Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 144/ШШ2025/00030

 

 

   2025            01         30                                                           144/ШШ2025/00030   

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж, шүүгч Г.Батмөнх, шүүгч Г.Даваанаран нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

   Нэхэмжлэгч: *************тоот хаягт оршин суух, ***************************/РД:/-ийн нэхэмжлэлтэй,

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ****************** тоот хаягт оршин суух, ************ /РД:**********/,

   Хариуцагч: ****************тоот хаягт оршин суух, *********** /РД:************/-д холбогдох

    Хохиролд 200,523,486 төгрөг, олох байсан орлого 200,000,000 төгрөг, нийт 400,523,486 төгрөг гаргуулах шаардлагатай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* /цахимаар/, хариуцагч ********, хариуцагчийн өмгөөлөгч ******** /цахимаар/, иргэдийн төлөөлөгч Ч.Цэндоо, шүүгчийн туслах Ө.Цэвэгмэд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар хариуцагч О.Насанжаргалд холбогдуулан нийт 400,523,486 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэлийг шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.  

1.“...*********** тоотод байх манай *********гэр ахуйн дэлгүүрт ********* буруутай үйлдлийн улмаас 2024 оны 07 сарын 29-нд гал гарч их хэмжээний хохирол учирсан. Уг гал ********ын **********тоотоос эхэлж гарсан бөгөөд уг хэргийг цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан. Хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад галын шалтгааныг тогтоож шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд **********ын хайхрамж болгоомжгүй үйлдлийн улмаас аюулгүй байдлыг хангаагүйн улмаас тог цахилгаанаас болж гал гарсан болсон болох нь тогтоогдсон.

Хэрэг гэмт хэргийн шинжгүйн улмаас ********* сумын Онцгой байдлын газарт үргэлжлүүлэн шалгагдсан. Уг гал түймрийн улмаас ******* гэр ахуйн дэлгүүр бүхэлдээ, дэлгүүрт зарагдаж байсан бараа ихэнх нь шатаж үлдсэн бараа нь дахин ашиглах боломжгүй болсон. Манай дэлгүүр болон бараанд эрх бүхий байгууллагаас мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулж хохирлын хэмжээг тогтоож өгсөн. Дэлгүүрийн барилга 67,193,120 төгрөгөөр, зарагдаж байсан бараа 82,880,146 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Надад нийт 150,073,266 төгрөгийн хохирол учирсныг нэхэмжилнэ. *******ын хайхрамж болгоомжгүй үйлдлийн улмаас миний эрхэлж байсан бизнес зогсож их хэмжээний хохирол амсаад байна. Гал гарснаас хойш шатсан дэлгүүр бараанд үнэлгээ тогтооно битгий янзлаарай гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн тул засварлаж чадахгүй 2 сарын хагасыг хугацаа өнгөрсөн. Би энэ хугацаанд дэлгүүрээ ажиллуулж чадахгүй сар бүр ордог байсан дэлгүүрийн орлого байхгүй болсон. Би дэлгүүрээ ажиллуулж байхдаа сард ойролцоогоор 50 сая төгрөгийн орлого олдог байсан ба энэ нь дансны хуулгаар нотлогдоно. Би эзэмшлийн Хаан болон Голомт банкны дансаар пос машин уншуулж орлого авдаг байсан болно. Олох байсан орлого 50,000,000 төгрөг нэхэмжилнэ. Олох байсан орлогоо цаашид нэмэгдүүлж нэхэмжлэлийн шаардлагаа нэмнэ. Шинжээчийн дүгнэлт гаргуулахад миний зүгээс үнэлгээний төлбөрт 450,220 төгрөгийг үнэлгээний Дамно компанид төлсөн бөгөөд энэ мөнгийг бас нэхэмжилнэ. Иймд ***********аас шатсан дэлгүүр, барааны үнэ 150,073,266 төгрөг, олох байсан орлого 50,000,000 төгрөг, шинжээчийн зардал 450,220 төгрөг нийт 200,523,486 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн аван шийдвэрлэж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...********** тоотод байх манай Номин гэр ахуйн дэлгүүрт *******ын буруутай үйлдлийн улмаас 2024 оны 07 дугаар сарын 29-нд гал гарч их хэмжээний хохирол учирсан. ********аас шатсан дэлгүүр, барааны үнэ 150,073,266 төгрөг, олох байсан орлого 50,000,000 төгрөг, шинжээчийн зардал 450,220 төгрөг нийт 200,523,486 төгрөгийг нэхэмжилсэн байсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Өмнө нь олох байсан орлогоо 50 сая төгрөгөөр тооцож 1 сарын орлого буюу 2024 оны 08 дугаар сарын дэлгүүрийн орлого нэхэмжилсэн бөгөөд одоо нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж олох байсан 2024 оны 9-12 сарын буюу 4 сарын орлого 200,000,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн аван шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч *********, түүний өмгөөлөгч ******** нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд гаргасан тайлбартаа:

 “…*********** надад холбогдуулан тус шүүхэд гаргасан **********ийн хохирол болох 200,523,486 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. ******* нэхэмжлэлдээ ********** тоотод байх манай “*******” гэр ахуйн дэлгүүрт *****ын буруутай үйлдлийн улмаас 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гал гарч их хэмжээний хохирол учирсан...уг хэргийг цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан, Хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад галын шалтгааныг тогтоож шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд ********ын хайхрамж болгоомжгүй үйлдлийн улмаас аюулгүй байдлыг хангаагүйн улмаас тог цахилгаанаас болж гал гарсан болох нь тогтоогдсон” гэж ор үндэслэлгүй худал зүйл бичсэн байна. Миний бие *********тоотод ажлын хувцасны дэлгүүр ажиллуулдаг бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө манай дэлгүүрийн ар хэсгээс гал гарч улмаар манай дэлгүүр болон ******ийн “*******” гэр ахуйн барааны дэлгүүр галд өртөж, бид хэн хэн нь эд хөрөнгөөрөө хохирсон. Тухайн болсон асуудалд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулсан бөгөөд миний бие гал юунаас болж гарсан, хэн нэгний санаатай болон болгоомжгүй үйлдлээс болж гарсан эсэх зэргийг тогтоолгож галын улмаас учирсан хохирлыг барагдуулах хүсэлтэй байгаагаа холбогдох байгууллагуудад илэрхийлсэн. Цагдаагийн байгууллагын шалгалтын ажиллагааны явцад гал хаанаас эхэлж гарсан, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоолгохоор шинжээч томилсон боловч Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 085/12 дугаартай дүгнэлтээр галын шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй гэж үзсэн. ********* сум дахь сум дундын прокурорын газрын 2024 оны 08 сарын 23-ны өдрийн 334 дугаартай прокурорын тогтоолоор хэн нэгэн этгээдийн буруутай үйлдлийн улмаас гал гарсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Болсон асуудал нь гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл ******** миний буруутай үйлдлээс болж гал гарсан гэж тогтоосон зүйл байхгүй. Иймд ******** нь гал гарсан асуудалд ****** намайг буруутгаж, надаас хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2024 оны 07 дугаар сарын 30-аас 8 сарын 01-нд шилжих шөнө гал түймэр гарсан. Энэ асуудал дээр ******* сумын цагдаагийн тасгийн холбогдох албан тушаалтан мөрдөн шалгах ажиллагааг явуулаад галын улсын хяналтын байцаагчийн дүгнэлт 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад галын улсын байцаагч *****гэх хүн 08 сарын 20-ны өдөр дүгнэлт гаргахдаа гал гарсан нөхцөл байдлыг тогтоох боломжгүй. Мөн гал хаанаас гарсан гэдгийг тогтоох боломжгүй байна. Ингэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шинжлэх ухааны арга хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй гэсэн үндэслэлээр шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Улмаар ********** сум дахь сум дундын прокурорын газрын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 334 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гарсан. Энэ тогтоол нь гал гарсан шалтгаан нөхцөл нь тогтоогдохгүй, хэн нэгэн буруутай этгээдийн улмаас гал гарсан гэх үйл баримт тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй байна гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн тогтоол байгаа. Энэ асуудал дээр хэн нэгэн этгээдээс ямар нэгэн гомдол эрх бүхий дээд шатны байгууллагад гаргаагүй. Өөрөөр хэлбэл энэ тогтоол одоогийн байдлаар хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдож байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч ********ын буруутай үйлдлийн улмаас гал гарсан гэдэг нөхцөл байдал тогтоогдсон гэдэг байдлаар нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлаж байна. Гэвч хэрэгт авагдсан баримтуудаар хэн нэгэн этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас гал гарсан гэдэг үйл баримт тогтоогдоогүй. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл тогтоогддоггүй. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүрэн тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 нь хэн нэгэн этгээдийн эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд нь гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй нь тогтоогдсон тохиолдолд тухайн хохирлыг арилгах үүрэгтэй. Гэвч энэ тохиолдолд хэн нэгэн этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас гал гарсан гэдэг үйл баримт тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл ********ын буруутай үйл ажиллагааны улмаас гал гарсан байна гэдэг үйл баримт нь хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд тогтоогдохгүй байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбарлахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан галын дүгнэлтээр тухайн гал *******ын сууцан дотроос гарсан гэдэг байдлаар дүгнэлт гарсан гэдгээр тогтоогдож байна гэдэг байдлаар тайлбарлаж байна. Энэ бол үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл тухайн дүгнэлт нь галын шалтгаан нөхцөл байдлыг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн. Мөн тухайн гал хаанаас гарсан бэ гэдэг дээр *********ын амьдардаг сууцан дотроос гал гарсан тархсан дэлгэрсэн гэдэг байдлаар дүгнэсэн боловч тухайн шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заагдсан шаардлагыг хангахгүй гэж үзэж байгаа. Өмнө нь галын улсын байцаагч ******** нь тухайн асуудлаар дүгнэлт гаргахдаа холбогдогч болон гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй учраас энэ нөхцөл байдлыг тогтоох боломжгүй гэсэн байдлаар дүгнэлт гаргасан. Гэтэл тухайн өмнө нь гаргасан баримтууддаа үндэслээд дахин дүгнэлт гаргахдаа тухайн гал *********ын сууцан дотроос гарсан гэдэг байдлаар дүгнэж байгаа нь өөрөө үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл тухайн шинжээчийн дүгнэлт шинжлэх ухааны үндэслэлгүй байна гэж үзэхээр нөхцөл байдал харагдаж байна. Мөн тухайн дурдаад байгаа гэрчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй. Өөрөөр хэлбэл үндэслэл болгоод байгаа ********ын мэдүүлэг бол тухайн байдлыг хажуунаас нь харсан хүн биш байдаг. Тухайн галыг хамгийн эхэнд хажуунаас нь харсан хүн бол ******* гэх гэрч байдаг. ******гэрч мэдүүлэгтээ тодорхой дурдсан байдаг. Галын утаа үүсгүүр нь гудамжаар гараад харахад сууцны ар хэсгээс гарч байсан. Хүмүүс байшин дотроос гарахад байшин дотроос гал гарсан нөхцөл байдал байгаагүй. Буцаад ороход ар талаас нь гал гараад шатаж эхэлсэн байдаг. Энэ нөхцөл байдлаас харахад гал гадна талаас гарсан нөхцөл байдал тогтоогдож байгаа. Тийм учраас гал хаанаас гарсан бэ гэдэг дээр үндэслээд буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шалтгаан нөхцөл нь тогтоогдоогүй. Галын аюулгүй байдлыг ямар нэгэн хэн нэгэн этгээдээс болж гал гарсан талаар дүгнэлт үндэслэл тогтоогдоогүй байхад шууд *******ыг буруутгасан нь ямар ч үндэслэлгүй. Нэхэмжлэл нь нэмэгдүүлсэн шаардлагатайгаа нийлээд 400,523,486 төгрөгийг нэхэмжилдэг. Энэ нэхэмжлэлийн үнийн дүн бас тодорхой нотлогдсон зүйл байхгүй. Ингэхдээ үнэлгээ тогтоолгохдоо зөвхөн нэхэмжлэгч ******** өөрийн гаргаж өгсөн жагсаалтад үндэслээд үнэлгээ тогтоогдсон. Өөрөөр хэлбэл тухайн бараа бүтээгдэхүүн байсан уу гэдэг дээр бүрэн тогтоогдсон зүйл байдаггүй. Мөн олох ёстой байсан орлогоо сарын 50 сая төгрөгөөр тодорхойлсон. Энэ нь нийтдээ 5 сарын хугацааны олох ёстой орлого 250,000,000 төгрөг нэхэмжил байгаа нь үндэслэлгүй, нотлогдож тогтоогдож байгаа зүйл байхгүй байна. Нотлох баримтаар өөрийнхөө дансны хуулгыг гаргаж өгсөн. Энэ нь аливаа этгээдийн орлого цэвэр ашгийг зөвхөн дансны хуулгаар нотлох тогтоох ямар ч боломжгүй. Мөн хувь хүний орлогын албан татвар төлдөг талаар татварын баримт гаргаж өгсөн байсан. Үүгээр яг тэдэн төгрөгийн орлого олсон гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй, нотлогдож тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

3. Иргэдийн төлөөлөгч ******* хэргийн үйл баримт, зохигчдын гэм буруугийн талаар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гал гарсны улмаас ********аас 400 сая төгрөг гаргуулах  үндэслэлгүй гэж дүгнэж  байна” гэв.

4. Хэргийн оролцогчдоос гаргасан болон хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудын тухайд:

4.1. Нэхэмжлэгч ********, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******нараас шүүхэд нотлох баримтаар: 2024 оны 10 сарын 15-нд улсын тэмдэгтийн хураамжид 1,160,567 төгрөг, 2024 оны 11 сарын 28-ны өдөр 1,157,950 төгрөг төлсөн баримт, “********” ХХК-ийн шинжээчийн №ӨМ-24-23 дугаартай дүгнэлт 8 хуудас, “*******” ХХК-ийн №ӨМ-24-22 дугаартай шинжээчийн дүгнэлт, ХААН, Голомт банкны дансны хуулга, 2024 оны 11 сарын 27-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай, нэхэмжлэгч *******аас ********д олгосон итгэмжлэл зэрэг баримтууд ирүүлсэн.

4.2. Хариуцагч ******аас шүүхэд нотлох баримтаар: хариу тайлбар, 2024 оны 08 сарын 23-ны өдрийн 334 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол”, 2024 оны 08 сарын 20-ны өдрийн 085/12 дугаартай шинжээчийн дүгнэлт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтууд ирүүлсэн.

4.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********ын хүсэлтээр ******** аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал унтраах, аврах 66 дугаар ангийн Гал түймрийн улсын хяналтын улсын байцаагчийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 918 дугаартай захирамжаар шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын гаргасан тайлбар тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

1. Нэхэмжлэгч *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** нар нэхэмжлэлийн шаардлагаа “...********** тоотод байх манай Номин гэр ахуйн дэлгүүрт ******ын буруутай үйлдлийн улмаас 2024 оны 07 сарын 29-нд гал гарч их хэмжээний хохирол учирсан. Уг гал *******ын *********тоотоос эхэлж гарсан бөгөөд уг хэргийг цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан. Хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад галын шалтгааныг тогтоож шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд *********ын хайхрамж болгоомжгүй,  аюулгүй байдлыг хангаагүйн улмаас тог цахилгаанаас болж гал гарсан болсон болох нь тогтоогдсон. Иймд гэм хорын хохиролд 200,523,486 төгрөг, олох ёстой орлого 200,000,000 төгрөг, нийт 400,523,486 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлж байна.  

2. Хариуцагч ******** түүний өмгөөлөгч *********** нар дараах үндэслэлээр үгүйсгэсэн. “…2024 оны 07 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө гал түймэр гарсан. Энэ асуудал дээр ********** сумын цагдаагийн тасгийн холбогдох албан тушаалтан мөрдөн шалгах ажиллагааг явуулаад галын улсын хяналтын байцаагчийн дүгнэлт 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад галын улсын байцаагч *******гэх хүн 08 сарын 20-ны өдөр дүгнэлт гаргахдаа гал гарсан нөхцөл байдлыг тогтоох боломжгүй. Мөн гал хаанаас гарсан гэдгийг тогтоох боломжгүй байна. Ингэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шинжлэх ухааны арга хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй гэсэн үндэслэлээр шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Улмаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ******дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гарсан. Энэ тогтоол нь гал гарсан шалтгаан нөхцөл нь тогтоогдохгүй, хэн нэгэн буруутай этгээдийн улмаас гал гарсан гэх үйл баримт тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй байна гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн тогтоол байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч ******ын буруутай үйлдлийн улмаас гал гарсан гэдэг нөхцөл байдал тогтоогдсон гэдэг байдлаар нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлаж байна. Гэвч хэрэгт авагдсан баримтуудаар хэн нэгэн этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас гал гарсан гэдэг үйл баримт тогтоогдоогүй. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл тогтоогддоггүй. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүрэн тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 нь хэн нэгэн этгээдийн эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд нь гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй нь тогтоогдсон тохиолдолд тухайн хохирлыг арилгах үүрэгтэй. Гэвч энэ тохиолдолд хэн нэгэн этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас гал гарсан гэдэг үйл баримт тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл О.Насанжаргалын буруутай үйл ажиллагааны улмаас гал гарсан байна гэдэг үйл баримт нь хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд тогтоогдохгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэж маргав.  

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Хэрэгт авагдсан баримтаар 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн шөнө *********гудамжинд гал гарсны улмаас  ***** тоотод байх **** гэр ахуйн дэлгүүр, ****** дэлгүүр шатсан болох нь тогтоогдсон.    

3.2. “********” ХХК-ийн дүгнэлтээр ******* гэр ахуйн дэлгүүрийн сэндвичэн барилгад учирсан хохирлыг хэмжээг 67,193,120 төгрөгөөр, эд зүйлд учирсан хохирлын хэмжээг 82,880,146 төгрөгөөр тогтоосон байна. /хх-ийн 6-36-р хуудас/

3.3. Нэхэмжлэгч, хариуцагч нар галд шатсан гэх ************ тоот объектуудыг ямар зориулалтаар эзэмшдэг, өмчилдөг аль нь болох талаар нотлох баримт ирүүлээгүй болно.

3.4. Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 08 сарын 20-ны өдрийн ************ дугаартай дүгнэлтээр “Гэрч хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй, хэргийн газрын үзлэг хийх боломжгүй. /шороогоор хучсан/ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19.1.7/ шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт тодорхойгүй, тавьсан асуултад шинжлэх ухааны арга, хэрэгсэл ашиглах хариулах боломжгүй бол/ гэх заалтыг үндэслэн хариулах боломжгүй” гэсэн дүгнэлт гаргажээ. /хх-ийн 121-122-р хуудас/

3.5. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын 2024 оны 08 сарын 23-ны өдрийн ********* дугаартай прокурорын тогтоолоор “…2024 оны 7 дугаар сарын 30-ны 03 цаг 25 минутад ********** Ажлын хувцас комиссын бараа нэртэй дэлгүүр хэн нэгэн этгээдийн буруутай үйлдлийн улмаас гал гарсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж” шийдвэрлэсэн.

3.6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар нийт 1 удаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан. /хх-ийн 58-182-р хуудас/

-Гал гарах шалтгаан нөхцөл нь юу байсан гэсэн асуултад “…Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19.1.7 /шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт нь тодорхойгүй, тавьсан асуулт асуултад шинжлэх ухааны арга, хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй бол/ гэх заалтын үндэслэн хариулах боломжгүй байна” гэж дүгнэжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасны дагуу эрх нь зөрчигдсөн этгээд гэм хор учруулсан этгээдээс гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

4. Шүүх хэрэгт авагдсан прокурорын тогтоол, шинжээчийн дүгнэлтэд үндэслэж, 2024 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн шөнө *********** бүс Их цагаан хад гудамжинд гал гарсны улмаас хариуцагч ************* нь нэхэмжлэгч *******ийн  эд хөрөнгөд хохирол учруулаагүй байна  гэж дүгнэв.

Хариуцагч ******** нь гал гарсан шалтгаан нөхцөлийг мэдээгүй, энэ талаар галын улсын байцаагчийн 2 удаа гаргасан  “Гал гарах шалтгаан нөхцөл юу байсан бэ” гэсэн асуултад …Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19.1.7 / шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт нь тодорхойгүй, тавьсан асуулт асуултад шинжлэх ухааны арга, хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй бол/ гэх заалтын үндэслэн хариулах боломжгүй байна” гэсэн дүгнэлтээр гал гарсан шалтгаан нөхцөл нь тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцах урьдчилсан нөхцөл нь хариуцагч этгээдийн хууль бус үйлдэл, уг үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор учирсан байх, үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой буюу тухайн этгээдийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг үүснэ. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******ын хууль бус үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор учирсан,  үйлдэл,  хохирол хоорондоо шалтгаант  холбоотой үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Иргэдийн төлөөлөгч ********ийн хэргийн үйл баримт, зохигчдын гэм буруугийн талаар шүүх хуралдаанд гаргасан “…Гал гарсны улмаас ********аас 400 сая төгрөгийн төлбөр төлүүлэх үндэслэлгүй ” гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд *********ийн нэхэмжлэлтэй *********д холбогдох гэм хорын хохиролд 200,523,486 төгрөг, олох байсан орлого 200,000,000 төгрөг, нийт 400,523,486 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,318,517.43 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар ********ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох гэм хорын хохиролд  400,523,486 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,318,517.43 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА

             ШҮҮГЧИД                                   Г.БАТМӨНХ

                                                                    Г.ДАВААНАРАН