| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0058/Э |
| Дугаар | 68 |
| Огноо | 2018-02-23 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | С.Болорчулуун, |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Б.Батболор, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорчулуун,
иргэдийн төлөөлөгч Г.Алтанзаяа,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-,
гэрч Б.Б-,
шүүгдэгч Д.Э-, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Д-ийн Э-д холбогдох эрүүгийн 1710000000246 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч
ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1969 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, оёдлын технологи мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Хан-Уул дүүрэг 8-р хороо .................. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт Д-ийн Э- /РД:............/
Холбогдсон хэргийн талаар:
/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Э- нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо ............. тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б-г бөөрөн тус газар нь нэг удаа хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримт зэргийг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг ажлаа хийж байхад оройн 17 цагийн үед манай найз болон дүү нар над руу залгасан байсан. Утсаа үзэхэд ээж над руу залгаад “аав чинь нас барсан байна” гэхээр нь би менежертээ хэлээд ажлаас чөлөө авсан. Гэрийнхэнтэй ярихад “дүүгийнд хүрээд ир” гэсэн. Бид нар аавын гэрт очиход зуухны хажууд их цус болсон байсан. Цагдаа дээр очиж уулзаад юу болсон талаар мэдсэн. Би тухайн үед шоконд орсон байсан. Хааяа нэг аавтай утсаар ярихад “Э-э гээд хүнтэй хамт байгаа” гэж хэлдэг байсан. Тэдний хоорондын харилцааг нь сайн мэдэхгүй. Э-эгийн охиныг нь авчраад сургуульд оруулсан. Э-э охинтойгоо манайд байгаа гэж хэлж байсан. Аав нас барахаасаа өмнө Шарын голын уурхайд ажилладаг байсан. Надтай утсаар ярихдаа “хотод очоод танайд болон ахынхаараа очно” гэж хэлдэг байсан. Гэтэл Шарын голын ажлаасаа ирээд удалгүй нас барсан. Эрүүл саруул байсан хүнийг амь эрсдүүлсэнд гомдолтой байна гэв.
3. Гэрч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Тухайн үед талийгаач, Э- бид гурав гэрт байсан. Би гэрийн баруун талд, Э- зүүн орон дээр, харин талийгаач гэрийн хоймортоо сууж байсан. Э- талийгаачтай шивнэлдэж ярьж байгаад Э- шүүгээнээс хутга аваад талийгаачийг хутгалсан. Энэ үйл явц маш хурдан болж өнгөрсөн гэв.
Мөн хавтаст хэргээс:
1. Шүүгдэгч Д.Э- 2018.01.05-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б-гийн найз Б- гэртээ нүүрс худалдаж аваад талийгаач Б- болон М- хоёрыг нүүрс буулгалцаад өгөөч гээд дагуулаад явсан. Б- намайг “жаахан байж байгаад араас хүрээд ир” гэсэн болохоор 1 цаг гарангийн дараа Б-ийнд очиход Б-, Б-, М- нар нүүрсээ буулгаад дуусчихсан байсан. Намайг “2 шил архи аваад ир, бид нар явбал замд янз бүрийн хүмүүс тааралдах байх” гээд надад Б- 20.000 төгрөг өгч архинд явуулсан. Би дэлгүүрээс 2 шил 750гр “Монгол стандарт” архи аваад Б-ийнд очиход Б- “манайд архиа уу? танайд орохоор хүмүүс орж гараад холхиод байдаг юм” гэхээр нь тэднийд архиа уусан. Би эхний нэг шил архинаас нь хамт уучихаад Б-ийн усны тэргээр гэртээ ус авч хоолоо бэлдээд орой 17 цаг 30 минутанд хүүхдээ сургуулиас тосохоор гарах гэж байтал 17 цаг 15 минутын үед гаднаас талийгаач Б- “Б-ийнд ганцаараа унтаж байсан байна, намайг бүгдээрээ унтуулж хаячихаад гараад явчихсан байна” гээд уурласан байдалтай орж ирсэн. “Чи бас хаачсан байсан юм бэ” гээд үглээд байхаар нь “би хүүхдээ тосох цаг боллоо” гээд гараад явсан. Автобусны буудал дээр очоод 2 дугаар ээлжийн автобус хүлээсэн чинь охин автобусанд байхгүй байхаар нь гэр рүү залгахад Б- утсаа авсан. Би “охин ирсэн үү” гэхэд “ирээгүй байна” гэсэн. Тэмдэглэлийн дэвтэр дээр бичсэн багшийнх нь дугаар руу залгаж асууя гэж бодоод гэртээ очиход охин ирчихсэн байхаар нь “хаагуур явсан юм” гэхэд “хичээл эрт тарахаар нь нэгдүгээр ээлжийн автобусанд суугаад ирсэн” гэсэн. Автобуснаас буугаад явж байхад нь Б-, М- хоёр машинтай явж таараад манай охиныг суулгаад Б- гэр рүүгээ аваад явсан байсан. Охиныг Б- дагуулж ирсэн. Нэг шил архи авчихсан байсныг нь манай гэрт гурвуулаа хувааж уугаад амарцгаасан. Маргааш өглөө 07 цаг өнгөрч байхад Б- тамхи асууж орж ирээд талийгаачийг дагуулаад гарсан. 1 цаг гарангийн дараа хоёулаа нэг шил архи авчихсан “энэ хавийн дэлгүүрүүд онгойдоггүй доошоо явж колонкийн дэлгүүрээс архи авлаа” гээд орж ирсэн. Тэр архийг нь гурвуулаа ууж байтал охиныг сургуулийн олимдиадад явуулах цаг нь болчихсон байсан тул би охиноо дагуулаад такси барьж сургууль дээр нь аваачиж өгчихөөд 11 цагийн үед гэртээ ирэхэд Б-, Б- хоёр архиа уугаад дуусчихсан байсан. Намайг гал түлж байхад Б- гарсан. Тэр хооронд Б- намайг “хаачаад ирсэн юм бэ” гэхээр нь “хүүхдээ сургуульд нь таксигаар хүргэж өгчихөөд ирлээ” гэхэд “ямар таксигаар явсан юм” гээд намайг хардаад бид хоёр муудалцаж маргалдсан. Б- намайг “зайл” гэхээр нь “чи яахаараа намайг дандаа хөөж тууж байдаг юм. Миний хүүхдийн тэтгэврийн мөнгийг зээлж ууж идэж дуусгачихаад ийм зан гаргадаг. Чи тэр мөнгийг нь олж өг” гээд маргалдсан. Би хоолны шүүгээнээс хоёр хутга авч хоёр гартаа нэг нэгээр нь барьсан. Б-г зүүн талын орны 2 давхар матрсан дээр сууж байхад нь очиход Б- босч ирээд миний хүзүү хэсгээр тэврээд авахад нь би Б-гийн бүсэлхийгээр нь тэвэрч байгаад баруун гартаа барьсан хар өнгийн лентээр бариулыг нь ороосон хутгаар зүүн талын бөөрний орчимд нэг удаа хутгалсан. Б- тэр дороо газар унахад нь би сандраад цагдаа, түргэн тусламж дуудахаар гарахад үүдэнд Б- зогсож байсан. Би “одоо яанаа, цаадахыг чинь хутгалчих шиг боллоо” гэхэд Б- гэрийн хаалгаар шагайж харснаа “газар уначихсан байна ш дээ” гэхээр нь би цагдаа, түргэн тусламж дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд намайг гэр рүү дагуулж орсон. Б-г хараад “энэ хүн чинь өнгөрсөн байна” гээд намайг машиндаа суулгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 130-131-р хуудас/,
2018.01.24-ний өдөр мэдүүлэхдээ: ...Хэрэг учрал гарахын урд орой талийгаач бид хоёр маргалдсан. Би Б-г ална гэж хутга ирлэсэн үйлдэл хийгээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 187-188-р хуудас/,
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б- 2017.12.28-ны өдөр мэдүүлэхдээ: ...2017 оны 12 дугаар сарын 13-ны орой 17 цагийн үед ээж С- над руу залгаад “аав чинь талийгаач болсон байна, чи ажлаасаа чөлөө аваад хүрээд ир” гэхээр нь менежертэй уулзаж учир байдлаа хэлээд чөлөө авсан. Намайг “Нисэхэд дүүгийндээ хүрээд ир” гэхээр нь дүүгийнд яваад очиход манай аавыг Э- гэх хамтран амьдрагч хүүхэн нь амь насыг хөнөөсөн болохыг мэдсэн. Би тусдаа амьдралтай учраас ажлын зав чөлөөгөөр хааяа очдог байсан. Хэрэлдэж маргалдсан талаар ямар нэгэн зүйл сонсогдож байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,
3. Гэрч Б.Б- 2017.12.13-ны өдөр мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би гэртээ портер нүүрс худалдаж аваад талийгаач бид хоёр буулгасан юм. Талийгаач надад тусалсан болохоор би баярлаад нэг шил 750гр “Монгол стандарт” архи дэлгүүрээс аваад хувааж уусан. Талийгаач “гэр рүүгээ харина” гээд гарахаар нь би хойноос нь гараад дэлгүүрээс дахин нэг шил 750гр архи аваад талийгаачийнд орсон. Талийгаачийнд хамтран амьдрагч Э-э охиныхоо хамт байсан бөгөөд миний авсан архийг талийгаач, Э-э, бид гурав хувааж уусан. Би талийгаачийнхаас гараад гэртээ харьж амарсан. Өглөө сэрээд талийгаачийнд очоод би “шараа тайлах уу” гэхэд “тэгье” гээд хоёулаа дэлгүүр явсан. Ойролцоох дэлгүүр хаалттай байсан учраас колонкийн дэлгүүр рүү явж 1 шил “Нутаг” нэртэй архи авахад талийгаач “нэг мөр хоёр шил архи авчих” гэсээр байгаад 2 шил архи авахуулсан. Талийгаачийнд ирж архиа ууж байхад талийгаач Э-э хоёр муудалцаж хэрэлдээд, нэг бол тэврэлдэж үнсэлцээд байсан. Бага охиных нь хичээл орох цаг болоод Э-э хүүхдийнхээ хувцсыг өмсүүлээд дагуулаад хашаанаас гарч байснаа хүүхдээ зодсон. Охин нь уйлаад “ааваа” гээд орж ирчихээд буцаад гараад явсан. Талийгаач “энэ муу пизда дандаа хүүхэд зодож байдаг юм. Би хүүхэд зодсон хүнд дургүй” гэж хэлсэн. Э-э хүүхдээ сургуульд нь хүргэж өгчихөөд 30 минут орчмын дараа орж ирээд талийгаачийг тэвэрч аваад үнсэж байснаа больсон. Гэтэл гэнэт маргалдаад Э-э нь “чи муу намайг зайл гэнэ үү, би явна за” гээд хоолны шүүгээн дотроос 2 хутга гаргаж ирээд нэгээр нь талийгаачийн хавирга руу хутгалсан. Талийгаач эвхрээд доороо тонгойгоод унахад дэвсгэр дээгүүр цус урссан. Би “яаж байгаа юм бэ” гэхэд Э-э утсаараа цагдаа дуудсан. Намайг “цагдаа руу яв, манай гэрийн хаягийг мэдэхгүй” гэхээр нь би утсыг нь аваад хэсгийн байран дээр очиж цагдаад болсон хэргийн талаар ярьсан. Бид гурав юм яриад архиа уугаад сууж байтал гэнэт ийм зүйл болсон. Талийгаач гэрийнхээ хойморт завилаад сууж байсан, би гэрийн баруун талд түшлэгтэй сандал дээр сууж байсан, Э-э зүүн талын орон дээр сууж байснаа гэнэт босож ирээд шүүгээнээс хоёр хутга гаргаж ирээд нэгээр нь талийгаачийн зүүн тал руу нь хутгалчихсан. Хутга нь цус болчихсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
2018.01.11-ний өдөр мэдүүлэхдээ: Талийгаач Б- гэрийнхээ хойморт зуухны дээд хэсэгт завилаад хаалга руу хараад сууж байсан. Тэд хоорондоо амандаа шивнэсэн байдалтай маргалдаад байх шиг байсан. Надад ямар нэгэн зүйл сонсогдоогүй. Гэтэл Э- зүүн талын орон дээр сууж байснаа ухасхийж босоод гал тогооны шүүгээнээс хоёр хутга аваад талийгаач Б-гийн зүүн хавирга хэсэг рүү нь хутгалсан. Талийгаач Б- зүүн тал руугаа эргээд доошоо түрүүлгээ хараад хэвтээд өгсөн. Би “чи хүн алчихлаа ш дээ” гэхэд утсаараа цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,
2018.01.23-ны өдөр мэдүүлэхдээ: ... Э- гэнэт босоод хоолны шүүгээнээс 2 хутга гаргаж ирээд үзүүртэй хутгаар нь талийгаачийн зүүн талын бүсэлхий хэсэг рүү нэг удаа хутгалчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 80-р хуудас/,
4. Гэрч Л.Б- 2017.12.13-ны өдөр мэдүүлэхдээ: ...Манай хажуу талд Б- ах амьдардаг ба тэднийд хүмүүс их цуглардаг. Б- ганцаараа байгаа харагддаг. Шөнө заримдаа 3-4 цагийн үед хүмүүс орилолдож, чарлаад, бас дуулах нь дуулж байгаа сонсогддог байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,
5. Гэрч Г.Э- 2017.12.22-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн хэлтэс дээр Эрхэс-113 дуудлагатай 30-41 УНҮ улсын дугаартай “Хьюнда Туксон” маркийн автомашинтай ахлагч Золбоотын хамт ХУД-ийн 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад өдөр 13 цаг 30 минутанд жижүүрийн шуурхай албанаас “ХУД-ийн 14 дүгээр хорооны байран дээр тосож авъя, 89977563 дугаарын утаснаас Э- гэх хүн нөхрийнхөө бөөрөн тус газар хутгалчихлаа” гэж байна гэсэн дуудлагыг хүлээн аваад 14 дүгээр хорооны байранд очиход хүн байхгүй байсан. Дуудлага өгсөн дугаар руу залгахад Б- гэх хүн аваад “нөгөө хүн чинь цус алдаад байна, бид нар эмнэлэг рүү авч явах гэж байна” гэхээр нь хаягийг нь заалгаад очиход Б- тосож авсан. ХУД-ийн 14 дүгээр хороо Бурхантын 1-8-90 тоот хашаан дотор баруун хойд талдаа барьж буй 2 давхар байшин, зүүн урд хэсэгт 5 ханатай монгол гэр байсан. Гэр рүү ороход гэрийн хойморт зуухны дээд хэсэгт толгой хэсгээ дээш харуулсан, түрүүлгээ харсан байдалтай эрэгтэй хүн хэвтэж байсан. Тухайн хүний гэдэсний орчмоос цус гарсан байдалтай дэвсгэр дээр цус гоожиж тогтсон, зуухны дэргэд хар буюу саарал иштэй хоёр ширхэг хутга байсан бөгөөд хар иштэй хутганы ажлын хэсэг нь хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон шинжтэй байсан. Зүүн талын орон дээр Э- гэх эмэгтэй хүн сууж байснаа “наад хүн чинь агсам тавиад байна, согтуу байгаа авч явж эрүүлжүүл” гэхээр нь очоод татаж үзэхэд хөдлөхгүй байсан. Судасных нь цохилтыг шалгаж үзэхэд цохилохгүй байсан. Э-, Б- нараас “103-т дуудлага өгсөн үү” гэхэд “дуудсан байгаа” гэсэн. Тухайн хүн нас барсан болохыг мэдээд Б-, Э- нарыг тусгаарлан хэргийн газрыг хамгаалалтанд авч жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Хэргийн газарт очиход гэрт архины нэвширсэн үнэр үнэртэж байсан. Э-, Б- нараас архи үнэртэж байсан. Б- “талийгаач, Э- нар маргалдаж байгаад Э- нь хоолны шүүгээнээс хоёр хутга авахаар нь хөөе чи яах нь вэ гээд очихын завдалгүй шууд талийгаачийн бөөр рүү хутгалчих шиг болсон. Талийгаач тэр газраа унасан” гэж ярьсан. Э- ч өөрөө “би хутгалчихсан юм, намайг хардаад байсан юм” гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,
6. Гэрч Ж.Б- 2018.01.04-ний өдөр мэдүүлэхдээ: Б-, Э- хоёр хэдийнээс нэг нэгэндээ дотно болсныг мэдэхгүй байна. Б-тэй утсаар ярихад “Эрдэнийг гэртээ аваад ирсэн” гэж хэлэхээр нь холбоотой байсныг мэдсэн. Хоорондоо хэрүүл зодоон хийж байсан эсэхийг мэдэхгүй байна. Архи ууж хоорондоо үл ойлгоцсоны улмаас ийм асуудал болсон байх... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,
7. Гэрч Ц.С- 2017.12.13-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би талийгаачаас салснаас хойш нэг ч удаа гэртээ очоогүй. Өнгөрсөн жил нэг машин мод худалдаж аваачиж гэрт нь буулгасан. Тэр үед талийгаач байгаагүй. Өнгөрсөн 4 сард манай дүү нас барахад ажил явдал дээр нь нэг удаа тааралдсан. Дахиж ерөөсөө уулзаагүй өнөөдөр талийгаач болсон талаар мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,
8. Гэрч С.Б-г 2018.01.08-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ажлаа хийж байтал 17 цагийн үед манай нөхөр Гүнсайхан ажил дээр ирээд “аав чинь хүнд хутгалуулчихсан байна гэнэ” гэхээр нь ажлаасаа буугаад нөхрийн хамт ХУД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирэхэд манай аавын найз Б- хэлтсийн хүлээх зааланд сууж байхаар нь түүнээс юу болсон талаар асуухад “Э- аавыг чинь хутгалаад алчихсан” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,
9. Гэрч Ч.Г- 2018.01.02-ны өдөр мэдүүлэхдээ: ...Манай хадам аав Б- нь Э-тэй тогтвор суурьшилтай хамтран амьдарсан зүйл байхгүй. Э- нь манай хадам аавынд хааяа ирж очоод байдаг байсан. Би эхнэр хүүхдийн хамт хадам аавындаа очиход заримдаа Э- эгч байж байдаг, заримдаа байхгүй байсан. Э- нь манай хадам аавтай хэрүүл маргаан хийж байсан талаар сонссон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/,
10. Гэрч С.Б- 2018.01.02-ны өдөр мэдүүлэхдээ: ...Талийгаач аав Б- нь манай ээж С-тай амьдарч байгаад 7-8 жилийн өмнөөс таарч тохирохгүй болоод салсан. Түүнээс хойш хүнтэй суухгүй 5 жил болоод 2 жилийн өмнөөс багын найз гэх Э-этэй хамтран амьдарна гэж гэртээ авчирсан. Э-тэй нийлж хааяа архи уудаг, архи уусан үедээ хоёулаа тавьтиргүй зантай. Э-э эгч янз бүрийн хараалын үг хэлж жаахан охиноо зодож цохидог, аав хүүхдийг нь өмөөрч хэрэлддэг, хааяа яв гэж хөөж явуулахаар хэд хоног явж байгаад аав дагуулаад ирдэг байсан. Тэд хоорондоо тийм сүртэй зодоон хийж нэгнийгээ зоддоггүй, хэрэлдэж маргалдахаас цаашгүй байсан. Э-э нь архи уухаараа муухай ааштай болчихдог. Тэр үед нь би ч гэсэн хааяа хөөж явуулдаг байсан. Манай аав Э- эгчийг зодож цохидоггүй байсан. Харин Э- эгч архи уухаараа аавд гар хүрдэг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,
11. Гэрч М.Э- 2018.01.02-ны өдөр мэдүүлэхдээ: ...Талийгаач хадам аав Б-гийн гэрт нь байх хугацаанд Э- эгчтэй хэрэлдэж муудалцаж байгаагүй. Тэд хэвийн харьцаатай, Э- эгчийн жаахан охинд талийгаач маш сайн өөрийн хүүхдээс ялгаагүй ханддаг байсан. Талийгаач, Э- эгч нар хааяа нийлж архи уудаг байсан. Уусан үедээ хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаагүй, бие биедээ их сайн тэврэлдээд хэвтчихдэг байсан. Намайг байх хугацаанд талийгаач Э- эгчийг “яв” гэж хөөж байсан удаа байхгүй. Харин манай найз эмэгтэй Баярцэцэг талийгаач болон Эрдэнийг архи уучихсан байхад нь “битгий архи уугаад байгаач, архи уухгүй амьдарч чадахгүй бол манайхаас яв” гэж Э- эгчид хэлдэг байсан. Талийгаач архи уусан үедээ их сайхан зантай болдог, Э- эгч уусан үедээ дуу цөөтэй болчихдог байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/,
12. Гэрч Д.Б- 2018.01.10-ны өдөр мэдүүлэхдээ: Манай дүү даруухан болохоор хэрүүл маргаан хийж байсан талаар ямар нэгэн зүйл сонсогдож байгаагүй. Харин хоорондоо нийлж архи уугаад байна гэхээр нь би дүүдээ “наад хүүхнээ явуул, насны бөгст ямар юмтай учирсан юм бэ” гэж загнахаар “Э-д очих газар байхгүй Яармагт хүүхэд нь байдаг гэсэн. Тэнд очихоор зодож цохиод хөөгөөд байдаг гэж яриад байх юм” гэж Эрдэнийг өрөвдсөн байдалтай ярьдаг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/,
13. Гэрч Б.Б- 2017.12.13-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би талийгаачтай хамгийн сүүлд 7 хоногийн өмнө гэрт нь ороход эхнэр гэх Э-э, түүний хүүхэд У- гурав байсан. Талийгаач орон дээрээ зурагт үзээд хэвтэж байхаар нь би хальт орчихоод гараад явсан. Үүнээс хойш талийгаачтай уулзаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудас/,
14. Гэрч Б.Б- 2017.12.13-ны өдөр мэдүүлэхдээ: ...2017.12.13-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад миний төрсөн дүү Б- над руу залгаад “ах өнгөрсөн байна, цагдаа нар ирсэн байна” гэхээр нь би ажлаасаа тараад ахын гэрт нь очиход цагдаа нар ирчихсэн, талийгаачийг шүүх эмнэлэг рүү аваад явчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-р хуудас/,
15. Насанд хүрээгүй гэрч Л.У- 2018.01.11-ний өдөр мэдүүлэхдээ: ...Манай аав, ээж хоёр хааяа архи уудаг. Энд тэндхийн найзууд нь манай гэрт ирээд архи өгөөд уруу татаад байдаг юм. Манай аав, ээж хоёр архи уусны дараа найзууд нь гараад явахаар хоорондоо хэрэлдэж маргалдана. Аав ээжийг “чи хаагуур яваад байгаа юм бэ, яагаад архи уугаад байгаа юм” гэж загнахад “чи одоо яагаад байгаа юм боль, өдөр болгон хардаад байх юм” гэж хэлдэг. Тэгээд маргалдаад нэг удаа аав ээжийн гарыг мушгаад, ээж аавын хүзүүг маажиж самардаж байсан. Хэрэг гарахын урд өдөр нь ээж гэртээ хоол хийж байхад аав ээжтэй маргалдаад “чи муу яах гээд байгаа юм” гээд аягатай цайгаа цацаж байсан. Намайг зодож цохиж байгаагүй. Маргалдаж байгаад аав ээжийг “чи хүнтэй болчихож” гэхэд “тийм юм байхгүй, чи юу яриад байгаа юм” гээд маргалдаж байхаар нь би гарчихаад буцаад ороод ирсэн чинь ээж аав руу хутгаар далайж байсан. Хэсэг маргалдаж байгаад амарцгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/,
16. Гэрч Н.У- 2018.01.12-ны өдөр мэдүүлэхдээ: Манай ээж, талийгаач Б-тэй 10 жилийн нэг сургуулийн багын найзууд гэсэн. Талийгаач нь манайхаар хааяа ирж очдог байсан. Ээж ч мөн адил талийгаачийнх руу очдог байсан. Тэд хэрэлдэж маргалдаж байсан талаар ямар нэгэн зүйл сонсож байгаагүй. Тэдэнд мөнгө төгрөг, эд хөрөнгийн маргаантай асуудал байхгүй гэж бодож байна. Өнгөрсөн жил намайг хөдөө ажиллаж байхад ээж манай бага дүүгийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зээлж аваад талийгаачид машин авч өгсөн гэж ярьж байсан. Машин тэргээ булаацалдаж маргалдаж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 72-р хуудас/,
17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №45 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б-гийн бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр нурууны зүүн ар хэсгээр хэвлийн хөндийд нэвтэрч гол судасны хэвлийн хэсгийн зүүн салаалах хэсгийг гэмтээж хэвлийн хөндийд цус алдсан, хацар, зүүн мөр, эгэмний дээд хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо болон хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Тухайн гэмтлүүдийг ямар ч байрлалд авах боломжтой.
4. Шүүх химийн шинжилгээгээр цусанд нь 3,6%0 спиртийн агууламж илэрсэн гэсэн хариу ирүүлсэн бөгөөд энэ нь хүнд зэргийн согтолтонд хамаарна.
5. Б-гийн биед үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдохгүй байна.
6. Цус нь АВО-н системээр 1-р бүлэгтэй байна.
7. Б- нь нурууны ар хажуу хэсгээр хэвлийн хөндийд нэвтэрч гол судасны хэвлийн хөндийн салаалах хэсгийг гэмтээсэн шархны улмаас хурц цус алдаж нас баржээ.
8. Нас барсан хугацааг хэргийн газрын цогцосны үзлэгт тогтоосон болно.
9. Гол судасны салаалах хэсгийн шарх нь шууд үхэлд хүргэх гэмтэл болно. /хх-ийн 74-76-р хуудас/,
18. Шинжээч С.Одончимэг 2018.01.10-ны өдөр мэдүүлэхдээ: Талийгаач нь нурууны зүүн ар хэсгээр хэвлий хөндий рүү нэвтэрч гол судасны хэвлийн хэсгийн зүүн салаалах хэсгийг гэмтээж хэвлийн хөндийд цус алдаж нас барсан. Дээрх гэмтэл нь хутгаар зүсэгдэх боломжтой. Талийгаачид дээрх гэмтлийн улмаас эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байсан ч амь аврагдах боломжгүй. Талийгаачийн зүүн мөр, зүүн хацранд учирсан зулгаралт, цус хуралтууд нь хуучин гэмтэл байсан бөгөөд үхэлд нөлөөлөөгүй, гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтлүүд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 79-80-р хуудас/,
19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №201 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн “А-45 Б- 51/эр XII/14” гэсэн хаягтай цусанд 3,6 промилли, ходоодны шингэнд 4,2 промилли, шээсэнд 4,1 промилли спиртийн агууламж илэрч байна. /хх-ийн 77-р хуудас/,
20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №202 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б-гийн шингэн цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна. /хх-ийн 78-р хуудас/,
21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №154 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад уранхай, цоорхой гарсан байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн хувцасны:
- ногоон ноосон цамцанд гарсан 13х5мм хэмжээтэй уранхай хатуу үзүүртэй зүйлийн гогдох татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр гарсан хуучин цоорхой байна.
- ногоон ноосон цамцанд гарсан 2x1,5см хэмжээтэй уранхай, улаан хүрэн гутланд гарсан Зх7см хэмжээтэй гэмтэл татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин уранхай болон гэмтэл байна. Харин хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна.
- хөх саарал ноосон цамцанд гарсан 5х5мм, ногоон эрээн өмдөнд гарсан 14х9мм хэмжээтэй цоорхой нэг удаагийн үйлчлэлээр халалтын улмаас үүссэн түлэгдсэн цоорхой байна. Хөх саарал ноосон цамцанд гарсан 5х5мм хэмжээтэй цоорхой шинэ түлэгдсэн цоорхой байна. Ногоон эрээн өмдөнд гарсан 14х9мм хэмжээтэй цоорхой хуучин түлэгдсэн цоорхой байна.
- хөх саарал майканд гарсан 2.5см, ногоон ноосон цамцанд гарсан 2.5см саарал ноосон цамцанд гарсан 2см хэмжээтэй уранхай хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдсэн уранхай байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн саарал бариултай хутга мухар үзүүртэй, хар бариултай хутга үзүүрлүүгээ нарийссан байх тул хар бариултай хутгаар хөх саарал майканд гарсан 2.5см, ногоон ноосон цамцанд гарсан 2.5см, хөх саарал ноосон цамцанд гарсан 2см хэмжээтэй уранхайнууд нь үүсгэгдсэн байж болно. /хх-ийн 84-89-р хуудас/,
22. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1697 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Д.Эрдэнийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 184-р хуудас/,
23. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №333 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Талийгаачийн өмсөж явсан гэх цэнхэр өнгийн майк, цайвар ногоон цамц, саарал өнгийн ноосон цамц, саарал өнгийн ноосон өмд, ногоон эрээн өмд, хүрэн өнгийн түрийтэй гутал дээр цус илэрсэн. Уг цус нь О /I/ бүлгийн харъяалалтай байна.
2. Талийгаачийн өмсөж явсан гэх саарал өнгийн оймс, бор өнгийн оймс дээр болон биологийн гаралтай ул мөр илрээгүй. /хх-ийн 90-р хуудас/,
24. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №334 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Хар өнгийн бентээр ороосон иштэй хутга дээр цус илэрсэн. Уг цус нь О /I/ бүлгийн харъяалалтай байна.
2. Саарал өнгийн иштэй хутга дээр цус болон биологийн гаралтай ул илрээгүй. /хх-ийн 92-р хуудас/,
25. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №05/069 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. 2017.12.13-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бурхантын 1-8-9 тоотод Б-г хамтран амьдрагч Д.Э- бүсэлхий тус газарт нь нэг удаа хутгалж алсан гэх хэргийн газраас шинжээч х/ч Ц.Жамьяан-Иш илрүүлсэн №2 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Харин №1,3,4,5 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй.
2. Шинжилгээнд тэнцэх №2 дугаартай гарын мөр нь санд МN000110008025 дугаараар бүртгэгдсэн БАЗАРСАД овогтой Б--н баруун гарын эрхий хурууны дардасаар дарагдан үүсгэгдсэн байна.
3. Харин шинжилгээнд тэнцэх бусад гарын мөр нь санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардас, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.
4. Шинжилгээнд хүргүүлсэн талийгаач Б- гарын хээний дардас нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
5. Шинжилгээнд хүргүүлсэн гарын хээний дардас нь санд 1 удаа бүртгэгдсэн байна.
6. Харьцуулах шинжилгээнд тэнцэх гарын хээний дардас нь нэгдсэн санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн гарын мөрүүдтэй ерөнхий ба хувийн онцлог шинж тэмдгээрээ хоорондоо тохирохгүй байна. /хх-ийн 103-104-р хуудас/,
26. Шүүх сэтгэц эмгэг судлалын №4 дугаартай дүгнэлтэнд:
1. Д.Э- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Э- нь хэрэг учрал болох үед хэрэг учрал болохоос өмнө хэрэг учрал болсны дараа сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.
2. Д.Э- нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. Д.Э- нь юмыг зөвөөр тусган ойлгож үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. Д.Э- нь өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож өөрийн үйлдлийг удирдан жолоодох хянах чадвартай байсан байна.
5. Д.Э- сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. /хх-ийн 98-99-р хуудас/,
27. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-13-р хуудас/,
28. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-19-р хуудас/,
29. Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх-ийн 27-р хуудас/,
30. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 117-120-р хуудас/,
31. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 148-150, 189-191-р хуудас/,
32. Хувцас хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 151-р хуудас/,
33. Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 152-153, 164-167-р хуудас/,
34. Талийгаач Б-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
- гэрч Б.Г-гийн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,
- гэрч Г.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,
35. Шүүгдэгч Д.Эрдэнийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
- гэрч Д.О-ы мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/,
- гэрч Д.Т-ын мэдүүлэг /хх-ийн 68-69-р хуудас/,
- гэрч Д.И-агийн мэдүүлэг /хх-ийн 70-71-р хуудас/,
- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134-р хуудас/,
- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 136-р хуудас/ зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Д.Эрдэнийг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Э- нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бурхантын 1-8-90 тоотод амь хохирогч Б-г бөөрөн тус газар нь нэг удаа хутгалж алсан болох нь:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б- ...ээж С- залгаад “аав чинь талийгаач болсон байна, чи ажлаасаа чөлөө аваад хүрээд ир” гэхээр нь менежертэй уулзаж учир байдлаа хэлээд чөлөө авсан. Намайг “Нисэхэд дүүгийндээ хүрээд ир” гэхээр нь дүүгийнд яваад очиход манай аавыг Э- гэх хамтран амьдрагч хүүхэн нь амь насыг хөнөөсөн болохыг мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,
2. Гэрч Б.Б-ийн ...2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би гэртээ портер нүүрс худалдаж аваад талийгаач бид хоёр буулгасан юм. Талийгаач надад тусалсан болохоор би баярлаад нэг шил 750гр “Монгол стандарт” архи дэлгүүрээс аваад хувааж уусан. Талийгаач “гэр рүүгээ харина” гээд гарахаар нь би дэлгүүрээс дахин нэг шил 750гр архи аваад талийгаачийнд орсон. Миний авсан архийг талийгаач болон Э-э бид гурав хувааж уусан. Би талийгаачийнхаас гараад гэртээ харьж амарсан. Өглөө сэрээд талийгаачийнд ороод “шараа тайлах уу” гэхэд “тэгье” гээд хоёулаа дэлгүүр явсан. Ойролцоох дэлгүүр хаалттай байсан учраас колонкийн дэлгүүр рүү явж 1 шил “Нутаг” нэртэй архи авахад талийгаач “нэг мөр хоёр шил архи авчих” гээд 2 шил архи авахуулсан. Талийгаачийн гэрт архиа ууж байхад талийгаач Э-э хоёр муудалцаж хэрэлдээд, нэг бол тэврэлдэж үнсэлцээд байсан. Гэтэл Э-э нь “чи муу намайг зайл гэнэ үү, би явна за” гээд хоолны шүүгээн дотроос 2 хутга гаргаж ирээд нэгээр нь талийгаачийн хавирга руу хутгалсан. Талийгаач эвхрээд доороо тонгойгоод унахад дэвсгэр дээгүүр цус урссан. Талийгаач гэрийнхээ хойморт завилаад сууж байсан. Би гэрийн баруун талд түшлэгтэй сандал дээр сууж байсан. Харин Э-э зүүн талын орон дээр сууж байснаа гэнэт босож ирээд шүүгээнээс хоёр хутга гаргаж ирээд нэгээр нь талийгаачийн зүүн тал руу нь хутгалчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
2018.01.11-ний өдөр: ...Э- зүүн талын орон дээр сууж байснаа ухасхийж босоод гал тогооны шүүгээнээс хоёр хутга аваад талийгаач Б-гийн зүүн хавирга хэсэг рүү нь хутгалсан. Талийгаач Б- зүүн тал руугаа эргээд доошоо түрүүлгээ хараад хэвтээд өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 33, 80-р хуудас/,
3. Гэрч Г.Э-батын ...ахлагч Золбоотын хамт ХУД-ийн 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад өдөр 13 цаг 30 минутанд жижүүрийн шуурхай албанаас “ХУД-ийн 14 дүгээр хорооны байран дээр тосож авъя, 89977563 дугаарын утаснаас Э- гэх хүн нөхрийнхөө бөөрөн тус газар хутгалчихлаа” гэсэн дуудлагыг хүлээн аваад 14 дүгээр хорооны байранд очиход хүн байхгүй байсан. Дуудлага өгсөн дугаар руу залгахад Б- гэх хүн “нөгөө хүн чинь цус алдаад байна. Бид нар эмнэлэг рүү авч явах гэж байна” гэхээр нь хаягийг нь заалгаад очиход Б- тосож авсан. Гэр рүү ороход гэрийн хойморт зуухны дээд хэсэгт толгой хэсгээ дээш харуулсан, түрүүлгээ харсан байдалтай эрэгтэй хүн хэвтэж байсан. Тухайн хүний гэдэсний орчмоос цус гарсан байдалтай дэвсгэр дээр цус гоожиж тогтсон, зуухны дэргэд хар буюу саарал иштэй хоёр ширхэг хутга байсан бөгөөд хар иштэй хутганы ажлын хэсэг нь хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон шинжтэй байсан. Зүүн талын орон дээр Э- гэх эмэгтэй хүн сууж байснаа “наад хүн чинь агсам тавиад байна, согтуу байгаа авч явж эрүүлжүүл” гэхээр нь очоод татаж үзэхэд хөдлөхгүй байсан. Судасных нь цохилтыг шалгаж үзэхэд цохилохгүй байсан. Э-, Б- нараас “103-т дуудлага өгсөн үү” гэхэд “дуудсан байгаа” гэсэн. Тухайн хүн нас барсан болохыг мэдээд Б-, Э- нарыг тусгаарлан хэргийн газрыг хамгаалалтанд авч жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Б- “талийгаач, Э- нар маргалдаж байгаад Э- нь хоолны шүүгээнээс хоёр хутга авахаар нь хөөе чи яах нь вэ гээд очихын завдалгүй шууд талийгаачийн бөөр рүү хутгалчих шиг болсон. Талийгаач тэр газраа унасан” гэж ярьсан. Э- ч өөрөө “би хутгалчихсан юм, намайг хардаад байсан юм” гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №45 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б-гийн бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр нурууны зүүн ар хэсгээр хэвлийн хөндийд нэвтэрч гол судасны хэвлийн хэсгийн зүүн салаалах хэсгийг гэмтээж хэвлийн хөндийд цус алдсан, хацар, зүүн мөр, эгэмний дээд хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо болон хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Тухайн гэмтлүүдийг ямар ч байрлалд авах боломжтой.
4. Шүүх химийн шинжилгээгээр цусанд нь 3,6%0 спиртийн агууламж илэрсэн гэсэн хариу ирүүлсэн бөгөөд энэ нь хүнд зэргийн согтолтонд хамаарна.
5. Б-гийн биед үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдохгүй байна.
6. Цус нь АВО-н системээр 1-р бүлэгтэй байна.
7. Б- нь нурууны ар хажуу хэсгээр хэвлийн хөндийд нэвтэрч гол судасны хэвлийн хөндийн салаалах хэсгийг гэмтээсэн шархны улмаас хурц цус алдаж нас баржээ.
8. Нас барсан хугацааг хэргийн газрын цогцосны үзлэгт тогтоосон болно.
9. Гол судасны салаалах хэсгийн шарх нь шууд үхэлд хүргэх гэмтэл болно. /хх-ийн 74-76-р хуудас/,
5. Шинжээч С.О- 2018.01.10-ны өдөр мэдүүлэхдээ: Талийгаач нь нурууны зүүн ар хэсгээр хэвлий хөндий рүү нэвтэрч гол судасны хэвлийн хэсгийн зүүн салаалах хэсгийг гэмтээж хэлийн хөндийд цус алдаж нас барсан. Дээрх гэмтэл нь хутгаар зүсэгдэх боломжтой. Талийгаачид дээрх гэмтлийн улмаас эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байсан ч амь аврагдах боломжгүй. Талийгаачийн зүүн мөр, зүүн хацранд учирсан зулгаралт, цус хуралтууд нь хуучин гэмтэл байсан бөгөөд үхэлд нөлөөлөөгүй, гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтлүүд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 79-80-р хуудас/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №201 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн “А-45 Б- 51/эр XII/14” гэсэн хаягтай цусанд 3,6 промилли, ходоодны шингэнд 4,2 промилли, шээсэнд 4,1 промилли спиртийн агууламж илэрч байна. /хх-ийн 77-р хуудас/,
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №334 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Хар өнгийн бентээр ороосон иштэй хутга дээр цус илэрсэн. Уг цус нь О /I/ бүлгийн харъяалалтай байна.
2. Саарал өнгийн иштэй хутга дээр цус болон биологийн гаралтай ул илрээгүй. /хх-ийн 92-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судласан бичгийн болон эд мөрийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж заасан хүний халдашгүй эрхийг зөрчиж Б-гийн амь насыг хохироосон шүүгдэгч Д.Э-ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “ ...шүүгдэгч Д.Э-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Д.Э- болон түүний өмгөөлөгчөөс “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй” болно.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгч Д.Э- нь хэт их согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас хүний амь насыг хохироосон гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримттай тохирч байх тул үндэслэл бүхий гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Э- нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бурхантын 1-8-90 тоотод амь хохирогч Б-г бөөрөн тус газар нь нэг удаа хутгалж алсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-, гэрч Б.Б-, Г.Э-бат, насанд хүрээгүй гэрч Л.У- нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №45, 201, 334 дугаартай дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Э- нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь хэргийн 98-99 дугаар талд авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 4 тоот дүгнэлтээр нотлогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Э-ий бага насны хүүхэдтэй хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б- шүүгдэгч Д.Э-эс амь хохирогч Б-г оршуулахтай холбоотой зардалд 4.610.369 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт баримтаар нотлогдсон 2.278.390 төгрөгийг шүүгдэгч Д.Э-эс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-д олгох үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26 см урт, ажлын хэсгийн урт 16.5 см, бариулын урт 9.5 см, ажлын хэсгийн өргөн 2.8 см, ажлын хэсгийн ирний хойд талд бөглөө онгойлгогчтой, ажлын хэсгийн зүүн талд “Нерж” гэсэн бичигтэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хөх саарал өнгийн майк, ногоон цамц, хөх саарал ноосон цамц зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-д олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Э-ийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс /хх-ийн 116-р хуудас/ 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 72 хоногийг түүний эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.