| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 138/2025/00023/И |
| Дугаар | 309/ШШ2025/00191 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 309/ШШ2025/00191
| 2025 оны 02 сарын 19 өдөр | Дугаар 309/ШШ2025/00191 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ийн *******ын хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ч.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.******* нь тус шүүхэд “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Ч.******* миний бие нь анх ******* ******* ХК-д 1991 оны 07 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл 3 жил 5 сар ажиллаж байх хугацааны цалингийн түүвэр байхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг минь тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэх, 445242 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 213696 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатраар гэрчлүүлсэн хуулбар, Дорнод аймгийн Хэрлэнгийн сангийн аж ахуйн даргын 1991.07.04-ний өдрийн 161 дугаартай тушаал зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхээс гэрчээр Д.*******, Ц.******* нарыг асууж мэдүүлэг авах ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь тус шүүхэд “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд энэхүү шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ч.******* нь хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, ажиллаж байх үеийн тушаалууд архивт байхгүй байгаагаас зайлшгүй шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоос өөр байдлаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбар, түүний иргэний үнэмлэхийн хуулбар,
2. 1991 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хэрлэнгийн сангийн аж ахуйгаас олгосон 445242 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,
3. 213696 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр,
4. Гэрч Д.*******, Ц.******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтын шаардлага хангасан бичгийн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг нотолсон үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Ч.******* нь 1991 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн “******* талай” ХК-д малчнаар ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.3-д зааснаар нэхэмжлэгч Чонос овогт *******ийн *******ыг 1991 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн “******* талай” ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА