Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 0050

 

 

 

 

 

 

 

 

Б.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Д.Азжаргал, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Н.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Р.Ц

Хохирогч                                                       Б.Ш

Хохирогчийн өмгөөлөгч                           Т.Ц

Нарийн бичгийн дарга                             Ц.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Б.Ш-н давж заалдах гомдлоор шүүдэгч Б.Гт холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ш овогт Б-н Г,

Б.Г нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн орчим          аймгийн         сумын        баг         тоот хашааны гадаа “гудамж хааж машин байрлууллаа” гэх шалтгаанаар хохирогч Б.Штэй маргалдаж, улмаар түүнийг хавсарч унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Б.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овогт Б-н Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Г шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

          Хохирогч Б.Ш энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй,  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Ш давж заалдах гомдолдоо:

... Хохирогч Б.Ш би 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “Wolvo” маркийн        улсын дугаартай тээврийн хэрэгслийг ажил, орлого олох зорилгоор зээлээр авсан бөгөөд 2024 оны 07 сарын 26 өдрийг хүртэл сар бүр 3,917,000 төгрөг төлдөг. Гэтэл хөлөө хугалуулсан цаг хугацаанд ажил хийгээгүйн улмаас зээлээ төлж чадаагүй тул зээлийн төлбөр болох 9,917,000 төгрөгийг гэм хорын хохирол болгон шүүгдэгч Б.Гаас нэхэмжилж байна. Мөн миний хувьд өөрийн нэр дээр байдаг “А” ХХК-ийн нэрээр “Э” ТӨҮГ-тай бараа, материал нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд хөдөлмөрийн чадвар алдагдаж өөрөө ажил хийх боломжгүй болсон тул аргагүйн эрхэнд Б.Ц гэдэг хүнийг жолоочоор ажиллуулж        улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Б.Ц-р бариулан “Э” ТӨҮГ-т гэрээт барааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотоос тээвэрлүүлэн хүргүүлж, жолоочоор ажилласан Б.Ц-д тээврийн хөлс болгож 3 удаагийн давтамжтайгаар нийт 6,000,000 төгрөгийг тээвэрлэлтийн хөлс болгож өгсөн. Хэрэв би эрүүл саруул байсан бол ажлаа өөрөө хийгээд бусдад мөнгө төлөхгүй, олсон орлогоороо сар бүрийн зээл төлөлт болох 3,917,000 төгрөгийг төлөөд явах байсан. Гэтэл эрүүл мэндэд учирсан хохирол болон эд хөрөнгөөрөө асар их хохирлоо. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан. Энэ эрхийн дагуу гэм хор учруулагч буюу шүүгдэгч үүрэг хүлээх ёстой. Энэ нь Иргэний хуулийн 497 дугаар зүйл буюу гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлд тодорхой заагдсан буй. Мөн тус хуулийн 510 дугаар зүйлд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах заалт бий.

Дээрх заалтуудад заасны дагуу хохирогч миний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаас үүдсэн ажилгүй байсан хугацааны гэм хорын хохирол болох сар бүлийн зээлийн эргэн төлөлт нийт 9,917,000 төгрөг, тээврийн хөлс төлсний төлбөр 6,000,000 төгрөг, нийт 15,917,000 төгрөгийг шүүгдэгч Б.Гаас гаргуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Миний бие Шүүхийн шинжилгээний ерөнхий газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 245 дугаар дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар 3 сараас дээш хугацаагаар алдагдсан болох нь тогтоогдсон тул энэ хугацааны хохирлоо нэхэмжилж байгаа бөгөөд хохиролтой холбоотой баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа боловч анхан шатны шүүх үнэлээгүй гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: ...Хэргийн зүйлчлэлд маргаагүй, шууд зардлыг төлж барагдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.Ш тайлбартаа: ... Эрүүл мэндийн улмаас хохирол учирсан тул 9.917.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Т.Ц тайлбартаа: ... Шүүгдэгчийн буруутай үйлдлээс хохирогчид гэмтэл учирсны улмаас түүнд хохирол учирсан ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: ... Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Б.Гт холбогдох эрүүгийн хэргийг хохирогч Б.Шийн давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

            Б.Г нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн орчим      аймгийн         сумын           баг     тоот хашааны гадаа “гудамж хааж машин байрлууллаа” гэх шалтгаанаар хохирогч Б.Штэй маргалдаж, улмаар түүнийг хавсарч унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

            Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Гын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Б.Шийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан байна.

 

            Шүүгдэгч Б.Гт холбогдох эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

            Хохирогч Б.Ш нь ... миний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаас үүдсэн ажилгүй байсан хугацааны гэм хорын хохирол болох сар бүлийн зээлийн эргэн төлөлт нийт 9,917,000 төгрөг, тээврийн хөлс төлсний төлбөр 6,000,000 төгрөг, нийт 15,917,000 төгрөгийг шүүгдэгч Б.Гаас гаргуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... гэсэн агуулгатай  давж заалдах гомдол гаргажээ.

 

            Хохирогч Б.Ш нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний зардлын талаарх 1.045.927 төгрөгийн нотлох баримтыг гаргаж хэрэгт хавсаргуулсан байх бөгөөд шүүгдэгч Б.Г нь дээрх 1.045.927 төгрөгийг төлж төлж барагдуулсан байна.

 

            Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ....зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.

 

            Анхан шатны шүүх хохирогчийн нэхэмжилсэн 9.917.000 төгрөгийн талаар “...хохирогч нь Б.Е-г төлөөлж шаардах эрхгүй ..., энэ талаар баримтгүй ... ” гэж дүгнэн дээрх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлтэй холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Шийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Шийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЦЭЦЭГМАА

                        ШҮҮГЧИД                                                                 Д.АЗЖАРГАЛ

 

                                                                                    С.УРАНЧИМЭГ