| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00064/И |
| Дугаар | 304/ШШ2025/00112 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 304/ШШ2025/00112
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Х.У*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.М*******ад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Байрнаас албадан чөлөөлүүлэх тухай 304/2025/00064/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.У******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар баг, Сэлэнгэбүрэн н******* .. дүгээр гудамж .. дугаар байрны ... тоот Ү-.... дугаартай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн учир 2024 оны 03 дугаар сараас одоог хүртэл ямар ч түрээсийн төлбөргүй амьдарч, байр чөлөөлж өгөх шаардлагыг эсэргүүцэж, тус байрыг худалдаж авсан гэх ойлгомжгүй тайлбарлаж, хэрүүл маргаан хийгээд байгаа тул байрнаас албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.М******* миний гэр бүл энэ орон сууцыг 2024 онд иргэн А.Э*******аас 12,000,000 төгрөгөөр худалдан авч амьдарч байна. Х.У******* нь манай сууж байгаа орон сууцанд 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлийн Ү-... тоот өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. Бидний хувьд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хувьчлагдсан гэх цаг үеэс хойших орон сууцны эзэмшигчид, Х.У******* өмчлөгч болсон үндэслэлийг тодорхой болгосны үндсэн дээр хүний орон байрны эрхийг хөндөх эсэхийг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна... гэжээ.
Нэхэмжлэгч Х.У******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Х.У******* миний бие нь Б.М*******ад холбогдуулан байрнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.У******* нь хариуцагч Б.М*******ад холбогдуулан гаргасан байрнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул түүний хүсэлтийг шүүх хүлээн авч хангаж, шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Хариуцагч нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хариу тайлбар болон нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг шүүх хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шийдвэрлэх нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэн шийдвэрлээгүй үлдээснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х.У*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М*******ад холбогдох, байрнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА