Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 0052

 

 

 

 

 

 

 

 

Н.Шд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Д.Азжаргал, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Т.Д

Шүүгдэгч                                                       Н.Ш

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Р.Ц

Нарийн бичгийн дарга                             Ц.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Н.Ш болон түүний өмгөөлөгч Р.Ц нарын давж заалдах гомдлоор шүүдэгч Н.Шд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А овогт Н-н Ш,

Н.Ш нь 2022 оны 10 дугаар сард          аймгийн           сумын        багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

мөн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан 224.1 гр “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Н.Ш-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

          Шүүгдэгч А овогт Н-н Ш-г Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш-г 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Шд урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 224.1 гр ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

          Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

          Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорын эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 482 дугаартай захирамжаар:

            Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх талд

“...2023 оны 10 дугаар сард        аймаг         сум         багийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн.” гэснийг,

“...2022 оны 10 дугаар сард         аймаг          сум         багийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн.” гэж,

мөн 4 дэх талд шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт;

“...2023 оны 10 дугаар сард       аймаг         сум        багийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн.” гэснийг

“...2022 оны 10 дугаар сард       аймаг        сум         багийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн.” гэж, гэж тус тус залруулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц давж заалдах гомдолдоо:

 

...Шүүгдэгч Н.Ш нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, өөрийн үйлдсэн үйлдэлдээ дүгнэлт хийж байгаа бөгөөд уушигны өвчин болон уушигны усжилт шимэгдүүлдэг гэх ярианд үндэслэж тухайн өвсийг татаж хэрэглэн хадгалсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял ногдуулахад тусгайлан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Мөн шүүгдэгч Н.Ш нь асрамжид байдаг, өвчтэй эхийнхээ хамт ам бүл 2-улаа амьдардаг, эхийнх нь хувьд биеийн байдал сайнгүй тул шүүгдэгчийн асрамжид байдаг. Мөн шүүгдэгч өөрөө уушигны сүрьеэ өвчтэй, уушиг шохойжилттой биеийн байдал сайнгүй тул сүрьеэгийн эмчийн хяналтад байдаг, байнга эмчилгээ хийлгэдэг бөгөөд энэ байдал нь хорих ял биечлэн эдлэхэд хүндрэлтэй байна. Уушигны сүрьеэ өвчнөөр 2015 оноос эхлэн өвдсөн. Шүүгдэгчийн хувийн байдал болох түүний асрамжид байдаг өвчтэй эх шүүгдэгчийн өөрийнх нь биеийн эрүүл мэнд зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг хасаж өгнө үү. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Н.Ш давж заалдах гомдолдоо:

 

... Миний бие 2015 оноос хойш сүрьеэ өвчнөөр удаа дараалан өвдсөн, уушигны шохойжилттой эмчийн хяналтад байдаг. Би энэ өвс гэдэг зүйлийг зугаа цэнгэл хөөх гэж хэрэглэсэн зүйлгүй мөн байнга хэрэглэж донтсон зүйлгүй. Энэ өвс гэдэг зүйлийг уушигны усжилтаа  шимэгдүүлэх зорилгоор хэрэглэсэн маань буруу арга байсан байна. Үүндээ маш их харамсаж гэмшиж байна. Миний ээж С.О нь хөлний хүнд хагалгаанд орж асаргаанд байдаг. Тэтгэврийн насны хүн 2 кг-аас дээш юм өргөж чадахгүй, удахгүй бамбай булчирхай хагалгаанд орно. Ээжид минь надаас өөр асарч хандах хүн байхгүй тул та бүхэн миний хувийн байдал болон ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж ялыг минь хөнгөлж өгнө үү ... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Ш тайлбартаа: ... Хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: ... Хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш болон түүний өмгөөлөгч Р.Ц нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Н.Шд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

             Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

            

   Шүүгдэгч Н.Ш нь 2022 оны 10 дугаар сард       аймгийн        сумын     багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

мөн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан 224.1гр “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

             Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Ш-н гэм бурууг хянан хэлэлцэж, түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

             Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

             Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангаж, шүүгдэгчид сонгон оногдуулсан ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

 

             Шүүгдэгч Н.Шд шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцсэн ба түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

             Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ш болон түүний өмгөөлөгч Р.Ц нарын “... хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Харин анхан шатны шүүх шүүгдэгч Н.Ш-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн ерөнхий ангийн ... гэж ... хуулийн ... гэдэг үгийг орхигдуулсан, мөн ... мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг ... гэж хоёр өөр бодисын нэршлийг хольж бичсэн байх тул шийтгэх тогтоолын дээрх заалтад өөрчлөлт оруулж зөвтгөх боломжтой гэж үзлээ.

 

             Хэдийгээр анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн огноог зөвтгөн шийтгэх тогтоолд 2022 оны 10 сард гэж залруулга хийсэн байх боловч “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол” болон “Яллах дүгнэлт”-эд прокурор гэмт хэрэг үйлдэгдсэн огноог ... 2023 оны 10 сард ... гэж тус тус буруу бичсэн байгааг цаашид анхаарвал зохино.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын

... Шүүгдэгч А овогт Н-н Ш-г Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай ... гэснийг

 

... Шүүгдэгч А овогт Н-н Ш-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай ... гэж өөрчилж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Н.Ш болон түүний өмгөөлөгч Р.Ц нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЦЭЦЭГМАА

                        ШҮҮГЧИД                                                                 Д.АЗЖАРГАЛ

 

                                                                                    С.УРАНЧИМЭГ