| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2306020751845 |
| Дугаар | 2023/ДШМ/915 |
| Огноо | 2023-09-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2023/ДШМ/915
Э.О-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Бүрэнжаргал,
хохирогч Б.Б,
шүүгдэгч Э.О,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 1067 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Од холбогдох эрүүгийн 2306020751845 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Эы О, 1985 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан, арматурчин, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 6, хамтран амьдрагч, хүүхдүүдийн хамт - оршин суух бүртгэлтэй, одоо - тоотод оршин суух, /РД:- /,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 806 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан.
Шүүгдэгч Э.О нь 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр - тоот гэртээ хамтран амьдрагч Б.Бийг “бусадтай хардлаа” гэх шалтгаанаар маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Э О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оад 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оад оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоол хүнд гарсан байна. Э.О бид хоёр эвлэрч, хамт амьдарч байгаа. Манай нөхрийн ар гэрийн байдал хэцүү, ээж нь хөхний хорт хавдар тусаад нэг хөхөө хагалгаанд орж авхуулсан, зүрхний өвчтэй, бие муутай хүн байгаа. Бид хоёрын амьдрал жаахан хүнд, нэг нь ажил хийж байгаа. Манай нөхрийн ажил улирлын ажил болохоор зундаа барилгын ажил хийдэг бөгөөд өвөл ажил байхгүй тул хэцүү байдаг. Нөхрийгөө буруу ойлгож, хэт хардаж маргалдсан нь миний буруу байгаа. Иймд бид хоёрын амьдралыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 торгох ял шийтгэж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Б.Бтэй 3 жил амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд хардалт, сэрдэлт маш их байсан. Би 350 цаг буюу миний тооцооллоор 2 сар гаруй хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэхээр болсон. Удахгүй өвөл болох гэж байхад ажилгүй болчихсон байгаа тул надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ж.Бүрэнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан учраас хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Учир нь, шүүгдэгч нь өмнө эхнэрээ зодсоны улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан бөгөөд дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тул шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Э.О нь 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр - тоот гэртээ хамтран амьдрагч Б.Бийг “бусадтай хардлаа” гэх шалтгаанаар маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Бийн “...О гэрээс гарч яваад хэсэг хугацааны дараа архи үнэртүүлсэн орж ирсэн. Би нөхөртөө хандаж “чи яагаад архи ууж байгаа юм бэ?, чи аль эсвэл тэр эмэгтэйтэй хамт амьдар” гэж хэлэхэд над руу аяга шидээд, намайг орон дээр хөлөөрөө 2 гарыг дарж байгаад хоолой боогоод, гараараа миний зүүн талын нүд рүү цохиод гэрээс гараад яваад өгсөн. Миний зүүн талын нүд хөхөрсөн, баруун бугалга, цээжинд цус хурсан. Уг гэмтлүүдийг нөхөр О учруулсан. Би гомдолгүй, нөхөртэйгөө эвлэрсэн. ...” гэсэн /хх 10/,
Э.Оын яллагдагчаар өгсөн “...Би эхнэртэйгээ маргалдаж байгаад 11 цагийн орчимд эхнэр дэлгүүр ороод 0.5 граммын архитай ирээд бид хоёр хамтдаа уусан. Архи ууж байгаад эхнэр ахиж надтай хэрүүл хийгээд байж байтал эхнэр шүүгээнээс хутга аваад “чамайг явбал би өөрийгөө хутгална” гээд айлгаад байхаар нь би болиулах гэтэл “тэгвэл чамайг ална” гээд над руу дайраад байхаар нь би хутгыг нь салгаж аваад 2 удаа алгадаж аваад гэрээс гараад явсан. Би эхнэр Бийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн /хх 41/ мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Бийн биед зүүн нүдний зовхи, баруун бугалга, цээж, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн шинжээчийн 4908 дугаар дүгнэлт /хх 29-30/,
аюулын зэргийн үнэлгээ /хх 11/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Шүүгдэгч Э.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Хохирогч Б.Бээс “Э.Оад оногдуулсан ялыг хөнгөрүүлэн торгох ялаар солиулах” талаар давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Э.Оын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Б хохирол, гомдол саналгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял болгон хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд магадлалд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 1067 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оад 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оад оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ