Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 309/ШШ2025/00208

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 309/ШШ2025/00208

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч:  “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  *******ийн *******,

Хариуцагч: *******ын ******* нарт холбогдох,

            “Зээлийн гэрээний үүрэгт 22,485,746.04 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Дорнод Хэрлэн тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* болон М.******* нар нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ******* банктай ******* дугаарт зээлийн гэрээ байгуулж 29,200,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаарт зээлийн гэрээ байгуулж 6,030,000 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ******* дугаарт заэлийн гэрээ байгуулж 14,380,000 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нар нь ******* дугаарт зээлийн гэрээний үүргийг зөрчиж эргэн төлөлтийг тасалдуулж, ундсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар ЗГ4715108468 тоот зээлийн гэрээний үүрэгт: үндсэн зээлийн төлбөр 19,784,695.20 төгрөг, үндсэн хүүний төлбөр 2,558,3002.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 143,048.68 төгрөг, нийт 22,485,746.04 төгрөг гаргуулж өгнө үү  гэжээ.

Хариуцагч, хариуцагч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагч Б.*******, М.******* бид нэхэмжлэлийн шаардлага 22,485,746.04 төгрөгийг ******* банканд төлөх талаар маргах зүйл байхгүй. Дээрх төлбөрийг боломжоороо төлж барагдуулж банкыг хохиролгүй болгоно гэжээ.

            Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Б.*******, М.******* нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 22,485,746.04 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч, хариуцагч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.  

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийнЗээлийн гэрээний үүрэгт 22,485,746.04 /хорин хоёр сая дөрвөн зуун наян таван мянга долоон зуун дөчин зургаан төгрөг тэг дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.*******, М.******* нар нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,378 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 135,189 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 135,189 /нэг зуун гучин таван мянга нэг зуун наян ес/ төгрөгийг төсвийн орлогоос, 135,189 /нэг зуун гучин таван мянга нэг зуун наян ес/төгрөгийг хариуцагч Б.*******, М.******* нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                         П.ПАГМА