Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямжав,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,   

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,                                

Шүүгдэгч: Б.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б-ийн З холбогдох 1735000920082 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багт оршин суух, /РД:ОК74042337/ Т овогт Б-ийн З.

 

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.З нь 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр тус аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Пийг унадаг дугуйны обудаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.З-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараахь нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

 

Хэрэгт авагдсан хохирогч Т.П-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Аийн “Би хохирогч Т.П-ийн эхнэр бөгөөд манайх З-гийн хашаанд амьдарч байсан. 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нөхөр бид хоёр гэртээ амарч байхад З ах согтуу манай гэрт орж ирээд ...гэрийн баруун талын орон дээр сууж байсан манай нөхрийн толгойн тус газарт буюу зулайн баруун талд нь нөгөө хүүхдийн унадаг дугуйны гол төмрөөр нь цохьчихсон байсан ба нөгөө төмөр нь манай нөхрийн толгой руу зоогдоод орчихсон байсан. Тэгэхээр би сандарсандаа болоод нөхрөө гэртээ орхиод тусламж эрэхээр гэрээсээ гараад гудамжаар туслаарай, хүн алчихлаа шүү дээ гээд орилоод гүйсэн. Тэгтэл манай хашааны хажуу талын У эгч гарч ирээд яасан юу болсон гэхээр нь би болсон явдлын талаар хэлэхэд У эгч “чи ямар ч байсан гэртээ буцаад орж бай, би Т эгч рүү залгаад хэлээдэе” гэсэн. Би шууд буцаад гэр лүүгээ ороход З нь манай гэрээс гараад явсан байсан ба хэн ч юм мэдэхгүй манай нөхрийн толгойд зоогдсон төмрийг толгойноос нь авсан байсан. Манай нөхрийн толгойноос их хэмжээний цус гарч байсан тэр цусыг нь Д эгч давуугаар дараад зогсож байсан. Т.П нь З зодуулсныхаа шөнө сумынхаа эмнэлэг дээр очоод толгойдоо 2 оёдол тавиулсан. Түүнээс 2 хоногийн дараа Улаангом суманд байдаг аймгийн төвийн эмнэлэгт хэвтээд 1 хоногийн эмчилгээ хийлгэсэн ба 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хагалгаанд орсон. Хагалгаа хийсны дараа биеийн байдлыг эмчээс асуухад эмч гавлын яс нь үүрээд тархи руугаа орсон байна гэж хэлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 22-нд аймгийн эмнэлэгээс гараад 7 хоног гадуур эмчилгээ хийлгэж байгаад 9 сарын 29-нд Улаанбаатар хотод ирээд Ачит гэх нэртэй Солонгос эмнэлэгт 4 хоног хэвтсэн. Тус эмнэлэгээс гараад 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Энэрэл эмнэлэгт хэвтэн одоог хүртэл эмчлүүлж байна. Тухайн хэрэг болсоноос хойш одоо хүртэл өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй байгаа. Б.З нь тухайн хэрэг болсон үеэс хойш одоо хүртэл гарсан хохирлыг боломжийнхоо хирээр төлж барагдуулж байгаа. Одоо надаас хүсэл зүйл гэвэл манай нөхөр П нь 2018 оны 2 дугаар сард толгойныхоо ясгүй хэсгийг төмрөөр нөхүүлэх гэж байгаа юм. Тухайн эмчилгээ хийж байгаад хэдэн см төмөр орох эсэхийг шийднэ гэж хэлсэн. Тэр нөхөх төмөрний 1 см нь 500.000 төгрөгний үнэ ханштай байгаа. Иймд 2018 оны 2 сард хийх хагалгааны үнэ төлбөрийг нэхэмжлэх болно. Өөр гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-22 тал/,

 

гэрч Т.Д-гийн “Манай хашаанд найз болох Т-ын П гэрээрээ байдаг. А бид 2 Сүрэнгийн гэр лүү очиж мотоциклийн яндан асуух хооронд Б.З, П хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд дууссан манай гэрт зурагт үзээд сууж байсан. Тэр хоёр одоо амарцгаая гээд П эхнэр Атэй хамт гараад явсан. Манай нөхөр орондоо орчихсон байтал нөхрийн хүргэн ах болох Б орж ирээд сууж байснаа “З чи их олон зантай шүү дээ” гэж хэлсэн чинь манай нөхөр унтаж байснаа та нарыг бүгдийг чинь алаад өгье гээд орноосоо босоод ирэхэд Б гараад явсан. Тэгтэл нөхөр гэрээс гарах гэхээр манай хүүхэд Эрдэнэчулуун бид хоёр бариад авсан чинь бид хоёрыг түлхэж унагаад гарсан. Араас нь гарсан чинь З гүйгээд жорлонгийн хажууд байсан унадаг дугуйны төмөр голтой обуд аваад алаад өгье гээд П-ийн гэр лүү орсон. Би араас нь орж амжаагүй байтал П-ийн эхнэр А гэрээсээ хүн алчихлаа гээд орилоод гараад ирэхээр би орсон юм. Пийн гэр тоггүй байхаар лаа асуугаад П-оо юу болсон бэ гэсэн З миний толгой руу цохичихлоо  гэсэн гэрийнхээ баруун талд модон орныхоо доод хэсэгт толгойгоо доошоо болгоод барьсан суусан. Би лааны гэрэлд сайн харсан чинь толгойны орой хэсгээс цус урсаж байсан. Эмнэлэгт Пийг хүргэж өгөхөөр явахад би яваагүй. Манай нөхөр П-ийг цохиход А хүн алчихлаа шүү дээ гэж орилохоор нь З айгаад гараад явсан байсан тул би олох гээд үлдсэн юм. Тэгээд З-г хайсан чинь байшингийн дээвэр буюу Чартак дээр нуугдчихсан байсан. Тэгээд би З-г дагуулаад эмнэлэг дээр очсон”гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

 

гэрч Ж.М-ын “Би 2017 оны 9 сарын 05-ны орой 22 цаг 22 минутын үед эмнэлэгийн хажууд айлд байж байсан чинь над руу жижүүр сувилагч О утсаар эмнэлэг дээр нэг хүний толгой хагарсан цус гарч байна гэж хэлсэн. Очиход Т.Пийн толгойны зулай хэсэг нь хагарсан байхаар нь мэс заслын хоёр оёдол тавиад улмаар шаардлагатай эмчилгээнүүд хийсэн. Тухайн үед П-ийн баруун талын гар хөл нь мэдээгүй болоод хөдөлж чадахгүй, хэл яриа оролцолдоод юм ярьж чадахгүй байсан ба гэмтлийн шалтгаантай тархин дотор цус харвалтын шинж тэмдэг илэрсэн болохоор аймгийн Гэмтлийн тасаг дээр жижүүр хийж байсан Балжинням эмчид мэдэгдэж заавар зөвөлгөө авч яаралтай эмчилгээ хийсэн юм. Тэгээд цаг алдахгүйгээр цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 27-28 тал/,

 

гэрч Б.Б-ийн “Би 2017 оны 9 сарын 5-ны өдөр Н.Б, Б.З ах, эхнэр Д, П, эхнэр нь А нарын хамт самарт яваад ирсэн. Сумын төвд ирээд Б ахынд орж хоол унд идэж байхад Б ах 0.5 литр Ерөөл гэх нэртэй архи гаргаж өгсөн ба бид нар хоол унд идэж дуусгаад харьсан. Би З ахынд хонохоор дагаад тэдний гэрт очсон. Тэгээд З ах, П ах хоёртой мотоцикль засаж байгаад Д, А эгчийн хоёр С-ийн гэр лүү мотоциклийн яндан авахаар явах хооронд З ах, П ах хоёр намайг мөнгө байвал өгчих хоёр ах нь нөгөө хоёр эгч нар чинь ирэхээр өгчий гэж хэлээд надаас 9000 төгрөг, Поос 1000 төгрөг аваад 1 шил архи аваад ир гээд намайг явуулсан. Би дэлгүүрээс 0,5 литр Улаанбаатар гэх нэртэй архи авчирч өгсөн чинь тэр хоёр хоёулхнаа хуваагаад уучихсан юм. ...Тэгсэн чинь гэрийн гадна хүмүүс дугараад байхаар нь гараад харсан чинь Б, П, А нар юм яриад зогсож байсан. Тэгээд тэр 3 гэрт орж ирээд байж байтал Б ах манай бэр сайн шүү гээд Д эгчийг хэлсэн. Тэгснээ харин энэ манай З олон зантай шүү, олон зант яагаад босохгүй байна гэж хэлсэн чинь З яадын бэ, би олон зантай та нар пизда нар зайлцгаа гэж хэлээд орноосоо босохоор нь би бариад авсан чинь Б, П, А нар гэрээс гараад явсан юм. Тэгээд З ахыг унтуулах гээд ноцолдож байсан чинь намайг гарч зайл пизда минь гэж хэлэхээр нь би гарч яваад гудамжинд явж байтал А эгч хүн алчихлаа шүү дээ гэж орилохоор буцаад ирсэн чинь П ах гэртээ баруун талын модон орон дээр суусан толгой нь хагарсан алчуураар дараад байж байсан. Тэгээд А, тэдний хажуу айлын хоч нэр Алагаа гэдэг хүнтэй хамт гурвуулаа эмнэлэгт хүргэсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,

 

гэрч Н.Б-ын  “...Згийн хашааны гадна очсон чинь П эхнэртэйгээ хамт зогсож байсан. Тэр хоёр намайг дагуулаад Згийн гэрт оруулсан. Би ороод манай бэр сайн шүү гээд Д-г хэлээд харин энэ З олон зантай шүү яагаад босож ирэхгүй байна гэж хэлсэн чинь З пизда минь гэж хэлээд босож ирээд над руу дайрах гэсэн чинь тэднийд байсан нэг залуу босож ирээд Зг бариад авсан. Тэгэхээр нь би гараад шууд гэр лүүгээ харьсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

 

гэрч Б.М-ын “Би тухайн үед тэнд байсан эхнэр Аээс асуухад унадаг дугуйны обудны төмөр голоо цохисон гэж хэлсэн. Тэгээд П-ийн толгойн орой хэсэгт дотогшоо цөмөрсөн байдалтай Т үсгийн хэлбэртэй гүнзгий шархнаас цус алдаж байсан юм. Тэгээд Их эмч хоёр ширхэг мэс заслын оёдол тавиад шаардлагатай эмчилгээ хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/,  

 

насанд хүрээгүй гэрч З.Э-ы “...Аав орондоо орсон байсан чинь гаднаас Б ах орж ирээд аавыг олон зант, босохгүй юу гэж хэлсэн чинь аав уурлаад босоод ирэхээр нь ээж бид хоёр аавыг бариад аваад гаргахгүй байж байсан чинь манай 5 настай дүү уйлахаар нь ээж намайг чи дүүгээ аваад унтаж бай гэж хэлээд би дүүгээ аваад унтсан юм. Тэрнээс хойш юу болсон гэдгийг мэдэхгүй байна. Маргааш нь манай ээж уйлаад сууж байхаар юу болсон талаар асуусан чинь аав П ахын толгой руу төмөр голтой обуд шидсэн чинь толгойд нь зоогдчихсон, эмнэлэгт хэвтэж байгаа гэж хэлсэн. Манай аав Згийн зүрх өвддөг учраас архи аль болох хэрэглэдэггүй, хааяа нэг хэрэглэдэг. Аав бусад хүмүүстэй харьцахдаа зөөлөн дөлгөөн зан араншинтай, тайван хүн. Ээж болон хүүхдүүдтэйгээ манай аав харьцахдаа ууралж уцааралдаггүй. Ер нь миний мэдэхээр манай аав хүнтэй зодолдож маргалдаж байгаагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,  

 

шүүгдэгч Б.З-гийн “Манай хүргэн ах, найз бид нар самарт явсан. Би 4 эгчтэйгээ хамт өссөн болохоор архи, тамхинаас хол хүн байгаа юм. Тэр орой П-той архи уу гэхээр би үгүй гэсэн чинь чи дандаа ингэдэг охин зан гаргадаг гэж хэлсэн. Орой нь би П-той ганц архи хувааж уугаад гэртээ орондоо унтаж байхад манай хүргэн ах орж ирээд манай олон зант унтчихаа юу гэхэд манай найз харин тиймээ манай олон зант унтчихлаа гэж хэлсэн. Тэгээд би энэ хоёр яахаар дандаа намайг ингэж элдвээр хэлж байдаг юм гээд боссон. Тэгээд ийм асуудал үүссэн. Үнэндээ бол би хүнтэй хэрэлдэх байтугай маргалдаж үзээгүй хүн, найз нөхдөөрөө уулзсан үед дандаа эмэгтэйчүүдтэй найзалж явдаг. Тэр өдөр үнэхээр яагаад тийм зүйл хийснээ өөрөө хүртэл мэдэхгүй байна. Би найз Д.П-ийг 3 жил хашаандаа буулгаж байна. Энэ хугацаанд бид хоёр хэрэлдэж маргалдаж байгаагүй. Түлш модыг хүртэл оруулж өгөөд төрсөн дүү шигээ харьцдаг байсан. Үнэхээр их харамсаж байна. Би хохирогчийн хувийн байдлыг сайжруулах талаар өөрийн боломжоороо тусална. Цаашид архи хэзээ ч уухгүй. Хэн ч намайг юу ч гэж хэлж байсан дахин ийм хэрэг хийхгүй. Алтан гартай эмч нар миний найзыг эрүүл саруул болгож байна. Найзынхаа эмчилгээний гарсан зардалд 6 сая гаруй төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлнө, хохиролгүй болгоно. Найзаасаа уучлалт гуймаар байна. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна” гэх гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-12 тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13-16 тал/, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 542 тоот шинжээчийн дүгнэлт баримтуудаар шүүгдэгч Б.З нь 2017 оны 9 дүгээр сарын 05-ны орой Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн хашаанд байх хохирогч Т.П-ийн гэрт хохирогч Т.П-ийг унадаг дугуйны обудаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нотлогдож тогтоогдож байна.

 

          Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.З өөрийг нь олон зант гэж хэлсний төлөө бухимдан огцом түргэн зан гаргаж, хохирогч Т.П-г төмөр голтой унадаг дугуйны обудаар цохисон нь хохирогчийн Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан шууд санаатай үйлдэл юм.   

 

            Мөн шүүгдэгч Б.З-гийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд буюу бие махбодид Тархины зүүн зулайн ясны цөмөрсөн хугарал, тархины цус хуралт, хамрын таславч ясны муруйлт, хамар дээр шалбарсан шарх бүхий хүнд зэргийн гэмтэл үүссэн, энэ гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах болох нь шинжээч эмчийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 542 дугаар дүгнэлт /хх-ийн 40 тал/, хохирогчийн өвчний түүх /хх-ийн 93-129 тал/-ийн баримтаар тогтоогдсон бөгөөд Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-т “гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал буюу 3.1.3-т “тархи түүний бүрхүүл хальсны гэмтэл” нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарахаар заасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.

 

            Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй байх тул шүүгдэгч Б.З-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Б.З нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул хуульд зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.З нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох түүний хувийн байдлыг тогтоосон хэргийн 35-37, 60-66 талд авагдсан гэрч Н.Б, Т.Н, З.Эрдэнэчулуун нарын мэдүүлэг, төрсний гэрчилгээний хуулбар, Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 468 тоот тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтуудаар тогтоогджээ.

 

Мөн хэргийн 55, 58-59, 74 талд авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.З-гийн нэр дээр Өндөрхангай сум 5 дугаар баг, 13 тоотод 930 мкв газар, 56 мкв орон сууц бүртгэлтэй, бог, бод нийлсэн 241 тооны малтай байх ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлж барагдуулах баталгаа гаргасан гаргаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул түүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсгийн “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасны дагуу шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох нь зүйтэй байна.

 

Хохирогч Т.П-ийн хууль ёсны төлөөлөгч Д.А нь цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлтдээ “Миний нөхөр Т.П 2017 оны 9 сарын 5-ны өдөр иргэн Б.Зд зодуулж биедээ гэмтэл авсан. Тухайн хэрэг болсноос хойш одоо хүртэл учирсан хохирлыг нөхөн барагдуулсан. Иймд миний бие болон ар гэрээс ямар нэг гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн, мөн шүүгдэгч бодитоор гарсан хохиролд 6.116.510 төгрөг төлж барагдуулсан талаараа мэдүүлж баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.  

 

Харин хохирогч Т.П-ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан, одоо хүртэл бүрэн эдгэрээгүй, хор уршиг арилгаагүй болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх хохирогч нь цаашид өөрт хохирол учирсан гэж үзвэл холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар нэхэмжлэлээ гаргах эрх нь нээлттэй болно.

 

Шүүгдэгч Б.З энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, хохиролгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр голтой унадаг дугуйны обуд 1 ширхэг, 0.5 литрийн архины шил 1 ширхэг, алчуур 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч Б.З-г гэм буруутайд тооцож торгох ял оногдуулсан тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Т овогт Б-ийн З-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын   15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

              5. Шүүгдэгч Б.З нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохиролд 6.116.510 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

              6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас цаашид учирах хохирол, хор уршгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр голтой унадаг дугуйны обуд 1 ширхэг, 0.5 литрийн архины шил 1 ширхэг, алчуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

             8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.З-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.БОЛОРТУЯА