| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 138/2024/01218/И |
| Дугаар | 309/ШШ2025/00189 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 309/ШШ2025/00189
| 2025 оны 02 сарын 19 өдөр | Дугаар 309/ШШ2025/00189 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ын *******ийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь тус шүүхэд “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б.******* миний бие 1980 оны 6 сард 8 дугаар ангиа төгсөөд ******* сумын ******* нэгдэлд барилгын бригадын ажилчнаар 1980.06.20-нд томилогдон ажиллаж байгаад 1981.06.29-нд цэрэгт татагдсан. 1984.06.19-нд цэргээс халагдаж ирээд хадлан, барилгын бригадад ажиллуулж байгаад 1984.12.04-нд тракторын гурван сарын курст суралцаад 1985.03.01-нээс нэгдэлд тракторчноор томилогдон ажиллаж байгаад 1990.10.20-ноос өөрийн хүсэлтээр халагдсан. Миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, нэгдэл тарсан учир ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн. Тушаалууд, лавлагаа г үндэслэн дээрх ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архмвын 2024.11.21-ний өдрийн 08/3368 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* сумын ХАА-н ******* нэгдлийн даргын 1980.06.20-ны өдрийн 111, 1984.07.18-ны өдрийн 118, 1984.11.26-ны өдрийн 228, 1985.03.16-ны өдрийн 42, 1990.09.20-ны өдрийн Б/58 дугаартай тушаалууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь тус шүүхэд “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд энэхүү шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.******* нь хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас зайлшгүй шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоос өөр байдлаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбар, түүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
2. Дорнод аймгийн ******* сумын ХАА-н ******* нэгдлийн даргын:
- “Ажилд томилох тухай” 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 111 дугаартай “ ...*******ын *******... нарыг нэгдлийн барилгын бригадад ажилчнаар 1980 оны 6-р сарын 20-ноос тус тус томилон ажиллуулсугай...” гэж,
- “Ажилд шилжүүлэн ажиллуулах тухай” 1984 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 118 дугаартай “...нуруулдагчаар *******ын ******* нарыг 1984 оны 7-р сарын 20-ноос томилон ажиллуулсугай...” гэж,
- “Ээлжийн амралт олгох тухай” 1984 оны 11-р сарын 26-ны өдрийн 228 дугаартай “... Тус нэгдлийн тракторчин Б.*******ийн ээлжийн амралтыг 11 сарын 25-ны өдрөөс эхлэн 26 хоногоор бодож олгосугай...” гэж,
- “Ажлаас чөлөөлж томилох тухай” 1985 оны 3-р сарын 16-ны өдрийн 42 дугаартай “... *******ын *******ийг нарыг 1985 оны 3-р сарын 1-нээс авта ХАА-н хэсгийн тракторчноор томилон ажиллуулсугай...” гэж,
- “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чөлөө олгох тухай” 1990 оны 9-р сарын 20-ны өдрийн Б/58 дугаартай “... *******ын *******ийг 10 дугаар сарын 20-ноос ажлаас чөлөөлсүгэй...” гэж бичигдсэн тушаалууд зэрэг нотлох баримтын шаардлага хангасан бичгийн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг нотолсон үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Б.******* нь Дорнод аймгийн ******* сумын ХАА-н ******* нэгдэлд 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл туслах ажилтнаар, 1984 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тракторчнаар тус тус ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.3-д зааснаар нэхэмжлэгч Цагаангууд овогт *******ын *******ийг Дорнод аймгийн ******* сумын ХАА-н ******* нэгдэлд 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл туслах ажилтнаар, 1984 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тракторчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА