Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2024/0783

 

 

 

 

 

     2024        10           07                                   128/ШШ2024/0783   

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Э*******” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*******  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Д, Ч.У    

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э

Гуравдагч этгээд: “М*******” ХХК  

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Н, Б.Т      

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1******* дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, “Э*******” ХХК-ийн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах, “Э*******” ХХК-ийн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсныг бүртгэсэн кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг хүчингүй болгуулах, “М*******” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгчээс “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1******* дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, “Э*******” ХХК-ийн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах, “Э*******” ХХК-ийн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсныг бүртгэсэн кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг хүчингүй болгуулах, “М*******” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.   

2.Маргааны үйл баримтыг дурдвал         

2.1.Анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” дүгээр шийдвэрээр “Э*******” ХХК-д Ховд аймгийн Алтай сумын нутагт орших Бодонч нэртэй 6012.63 га бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгожээ.

2.2.Дээрх шийдвэрийг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас нэхэмжлэгч “Э*******” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаартай гэрчилгээг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаатай олгосон байна.

2.3.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1******* дүгээр албан бичигт “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлээр зохицуулсан бөгөөд 22.1-т Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахаар хуульчилсан бөгөөд хуульд заасан хугацаанд дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүйн улмаас мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөр дуусгавар болсон” талаар “Э*******” ХХК-д мэдэгджээ. 

2.4.Тус шүүх “Э*******” ХХК-аас гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.      

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Манай компани нь Ховд аймгийн Алтай сумын нутагт орших Бодогч нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр авсан билээ. Бид хайгуулын тусгай зөвшөөрөл авсан цагаас хойш хайгуулын ажлыг төлөвлөгөөний дагуу хийж нийт 76.444.700 төгрөгийн зардал гаргаад байгаа билээ. Дээрх тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2023 оны 10-р сарын 26-ны өдөр дуусах байсан бөгөөд сунгах өргөдлийг 2023 оны 09-р сарын 26-ны өдөр гаргахаар байсан боловч гүйцэтгэх захирал Г.Э миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас сунгах өргөдлийг нэг сарын өмнө гаргаж өгч чадаагүй юм. Гэсэн хэдий ч манай компанийн зүгээс захирал миний бие эрүүл мэндийн шалтгаанаа тайлбарлан тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд буюу 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр албан бичгээр хандаж тусгай зөвшөөрлийн сунгах хүсэлтээ өгөхөд хүлээн авалгүй тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон байна. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д "хүндэтгэн үзэх шалтгаан" гэж: 6.1.41.а-д "эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа" гэж зааснаас харахад захирал миний бие өвчтэй байсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэж байна. 

Иймд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий этгээд зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө түүнийг сунгуулах тухай мэдэгдлийг зөвшөөрөл эзэмшигчид Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасны дагуу мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасны дагуу мэдэгдээгүй тул манай компанийн эзэмшлийн (Ховд аймгийн Алтай сумын нутагт орших Бодонч нартай талбайд ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сунгахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,) Захиргааны ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д 36.1."Оролцогч тайлбар, санал гаргахдаа энэ хуулийн 27.5-д заасан хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол захиргааны байгууллага уг хугацааг сэргээж болно" гэж, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т "Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно" гэж заасны дагуу манай компанийн Ховд аймгийн Алтай сумын нутагт орших Бодогч нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгуулж өгнө үү.” гэжээ.  

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч компанийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Эхний 2 шаардлагын тухайд нэхэмжлэгч компани нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай шийдвэрээр Ховд аймгийн Алтай сумын нутагт орших Бодонч нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын дугаартай, нийтдээ 6012,63 гектар талбай бүхий тусгай зөвшөөрлийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаатайгаар анх удаа авсан. Тусгай зөвшөөрлөө авснаас хойш хайгуулын ажлуудыг хийгээд тодорхой хэмжээний зардал гаргаад тусгай зөвшөөрлийн хугацаа 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дуусах байсан учраас 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр анх хүсэлтээ өгөх гээд Ашигт малтмал, газрын тосны газрын нэг цэгийн бүртгэл дээр нь тухайн компанийн захирал н.Э гэдэг хүн очиж өгөх байсан. Гэтэл н.Э захирал Ховд аймагт томилолтоор явж байхдаа эрүүл мэндийн шалтгааны улмаас тухайн хүсэлтийг биеэр ирж өгөх боломжгүй, тухайн хүсэлтийг ямар нэгэн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох боломжгүй байсан. Үүний дараа тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг нэг хоног хэтрүүлсэн. 2023 оны 09 дүгээр сарын 27-нд хугацаа сунгуулах тухай хүсэлтээ өгсөн. Манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл анхны 3 дахь жилдээ байсан. 2 дахь удаа, 3 дахь удаагаа сунгуулах эрхээ эдэлж амжаагүй байсан. Хоёр дахь удаагаа сунгуулахдаа 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тусгай зөвшөөрөл дуусах байсан. Хэдийгээр 30 хоногийн өмнө тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ өгөх ёстой байдаг боловч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сунгуулах хүсэлтээ гаргасан. Энийг шүүх харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл 10 дугаар сарын 23-ны өдөр дуусах ёстой байтал бид нар 09 дүгээр сарын 27-ны өдөр сунгуулах хүсэлтээ өгсөн. Үүнээс хойш тухайн тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг ямар нэгэн байдлаар хариуцагч захиргааны байгууллага шийдэж хариу өгөхгүй яваад байсан. Хариу өгөхгүй байсан учраас 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Х/08 гэсэн албан бичгээр дахин хандсан. Энэхүү албан бичгийн агуулга өмнө нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн хүсэлтэд маань ямар нэгэн байдлаар хариу өгсөнгүй, манай компанийн гүйцэтгэх захирал эрүүл мэндийн шалтгаантай буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Эрүүл мэндийн актаа 09 дүгээр сарын 27-ны өдөр хугацаа сунгуулах хүсэлтээ хавсаргасан, хүсэлтийг шийдвэрлэж өгөх 30 хоногийн хугацаа нь дуусчхаад байхад танайх яагаад хариу өгөхгүй байгаа юм бэ гээд 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дахиж хандсан. Дахиж хандсан албан бичигт нь Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1******* гэсэн шийдвэрээр хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлөө гаргаагүй байна. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар танай компанийн тусгай зөвшөөрөл 2023 оны 10 дугаар сарын 26-нд дуусгавар болчихсон гэдэг хариуг өгдөг. Дуусгавар болчихсон байгаа хариуг нэхэмжлэгч компанийн зүгээс 2 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2023 оны 09 дүгээр сарын 27-нд анх гаргасан хүсэлтдээ хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эрүүл мэндийн актыг хавсаргаж өгсөн. Энэхүү эрүүл мэндийн акттай холбоотой шүүхээс нотлох баримт цуглуулаад ирсэн баримт нь хэвтэж эмчлүүлээгүй байна гэсэн тодорхойлолт ирсэн. Бид нарын хүсэлтээ хавсаргаж өгсөн баримт дээр хэвтэж эмчлүүлсэн гэсэн үг огт байхгүй. Тухайн сумын эмчид амбулаториор эмчлүүлээд 7 хоног ажлаас чөлөөлөгдсөн гэсэн агуулга байгаа. Хэвтэж эмчлүүлээгүй, амбулаториор эмчлүүлсэн. Тэгэхээр хэвтэж эмчлүүлээгүй гэдэг албан бичгийн хариуны агуулга нь зөв. Бидний зүгээс хэвтэж эмчлүүлээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д тусгай зөвшөөрөл дуусгавар болох хууль зүйн үндэслэлүүдийг 53.1.1-ээс 53.1.3-д тодорхойлон заачихсан байгаа. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргаагүй гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох хууль зүйн зохицуулалт байхгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 буюу маргаан бүхий Кадастрын хэлтсийн даргын өгөөд байгаа А/5134 гэсэн албан бичиг дээр Ашигт малтмалын тухай хуулийн Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх заалтыг буюу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан гэдэг үндэслэлийг заачихсан байгаа. Гэхдээ 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах байсан. Бид нар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 29 хоногийн өмнө буюу 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хавсаргаад, яагаад 30 хоногийн өмнө биш 29 хоногийн өмнө гаргаж байгаа юм бэ гэдэг дээр тухайн сумын эмчийн үзлэгийн тэмдэглэл буюу эмчийн амбулаториор эмчлүүлсэн үзлэгийн актыг хавсаргаж өгсөн. Энэ үндэслэлүүдээр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг бүртгэх ёсгүй байсан гэж үзэж байгаа. Мөн хариуцагч энэ хугацаанд эс үйлдэхүй гаргасан. Магадгүй 09 дүгээр сарын 27-нд гаргасан манай хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээж авахгүй гэж үзэж байсан бол яагаад 30 хоногийн дотор хариу өгөөгүй юм бэ? Бид нар тухайн хүсэлтийнхээ хариуг хүлээгээд ирэхгүй болохоор нь дахиад 10 дугаар сарын 26-нд манай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах байсан учраас хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө хүсэлт гаргасан. Албан бичгээр удаа дараалан нэхэмжлэгчийн зүгээс хандсан байсан үйл баримтууд байгаа. Нэхэмжлэгч компанийн зүгээс 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11/09 гэсэн албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргаж байгаа. Энэхүү гаргаж байгаа гомдолдоо тухайн Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг эс зөвшөөрч байна, бид нар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хүсэлтээ гаргасан гэдэг үндэслэлүүдээ тодорхой заагаад дахиад хандахад Ашигт малтмал газрын тосны газрын даргаас дахиад Кадастрын хэсгийн даргын шийдвэрийг хуульд нийцсэн байна гэдэг хариу өгсөн. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 болон 21.1.5-д зааснаар нэхэмжлэгч компанийн тухайд анхны 3 жилийн хайгуулын тусгай зөвшөөрлөө авсан, дахиад 2 удаа сунгуулах эрх байсан. Гэтэл хариуцагчийн хүсэлтэд хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй болон хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзаж үзээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө хүсэлтээ гаргачихсан байгаа гэх үйл баримтуудыг харгалзаж үзэхгүйгээр цуцалчхаад байгаа нь нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрлөө 3 жилийн хугацаатайгаар 3 удаа сунгуулах гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасан эрхийг зөрчөөд байгаа юм .

“М*******” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч компани нь хариуцагчид холбогдуулаад 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэлээ гаргачихсан байгаа. Нэхэмжлэлийг шүүх хүлээж авсан. Шүүхийн дардас дээр 01 дүгээр сарын 15 гэдэг өдөр нь маш тодорхой байгаа. 01 дүгээр сарын 15-аас хойш бүрдүүлбэр хангаж явсаар 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 128/ШЗ2024/1963 гэдэг дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэгч компанийн зүгээс шүүхэд нэхэмжлэлээ гаргасан даруйдаа бид нар шүүхэд хандчихсан, маргаан бүхий тусгай зөвшөөрлийг өөр ямар нэгэн хуулийн этгээд олгохгүй байгаач ээ гэдэг хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газарт 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 01/01 гэсэн албан бичгээр мэдэгдчихсэн. Хэрэг үүсэхээс өмнө шүүхэд өгсөн даруйдаа тухайн өдрөө хариуцагч захиргааны байгууллагад мэдэгдэж байсан. Гэтэл хариуцагчаас 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр буюу бид нар 01 дүгээр сарын 16-нд мэдэгдэж байхад бид нарыг мэдэгдсэнээс хойш 14 хоног, захиргааны хэрэг үүссэнээс хойш 2 хоногийн дараа буюу 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1/406 гэсэн албан бичгээр сонгон шалгаруулалт зарлагдсан байгаа, сонгон шалгаруулалтыг цуцлах боломжгүй гэдэг хариуг Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас ирүүлдэг. Ашигт малтмалын тухай хуулийн дугаар зүйлийн .6-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэр гартал тухайн талбайд шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн маш тодорхой хориглосон хуулийн зохицуулалт байхад Ашигт малтмалын газар зөрчсөн. Энийг нэхэмжлэгч компанийн зүгээс мэдсэн учраас энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд компани нэмээд яах вэ, энэ маргаанаа ямар нэгэн байдлаар аль нэг тал нь эцэслэн шийдвэрлүүлье гээд сонгон шалгаруулалт зарласан мөчөөс эхлээд хариуцагч захиргааны байгууллагад мэдэгдсэн. Гэтэл энэ бүх үйл баримтуудыг үл тоогоод 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргачихсан байгаа. 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу сар гаруй хугацааны дараа буюу 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай шийдвэрийг Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгочхоод байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийн дугаар зүйлийн .6 дахь заалтыг илт зөрчиж байгаа учраас дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн 3 шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1******* тоот хариу хүргүүлэх тухай акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3-т заасны дагуу илт хууль бус акт болохыг тогтоож, "Э" ХХК-ийн эзэмшлийн Ховд аймгийн Алтай сумын нутагт орших Бодонч нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг хуульд заасан журмаар шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.  

Нэг. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.11, 17 дугаар зүйлийн 17.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн "Талбайн солбицол тогтоох тухай" 243 дугаар тогтоолоор сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталсан байна. Улмаар дээр дурдсан талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэж, тусгай зөвшөөрөл олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж ажиллахыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад үүрэг болгож шийдвэрлэсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн "Журам батлах эрх олгох тухай" 14 дүгээр тогтоолоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад олгосон бөгөөд улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн "Журам батлах тухай" А/28 дугаар тушаалаар "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ыг баталж Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3863 дугаарт бүртгүүлсэн.

Дээр дурдсан 243 дугаар тогтоолоор баталсан солбицол бүхий газарт багтсан Ховд аймгийн Алтай сумын нутагт орших 6012.63 гектар бүхий Бодонч нэртэй талбайд 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр зарласан СШ-42-16 дугаартай сонгон шалгаруулалтыг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын 209 тоот өрөөнд нээсэн. Тус сонгон шалгаруулалтад "Э" ХХК шалгарсан тул Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах дүгээр тушаал гарч Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн "Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай" дүгээр шийдвэрээр "Э" ХХК-д Ховд аймгийн Алтай сумын нутагт орших 6012.63 гектар бүхий Бодонч нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон.

Хоёр: Илт хууль бус акт болохыг тогтоолгох шаардлагын тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.1-д "утга агуулгын илэрхий алдаатай", 47.1.2-д "бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй", 47.1.3-д "тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан", 7.1.4-д "захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус", 47.1.5-д "хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан", 47.1.6-д "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй", 47.1.7-д "түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй" гэж заасан. Гэтэл "Э" ХХК нь тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу 1 сарын өмнө нь төрийн захиргааны байгууллагад гаргаагүй тул Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1******* дүгээр албан бичгийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

Гурав: Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах шаардлагын тухайд: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ хуулийн 22.1.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-т байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан,түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахаар заасан. Хуулийн дээрх шаардлагын дагуу "Э" ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай өргөдлийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс нэг сарын өмнө буюу 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс өмнө хуулийн 22.1 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-т заасан баримтыг хавсарган ирүүлээгүй байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаж ажиллах үндсэн үүрэгтэй бөгөөд хуулийн шаардлагыг бүрэн биелүүлж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллахаа мэдэгдэж "Э" ХХК нь тусгай зөвшөөрлийг анх авахдаа "гаргасан зөвшөөрлийн нотолгоо"-нд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Гэтэл "Э" ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын тоот тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас нэг сарын өмнө сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж ирүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсныг кадастрын системд бүртгэсэн байна.

"Э" ХХК-ийн эзэмшиж байсан Ховд аймгийн Алтай сумын нутагт орших 6012.63 гектар бүхий Бодонч нэртэй талбайд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зарласан СШ-64420 дугаартай сонгон шалгаруулалтад "Маншил Уул" ХХК шалгарсан тул Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн "Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах" А/21 дүгээр тушаал гарч кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг "М***" ХХК-д олгосон байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:Хариуцагчийн зүгээс шүүхэд бичгээр хариу тайлбараа гаргачихсан байгаа. Оролцогч нар хариу тайлбарт танилцчихсан байгаа байх. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийг 22.1-д тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө төрийн захиргааны байгууллагад гаргахаар хуульчилчихсан байгаа. Гэтэл нэхэмжлэгч компани нь хуулийн шаардлагын дагуу сунгах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй. 09 дүгээр сарын 27-нд тусгай зөвшөөрөл төрийн захиргааны байгууллагад гаргаж өгсөн талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй, гаргаж өгөөгүй гэж ойлгож байгаа. Тийм учраас хуулийн шаардлагын дагуу нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон. Нэхэмжлэгч цуцалсан гэж яриад байх шиг байна. Энэ харилцаа дуусгавар болсон. Систем дээр эхний 3 жилээр олгогдсон нь дуусгавар болсон. Хуулийн шаардлагын хугацааны дагуу 1 сарын өмнө сунгах өргөдлийг гаргаагүй учраас Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.   

7.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “"Э*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээд “М*******” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргах хуулийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэл гаргажээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд 30 хоногийн дотор захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой бөгөөд нэхэмжлэгч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны 1******* дугаар шийдвэрийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мэдсэн байсан. Мөн нэхэмжлэгчийн 2023 оны 11 сарын 22-ны өдрийн Х1/09 дугаар хүсэлтэд Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны 1******* дугаар шийдвэрийг хүчингүй болгох талаар огт дурдаагүй харин өмнөх хүсэлттэй ижил агуулга бүхий хүсэлтийг гаргаж хариуцагч 2023 оны 12 сарын 11-ны өдрийн албан тоотоор хариуг хүргүүлж 2023 оны 12 сарын 15-ны өдөр нэхэмжлэгч гардан авсан байдаг бөгөөд үүнийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй. Мөн шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа илт хууль бус захиргааны акт гэж хандсан байх бөгөөд энэ тохиолдолд хугацааны асуудал яригдахгүй. Ингээд 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр анх Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны 1******* дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан иймд дээрх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.

2.Хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага өвдсөн гэх боловч тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргах сүүлийн өдөр 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байсан. Хэрэгт авагдсан өвчтэй гэх эмчийн бичиг нь 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 7 хоногийн хугацаанд амбулаторийн буюу өдрийн цагаар эмчилгээнд хамрагдсан гэх хаанаас хэн олгосон нь тодорхойгүй нотлох баримтын шаардлага хангахгүй баримт өгсөн байдаг. Эрүүл мэндийн үйлчилгээ авсан бол шинэчилсэн журмаар цахимаар эмнэлгийн магадалгаа өгдөг болсон бөгөөд бүгд эрүүл мэндийн даатгалын нэгдсэн системд орж бүртгэгдэж бичгээр авах тохиолдолд тухайн сумын эмнэлгийн дарга тамга дарж, эмчлэгч эмч тэмдэг дарж олгох зохицуулалттай. 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар эмчилгээ авч дууссан байсан тул 2023 оны 09 дүгээр сарын 19-26-ний өдрийг дуустал өргөдлөө гаргах ажлын 6 өдрийн хугацаа нэхэмжлэгчид байсан. Иймд хүндэтгэн үзэх шалтгаанаар өргөдөл гаргах хугацааг хэтрүүлсэн гэх нь үндэслэлгүй. Улсын Дээд шүүхийн 2022 оны 10 сарын 24 өдрийн 001/ХТ2022/0067 дугаар тогтоолд "...Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно", 7.2-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх бүх хугацаанд энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг хангасан байна" гэж зааснаар нэхэмжлэгч... буюу хуулийн этгээд тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан энэ тохиолдолд хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага өвчтэй байсан нь хуулийн этгээд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хуулийн хугацаанд гаргах биелүүлэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл болохооргүй байна.

Өөрөөр хэлбэл, хуульд хувь хүн, хуулийн этгээдийг ялгаж, зөвхөн хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгодог нь тусгай зөвшөөрлийг эзэмших, түүний дагуу үйл ажиллагаа явуулах, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалахад шаардагдах хүний нөөц, төсөв санхүү, зохион байгуулалт зэргийг хариуцах чадвартайг харгалзсан хэрэг бөгөөд тусгай зөвшөөрлийн хүчинтэй байдлыг хангахад шаардагдах үүрэг, хариуцлагыг хуваарилах, цаг тухайд нь биелүүлж ажиллах нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн үүрэг байна. Иймд зөвхөн нэг албан тушаалтан өвчтэй байсан гэх үндэслэл нь хуулийн этгээдийг тухайн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй." гэж хуулийн этгээдийн удирдлага өвчтэй байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй талаар дүгнэсэн байна.

3.Ашигт малтмалын тухай хуулийн .6-д зааснаар гуравдагч этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон нь хууль зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй. 2024.02.21 М******* ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон. Гэтэл 2024.02.29-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж, 2024.03.05 Захиргааны хэрэг үүсгэсэн талаар хариуцагчид шүүхээс мэдэгдсэн байх тул хуулийн .6-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэр гартал тухайн талбайд шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй." гэх заалтыг зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.    

8.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хариуцагчийн байр суурьтай ижил байр суурьтай байна. Нэхэмжлэгч хуулийн этгээдийг зөвхөн гүйцэтгэх захирал төлөөлнө, итгэмжилсэн этгээд итгэмжлэл олгох боломжгүй байсан гэж яриад байдаг. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хаанаас онлайнаар төлөөд материалыг хэн ч аваачаад өгөх боломжтой байдаг. Хуулийн этгээд учраас заавал гүйцэтгэх удирдлага нь ирээд гарын үсэг зураагаад хүлээлгэж өг гэсэн журам, заалт байхгүй. Гүйцэтгэх захирал өгөх ёстой байсан, гүйцэтгэх захирал өгөх ёстой байсан гэдэг тайлбар үндэслэлгүй. Улсын дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний 67 дугаар тогтоол дээр үүнтэй ижил асуудал дээр дүгнэлт хийсэн. Хайгуулын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно. Тусгай зөвшөөрлийг олгож байгаа зорилго нь яагаад иргэнд биш хуулийн этгээдэд олгоод байна вэ гэвэл илүү их хариуцлага хүлээлгэж байгаа, хуулийн өмнө илүү их хариуцлага хүлээлгэж байгаа учраас зөвхөн нэг иргэн биш хуулийн этгээдэд өгч байгаа гэдэг агуулгыг тайлбарлаад, хуулийн этгээд тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан тохиолдолд хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага өвчтэй байсан нь хуулийн этгээд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл болохооргүй байна гээд Улсын дээд шүүхийн тогтоол дээр дүгнэсэн байгаа. Үүнээс харвал нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн төлбөрийг зөвхөн гүйцэтгэх удирдлага төлөх ёстой байсан, өргөдлийг зөвхөн гүйцэтгэх удирдлага гаргах ёстой байсан гэдэг тайлбар нь няцаагдана. Актын хугацаанд хэвтэн эмчлүүлээгүй учраас өвчний түүх байхгүй гэж яриад байгаа юм. Гэтэл өдрийн эмчилгээ хийж байгаа ч 3 тодорхойлолт эмнэлгээс гардаг. Нэхэмжлэгчийн зөвхөн хэвтэн эмчлүүлж байгаа тохиолдолд өвчтөний түүх дээрх 3 баримт гарах ёстой байсан, хэвтэн эмчлүүлээгүй, өдрийн эмчилгээ хийлгэж байгаа учраас гарахгүй гэдэг тайлбар үндэслэлгүй байна. Өвчтэй байсан талаарх актыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэргийн материалд өгөөгүй. Хариуцагчийн баримт тал нүүр хуудас баримтыг өвчтэй байсан гэж өгсөн байдаг. Өвчтэй байсан хугацааг хасаад үзвэл 30 хоногоос гадна 9 хоногийн хугацаанд нэхэмжлэгч өргөдлөө өгөх боломж нь байдаг. Ховд аймгаас 9 хоног явахгүй. 2 хоног явж ирээд өргөдлөө өгөх боломж байсан. 

Маргаан үүсчихсэн байсан үед хариуцагчийг тусгай зөвшөөрөл олгосон учраас гуравдагч этгээдэд олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулна гэж хэлдэг. Шүүхэд 01 дүгээр сарын 15-нд нэхэмжлэл гаргахдаа хуулийн шаардлага хангахгүй нэхэмжлэл гаргасан. Энэ тохиолдолд хариуцагчид шүүхээс мэдэгдэхгүй. Зөвхөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацааг 01 дүгээр сарын 19-нд тогтоогоод, 02 дугаар сарын 21-нд бүрдүүлбэр хангаж байх хугацаанд гуравдагч этгээдэд тусгай зөвшөөрлийг олгоод 02 дугаар сарын 21-ээс хойш буюу 02 дугаар сарын 29-нд захиргааны хэрэг үүссэн. Захиргааны хэрэг үүссэнээс хойш 2024 оны 03 дугаар сарын 05-нд захиргааны шүүхээс хариуцагчид хэрэг үүссэн талаар мэдэгдээд нэхэмжлэл гардаж авахыг нь мэдэгдсэн байдаг. 03 дугаар сарын 05 хүртэл хариуцагч маргаан үүссэн талаар тодорхой шийдвэр, шүүгчийн захирамж хүлээж аваагүй байсан. Нэхэмжлэгчээс хэрэг маргаан үүсчихсэн, бид нар шүүхэд хандаж байгаа, та нар тусгай зөвшөөрөл битгий олгооч гэсний зоргоор тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг түдгэлзүүлэх боломжгүй. Шүүгчийн захирамж гарснаар захиргааны хэргийн маргаан үүссэн гэж үзнэ. Тусгай зөвшөөрөл цуцалсан, дуусгавар болгож байгаа тохиолдолд ямар нэгэн шийдвэр хариуцагч гаргахгүй. Энэ тохиолдолд цуцалсантай ижил хуулийн үндэслэл заах боломж байхгүй. Дуусгавар болж байгаа үйл баримт хуульд заасан үндэслэлээр дуусгавар болоод нэхэмжлэгч өөрөө сунгуулах эрхээ эдлээгүй, эдлэх эрхийн хуулийн хугацааг нь хуульд заагаад өгчихсөн. Ийм учраас дуусгавар болгож байгаа тохиолдолд цуцлах үндэслэл ярих юм уу, түүнтэй холбоотой хуулийн заалтыг тайлбарлаж ярихгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь: 

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.   

2.Нэхэмжлэгчээс “... Нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь хүндэтгэн үзэх шалтгаантай эмнэлэгт эмчлүүлж байсан бөгөөд маргаан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг хуульд заасан 30 хоногийн өмнө гаргаж чадаагүй, гэхдээ тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө сунгуулах хүсэлтийг гаргасан байхад тусгай зөвшөөрлийг сунгаагүй нь үндэслэлгүй.” гэж, хариуцагчаас “... Нэхэмжлэгч “Э*******” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ өгөөгүй тул тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон.” гэж, гуравдагч этгээдээс “... Компанийн гүйцэтгэх удирдлага хүндэтгэн үзэх шалтгаантай өвчтэй байсан гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг өгч чадаагүй гэх нь үндэслэлгүй.Учир нь компанийн ямар ч албан тушаалтан тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг гаргах боломжтой.” гэж тус тус маргажээ. 

3.Нэхэмжлэгч “Э*******” ХХК-аас хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1******* дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, “Э*******” ХХК-ийн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах, “Э*******” ХХК-ийн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсныг бүртгэсэн кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг хүчингүй болгуулах, “М*******” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

4.Анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” дүгээр шийдвэрээр “Э*******” ХХК-д Ховд аймгийн Алтай сумын нутагт орших Бодонч нэртэй 6012.63 га бүхий *** талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгожээ.

5.Дээрх шийдвэрийг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас нэхэмжлэгч “Э*******” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн *** дугаартай гэрчилгээг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаатай олгосон байна.

6.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйл.“Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах”, 22.1.“Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:” гэж заажээ.

7.Хуулийн дээрх заалтаас үзвэл, хайгуулын тусгай зувшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахаар байх бөгөөд маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч “Э*******” ХХК нь дээрх өргөдлийг дээрх хугацаанд гаргаагүй байх тул тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон байна.

8.Нэхэмжлэгч “Э*******” ХХК-аас 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Хүсэлт гаргах тухай” x/08 дугаар албан бичгээр “... тус талбайд цаашид төлөвлөгөөний дагуу хайгуулын ажлыг үргэлжлүүлэхээр манай компани 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өгөхөөр төлөвлөж байсан боловч тус компанийн захирал Г.Э*** миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас заагдсан хугацаанд хүсэлтээ өгч чадалгүй хоцроолоо. “Э*******” ХХК нь *** 3 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд үргэлжлүүлэн ажиллах бидний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэх агуулаг бүхий хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан байна.

9.Хариуцагч нь дээрх хүсэлтийг маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1*** дүгээр албан бичгээр шийдвэрлэж хариуг өгсөн байна.

10.Уг албан бичиг:“... Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлээр зохицуулсан бөгөөд 22.1-т Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахаар хуульчилсан бөгөөд хуульд заасан хугацаанд **** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүйн улмаас мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөр дуусгавар болсон байна.Иймд танай хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжгүй байна.” гэжээ.

11.Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг анх 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гаргасан үйл баримттай маргаагүй бөгөөд хүсэлтийг хугацаа хожимдуулж гаргасан үндэслэлээ гүйцэтгэх Г.Э нь эрүүл мэндийн шалтгаантай өвчтэй байсан гэж тайлбарлан маргаж байна.

12.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ховд аймгийн Алтай сумын эмчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр олгосон тодорхойлолтыг хавсарган ирүүлсэн бөгөөд уг тодорхойлолтод “... Г.Эыг 7 хоног амбулаториор эмчлүүлсэн.” гэжээ.

13.Мөн Ховд аймгийн Алтай сумын эрүүл мэндийн төвийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 71 дүгээр албан бичигт: “Тус эрүүл мэндийн төвд Гүрүүдиваа овогтой Э гэдэг иргэн хэвтэн эмчлүүлээгүй тул өвчний түүх болон өдрийн эмчилгээний тэмдэглэл, эпикриз гэх зүйл болно.” гэжээ.

14.Дээрх баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Э*** нь маргаан бүхий тусгай зөвшөөрлийг сунгах хүсэлт өгөх цаг хугацаатай давхцан Ховд аймгийн Алтай сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй байх бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын хэдний өдрөөс эхлэн 7 хоног амбулаториор эмчлүүлсэн нь тодорхойгүй байна.

Тодруулбал, Ховд аймгийн Алтай сумын эмч нь 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тодорхойлолтыг олгосон байх бөгөөд  эмч нь уг тодорхойлолтыг эмчилгээг эхлэхдээ эсхүл дуусахдаа бичсэн нь тодорхойгүй байна.

15.Мөн нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Э*** нь 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 7 хоног амбулаториор эмчилгээ хийлгэсэн гэж үзэхэд 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр эмчилгээ дууссан байх бөгөөд маргаан бүхий тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлт гаргах сүүлийн өдөр нь 2023 оны 09 дүгээр сарын 26-ны байх тул уг хүсэлтийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гаргаж байгаа нь хүсэлт гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна гэж үзэхээр байна.

16.Нэхэмжлэгч нь дээрх байдлаар маргаан бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд гаргаагүй байх тул  мөн 53 дугаар зүйлийн 53.1.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 53.1.1.“тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан;” гэж заасны тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон байна.

17.Дээрх байдлаар маргаан тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа нэгэнт дуусгавар болсон байх бөгөөд уг талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны сонгон шалгаруулалтыг зарлаж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дугаар шийдвэрээр гуравдагч этгээд “М*******” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна гэж үзэв.

18.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Э*******” ХХК-аас хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1******* дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, “Э*******” ХХК-ийн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах, “Э*******” ХХК-ийн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсныг бүртгэсэн кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг хүчингүй болгуулах, “М*******” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон      

ТОГТООХ нь:

   1.Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйл, 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг тус тус баримтлан “Э*******” ХХК-аас хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1******* дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, “Э*******” ХХК-ийн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах, “Э*******” ХХК-ийн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсныг бүртгэсэн кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг хүчингүй болгуулах, “М*******” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

   2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ГАНБАТ