэглэл үйлдэх байсан" гэжээ. Сүүлийн жилүүдэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэ тухайн орон сууцны давхараас хамааралтай байх болсон. Зарим байршилд 1 давхар нь үнэтэй байхад зарим газар 10 давхарт илүү үнэтэй байх жишээтэй. Үүндээр нотариатч мэргэжлийн үнэлгээтэй дүйцэх дүгнэлт гаргах бодит боломж, хуулиар хүлээлгэсэн үүрэг байгаагүй.
Мөн Зөвлөл давхар гэрээ байгуулах, тэмдэглэл үйлдэх зэрэг Нотариатын тухай хууль болон зөвлөмжид заагаагүй шаардлага тавьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нотариатын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт "Энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан үйлчлүүлэгч, түүнчлэн бусад оролцогч оролцож байгаа бол нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлнө. Шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд нотариатч тэмдэглэл хөтөлж болно" гэж заасан бөгөөд шаардлагатай бусад тохиолдолд нотариатч тэмдэглэл үйлдэхийг үүрэг болгосон бус зөвшөөрсөн хэм хэмжээг хуульчилсан. Миний бие хуульд заасан үндэслэлээр тэмдэглэл үйлдэх шаардлага тухайн үед гараагүй учраас тэмдэглэл үйлдээгүй. Энэхүү зөвшөөрсөн хэм хэмжээг үүрэг болгон тулгаж байна гэж үзэж байна. Мөн давхар гэрээ байгуулах тухай зөвлөх боломж тухайн үед байгаагүй болохыг удаа дараа хэлж тайлбарлаж байгаа бөгөөд зөвлөл маргаан гарахаас өмнө нөхцөл байдлыг сэргээн тогтоохгүйгээр маргаан гарсаны дараах зөвхөн гомдол гаргагч нэг талын тайлбараар, нотлох баримтыг үндэслэхгүйгээр дүгнэлт гаргаж байгааг зөвшөөрөхгүй байна.
5.Зөвлөлийн тогтоолын үндэслэх хэсэгт мөн "...нотариатч үйлдэл хийхээс татгалзах биш харин орон сууцны зөрүүг тодорхой шийдэх байсан, эрх зүйн зөвлөгөөг бүрэн дүүрэн өгөх байсан" гэжээ.
Миний бие зөрчлийн хэргийн материалд талуудад эрх үүрэг тайлбарласан баримтыг хавсаргасан. Нотариатч e-notary.mn вэб сайтны тусламжтайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ программд суурилсан гэрээний загвар дээр гэрээ боловсруулж, эрх үүрэг тайлбарласан баримт дээр гарын үсэг зуруулдаг юм. Нотариатийн үйлчилгээ авч буй иргэн бүрт эрх үүргийг нь тайлбарлаж, гэрээнээс гарах үр дагавар, нөхцөл байдлыг нь тайлбарлаж эрх үүрэг тайлбарласан баримтанд гарын үсэг зуруулдаг. Ч., Б. болон Э. нар 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр үйлчилгээ үзүүлэхдээ эрх үүрэг тайлбарлан баримтыг зөрчлийн хэрэгт хавсаргасан тул зөвлөлийн энэ үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
6.Зөвлөлийн тогтоолын үндэслэх хэсэгт мөн "Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эрх зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй..." гэсэн. Миний бие нотариатын тухай хуульд заасан гэрчлэх чиг үүргээ хэрэгжүүлж талуудын хооронд байгуулагдсан гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлэхдээ эрх зүйн бүрэн чадамжтайгаа өөрсдөө гарын үсэг зурсан болохыг гэрчилсэн, талуудад эрх үүргийг нь тайлбарласан ба энэ тухай баримтаа зөвлөлд гаргаж өгсөн. Мөн хөндлөнгийн гэрчийн хувьд болсон үйл баримтыг шүүхэд гэрчлэн мэдүүлсэн.
7.Монголын Нотариатчдын Танхимын Дэргэдэх “Сахилгын Зөвлөлийн ажиллах журам"-ын 2.16.4-т “өргөдөл, гомдолд холбогдох асуудлаар иргэн, хуулийн этгээд болон нотариатчаас баримт бичиг, тайлбар, нотлох баримтыг гаргуулан авах" гэж заасан.
2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн зөрчлийн маргааныг шийдвэрлэх хуралдаанд иргэн Ч. нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.ийн хянан шийдвэрлэж байгаа иргэний хэргийн талаар хуулбар баримт гаргаж өгсөн ба Зөвлөл уг баримтыг нягталж нотлох баримтыг шаардлагад нийцүүлэн албан ёсоор шалгаагүй буюу дүүргийн шүүх дээр маргалдаж буй талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг e.notary.mn цахим системээр шүүж аваагүй, улмаар зөрчлийн хянан шийдэрлэх нотлох баримтаар үнэлээгүй нь учир дутагдалтай болсон гэж үзэж байна.
Нотариатч Б.******* миний бие Сахилгын Зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар тогтоолыг эс зөвшөөрч Хууль зүй дотоод хэргийн сайдад 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргасан бөгөөд Хууль зүйн сайдаас уг гомдлыг дахин хэлэлцүүлэх арга хэмжээ авахуулахаар 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сахилгын зөвлөлд шилжүүлсэн байх боловч Зөвлөлөөс 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ******* тоот албан бичгээр мэдэгдэхдээ дахин хянан үзэх хууль зүйн боломжгүй, шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэсэн хариу ирүүллээ.
Монголын Нотариатчдын Танхимын Дэргэдэх Сахилгын Зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн ******* дугаар тогтоолоор хүлээлгэсэн сануулах сахилгын шийтгэл нь Нотариатч Б.******* миний хөдөлмөрлөх эрхэд хууль зөрчин халдсан буюу эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул захиргааны арга хэмжээ байх тул тус шийтгэлийн хууль зүйн үндэслэлийг хянан үзэж, тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
3.2.Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Сахилгын зөвлөлөөс надад онолын шинжтэй буруутгал өгсөн. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний оролцогч талууд гэрээг чөлөөтэй байгуулж түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй хэдий ч уг чөлөөт байдал нь хуулийн хүрээгээр хязгаарлаж тэгш эрхийн зарчимд суурилах учиртай учраас тэгш эрхийн зарчмыг хангаагүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Учир нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээдүүд эрх үүргээ чөлөөтэй хэрэгжүүлж гэрээнийхээ агуулгыг ч мөн өөрсдөө тодорхойлдог. Тэр дунд нотариатч орж ирээд гэрээний агуулгыг тодорхойлох буюу иргэний эрх зүйн харилцаанд давамгайлах, чиглүүлэх үүрэг хүлээдэггүй.
Нөгөө талаас иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээдүүд эрх үүргээ харилцан хангаж оролцдог. Энэ эрх үүргээ хэрхэн хэрэгжүүлж харилцан хангах нь тухайн оролцогчийн эрх зүйн чадвар чадамжаас хамаардаг. Тэгэхээр тэгш эрхийн зарчим нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын үйл ажиллагаандаа удирдлага болговол зохих хэм хэмжээ бөгөөд энэ нь тухайн харилцаанд оролцогчдын хүсэл зоригийн илэрхийллээр илэрдэг зүйл юм. Гэтэл сахилгын зөвлөлөөс намайг иргэний эрх зүйн харилцаа үүсгэх шийдвэр гаргасан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа.
Орон сууцны талбайн хэмжээ өөр илэрхий зөрүүтэй байхад солилцож байгаа орон сууцны үнийг тэнцүү буюу ******* сая төгрөгөөр тохиролцсон. Нотариатч гэрээний агуулгыг гэрээ хэлцэл гэрчлэх үедээ анзаараагүй нь буруутай гэсэн дүгнэлт хийсэн байна. Тэгэхээр 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нотариатын тухай хууль болон Улсын бүртгэлийн тухай хуулиар нотариатчид ямар нэгэн байдлаар гэрээний үнийг тодорхойлох үүрэг хүлээгээгүй байсан. Энэ нь талуудын тэгш эрх, чөлөөт байдлын үндсэнд зохицуулагдаж ирсэн. Одоогийн байдлаар Улсын бүртгэлийн хуульд өөрчлөлт орсноор өмнөх байгуулагдсан гэрээний үнийн дүнгээс бууруулахгүйгээр гэрээ хийнэ гэсэн зохицуулалт орсон. Тухайн үед ийм эрх зүйн зохицуулалт байгаагүй. Нотариатч гэрээний үнийг тодорхойлох хориг тавих эрх хэмжээ байгаагүй. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу тогтоох үүрэгтэй байсан мэтээр хуулийг буцаан хэрэглэж миний эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа.
Гэрээ хэлцэл байгуулахдаа талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлж чадсан эсэх, үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэхийг нягталж шалгаагүйгээс маргаан гаргах эрх зүйн үндэслэл бүрдүүлсэн гэж үзэж байна. Гэтэл тухайн үед 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ч., н., н. нар нотариатын үйлчилгээ авахдаа ямар нэгэн байдлаар маргалдаагүй байсан. Аль нэг нь гомдол, нэхэмжлэл гаргаагүй нэгдмэл сонирхолтой этгээд орж ирсэн.
Улмаар Нотариатын тухай хуулийн 46 дүгээр зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан талууд тэгш эрхийн үндсэнд гэрээ хэлцэл байгуулсан эсэх, агуулга нь хүсэл зоригийг илэрхийлж чадсан эсэх, үүсэх үр дагаварт бодитой хандаж чадсан эсэх зэрэг эргэлзээтэй нөхцөл байдал огт ажиглагдаагүй. Тухайн үед миний бие Нотариатын тухай хуульд заасны дагуу үйлчилгээ үзүүлсэн байдаг.
Гэтэл талууд тухайн өдөр өөр нотариат дээр давхар зээлийн гэрээ байгуулсан байсан. Үүнийг тухайн үед мэдэх боломжгүй байсан. Манай системд манайхаас өөр төрлийн гэрээ хийсэн бол гарч ирдэггүй. Талууд арилжааны гэрээний асуудлаар давхар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд маргаж байгаа.
Сахилгын зөвлөлийн тогтоолоор хүчин төгөлдөр гэрээ хэлцэл байгуулсан мэтээр дүгнэлт хийсэн нь хууль зөрчсөн гэж үзсэн. Зээлийн гэрээний маргаан шийдвэрлэгдэж, үүнтэй холбоотой арилжааны гэрээг шийдвэрлэх ёстой гэсэн шүүхийн дүгнэлт гарсан тохиолдолд намайг хилсдүүлсэн гэх шийдвэр гарах боломжтой болно.
Маргаан гарна гэдэг нь талуудын эрхийн асуудал бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь өөрийн эрх үүргээ шүүхэд хандах байдлаар хэрэгжүүлдэг. Тухайн гэрээ хэлцлийн эрх зүйн үндэслэлийг хөрвүүлэх эрхтэй болдог. Энэ нь Иргэний хуульд заасан талуудын бүрэн эрхийн асуудал юм. Маргаан гарах эрх үндэслэлийг тавьж зөвхөн арилжааны гэрээг байгуулснаар биш зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулж маргасан. Улмаар зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой арилжааны гэрээний талаар маргасан талуудын маргааны үндсийг үүсгэсэн гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна.
Сүүлийн жилүүдэд орон сууцны үнэ давхраасаа хамааралтай болсон. Таны солилцож байгаа үл хөдлөх эд хөрөнгө нэг байранд байдаг учраас ийм үнэтэй гэх мэтчилэн ялгаж салгах боломж эдийн засгийн хувьд ч байхгүй, бодит байдалд ч байхгүй. Мөн давхар гэрээ байгуулж, тэмдэглэл үйлдэх ёстой байсан гэж хэлсэн. Гэтэл Нотариатын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан тохиолдолд буюу гэрч, орчуулагч, хэлмэрч оролцох тохиолдолд тэмдэглэл хөтөлнө гэж заасан. Гэтэл ердийн гэрээ хэлцэлд тэмдэглэл үйлдээгүй гэдэг хуульд заагаагүй үүрэг хүлээлгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давхар гэрээ байгуулах замаар маргаан гарахаас сэргийлэх боломжтой байсан гэж байна. Давхар гэрээ байгуулах гэдэг нь аль гэрээ хүчин төгөлдөр бус аль гэрээ халхавчилсан хэлцэл вэ гээд дахин маргаан үүсгэх асуудал үүсдэг учраас Иргэний хуульд зааснаар бид нарын зүгээс давхар гэрээ байгуулах боломж байхгүй. Аль нэг гэрээ хүчин төгөлдөр бус болдог учраас бид нар хүчин төгөлдөр бус гэрээ байгуулах боломжгүй. Нөгөө талаас маргаан үүсгэж байгаа нөхцөл байдлыг аль нэг талын эрхийг маргаан гаргах эрхгүй шүү гэдэг байдлаар хязгаарлах хууль зүйн бодит байдал байхгүй.
Иргэн Ч., Б., Э. нарын байгуулсан арилжааны гэрээг тухайн өдөр байгуулахад энэ 3 орж ирээд арилжааны гэрээ байгуулах хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн дагуу программ дээр боловсруулж, уншуулаад талуудад эрх үүрэг тайлбарлаж баримтад гарын үсэг зуруулсан. Энэ материалууд бүгд хэрэгт авагдсан байхад сахилгын зөвлөлөөс эрх зүйн зөвлөгөөг бүрэн өгөх байсан гэдэг үндэслэлгүй буруутгал хийж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Нотариатын тухай хуульд заасан гэрчлэх чиг үүргээ хэрэгжүүлж талуудын хооронд байгуулсан гэрээ талууд хүсэл зоригоо илэрхийлсэн. Тухайн үед бүрэн чадамжтай байсан өөрсдөө гарын үсгээ зурсан. Мөн талуудад эрх үүргийг тайлбарласан гэдэг баримтаа бүгдийг нь гаргаж өгсөн. Мөн хөндлөнгийн гэрчийн хувьд энэ тухайгаа мэдүүлж шүүхэд мөн мэдүүлэг өгсөн. Сахилгын зөвлөлөөс надад холбогдуулан гаргасан Ч.гийн гомдлыг шийдвэрлэхдээ Нотариатын тухай хууль болон зөвлөлийн ажиллах журам зэргийн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа.
Талуудын хооронд Зээлийн гэрээний маргаан байгааг Сахилгын зөвлөл мэдсээр байж энэ талаар баримт материалыг хангалттай гаргаж аваагүй. Мэдээллийн сангаас талууд ямар гэрээн дээр маргаж байгаа вэ, гэрээний зүйл нь юу вэ гэдэг баримтыг гаргаж авахгүйгээр зөвхөн гомдол гаргагчийн тайлбарт үндэслэж асуудлыг шийдвэрлэсэн. Нотариатч н.гийн гэрчилсэн Зээлийн гэрээ болон түүнд хавсаргасан баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Монголын Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 3 нотариатч гишүүд зөрчлийг шийдвэрлэхэд тусгай санал гаргасан.
Нотариатч Б.******* нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ч., Э., Б. нарын үл хөдлөх эд хөрөнгийг борлуулахаар арилжааны гэрээ хийсэн. Гэхдээ нотариатч нь гэрээг хийхдээ талуудын хувийн байдлыг Нотариатын тухай хуулийн 26, ******* дугаар зүйлд зааснаар бүртгэлийг хөтөлжээ. Мөн гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгүүд нь үнийн зөрүү байхгүй, гэрээний агуулга хууль зүйн үр дагаврыг нотариатч зөвлөсөн, гэрээг тэгш эрхийн үндсэн дээр байгуулах, гэрээний агуулга үр дагаврыг ойлгож танилцсан бөгөөд талууд бусдын дарамт шахалт бусад хүчин зүйлд авталгүйгээр гэрээний талуудын хүсэл зориг бүрэн нэгдсэн. Мөн Иргэний хуулийн 189 дугаар 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний оролцогч гэрээг төлөөлж байгаа бол агуулгыг өөрсдөө тодорхойлохоор заасан. Тэгэхээр үл хөдлөх хөрөнгийн үнэ өөр боловч орон сууцны давхар байршлаас хамаарч үнэ ижил байх тохиолдол байдаг гэсэн зүйлийг тусгай саналд тусгасан.
Хавтаст хэрэгт авагдсан Зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хажууд нь зогсоод ярьж байсан юм шиг тайлбар гаргаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс мөн адилхан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар талууд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан байна. Энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байхад ийм тайлбар гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх хуралдаанд зээлийн гэрээ байгуулсан. Ингэхдээ арилжааны гэрээнд тохирсон зөрүүгээ зээлийн гэрээ байгуулах хэлбэрээр байгуулсан гэж гомдол гаргагч тал тайлбарладаг бол иргэн Б. нь бид арилжааны гэрээ байгуулсан, мөн мөнгө зээлүүлсэн гэдэг.
Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ нь арилжааны гэрээтэй салшгүй холбоотой. Гомдол гаргагчийн зүгээс гэрээ байгуулахдаа зур гэхээр нь зурчихсан гэдэг. Хавтаст хэрэгт бэлэн мөнгө хүлээж авсан баримт байгаа. Талууд зээлийн гэрээгээр хүлээлгэж өгсөн эсэхэд маргаад зөрүү маягаар авчихсан гэдгийг тайлбарладаг. Б.ын зүгээс Арилжааны гэрээн дээрээс дахин мөнгө зээлүүлсэн гэдэг. Өөр хоёр нотариатч дээр болсон бөгөөд хэлэхгүйгээр нуун дарагдуулсан. Хажууд нь байгаагүй хүмүүс зур гэхээр нь зурчихсан гэж хэлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг чухалчилж үзэх хэрэгтэй.
Түүнчлэн Нотариатын тухай хуульд нотариатч дараах тохиолдолд үйлчилгээ үзүүлэхээс татгалзана гэсэн зохицуулалт байдаг. Үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал, өөртэй нь болон түүний гэр бүлийн гишүүнтэй нь холбоотой асуудал байвал, өөрийнх нь байнгын үйлчлүүлэгчийн хувийн нууцтай холбоотой асуудлаар бусад этгээд нотариатын үйлдэл хийлгэхийг хүсвэл, үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй, эсхүл төлөөлөх эрхгүй байвал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцвол уг хэрэгт холбогдох баримт бичгийг, хуульд заасан бусад гэж заасан. Үйлчлүүлэгч нотариатчийг сонгож үйлчлүүлэх эрхтэй гэдгийг Сахилгын зөвлөлийн тогтоолд дурдсан.
Нотариатын тухай хуульд заасан үл маргах шинжтэй болох үйлдэл, үл маргах шинжтэй болох зорилгоор гэдэг эрх зүйн зохицуулалтыг буруу ойлгоод байна. Өөрөөр хэлбэл, нотариатч гэрчилснээр үл маргах шинжтэй болох үйлдэл, үйл баримт гэрчлэх гэдгийг Иргэний хуульд тухайн гэрээ хэлцлийг гэрчлээд нотариатч хөндлөнгийн гэрчээр оролцох тухай эрх зүйн зохицуулалт болохоос биш нотариатаар гэрчилсэн тул хэн ч маргах ёсгүй, шүүхийн шийдвэрийн адил хүчин төгөлдөр гэдэг агуулга биш. Нотариатч иргэний эрх зүйн харилцаанд туслах чиг үүрэгтэй оролцдог болохоос үндсэн оролцогч биш талуудын эрх үүргийг тулгах эрх нотариатчид байхгүй. Иргэний хуульд зааснаар талууд эрх үүргээс өөрсдөө тодорхойлдог. Үүн дээр нотариатч эрх зүйн зөвлөгөө өгөх болохоос эрх үүргийг тодорхойлохгүй. Нотариатчаар гэрчлүүлснээр үл маргах шинжтэй болох эрх зүйн зохицуулалтыг буруу ойлгож байна. Өөрөөр хэлбэл талуудын нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаж байгаа асуудал биш гэдгийг нэмж хэлмээр байна.
Нотариатч дээр хүмүүс гэрээ хэлцэл байгуулахад аль болох хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулахгүй байх зорилгоор хоёр талаас асууж санал нэгдсэн тохиолдолд гэрчилж өгдөг. Санал нэгдэхгүй бол зөрүү мөнгийг тохирох тухай асуудлыг бичиж өгдөг. Санал нэгтэй ирсэн хүмүүсийг заавал тохиролц гээд тулгах боломж байхгүй.
Гол асуудал нь нотариатчид итгэсэн, мэдээгүй, ойлгоогүй, зур гэхээр нь зурчихсан гэдэг тайлбарыг огт хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бичгийн нотлох баримтаар тухайн үед үйлдэгдсэн, эрх зүйн баримт бичгүүдээр нотлогдохгүй байгаа үйл баримтыг хууль бусаар нотлогдсон мэтээр тайлбарлаж байгаа зөвлөлийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд сахилгын зөвлөлийн тогтоол нь нотариатч миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж Нотариатын тухай хуулийг зөрчсөн тул хүчингүй болгож өгнө үү” гэв.
Дөрөв: Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
4.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ээс тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
“Нотариатын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.Танхимын дэргэд нотариатч хууль болон нотариатчийн мэргэжлийн ёс зүйн хэмжээг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Сахилгын зөвлөл ажиллах бөгөөд түүний бүрэлдэхүүнд шүүх, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл тус бүр хоёр, Танхимаас гурав, нийт долоон гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллана гэж заасан бөгөөд Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан нийтийн эрх зүйн этгээд болохгүй тул этгээд Б.*******ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчаар татагдах хууль зүйн үндэслэлгүй юм.
2. Нотариатч Б.******* нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэн Б., Э. нарын өмчлөлийн дүүргийн 11-р хороо, тойруу гудамж байр тоотод байрлах , м.кв талбайтай ******* ******* ******* төгрөгийн үнэтэй 2 өрөө орон сууцыг Ч.гийн өмчлөлийн дүүргийн 11-р хороо, тойруу гудамж байр тоотод байрлах , м.кв талбайтай ******* ******* ******* төгрөгийн үнэтэй 3 өрөө орон сууцаар арилжсан гэрээг гэрчилсэн.
Арилжиж буй 2 үл хөдлөх эд хөрөнгийн үнэ илтэд зөрүүтэй байх боломжтой гэдгийг нотариатч мэдэх боломжтой байхад дээрх гэрээг гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1.нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчилнэ гэж заасныг зөрчсөн. Мөн Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.1.талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх, 46.2.2.бусдын дарамт, шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэх, 46.2.3. агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, 46.2.4. үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэхийг нягталж, шалгаагүй мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар нотариатч ... эрх зүйн зөвлөгөө өгөх чиг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас үйлчлүүлэгч нарын хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн.
Иймд Сахилгын зөвлөлийн 2024 оны 06 сарын 19-ний өдрийн ******* дугаар тогтоол нь хууль тогтоомжид нийцэн гарсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
4.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нотариатч Б.******* нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн иргэн Б., Э. нарын өмчлөлийн дүүрэгт байрлах 32 дугаар байрны тоотын . м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Ч.гийн өмчлөлийн байрны тоотод байрлах ,36 м.кв талбайтай 2 өөр тоотод байрлах, 2 өөр метр квадраттай орон сууцыг ******* сая төгрөгөөр үнэлж Арилжааны гэрээг гэрчилсэн. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт арилжааны гэрээг талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлдөө шилжүүлэх үүргийг хүлээдэг. Мөн хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.5.1 дэх хэсэгт арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно гэж заасан. Энэ тохиолдолд гэрээний агуулгын хувьд орон сууцны талбайн хэмжээ өрөөний тоо зэрэг нь илэрхий зөрүүтэй байхад солилцож байгаа орон сууцны үнэ тэнцүү буюу ******* сая төгрөг байхаар тохиролцсон. Гэрээний агуулгыг нотариатч гэрээ хэлцэл гэрчилсэн үйлдэлд хийхдээ анзаараагүй. Энэ үйлдэлдээ буруутай гэж үзсэн. Гомдол гаргагчийн нэг байрны, нэг орцны 2 болон 3 байр нэг байранд ижил үнийн дүнтэй байна гэдэг нь өөрөө илэрхий худал зүйл юм. Сахилгын зөвлөлд гомдол гаргагч Ч. нь нотариатч гэрчилснээр ямар нэгэн маргаан үүсэхгүй гэж үзсэн. Мөн уг үйлдлээс болоод зөрүү мөнгөөрөө хохирсон гэж гомдолдоо дурдсан байдаг.
Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт нотариатын нийгэмд гүйцэтгэх чиг үүргийг нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчилсэн үйлчлүүлэгч хүсвэл хуульд зааснаар бусад үйлдэл баримт бичиг нь үл маргах шинжтэй болох зорилгоор гэрчлэх гэж тусгайлан зохицуулсан байхаас гадна Нотариатын үйлдэл хийх зааврын 5.5 дахь хэсэгт гэрээ хэлцлийн агуулгыг хянах явцад тэдгээр нь хууль тогтоомж зөрчсөн эсвэл өөр гэрээ хэлцлийг халхавчлах зорилго агуулсан түүнчлэн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийг зөвшөөрөлгүй хийгдсэн зэрэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулсан эсвэл хэлцэл хийсэн этгээд ноцтой төөрөгдсөн, мэхлэгдсэн, хүчинд автсан зэрэг 58-60 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусд тооцож болох шинж илэрвэл тухайн гэрээ хэлцлийг нотариатч гэрчлэхгүй гэж заасан. Арилжиж буй 2 үл хөдлөх эд хөрөнгийн үнэ илтэд зөрүүтэй байх боломжтой гэдгийг нотариатч мэдэх боломжтой байхад дээрх гэрээг гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1 дэх хэсэгт нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр үл маргах шинжтэй болох үйлдэл баримт бичгийг гэрчилнэ гэж заасныг зөрчсөн гэж сахилгын зөвлөл үзсэн. Мөн Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.1 дэх хэсэгт талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ хэлцэл байгуулсан эсэх, бусдын дарамт шахалт болон бусад хүчний нөлөөнд автсан эсвэл 46.2.3 дахь хэсэгт агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, 46.2.4 дэх хэсэгт үүсэх үр дагавар, үр дүн бодитой хандаж чадсан эсэхийг нягталж шалгаагүй. Мөн хуулийн 4.3 дахь хэсэгт зааснаар нотариатч эрх зүйн зөвлөгөө өгөх чиг үүргийг хэрэгжүүлээгүйн улмаас үйлчлүүлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзсэн. Иймд Сахилгын зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний ******* дугаар тогтоолыг хуульд нийцүүлж гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Б.******* нь Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд холбогдуулан "Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр маргасан.
2.1.Зөвлөлийн тогтоолд нотариатчийг гэрээний үнэ тогтоох үүрэгтэй байсан мэтээр тайлбарлаж Нотариатын тухай хууль зөрчиж байна.
2.2.Иргэн Ч., Б. болон Э. нар 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нотариатын үйчилгээ авахдаа ямар нэг байдлаар маргалдаагүй, нэгдмэл сонирхолтой байсан, ... бөгөөд энэ ч үүднээс Нотариатын тухай хуулийн 46.2-т нэрлэн заасан эргэлзээтэй нөхцөл байдал ажиглагдаагүй учраас миний бие нотариатын үйлчилгээг хуульд заасны дагуу үзүүлсэн.
2.3.Талууд тухайн үед давхар зээлийн гэрээ байгуулсан байсан бөгөөд зээлийн гэрээтэй маргаан үүссэний улмаас арилжааны гэрээний үнийн дүн дээр давхар маргаж байгаа нь намайг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөх үед мэдэгдсэн бөгөөд уг маргааныг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байхад сахилгын зөвлөл уг арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл мэтээр дүгнэж байгаа нь хууль бус.
2.4.Зөвлөл нотариатчийг маргаан гаргах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
2.5.Давхар гэрээ байгуулах тухай зөвлөх боломж тухайн үед байгаагүй болохыг удаа дараа хэлж тайлбарлаж байгаа бөгөөд зөвлөл маргаан гарахаас өмнө нөхцөл байдлыг сэргээн тогтоохгүйгээр маргаан гарсаны дараах зөвхөн гомдол гаргагч талын тайлбараар, нотлох баримтыг үндэслэхгүйгээр дүгнэлт гаргаж байгааг зөвшөөрөхгүй.
2.6.Миний бие зөрчлийн хэргийн материалд талуудад эрх үүрэг тайлбарласан баримтыг хавсаргасан. Нотариатч бүр Монголын нотариатчдын танхимын ажиллуулж буй e-notary.mn вэб сайтны тусламжтайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ программд суурилсан гэрээний загвар дээр гэрээ боловсруулж, эрх үүрэг тайлбарласан баримт дээр гарын үсэг зуруулдаг юм. ... Ч., Б. болон Э. нар 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр үйлчилгээ үзүүлэхдээ эрх үүрэг тайлбарлан баримтыг зөрчлийн хэрэгт хавсаргасан тул зөвлөлийн энэ үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3.Нийслэлийн тойргийн нотариатч Б.******* нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 13 цаг 58 минутад А тал болох Б., А., Б тал блох Ч. нарын хооронд хийгдсэн
-А талын хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийн дугаартай, гэрчилгээний *******576699 дугаар бүхий дүүргийн 11 дүгээр хороо, гийн тойруу гудамж, байр, тоот, , м.кв 2 өрөө, орон сууцыг *******,*******,******* төгрөгөөр,
-Б талын хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийн дугаартай, гэрчилгээний *******749916 дугаар бүхий дүүргийн 11 дүгээр хороо, гийн тойруу гудамж, байр, тоот, , м.кв 4 өрөө, орон сууцыг *******,*******,******* төгрөгөөр тус тус үнэлж, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр эд хөрөнгийг хүлээлгэн өгөхөөр тохиролцож байгуулсан Арилжааны гэрээг гэрчилсэн байна.
4.Ч.гийн Монголын Нотариатчдын танхимд гаргасан гомдлыг хянан шалгах ажиллагааг явуулж, тус танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар тогтоолоор Нийслэлийн тойргийн нотариатч Б.*******т сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
5.Нэхэмжлэгч дээрх тогтоолыг эс зөвшөөрч 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдад гомдол гаргасныг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ******* дүгээр албан бичгээр Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн боловч уг зөвлөлөөс “...тогтоолыг дахин хянан үзэх хууль зүйн үндэслэлгүй” гэх хариуг өгсөн байна.
6.Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар тогтоолоор нотариатч Б.д Нотариатын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Хууль болон нотариатчийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, журам, бусад хэм хэмжээг зөрчсөн нотариатчид гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна: 54.1.1.сануулах;” шийтгэл оногдуулахдаа дараах байдлыг харгалзан үзээгүй байна.
7.Маргаан бүхий тогтоолд нотариатч Б.*******аар үйлчлүүлсэн Ч., Б., Э. нар нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд арилжааны гэрээний маргаан үүсгэсэн болох нь хариуцагчийн өөрийнх нь тайлбар, гэрч асуусан тэмдэглэл зэргээр тогтоогдсон" гэж дүгнэхдээ тухайн хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн эсэхийг анхаараагүй.
8.Мөн "... нэг байршил байгаа орон сууцны үнэ нь талбайн хэмжээ өөр байхад адилхан үнэтэй байхаар талууд тохиролцсон байхад тэднээс асууж лавлаж, үнийн зөрүүг яаж тохиролцсон, өөр ямар гэрээ байгуулах давхар байгуулах талаар зөвлөж, шалтгаан үр дагаврыг тайлбарлаж, ийнхүү тайлбарласнаа баталгаажуулж баримтжуулах, шаардлагатай бол Нотариатын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тэмдэглэл үйлдэх байсан" гэж дүгнэсэн.
9.Нотариатч Б.ийн үйлдэл 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хийгдсэн бөгөөд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2023 оны 12 сарын 07 өдрийн хуулиар тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.”Эрхийн улсын бүртгэлд тусгах ... үл хөдлөх эд хөрөнгийн үнийг дараах тохиолдолд доор дурдсан дэс дарааллаар тодорхойлно:” гэж заасан зүйл заалтад хамааралгүй, өөрөөр хэлбэл гэрээний талуудын хэлцлийн үнэ тогтоох, үнийн зөрүүг тооцох эрх нотариатад олгогдоогүй байсан.
10.2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ч., Б., Э. нарын хооронд байгуулсан Арилжааны гэрээг гэрчлэхдээ өөрсдийнх нь хүсэлтийн дагуу нотариатын нэгдсэн программд оруулж, эрх үүрэг тайлбарласан баримтад гарын үсэг зуруулсан байгаагаас үзэхэд Нотариатын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт "Энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан үйлчлүүлэгч, түүнчлэн бусад оролцогч оролцож байгаа бол нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлнө..." гэж заасныг зөрчөөгүй байна.
11.Уг гэрээний талууд мөн өдөр нотариатч Т.гээр Зээлийн гэрээ гэрчлүүлсэн талаар нотариатч Б.д мэдэгдээгүй. Энэ талаар нэхэмжлэгч “...системд манайхаас өөр төрлийн гэрээ хийсэн бол гарч ирдэггүй.” гэх тайлбар гаргасныг зөвлөл шийдвэр гаргахдаа үнэлээгүй.
12.Нотариатч Б. нь Арилжааны гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 26, ******* дугаар зүйлд зааснаар бүртгэлийг хөтөлж, гэрээний агуулга үр дагаврыг ойлгож танилцсан бөгөөд талууд бусдын дарамт шахалт бусад хүчин зүйлд авталгүйгээр гэрээний талуудын хүсэл зориг нэгдмэл байсныг гэрчилсэн нь гэрээний оролцогч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.
13.Харин талууд Арилжааны гэрээнд тохирсон зөрүүгээ Зээлийн гэрээ байгуулах хэлбэрээр байгуулсан гэх гомдол гаргагчийн тайлбарт дурдсан асуудал иргэний шүүхийн шийдвэрлэх маргаанд хамаарна.
Б.ийн Арилжааны гэрээг гэрчилсэн үйлдэл Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Нотариатч дараахь тохиолдолд нотариатын үйлдэл хийхээс татгалзана:
31.1.1.үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал;
31.1.2.өөртэй нь болон түүний гэр бүлийн гишүүнтэй нь холбоотой асуудал байвал;
31.1.3.өөрийнх нь байнгын үйлчлүүлэгчийн хувийн нууцтай холбоотой асуудлаар бусад этгээд нотариатын үйлдэл хийлгэхийг хүсвэл;
31.1.4.үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй, эсхүл төлөөлөх эрхгүй байвал;
31.1.5.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцвол уг хэрэгт холбогдох баримт бичгийг;
31.1.6.хуульд заасан бусад” гэж заасанд хамаарахгүй.
14.Мөн зүйлийн 31.2-т “Нотариатч энэ хуулийн 31.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д зааснаас бусад үндэслэлээр нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхгүй.”, 31.3-т “Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно.” гэж зааснаар уг үйлдлийг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэр гараагүй.
15.Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.1-т талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх, 46.2.2.бусдын дарамт, шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэх, 46.2.3. агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, 46.2.4. үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэхийг нягталж, шалгаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар нотариатч ... эрх зүйн зөвлөгөө өгөх чиг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас үйлчлүүлэгч нарын хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэхээргүй байна.
16.Хариуцагчаас “Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан нийтийн эрх зүйн этгээд болохгүй тул Б.*******ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчаар татагдах хууль зүйн үндэслэлгүй” гэх тайлбарласан.
Нотариатаар гэрчлүүлсэн гэрээ хувийн эрх зүйн харилцаанд хамаарах боловч, нотариатчид сахилгын шийтгэл ногдуулсан Сахилгын зөвлөлийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т ”хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага”, Нотариатын тухай хуулийн дүгээр зүйлийн .1.”Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл нотариатчдын үйл ажиллагаанд хяналт тавина.” гэж зааснаар нийтийн эрх зүйн маргаанд хамаарах захиргааны акт болно.
17.Иймд нэхэмжлэгч Б.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1,106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ийн Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН