| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0947/З |
| Дугаар | 128/ШШ2024/0973 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2024/0973
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэрэгт ******* ХХК-ийн захирал Н.******* нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ХХК-ийн захирал Н.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Манай ******* ХХК нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газартай холбоотойгоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид уг нэхэмжлэлээс татгалзаж, татан авах хүсэлтэй байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-иас Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас ******* ХХК-ийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн хар жагсаалтад оруулахаар Сангийн яаманд хүргүүлсэн мэдэгдлийг хүчингүй болгуулах” гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
******* ХХК-ийн захирал Н.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасан.
******* ХХК-ийн захирал Н.*******т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримтад гарын үсэг зурсан байна.
Иймд ******* ХХК нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас ******* ХХК-ийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн хар жагсаалтад оруулахаар Сангийн яаманд хүргүүлсэн мэдэгдлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээс нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал Н.******* бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН