Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/36

 

 

   2023        09           21                                           2023/ДШМ/36

 

 

Б.Ө-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Үжинбадам,

Шүүгдэгч Б.Ө-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл, Н.Дэмбэрэлдагва,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/168 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл, Н.Дэмбэрэлдагва нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Ө-д холбогдох эрүүгийн 2339000000001 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.Ө- нь “Т”- нэртэй шөнийн цэнгээний клубын ард талд 2022 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 23 цаг 40 минутын орчимд амь хохирогч Я.Г-той “машинд бөөлжсөн” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний хэвлий хэсэгт хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд элэгний 3-р сегментийн түвшин дэх эд рүү ургалттай хөндийт, хатууралт холимог хэлбэрийн цусны гаралтай хоргүй хавдрын задрал, хэвлийн хөндийн 2100 мл цус алдалт, өрцний булчинд цус хуралт, дух, нуруунд зулгаралт, хуйханд цус хуралт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн үхэлд нөлөөлсөн гэмтэл учруулж санаатай  хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Б.Ганзоригоос шүүгдэгч Б.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ө-ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1  дүгээр  зүйлийн  1  дэх хэсэгт  зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял  шийтгэж,  оногдуулсан хорих  ялыг  нээлттэй  хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн FSO гэсэн бичигтэй хар өнгийн малгайтай цамц 1 ширхэг, саарал өнгийн подволк 1 ширхэг, саарал өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, саарал өнгийн даавуун өмд 1 ширхэг, 1 хос хар өнгийн оймс, 1 хос хагас түрийтэй хар өнгийн үдээстэй гутал зэргийг устгах, камерын бичлэг бүхий сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг  дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Эрүүгийн хуулийн хэрэглээ нь хэргийн үйл баримтыг зөв сэргээн тогтоосноос хамаарч хэргийн зүйчлэл, цаашилбал эрүүгийн хариуцлагыг оновчтой, зөв тогтоож, энэ тухай хууль зүйн дүгнэлтийг хийдэг. Хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох ажиллагаа нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд хянасны үндсэн дээр дотоод итгэлээр үнэлэх асуудал юм.

Анхан шатны шүүх зөвхөн хэрэг маргааны улмаас үүссэн үр дагаварт тулгуурласан байдлаар хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжид хамаарч байгаа талаар хууль зүйн дүгнэлтийг хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчилж шийдвэрлэсэн нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “хүнийг алах" гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргээс ялган зүйчлэхийн тулд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, гэмтэл учруулсан арга, үйлдлийн тоо болон шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчид учруулсан гэмтэл, түүний үхэлтэй шууд шалтгаант холбоотой эсэх зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг тал бүрээс нь харгалзан үзэж, хууль зүйн дүгнэлтийг хийнэ.

Шүүгдэгч Б.Ө-ын хэргийн хувьд тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газарт шүүгдэгч Б.Ө-, амь хохирогч Я.Г-, түүний ангийн хүүхэд гэх гэрч Д.Б- нар байсан бөгөөд шүүгдэгч Б.Ө-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...амь хохирогч Я.Г- нь ажилчдын байранд согтуу орилж хашхираад орж ирсэн, ангийн охин Д.Б- “чи машинтай явж байгаа бол хүргээд өгөөч” гэхээр нь би машины арын суудалд суулгаад, Д.Б- жолоочийн урд талын зорчигчийн суудалд суугаад гэрт нь хүргэж өгөх гээд хөдлөх гэтэл Я.Г- машинд дотор бөөлжсөн, машинаас гаргах гэхэд суудалнаас зуураад гарахгүй байхаар нь хөлөө жийгээд татах гэж байгаад гэдсэнд нь миний хөл хүрсэн...” гэх мэдүүлгийг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б- “...машинд бөөлжлөө гээд талийгаачийг татаж буулгаж байхдаа гэдэс хэсэг рүү нь гуталтай хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлгийг тус тус өгдөг ба Б.Ө-ын хөл талийгаачийн гэдсэнд хүрсэн нь нотлогдож тогтоогддог ба энэ үйл баримтыг няцааж үгүйсгээгүй.

Харин нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Б.Ө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд буюу амь хохирогч Я.Г-ыг машинд бөөлжихөд нь машинаас гаргах зорилгоор 1 удаа хэвлийн тус газар нь хөлөөрөө хүрэхдээ түүнийг санаатай алах зорилго агуулсан, улмаар түүний үйлдлийн улмаас амь хохирогч Я.Г-ын хууч өвчин болох элэгний хавдар задарч амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болон учирч болохыг ухамсарлаж ойлгосон, түүнчлэн хохирогч хүнд гэмтлийн улмаас үхэж болохыг мэдсэн атлаа түүнд тусламж үзүүлэхгүй зориуд орхиж явсан гэж үзэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Ө- нь хохирогчийн амь насанд аюултай гэмтэл учруулсаны улмаас үхэж болохыг ухамсарлах боломжгүй буюу энэхүү хор уршгийг хүсээгүй, эсхүл өөрийн үйлдлээр хохирогчийг үхэлд хүргэхгүй байж чадна гэж хөнгөмсөгөөр найдаж гэмтэл учруулсан боловч түүний үйлдлийн улмаас хохирогч нас барсан, эсхүл гэмтэл учруулсан хүний хүсэл зоригоос үл хамаарах хүчин зүйлийн улмаас амь хохирогчийн хууч өвчин болох элэгний хоргүй хавдар задарч гэмтэл хүндэрч нас барсан нь болгоомжгүйн үйлдлийн улмаас хохирол, хор уршигт хүргэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Ө-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг  буюу “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэх зүйл хэсгээр зүйлчилж зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү.

Шүүгдэгч Б.Ө- нь гэм буруугийн тал дээр маргадаггүй.  Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлах боломжгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргасан гэж дүгнэсэн. Шүүгдэгч нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...прокурорын хэлсэн ярьсныг ойлгохгүй гэм буруугийн тал дээр маргаж байна гэж мэдүүлсэн” талаараа тайлбарласан.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт даргалагчийн “....таныг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчилсэн байна,  та зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна уу...” гэх асуултад шүүгдэгч “...би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, талийгаач Я.Г- миний буруутай үйлдлээс болж нас барсан...” гэсэн хариулт өгсөн байдаг. Шүүгдэгчийн анхны мэдүүлгийг үндэслэн түүний эрх зүйн байдлыг дордуулсныг зөвшөөрөхгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү.

Хүний амь хохирсон маш харамсалтай хэрэг гарсан. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлж байна. Шүүгдэгч Б.Ө-ын тухайд  хязгаарлалт тогтоогдсон байсан учраас талийгаачийн ар гэрийнхэнтэй очиж уулзаж чадаагүй. Б.Ө-ыг төлөөлөөд түүний ээж нь талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзсан” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадсангүй. Шинжилгээний 2023.01.23-ны өдрийн 03 тоот дүгнэлтэд иргэн Я.Г-ын нас барсан нэг шалтгааныг “элэгний холимог хэлбэрийн хоргүй хавдар" гэж заасан. Гэтэл шүүх уг иргэн зөвхөн Б.Ө-ын өшиглөлтөөс болж гэмтэл авч нас барсан мэтээр дүгнэсэн нь буруу байна. Энэ нь тухайн үедээ Я.Г-ын Х.Г хэлсэн үг болон мөн Д.Б-гийн мэдүүлгийг Б.Ө-ыг буруутгах гол нотлох баримт болгосонтой холбоотой юм. Я.Г-, Д.Б- нар нь согтуу байсан учир Б.Ө-ын үйлдлийг буруу төсөөлж ярьсан, мэдүүлсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн мэдүүлэг, хэргийн нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд уг хэрэг түүний болгоомжгүй үйлдлийн улмаас үйлдэгдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Иймд шүүх яллах дүгнэлтийн заалтыг баримтлан Б.Ө- Я.Г-той маргалдсны улмаас биед нь санаатай халдан амь хохироход хүргэсэн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болно. Тэдний хооронд маргаан болсныг нотолсон ганц ч нотлох баримт хэрэгт байхгүй. Шүүх шинжилгээний дүгнэлтээр нас барагчийн биед мөн дух, нурууны зулгаралт, хуйхны цус хуралт гэмтлүүд үүссэн нь тогтоогджээ. Гэтэл эдгээр гэмтэл ямар шалтгаанаар үүссэнийг тогтоосонгүй. Иймд шинжээчийн 03 тоот дүгнэлтэд заасан хавдар задрал, хэвлийн хөндийн цус алдалт нь өөр шалтгаанаар үүссэн байхыг үгүйсгэхгүй гэж үзэж байна. Б.Ө- тухайн үед зуны гэж үзэж болох зөөлөн гуталтай байсан байна. Гэтэл хэрэгт хагас түрүүтэй, хар өнгийн, үдээстэй, хатуу ултай гутлыг эд мөрийн баримтаар хураан уг гутлаар өшиглөсөн гэхээр нөхцөл байдал үүсгэсэн нь ойлгомжгүй байна.

2. Анхан шатны шүүх Б.Ө-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй талаар зөв дүгнэсэн боловч Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал хэд хэд байгаад зөв дүгнэлт хийлгүй хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Тухайлбал Б.Ө- гэмт хэрэг хэрэг үйлдсний дараа хохирогчид туслалцаа үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилгасан. Мөн Б.Ө- нь өөрийнхөө хөл нас барагчийн биед хүрснийг үндэслэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад илэрхийлсэн. Гэтэл шүүх түүний яллах дүгнэлтэд заасан хуулийн зүйл ангийг зөвшөөрөхгүй гэснийг шийтгэх тогтоолд гэм буруугаа хүлээгээгүй мэтээр дүгнэсэн нь буруу байна.

3. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь Б.Ө-ыг гэм буруугүй гэж дүгнэсэнд ч шүүх зөв дүгнэлт хийх ёстой билээ. Эдгээр болон бусад нөхцөл байдлыг үндэслэн би Б.Ө-ыг хүнийг санаатай алах гэм хэргийг үйлдээгүй байна гэж үзэж байгаа тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар зөвтгөн шийдвэрлэж 2023/ШЦТ/168 дугаар тогтоолд өөрчлөлт оруулна уу” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Үжинбадам давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Ө- ээжээс минь нэг ч удаа уучлалт гуйгаагүй, очоод уучлалт гуйгаасай гэж хүсч байна” гэв.

 

Шүүгдэгч Б.Ө- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Тухайн үед прокурорын асуултад сандраад анзаараагүй хариулсан байсан. Би амь хохирогчийг сайн танихгүй, өс хонзонгийн зүйл байхгүй. Талийгаачийн ар гэрийнхэнээс уучлалт гуйж байна. Би талийгаачийн ээжтэй очиж уулзах боломжгүй байсан учраас намайг төлөөлөөд ээж, ах хоёр минь очиж уулзсан. Анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Ө-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан үндэслэл журмын шаардлагыг хангасан байна. Хууль зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас гэрч Б, Г нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Ө- нь талийгаач Я.Г-ын хэвлий хэсэгт 1-2 удаа өшиглөсөн болох нь хангалттай тогтоогддог, мөн гэрч Б-н мэдүүлгээр талийгаач Я.Г-ыг гэрийн гаднаас авахад ухаангүй тасарсан юм шиг байсан, гэрт ороод 5-10 минутын дараа гэнэт “ээжээ” гэж хэлээд ухаан алдсан болох нь тогтоогдсон байна. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн үхэлд нөлөөлсөн “...элэгний 3-р сегментийн тувшин дэх эд рүү ургалттай хөндийт, хатууралт холимог хэлбэрийн цусны гаралтай хоргүй хавдрын задрал хэвлийн хөндийн цус алдалт…” нь өшиглөх, дэвсэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болох нь тогтоогдсон. Өмгөөлөгч нь Б.Ө-ыг ямар болгоомжгүй үйлдэл хийсэн талаар хууль зүйн тайлбар хийхгүй байх тул өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл, Н.Дэмбэрэлдагва нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр Б.Ө-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Ө- нь Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Т”- нэртэй шөнийн цэнгээний клубын ард талд 2022 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 23 цаг 40 минутын орчимд амь хохирогч Я.Г-той “машинд бөөлжсөн” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний хэвлий хэсэгт хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд элэгний 3-р сегментийн түвшин дэх эд рүү ургалттай хөндийт, хатууралт холимог хэлбэрийн цусны гаралтай хоргүй хавдрын задрал, хэвлийн хөндийн 2100 мл цус алдалт, өрцний булчинд цус хуралт, дух, нуруунд зулгаралт, хуйханд цус хуралт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн үхэлд нөлөөлсөн гэмтэл учруулж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 01 хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтатс хэргийн 03-07 хуудас/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 08-14 хуудас/,

- Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 15-17 хуудас/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 18-20 хуудас/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 21-24 хуудас/,

- СD-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 25-28 хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Ү-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зүв зүгээр эрүүл саруул амьдарч байсан дүү минь нас барсан учраас маш их гомдолтой байгаа. Үнэн шударгаар шүүж өгөхийг хүсэж байна. Нийтдээ 11 сая 354 мянган төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид гарах нэхэмжлэх зүйлээ тухай бүрд нь өгнө...”  гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 33-34 хуудас/,

- Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой ойролцоогоор 00 цаг 40 минутын үед гэж санаж байна намайг хүүгийн хамтаар гэртээ байхад эхлээд Б орж ирээд “танай нөхөр чинь гадаа ирчихсэн машинд байна” гэж хэлтэл араас нь Ө орж ирээд мөн л “хүнээ аваарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад очтол гэрийн үүдэнд Ө-н цагаан өнгийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Түүний хажууд манай нөхөр гадаа хэвтэж байсан. Тэгэхээр нь би нөхрөө согтчихож дээ гэж бодоод цээж хэсгээс нь өргөөд Ө болохоор хөлнөөс нь өргөөд гэр рүү оруулж баруун орны хажууд газарт хэвтүүлсэн. Тэгээд Ө, Б хоёр гараад явчихсан...Тэгээд нээх удаагүй 5,10 минутын дараа нөхөр дээшээ хараад хэвтэж байснаа гэнэт “ээжээ” гэж гэдсээ 2 гараараа чанга дарж орилж байгаад ухаан алдчихсан, ямар ч байсан ухаангүй болсон. Бэр эгч болох Болороог утсаар дуудаж эгч удалгүй ирж харчхаад шууд А эмчийг дуудтал тэр дороо эмнэлэг ирж үзээд өнгөрсөн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 37-38 хуудас/,

- Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхрийн төрсөн дүү Б нь өчигдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 01 цаг 10 минутын үед манай нөхөр М-н утас руу залгаад “нөхөр сонин байна, амьсгалахгүй байх шиг байна” гээд ярьсан. Тэгээд би гүйгээд ортол талийгаач Я.Г- нь гэртээ ертөнцийн зүгээр баруун урд талд нь газарт дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би очиж талийгаачийн гарын судсыг барьж үзэхэд судас нь цохилохгүй, амьсгал зүрх судас зогссон байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 42-43 хуудас/,

-  Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 01 цаг 20 минутын үед ....гэр рүү ортол гэрийн баруун урд талд зуухны хажууд 40 орчим насны эрэгтэй хүн дээшээ харчихсан нэг гарыг хагас нугалсан нэг гарыг алдалсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Тэгээд харахад аль хэдийн нас барсан байдалтай байсан. ” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 48-47 хуудас/,

- Гэрч Л.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой ойролцоогоор 23 цаг 40 минутын үед баараа хаалгах гээд баарныхаа хойд талд машин”Т”-а ирээд ороход үүдэнд Б.Ө-ын тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэгээд машиных нь баруун хойд талд газарт Я.Г- хэвтэж байсан. Б.Ө- Я.Г-ын хажууд зогсож байсан. Тэгээд би харчхаад Б.Ө-д “юу хийж яваа юм бэ” гэхэд “талийгаачийг хүргэж өгөх гэж байгаа юм аа, согтуурхаад машин руу нулимаад байна” гэж хэлээд байж байсан. Тэгээд би шууд баар руу орж манаач Г-д хандаж “Я.Г- гадаа Ө-н машины хажууд хэвтэж байна, оруулж унтуулах юм уу яах юм” гэхэд Г гараад явсан. Тэгээд би 4-5 минутын дараа буцаад хүн хүргэж өгөх гээд хойно гарахад Ө-н машин хөдөлж байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 50-51 хуудас/,

- Гэрч Ц.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хашааны үүдэнд Б.Ө-ын жижиг тэрэг зогсож байсан. Түүний хажууд газарт талийгаач хэвтчихсэн Б.Ө- зогсож байсан. Өөр хүн харагдаагүй...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 58-59 хуудас/,

- Гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өчигдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 19-ний орой ...би Б.Ө-ын цагаан өнгийн жижиг тэрэгний урд талын суудалд суугаад талийгаач арын суудалд сууснаа бөөлжтөл Б.Ө- талийгаач руу уурлаад “писда чинь машин дотор бөөлжчихлөө” гэж хэлээд талийгаачийг татаж буулгаж байхдаа гэдэс хэсэг рүү нь гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Би бол нэг удаа өшиглөснийг нь л харсан. Дахиж нэмж өшиглөсөн эсэх талаар мэдээгүй. ...Талийгаач машиных нь хажууд газарт хэвтээд л байсан. Талийгаач юм дуугарахгүй л байсан. ...Тэгээд гэрийнх нь гадаа очоод талийгаачийн эхнэр толгойноос нь өргөөд Б.Ө- хөлнөөс нь өргөөд гэрт нь оруулсан. Б.Ө- хар бараан өнгийн хагас түрийтэй л гутал байх шиг байсан.” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 74-76, 79-80 хуудас/

- Гэрч Х.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 19-ний орой ...Б.Ө-ын машины хажууд очиход Я.Г- нь Б.Ө-ын машины баруун хойд талд доошоо харчихсан хэвтэж байсан. Түүний хажууд Б.Ө- зогсож байсан. Б бол машин дотор жолоочийн хажуу талын суудалд сууж байсан. Тэгээд би талийгаачийг “юу хийж хэвтэж байгаа юм бэ, бос” гээд татаж босготол талийгаач Я.Г- надад хандаж “ахаа энэ намайг 2-3 удаа өшиглөсөн” гэж хэлээд Б.Ө- руу заасан. Тэгэхээр нь би Б.Ө-д хандаж “яаж байгаа юм бэ” гэж хэлтэл Б.Ө- юм дуугаралгүй машиндаа орж суусан. Тэгээд би талийгаачийг өөрөө өргөж Б.Ө-ын машины жолоочийн хойд талын суудал дээр нь суулгаад Б, Б.Ө-, талийгаач гурав тэндээс явсан...01 цаг 20 минутын үед Болорчимэг над руу дахин залгаад “О нас барчихлаа” гэж хэлсэн... Тухайн үед гадаа харанхуй байсан, Ө хар бараан өнгийн гутал байсан байх тод өнгийн гутал бол байгаагүй тухайн үед сайн анзаарч хараагүй” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 83-85, 88 хуудас/,

- Гэрч Х.Г-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 93-97 хуудас/,

- Гэрч Д.Б-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 98-102 хуудас/,

- Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр

1. Талийгаачид элэгний хавдар задрал, хэвлийн хөндийн цус алдалт (2100 мл), өрцний булчинд цус хуралт, дух, нуруунд зулгаралт, хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. 3. 4. Дээрх элэгний 3-р сегментийн түвшин дэх эд рүү ургалттай хөндийт, хатууралт холимог хэлбэрийн цусны гаралтай хоргүй хавдрын задрал, хэвлийн хөндийн цус алдалт, өрцний булчинд цус хуралт нь мохоо зүйлийн нэг удаагийн өшиглөх, дэвсэх үйлчлэлээр хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дух, нуруунд зулгаралт, хуйханд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр мөн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

5. 6. 7. 12. Талийгаач нь элэгний холимог хэлбэрийн хоргүй хавдар, хавдар задрал, хэвлийн хөндийн цус алдалтын улмаас нас баржээ. Иймд гэмтлийн зэрэг, хөдөлмөрийн чадварт алдалтыг тогтоохгүй.

8. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. 

9. 10. 11. Талийгаач нь элэгний 3, 2-р сегментэд хөндийт, хатууралт холимог хэлбэрийн цусны гаралтай хоргүй хавдартай байжээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 142-148 хуудас/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 19 дугаартай:

1. Б.Ө- нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй, Б.Ө- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах, үнэн зөв мэдүүлэг өгөх, өөрийн үйлдэл, эс үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтой гэдгийг мэдэх чадвартай, хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх шинж тэмдэг илрээгүй байна...” гэх дүгнэлт /1 хавтаст хэргийн 234-235 хуудас/,

- Б.Ө-ын мөрдөн шалган ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...би Я.Г-ыг буулгаж бөөлжүүлэх гээд таттал дийлдэхгүй нэг гараараа урд талын суудлаас бариад тавихгүй байхаар нь би өөрийнхөө баруун гараараа талийгаачийг таттал цээж хэсэг нь над руу эргэж харахаар зүүн хөлөө суудлын ирмэгт тээглүүлээд жийж татаж байтал нөгөө жийж байсан хөл маань мултраад талийгаачийн гэдэс цээж хэсгийг хамраад хүрчихсэн байна лээ. ..талийгаачийг машинаас буулгаж гэрт нь оруулж гэрийнх нь баруун орных нь доор газарт хэвтүүлээд гадна талынх нь цамц дээшээ сөхөгдсөн байхаар нь эхнэр нь цамцыг нь тайлаад өгөөч гэхээр нь би цамцыг нь тайлж баруун орон дээр нь үлдээгээд гарч явсан...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 72-73 хуудас/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл, Н.Дэмбэрэлдагва нарын гаргасан “хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөх” агуулга бүхий  давж заалдах гомдлуудыг хүлээн авах  үндэслэлгүй байна. Учир нь:

 

       Шүүгдэгч Б.Ө- нь амь хохирогч Я.Г-той маргалдаж,  түүний хэвлий хэсэгт хөлөөрөө өшиглөж учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн үхэлд нөлөөлсөн гэмтэл учруулсан болох нь тухайн үйл баримт болоход тэнд байсан гэрч Д.Б-гийн “...Б.Ө- талийгаачийг татаж буулгаж байхдаа гэдэс хэсэг рүү нь гуталтай хөлөөрөө өшиглөсөн ...тэгээд машиных нь хажууд газарт хэвтээд байсан...” гэх мэдүүлэг, гэрч Х.Г-н “...талийгаач надад хандаж энэ намайг 2-3 удаа өшиглөсөн гэж Б.Ө- руу заасан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Б-н “...удаагүй 5.10 минутын дараа нөхөр дээшээ хараад хэвтэж байснаа гэнэт “ээжээ” гэж гэдсээ 2 гараараа чанга дарж орилж байгаад ухаан алдсан ...эмнэлэг ирж үзээд өнгөрсөн байна...” гэх мэлүүлэг, Б.Ө-ын яллагдагчаар өгсөн “...би баруун гараараа талийгаачийг таттал цээж хэсэг нь над руу эргэж харахаар зүүн хөлөө суудлын ирмэгт тээглүүлээд жийж татаж байтал нөгөө жийж байсан хөл маань мултраад талийгаачийн гэдэс цээж хэсгийг хамраад хүрчихсэн байна лээ...” гэх мэдүүлэг, талийгаачийн биед учирсан ”...элэгний 3-р сегментийн түвшин дэх эд рүү ургалттай хөндийт, хатууралт холимог хэлбэрийн цусны гаралтай хоргүй хавдрын задрал, хэвлийн хөндийн цус алдалт, өрцний булчинд цус хуралт нь мохоо зүйлийн нэг удаагийн өшиглөх, дэвсэх үйлчлэлээр, хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна ...талийгаач нь элэгний холимог хэлбэрийн хоргүй хавдар, хавдар задрал, хэвлийн хөндийн цус алдалтын улмаас нас баржээ...” гэсэн Шүүх шинжилгээний албаны №03 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар Б.Ө- талийгаачийн хэвлий хэсэгт хөлөөрөө өшиглөсөн, түүний биед үүссэн элэгний холимог хэлбэрийн хоргүй хавдар, хавдар задрал, хэвлийн хөндийн цус алдалт бүхий гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн өшиглөх, дэвсэх үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, уг гэмтлийн улмаас хохирогч Я.Г- нас барсан хэргийн үйл баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар  тогтоогджээ.

 

      Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон, хэргийн бодит байдлыг нотолсон байна.

 

      “Хүнийг  алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг  агуулдаг бол “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох”  гэмт хэрэг нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон  байх шинжийг хангасан байхыг шаардана.

 

      Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ө-ын  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан  бусдын эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж хохирол, хор уршигт зориуд хүргэснээрээ гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Ө-   гэм буруутай гэж үзсэн дүгнэлт үндэслэлтэй, шүүх эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

      Анхан шатны шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 31.500.000 төгрөг төлсөн, төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8  жилийн хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

      Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “зүйлчлэл өөрчлөх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/168 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл, Н.Дэмбэрэлдагва нарын гаргасан зүйлчлэл өөрчлөх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ын цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ГАНЗОРИГ

  

                           ШҮҮГЧИД                                                Б.ДЭНСМАА

 

                                                                                           Г.БОЛОРМАА