Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2024/0801

 

 

 

 

 

     2024         10           10                                   128/ШШ2024/0801  

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М*******” ХХК 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.А*******, Н.С*******             

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Ц*******  

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Э, А.Д, Б.Д, Г.Н  

Нэхэмжлэлийн шаардлага: “М*******” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын төрлөөр татварын бүртгэл мэдээллийн санд 120,000,000 төгрөгийн өр хууль бусаар үүсгэсэн үйлдлийг илт хууль бусад тооцуулах, энэ татварыг төлөхийг шаардсан татварын албаны 2022 оны *** дугаартай татварын өрийг төлүүлэх нэхэмжлэхийн татварын өрийн мэдээлэл хэсгийн 8, 9, 10, 11 дэх хэсэг, 2023 оны **** дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэхийн татварын өрийн мэдээлэл хэсгийн 1,2,3,4 дэх хэсгийг тус тус илт хууль бусад тооцуулах.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У******* нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс “... “М*******” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын төрлөөр татварын бүртгэл мэдээллийн санд 120,000,000 төгрөгийн өр хууль бусаар үүсгэсэн үйлдлийг илт хууль бусад тооцуулах, энэ татварыг төлөхийг шаардсан татварын албаны 2022 оны дугаартай татварын өрийг төлүүлэх нэхэмжлэхийн татварын өрийн мэдээлэл хэсгийн 8, 9, 10, 11 дэх хэсэг, 2023 оны дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэхийн татварын өрийн мэдээлэл хэсгийн 1,2,3,4 дэх хэсгийг тус тус илт хууль бусад тооцуулах” шаардлагаар маргаж байна. 

2.Маргааны үйл баримтыг дурдвал          

2.1.Хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэгч “М*******” ХХК-д холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн , 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхүүдийг үүсгэжээ.

2.2.Дээрх нэхэмжлэхүүдээр үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар нийт 120,000,000 /нэг зуун хорин сая/ төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

2.3.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол /14251/, Б.Ренчингийн гудамж, тоот хаягт байрлалтай 6397.61 м.кв талбайтай оффисын зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч “М*******” ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, ******* дугаар гэрчилгээг олгожээ.

2.4.Тус шүүх “М*******” ХХК-аас гаргасан “... “М*******” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын төрлөөр татварын бүртгэл мэдээллийн санд 120,000,000 төгрөгийн өр хууль бусаар үүсгэсэн үйлдлийг илт хууль бусад тооцуулах, энэ татварыг төлөхийг шаардсан татварын албаны 2022 оны дугаартай татварын өрийг төлүүлэх нэхэмжлэхийн татварын өрийн мэдээлэл хэсгийн 8, 9, 10, 11 дэх хэсэг, 2023 оны дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэхийн татварын өрийн мэдээлэл хэсгийн 1,2,3,4 дэх хэсгийг тус тус илт хууль бусад тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.       

3.Нэхэмжлэл гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс нь 2022-2023 онуудад “М*******” ХХК /РД:*******-д Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 120 000 000 төгрөгийн өрийг хууль бусаар үүсгэсэн /бий болгосон/ байх бөгөөд улмаар энэ өрийг төлүүлэхээр татварын өр төлүүлэх нэхэмжлэл ирүүлсэн нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. “М*******” ХХК нь орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг эхлүүлсэн боловч санхүүжилт байхгүйгээс зогсонги байдалд орсон. Улмаар санхүүжилт бий болгох зорилгоор Хөгжлийн банкнаас зээл авахаар дуусаагүй 30 хувийн гүйцэтгэлтэй барилгын бодит үнэ өртгийг өсгөн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл дуусаагүй барилгын үнэлгээг санхүүжилтэд шаардлагатай зээл авахын тулд бодит үнэлгээнээс хэт өндрөөр үнэлэн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байсан гэсэн үг. Хэдий тийм боловч Хөгжлийн банкнаас зээлээ авч чадаагүй бөгөөд дуусаагүй барилгад татвар төлөх үндэслэлгүй гэж бид үзсэн учраас татвар төлөгчийн зүгээс барьж дуусаагүй барилгын үнэлгээг бодит үнэлгээгээр тооцуулаагүй, улсын бүртгэлийн байгууллагаас хасалт ч хийлгүүлээгүй орхисон байсан юм. Гэтэл Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын төрлөөр 2022 оны 01 оны 11 өдрийн 20:38 минутад 4 удаа буюу *** дугаар нэхэмжлэхээр тус бүр нь 15 000 000 нийт 60 000 000 төгрөгийн татварын өр, 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдөр 18 цаг 34 минутад **** дугаар нэхэмжлэхүүдээр тус бүр нь 15 000 000 нийт 60 000 000 төгрөгийн татварын өр үүсгэсэн байсан. Татварын өр үүссэн эсэх үндэслэлийн талаар дээрх нэхэмжлэхүүдээр үүссэн нийт 120 000 000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын өрийг төлүүлэхээр Татварын ерөнхий хуулийн 51.1. Татварын алба энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын өрийг төлүүлэхээр татварын нэхэмжлэх /цаашид "нэхэмжлэх" гэх/-ийг татвар төлөгчид хүргүүлэх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана гэж заасны дагуу нэхэмжлэхийг үйлдсэн байсан. Татварын ерөнхий хуулийн 51.1.7. нэхэмжлэхийг татвар төлөгчид хүргүүлснээс хойш ажлын 10 хүртэл өдөрт багтаан татварын өрийг төлөх тухай шаардлага; гэж заасны дагуу захиргааны актын шинжийг агуулж байх тул захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн хуулийн 51.2. Татварын алба нэхэмжлэхийг татварын өр үүссэн хугацаанаас хойш ажлын 30 өдөрт багтаан татвар төлөгчид хүргүүлнэ. гэж хуульчилжээ.

Гэтэл манайд хуулийн шаардлага хангуулан хүргүүлээгүй бөгөөд татварын системийн баримт бичиг хэсэгт байршуулснаа татвар төлөгчид хүргүүлсэн гэж үзэж байгаа нь захиргааны актыг татвар төлөгчид гардуулах хуульд заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хуульд заасны дагуу гардуулаагүй. Мөн Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлээр татварын өр үүсэх нөхцөлийг хуульчилсан. Татварын ерөнхий хуулийн 50.1. Доор дурдсан хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгууль /цаашид "татварын өр" гэх/-ийг татварын өрд тооцно.”, 50.1.1. татвар төлөгчийн татварын тайлангаар тодорхойлсон татварын хувьд татварын хууль, тогтоомжид зааснаар татвараа төлж, тайлагнасан байх ёстой өдөр, 50.1.2.тайлан боловсруулалтаар болон татвар төлөгчийн хүсэлтээр хийсэн залруулгын тайлангаар тодорхойлсон татварын хувьд залруулгын тайлан хүлээн авсан өдөр, 50.1.3. нөхөн ногдуулалтын акт, шийтгэлийн хуудсаар тогтоосон татвар, алданги, торгуулийн хувьд уг шийдвэрийг гардуулснаас хойш ажлын 15 өдөр. Гэтэл манай компани нь дээрх хуулийн заалтын дагуу өр үүсэх нөхцөл үүсээгүй байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг гаргаж татварын албанд тушаагаагүй. Учир нь дуусаагүй 30 хувийн гүйцэтгэлтэй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдохгүй гэж үзэж байсан. 120 000 000 төгрөгийн татвар төлүүлэхээр хяналт шалгалтын акт тогтоогдоогүй.

Өөрөөр хэлбэл дээрх Татварын ерөнхий хуулийн 50-р зүйлд заасны дагуу Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлан гаргаад, тайлагнасан татварын ногдлоо хугацаанд нь төлөөгүй бол өрд тооцох, хяналт шалгалтаар төлүүлэхээр тогтоосон актаар татварыг гардаж авснаас хойш 15 өдөр өнгөрсөн ч төлөөгүй байх нөхцөл үүсээгүй байсан. Нэг үгээр хэлбэл тайлагнаагүй, акт тогтоогоогүй байхад яагаад хууль бусаар татварын өр үүсгэсэн бэ гэдэг асуудал үүссэн. Татварын ерөнхий хуульд тайлагнасан ч хугацаанд нь төлөөгүй, акт тогтоогдсон бол 16 дахь өдрөөс өрөнд тооцохоор тодорхой заасан байхад манай компанид хууль бусаар их хэмжээний татварын өр үүсгэн төлөхийг шаардаж буй үйлдэл нь татварын алба, татварын байцаагч нь хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлсэн үү гэж үзэх асуудал үүссэн байдаг. Татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэх үүсгэх үндэслэл байсан эсэх талаар Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын өр үүсээгүй байхад мөн хуулийн 51 дүгээр зүйлд заасан албадлагын чанартай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр татвар төлөгчид үүрэг болгож татварын өр төлүүлэх 2022 оны *** дугаартай нэхэмжлэх /татварын өрийн мэдээлэл хэсгийн 8,9,10,11 дэх хэсэг/, 2023 оны *** дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэх /татварын өрийн мэдээлэл хэсгийн 1,2,3,4/ үүсгэсэн нь илт хууль бус байна. Энэхүү үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй; 47.1.5. хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан; 47.3.Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэж заасантай нийцэж байна. Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын өр үүсээгүй байхад мөн хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу өр төлүүлэхээр "Татварын өр төлүүлэх нэхэмжлэх" үүсгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6. захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасантай Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын өр үүсээгүй байхад мөн хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу өр төлүүлэхээр "Татварын өр төлүүлэх нэхэмжлэх" үүсгэн уг нэхэмжлэхээрээ 10 хоногийн дотор өр төлөхийг шаардаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.5. хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан. Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын өр үүсээгүй байхад татварын өрийг төлөхийг шаардаж буй нь 47.3.Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэж заасантай тус тус нийцэж байх тул илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна. Дуусаагүй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдохгүй байх үндэслэлийн талаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3.1. Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна. Иргэний хуулийн 84.3. Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна. гэж заасан.

Дээрх 2 хуулийн заалтаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгө нь зориулалтын дагуу ашиглаж болох эд юмс байхаар хуульчлагджээ. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдох үл хөдлөх эд хөрөнгө нь зориулалтын дагуу ашиглагдах шинж чанартай боловч газраас зориулалтын дагуу ашиглаж болохгүй эд юм байхаар байна. Гэтэл 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга буюу барилгын босгосон краказ нь шууд зориулалтын дагуу ашиглаж болох эд хөрөнгө болж чадах эсэхийг харгалзан үзэх ёстой байна. Барьж дуусаагүй барилгыг ямар зорилгоор улсын бүртгэлд бүртгэдэг болохыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.10-т “Барьж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг хоёр болон түүнээс олон этгээд хөрөнгө оруулан, эсхүл захиалгаар барьж байгаа бол хөрөнгө оруулагч, захиалагч нарын мэдүүлгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй өмчлөгчдийн дундын өмчлөлд, эсхүл дундаа хэсгээр өмчлөгч нарын тус тусын өмчлөлд энэ хуулийн 10.6-д заасан нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл дуусаагүй барилгыг улсын бүртгэлд бүртгэх зорилго нь хамтран өмчлөгч нарын эрхийг хамгаалах зорилготой байх нь. Энэ нь улсын бүртгэлд бүртгүүлсэн л бол татвар ногдоно гэсэг үг биш болохыг тодотгож байна. Мөн дуусаагүй барилга нь нягтлан бодох бүртгэл талаасаа ч бараа материал дансанд бүртгэгддэг бөгөөд эдийн засгийн эргэлтэд ордоггүй болно. Хэрэв ашиглагдаж байх тохиолдолд татварын бүртгэл талаасаа үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт төлсөн татвар нь ААНОАТ-ын хасагдах зардал, элэгдэл тооцох замаар татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцогдох ёстой. Иймд ашиглагдах боломжгүй хөрөнгийн тухайд татварын харилцаа үүсэхээргүй байна. Татварын бүртгэлийн программд өр үүсгэсэн нь хууль бус болох үндэслэлийн талаар Татварын ерөнхий хуулийн 32.2. Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан дараах зориулалттай байна, 32.2.1. татвар төлөгч болон татварын тайлан, ногдуулалт, төлөлт, татварын өрийг бүртгэх, хяналт тавих; 33.1. Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд дараах мэдээлэл хамаарна, 33.1.2.татвар, алданги, торгуулийн бүртгэл; 33.2.Татварын алба нь энэ хуулийн 33.1.2-т заасан бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн хөтлөх бөгөөд татвар төлөгч бүрийн төлбөл зохих татварын ногдол, хөнгөлөлт, чөлөөлөлт, алданги, торгууль, тэдгээрийн төлөлт, өрийг анхан шатны баримтад үндэслэн татварын бүртгэлд бүрэн тусгана, 48.1. Татварын алба нь татвар, торгууль, алдангийн ногдуулалт, төлөлтийг татвар төлөгч бүрээр бүртгэнэ, 48.2. Татварын алба нь татвар төлөгч бүрийн төлбөл зохих татварын ногдуулалт, төлөлт, хөнгөлөлт, чөлөөлөлт, татварын өрийг татварын тайлан болон шийтгэлийн хуудас, татварын актад үндэслэн бүртгэнэ. гэж заасныг зөрчиж хууль бусаар татварын өр үүсгэн төлүүлэхийг шаардаж буй нь илт хууль бус байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын өр үүсгэсэн үйлдэл, хууль бусаар үүсгэсэн татварын өрийг төлүүлэхээр татварын өр төлүүлэх нэхэмжлэх нь илт хууль бус байх тул хууль бусаар үүсгэсэн 120 000 000 төгрөгийн татварын өр, уг эрийг төлүүлэхээр шаардсан 2022 оны **** дугаартай нэхэмжлэх /татварын өрийн мэдээлэл хэсгийн 8,9,10,11 дэх хэсэг/, 2023 оны *** дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэх /татварын өрийн мэдээлэл хэсгийн 1,2,3,4/-ийг тус тус илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа2005 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлж, албан ёсоор хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс 2022-2023 онуудад “М***” ХХК дээр үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 120,000,000 төгрөгийн өрийг хууль бусаар үүсгэсэн байх бөгөөд улмаар энэ өрийг төлүүлэхээр татварын өр төлүүлэх нэхэмжлэл ирүүлсэн нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг хөндөж байна гэж үзэж байгаа. “М***” ХХК нь орон сууцын төсөл хэрэгжүүлэхээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг эхлүүлсэн боловч санхүүжилт байхгүй үндэслэлээр зогссон байгаа. Санхүүжилтийг бий болгох зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банканд хандаад 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга дуусгах зорилгоор Хөгжлийн банкнаас 6,000,000,000 төгрөгийн зээлийг хүсэх зорилгоор дуусаагүй барилгыг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж гэрчилгээ авсан байгаа. Хөгжлийн банкнаас зээл авч чадаагүй бөгөөд барилгад татвар төлөх үндэслэлгүй гэж үзсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн дуусаагүй барилгын бодит үнэлгээг тооцуулж, хасалт хийлгүүлэхээр Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст хандсан байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын төрлөөр 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цаг 38 минутад 4 удаа буюу төгсөлтийн дугаарыг хэлээд явъя 842, 154, 402, 717 дугаараар төгссөн тус бүр нь 15,000,000 төгрөгийн өр бүхий 60,000,000 төгрөгийн татварын өрийг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 18 цаг 34 минутад 388, 022, 960, 836 дугаараар төгссөн нэхэмжлэлээр тус бүр 15,000,000 төгрөгөөр нийт ингээд 60,000,000 төгрөгийн өр үүсгэсэн. Шүүхэд татварын өр үүсэх эсэх үндэслэлийн талаар мөн татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэл үүсгэх нөхцөл байдал байсан эсэх талаар дуусаагүй барилгад үл хөдлөх хөрөнгийн албан татвар ноогдуулахгүй байх үндэслэлийн талаар татварын бүртгэлийн программд өр үүсгэсэн нь хууль бус болохыг дөрвөн агуулгаар тодорхойлсон нийт 120,000,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын өрийг төлүүлэхээр Татварын ерөнхий хуулийн 51.1 дэх хэсэг татварын албанд энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын өрийг төлүүлэхээр татварын нэхэмжлэлийг татвар төлөгчид хүргүүлэх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана гэж заасны дагуу нэхэмжлэхийг үйлдсэн байсан. Татварын ерөнхий хуулийн 51.1.7 дахь хэсэгт нэхэмжлэхийг татвар төлөгчид хүргүүлснээс хойш 10 өдөрт багтаан татварын өрийг төлүүлэх тухай шаардлага энэ 2 зүйлүүд нь өөрөө захиргааны актын шинжийг агуулж байгаа учраас Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Татварын ерөнхий хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт Татварын албан нэхэмжлэлийг татварын үүрэг үүссэн хугацаанаас хойш ажлын 30 хоногийн дотор багтаан татвар төлөгчид хүргүүлнэ гэж тус тус хуульчилсан. Гэтэл “М***” ХХК-д хуулийн шаардлага хангуулан хүргүүлээгүй. Татварын системийн баримт бичиг хэсэгт байршуулснаар татвар төлөгчид хүргүүлсэн гэж үзэж байгаа нь захиргааны актыг татвар төлөгчид гардуулах хуульд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж дараах үндэслэлээр үзэж байгаа. Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлээр татварын өр үүсгэх нөхцөлийг хуульчилсан. Татварын ерөнхий хуулийн 50.1 дэх хэсэгт дор дурдсан хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгууль нь татварын өрд тооцогдоно. Мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2, 50.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Дээрх хуулийн заалтаар өр үүсээгүй гэж үзэж байгаа. Учир нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг гаргаж татварын албанд нэхэмжлэгч компани нь тушаагаагүй. Дуусаагүй 30 хувийн гүйцэтгэлтэй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ноогдохгүй гэж хууль зүйн хувьд үзэж байсан. Энэ утгаараа 2021 онд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс дөрвөн нэхэмжлэлийг ирүүлсэн. Үүний дагуу та хариуцагчаас болбол мөн яг адил ийм үндэслэлээр 4 нэхэмжлэлийг ирүүлсэн. Ингээд үүний дагуу “М*** ХХК нь тухайн татварын хэлтэст хүсэлтээ өгөхөд манайх татвараа буруу ноогдуулсан байна гээд эргүүлээд тухайн шийдвэрүүдээ тэглэсэн байгаа. Хоёрдугаарт 120,000,000 төгрөгийн татвар төлүүлэхээр хяналт шалгалтын акт гараагүй. Өөрөөр хэлбэл татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангаа гаргаад тайлагнасан татварын ноогдлоо хугацаанд нь төлөөгүй бол өрд тооцох хяналт шалгалтаар төлүүлэхээр тогтоосон актад дурдсан татварыг гардаж авснаас хойш 15 хоног өнгөрсөн ч төлөөгүй нөхцөл байдал үүсээгүй. Нэг үгээр хэлбэл тайлагнаагүй акт тогтоогоогүй байхад яагаад хууль бусаар татварын өр үүсгэсэн байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Татварын ерөнхий хуульд зааснаар  тайлагнасан ч хугацаанд нь төлөөгүй акт тогтоосон бол дээрх дурдсан хуулийн заалтын дагуу 16 дахь өдрөөс нь тооцохоор тодорхой заасан байхад “М***” ХХК-д хууль бусаар их хэмжээний өр үүсгэсэн, төлөхийг шаардаж байгаа татварын алба, татварын улсын байцаагчийн үйлдлийг хууль буюу өөрт олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэж байгаа. Гуравдугаарт татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэл үүсгэх үндэслэл байсан эсэх талаар тайлбарлая. Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын үүрэг үүсээгүй байхад мөн хуулийн 50.1 дүгээр зүйлд заасан албадлагын чанартай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр татвар төлөгчид үүрэг болгож татварын өр төлүүлэх 2022 оны нэхэмжлэлийн 8, 9, 10, 11 дүгээр заалтууд нь нийтдээ 4 үл хөдлөх хөрөнгийн татвар хуваагаад 2023 оны мөн 397 дугаар бүхий нэхэмжлэхийн 1, 2, 3 гэсэн хэсгүүдийг илт хууль бус үүсгэж үзэж байгаа. Энэхүү үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй. Мөн хуулийн 47.1.5 дахь хэсэгт хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан 47.3 дахь хэсэгт захиргааны актын аль нэг хэсэг нь илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа тохиолдол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэсэн заалтуудтай нийцэж байгаа. Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын өр үүсээгүй байхад мөн хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу өр үүсгэхээр татварын өр төлүүлэх нэхэмжлэл үүсгэсэн нь Захиргааны хэрэг хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэж байгаа. Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасан өр үүсээгүй байхад мөн хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу татварын өр төлүүлэхээр нэхэмжлэл үүсгэсэн. Тухайн нэхэмжлэлээрээ 10 хоногийн дотор өр төлөхийг шаардаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.5-д заасан үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг болбол шаардсан. За мөн Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын өр үүсээгүй байхад татварын өрийг төлөхийг шаардаж байгаа нь мөн илт хууль бус байна гэж үзсэн. Дараагаар нь дуусаагүй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ноогдуулахгүй байх үндэслэлээр Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3.1 дэх хэсэг мөн Монгол Улсын Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасны дагуу тодорхойлогдох бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ноогдуулна. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж заасан. Дээрх Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх заалтуудаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгө нь зориулалтын дагуу ашиглаж болох эд юмс байхаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ноогдох үл хөдлөх эд хөрөнгө нь зориулалтын дагуу ашиглах шинж чанартай боловч газраас салгамагц зориулалтын дагуу ашиглах боломжгүй эд юмс байна гэж заасан байгаа. Гэтэл 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга буюу барилгын босгосон каркасыг шууд зориулалтын дагуу ашиглах эд хөрөнгө болж чадах эсэхийг харгалзан үзэхийг хүсэж байна. Барьж дуусаагүй барилгыг ямар зорилгоор улсын бүртгэлд бүртгэдэг болохыг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 10.10 дахь хэсэгт тодорхой зохицуулсан. Түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт дуусаагүй барилгыг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлж улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл дуусаагүй барилгын улсын бүртгэлд бүртгэх зорилго нь хамтран өмчлөгч нарын эрхийг хамгаалах зорилготой ийм зохицуулалттай. Улсын бүртгэлд бүртгүүлсэн л бол татвар ноогдуулан гэсэн ойлголт, зохицуулалт дээрх хуулийн заалтуудаас тодорхой харагдахгүй байгаа. Мөн дуусаагүй барилга нь нягтлан бодох бүртгэл, бараа материалын дансанд бүртгэгддэг бөгөөд эдийн засгийн эргэлтэд ороогүй ийм хөрөнгө байгаа. Хэрэв ашиглаж байх хугацаанд татварын бүртгэл талаасаа үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасагдах элэгдэл хорогдол, тооцож явах зохицуулалттай. Иймээс дуусаагүй барилга дээр татварын өр үүсэх нь хууль зүйн хувьд боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

5.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр М*** ХХК-ийн гаргасан "М*** ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын төрлөөр Татварын бүртгэл мэдээллийн санд 120,000,000 төгрөгийн өр хууль бусаар үүсгэсэн үйлдлийг илт хууль бусад тооцуулах, энэ татварыг төлөхийг шаардсан татварын албаны 2022 оны *** дугаартай татварын өрийг төлүүлэх нэхэмжлэхийн татварын өрийн мэдээлэл хэсгийн 8,9,10,11 дэх хэсэг, 2023 оны **** дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэхийн татварын өрийн мэдээлэл хэсгийн 1,2,3,4 дэх хэсгийг тус тус илт хууль бусад тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэгч "М***” ХХК нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол /14251/ Б.Ренчингийн гудамж, *** тоот хаягт байршилтай 6397,61 мкв талбайтай, оффисын зориулалттай, улсын бүртгэлийн **** дугаартай хөрөнгийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өмчилж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Татвар ногдох зүйлийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эсхүл татвар ногдох зүйл бүхий этгээд, татвар төлөгчид олгосон болон өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн зөвшөөрлийн мэдээллийг бүртгэх эрх бүхий байгууллагын мэдээлэл, эсхүл татвар төлөгчийн хүсэлтийг үндэслэн татварын алба тухай бүр татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ”, Татварын ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны А/268, А/1345 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан "Татвар төлөгчийн бүртгэлийн журам"-ын 2 дугаар зүйлийн 2.12.2 дахь хэсэгт “энэ журмын 1.2.1, 1.2.2-т заасан мэдээллийг үндэслэн татвар төлөгчийг хөрөнгийн албан татвар төлөгчөөр ТБМНС-д бүртгэнэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч "М***” ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн төрлийн бүртгэлээр 2021 онд татварын алба бүртгэсэн.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна", 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан "Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа... этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна" гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ", 5.3 дахь хэсэгт “Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно" гэж тус тус заасан. Үл хөдлөх эд хөрөнгө /дуусаагүй барилга/-д өмчлөх эрхийн гэрчилгээ авсан ч санхүүжилт авч чадаагүйгээс барилга зогссон, эдийн засгийн үр өгөөжгүй байгаа нь татвар ногдуулахгүй байх үндэслэл болохгүй, өмчлөлийн зүйлээ зориулалтын дагуу ашиглаж эхэлсэн эсэхээс үл хамааран бүртгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан хөрөнгөд албан татвар ногдуулна. Тухайн дуусаагүй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах эсэх талаар татварын ерөнхий газраас чиглэл хүссэн бөгөөд үүнийн хариуд 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 06/2383 тоот албан бичгээр татвар ногдуулах нь зүйтэй гэсэн хариуг ирүүлсэн. Нэхэмжлэгч "М***" ХХК уг асуудлаар татварын ерөнхий газарт албан бичгээр хандсан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 0*** тоот албан бичгээр татвар ногдуулна гэсэн хариуг хүргүүлсэн байна. Мөн Татварын ерөнхий газраас 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0*** тоот "Хуулийн хэрэгжилтийг хангах тухай" албан бичгээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт тус хуулийн 5.1-д заасны дагуу өмчлөх эрх үүссэн хөрөнгөд өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж заасан. Өмчлөх эрхийн гэрчилгээ авсан буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа этгээд нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар албан татвар төлөгч байна гэсэн чиглэлийг ирүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно" мөн хуулийн 8.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө" гэж тус тус хуульчилсны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын ногдол нь тухайн оны 1 дүгээр улиралд багтан Татварын удирдлагын нэгдсэн системээс үүсдэг. Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т “татварын хууль тогтоомжоор тайлагнадаггүй татварын хувьд татварын хууль тогтоомжоор татвараа төлсөн байх ёстой өдөр"-ийг татварын өрд тооцохоор заасан. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт "Албан татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харьяалагдах татварын албанд тушаана" гэж заасны дагуу татвар төлөгч нь дараа онд урд онд төлсөн татвараа тайлагнахаар заасан.

Өөрөөр хэлбэл татварын алба хуульд заасны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнээс баталсан хувь хэмжээгээр үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тооцож нэхэмжлэхийг үүсгэх ба татвар төлөгч нэхэмжлэхийн дагуу татвараа төлөх үүрэгтэй, харин дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангаа татварын албанд ирүүлж төлсөн татвар нь тайлагнасантай зөрүүтэй тохиолдолд татварын албатай тооцоо хийж дутуу төлсөн тохиолдолд зөрүү татварыг төлөх, илүү төлсөн тохиолдолд дараагийн төлөх татварт суутган тооцох боломжтой. Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх заалтад заасныг үндэслэн татварын албанаас үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын ногдлыг төлүүлэхээр нэхэмжилсэн. Иймд нэхэмжлэгчийн дурдаж буй татварын ерөнхий хуулийн 50.1.1, 50.1.2, 50.1.3 дахь заалтууд хамааралгүй болно. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.9 дэх хэсэгт "Татвар ногдуулалт, төлөлттэй холбогдсон харилцааг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулна" гэж заасан бөгөөд татвар төлөх үүрэг бүхий татвар төлөгчид Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу албан татвар ногдуулж, Татварын ерөнхий хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу татварыг төлүүлэхээр нэхэмжлэл хүргүүлсэн нь хуульд нийцсэн үйл ажиллагаа бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт "Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна" гэж заасны дагуу захиргааны актыг татвар төлөгчид цахимаар хүргүүлж мэдэгдсэн болно.

Нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөд хууль, журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж, хуулийн дагуу татварын өр төлүүлэх ажиллагааг хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 дахь хэсэг "хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан", 47.1.6 дахь хэсэг "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэсэн заалтад хамаарахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д**** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “М***А” ХХК нь улсын бүртгэлийн **** дугаартай хөрөнгийг 2018 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт татвар ноогдох зүйлийг өмчлөгч, эзэмшиж, ашиглагч эсвэл татвар ноогдох зүйл бүхий этгээд, татвар төлөгчид олгосон болон өмчлөлд ашиглалтад шилжүүлсэн зөвшөөрлийн мэдээллийг бүртгэх эрх бүхий байгууллагын мэдээлэл эсвэл хүсэлтэд үндэслэж татварын алба бүртгэнэ гэж заасан байгаа. Татварын ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны хамтарсан тушаалаар батлагдсан татвар төлөгчийн бүртгэлийн журам байгаа. Энэ журмын 2 дугаар зүйлийн 2.12.2 дахь хэсэгт нь тухайн энэ журмын 1.2.1, 1.2.2-т заасан мэдээллийг үндэслэн татвар төлөгчийг хөрөнгийн албан татвар төлөгчөөр бүртгэнэ гэж заачихсан. Нэхэмжлэгч “М*******” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн төрлийн бүртгэлээр энэ журмын дагуу татварын алба бүртгэсэн байгаа. Бүртгээд татварын ноогдол нь тухайн оныхоо нэг сард нь ороод явдаг байгаа. 2021 оны ноогдол нь орсон байгаа. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг нөхөн ноогдуулсан зүйл байхгүй. Тухайн онуудад татварын ноогдол орсон болохыг нотлох баримтаар авагдчихсан байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Монгол Улсын Иргэний хуулийн  84 дүгээр зүйлийн 84.3-д заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна  гэж заагдсан. Мөн хуулийнхаа 4.1 дэх хэсэгт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараах этгээд албан татвар төлөгч байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээд улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гээд тодорхой заагаад өгчихсөн байгаа. Мөн 5.3 дахь хэсэгт нь Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно гэж заачихсан.  Үл хөдлөх эд хөрөнгө буюу дуусаагүй улиралд өмчлөх эрхийн гэрчилгээ авснаар бүртгэл үүссэн байгаа. Энэ нь санхүүжилт авч чадаагүйгээс барилга зогссон, эдийн засгийн үр өгөөжгүй байгаа нь татвар ноогдуулахгүй байх үндэслэл болохгүй. 

Банкнаас зээл авахаар хөрөнгө болоод татвар төлөх болохоор хөрөнгө биш болчихдог гэсэн ойлголт байхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт татвар төлөгч үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно 8.2 дахь хэсэг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцэх хэмжээгээр тооцож авч төлнө гэж заасны дагуу тэрхүү 15,000,000 төгрөгөөр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдаж байгаа нэхэмжлэлүүд үүссэн байгаа. Энэ нь татварын удирдлагын эрхийн системээр үүсдэг. Нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөд үүрэг журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ноогдуулж, хуулийн дагуу татварын өр төлөөлөх ажиллагааг хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь  Захиргааны ерөнхий хуульд заагаад байгаа 47.1.5 дахь хэсэгт заасан хууль бус үүрэгт эс үйлдлийг үр дүнг хийж үүсгэхийг шаардсан заалтад  хамаарахгүй гэж үзэж байна. Татварын ерөнхий хуулийн 79.3 дугаар зүйл дээр энэ хуулийн 79.1-д заасан баримт бичгийг татвар төлөгчид биечлэн гардуулсан болон түүний оршин байгаа эсхүл ажиллаж байгаа газрын хаягаар шуудан хийснээр эсхүл цахимаар илгээснээр уг баримт бичгийг татвар төлөгчид гардуулсанд тооцно гэж заачихсан.

Татварын ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт татварын улсын байцаагчийн эрх хэмжээний нэхэмжлэл хүргүүлэх асуудал яригдаж байгаа. Татварын ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4.7 дэх хэсэгт татварын улсын байцаагч нэхэмжлэл хүргүүлэх талаар нэхэмжлэлд заасан тодорхойлолт, зүйл заалт, шаардлагуудыг заачихсан. Татварын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлд татвар ноогдох зүйлд орлого, хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ хамаарна гээд заагаад өгчихсөн. Татвар ноогдох зүйлийг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан тогтоодог. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд бол үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан хөрөнгө гэж нотлогдсон гэрчилгээг үндэслээд татвар ноогдуулдаг. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан авлага гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэж байна. Тухайн онуудад үүссэн нэхэмжлэлүүд болон 2019 оны Татварын ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар байгуулагдсан бүртгэлийн журмыг ашиглаж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх болсон үндэслэлүүд нь хэрэгт нотлох баримтаар авагдчихсан байгаа. Иймд хууль журам зөрчөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

2.Нэхэмжлэгчээс “... Хэдийгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй боловч 30 хувийн гүйцэтгэлтэй, бүрэн ашиглалтад ороогүй, зориулалтын дагуу өмчилж, ашиглах боломжгүй үл хөдлөх эд хөрөнгөд татвар ногдуулсан нь үндэслэлгүй.” гэж, хариуцагчаас “... Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй, өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө байх тул татвар ноогдох нь үндэслэлтэй.” гэж тус тус маргажээ.

3.Нэхэмжлэгч “М*******” ХХК-аас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан “... “М*******” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын төрлөөр татварын бүртгэл мэдээллийн санд 120,000,000 төгрөгийн өр хууль бусаар үүсгэсэн үйлдлийг илт хууль бусад тооцуулах, энэ татварыг төлөхийг шаардсан татварын албаны 2022 оны *** дугаартай татварын өрийг төлүүлэх нэхэмжлэхийн татварын өрийн мэдээлэл хэсгийн 8, 9, 10, 11 дэх хэсэг, 2023 оны *** дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэхийн татварын өрийн мэдээлэл хэсгийн 1,2,3,4 дэх хэсгийг тус тус илт хууль бусад тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

4.Хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэгч “М*******” ХХК-д холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ***, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаар татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхүүдийг үүсгэжээ.

5.Дээрх нэхэмжлэхүүдээр үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар нийт 120,000,000 /нэг зуун хорин сая/ төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

6.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол /14251/, Б.Ренчингийн гудамж, *** тоот хаягт байрлалтай 6397.61 м.кв талбайтай оффисын зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч “М***” ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж, *** дугаар гэрчилгээг олгожээ.

7.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл. 3 дугаар зүйл. “Татвар ногдуулах үл хөдлөх эд хөрөнгө”, 3.1.“Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна.”, Иргэний хуулийн 84 дүгээр зүйл.“Эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө”, 84.3.“Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна.” гэж тус тус заажээ.

8.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдохоор байх бөгөөд газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмсыг үл хөдлөх эд хөрөнгөд хамааруулахаар байна.

9.Тодруулбал, зориулалтын дагуу ашиглаж байгаа ашиглалтад орсон газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмсыг үл хөдлөх эд хөрөнгө гэх бөгөөд түүнд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулахаар байна.

10.Гэтэл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь хэдийгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй боловч 30 хувийн гүйцэтгэлтэй, бүрэн ашиглалтад ороогүй, зориулалтын дагуу ашиглаж, өмчлөх боломжгүй үл хөдлөх эд хөрөнгө байх тул түүнд албан татвар ногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй байна.

11.Учир нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн зорилго нь зориулалтын дагуу өмчилж, ашиглаж байгаа Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд татвар ногдуулахаар байх бөгөөд нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн өмчлөлийн гэх 30 хувийн гүйцэтгэлтэй, ашиглалтад ороогүй үл хөдлөх эд хөрөнгө нь зориулалтын дагуу өмчилж, ашиглах боломжгүй үл хөдлөх эд хөрөнгө байх тул  түүнд албан татвар ногдуулсан нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

12.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл.“Захиргааны акт илт хууль бус болох”,47.1.“Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.6.“захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” гэж заажээ.

13.“Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдгийг захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасан байхыг ойлгохоор байна.

14.Маргаан бүхий тохиолдолд, хариуцагчийн нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн өмчлөлийн гэх 30 хувийн гүйцэтгэлтэй, ашиглалтад ороогүй үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулсан үйлдэл нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх дээрх шинжийг агуулсан илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна.

15.Тодруулбал, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулиар зориулалтын дагуу өмчилж, ашиглаж байгаа үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулахаар зохицуулсан байхад ашиглалтад ороогүй, зориулалтын дагуу өмчилж, ашиглах боломжгүй үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулсан нь үндэслэлгүй байх бөгөөд илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “М*******” ХХК-аас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “... “М*******” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын төрлөөр татварын бүртгэл мэдээллийн санд 120,000,000 төгрөгийн өр хууль бусаар үүсгэсэн үйлдлийг илт хууль бусад тооцуулах, энэ татварыг төлөхийг шаардсан татварын албаны 2022 оны *** дугаартай татварын өрийг төлүүлэх нэхэмжлэхийн татварын өрийн мэдээлэл хэсгийн 8, 9, 10, 11 дэх хэсэг, 2023 оны *** дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэхийн татварын өрийн мэдээлэл хэсгийн 1,2,3,4 дэх хэсгийг тус тус илт хууль бусад тооцуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106,3.2, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч  Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн “М*******” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын төрлөөр татварын бүртгэл мэдээллийн санд 120,000,000 төгрөгийн өр хууль бусаар үүсгэсэн үйлдлийг, хариуцагчийн 2022 оны дугаартай /татварын өрийг төлүүлэх/ тухай нэхэмжлэхийн татварын өрийн мэдээлэл хэсгийн 8, 9, 10, 11 дэх хэсэг, 2023 оны дугаартай /татварын өр төлүүлэх/ тухай нэхэмжлэхийн татварын өрийн мэдээлэл хэсгийн 1,2,3,4 дэх хэсгүүдийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ГАНБАТ