Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 378

 

   Т.Г-т холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 648 дугаар цагаатгах тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаар магадлалтай, Т.Г-т холбогдох 1818001920193 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ***, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Т-н Г-.

Т.Г- нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний орой Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Күйн” цэнгээний газрын гадна иргэн Ц.М-г, 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан” дээд сургуулийн гадна иргэн Х.З- нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 648 дугаар цагаатгах тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Т.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн байна.  

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 76 дугаар магадлалаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Т.Г-т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж, прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор давж заалдах шатны шүүхийн 76 дугаар магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэцүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцээд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шинээр илэрсэн нөхцөл байдлын дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Т.Г-т холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг гаргасан гомдолдоо “Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Т.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш давж заалдах гомдол гаргах хугацаанд улсын яллагч болон хохирогч нараас ямар нэг гомдол, эсэргүүцэл бичигдээгүй, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсон. Хэрэв хохирогч Ц.М-, Х.З- нар гомдолтой байсан бол давж заалдах хугацаанд гомдол гаргах бүрэн боломжтой байсан. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “... цагаатгагдсан хүн гэм буруутай, эсхүл түүнд оногдуулахад хүргэсэн, шүүхийн шийдвэр гарах үед мэдэгдээгүй байсан ба хүнд ялтай зүйл, хэсэг хэрэглэх нөхцөл байдал илэрсэн...” гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгох тухай дүгнэлт бичсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс 2 удаа “... Цагаатгагдсан хүн гэм буруутай болох нь шүүхийн шийдвэр гаргах шийдвэрт нөлөөлөх нотолгооны ач холбогдол бүхий нотлох баримтууд шинээр илэрсэн байх тухай ойлголт бөгөөд Т.Г-т холбогдох хэрэг болон прокурорын дүгнэлтээс үзвэл хэрэгт хамаарал бүхий ийм нөхцөл байдал, нотлох баримт илрээгүй байна” гэж дүгнэсэн атлаа прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болголгүй, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4-т заасан шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэн прокурорын дүгнэлтийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Г-т холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүссэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Давж заалдах шатны шүүх Т.Г-т холбогдох хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дахин хэлэлцэхдээ 2 өөр дүгнэлт хийсэн байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг баримтлан бичсэн, прокурорын “шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй нөхцөл байдал илэрсэн” гэх дүгнэлтийг хүлээж авсан хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4-т заасан шинээр илэрсэн нөхцөл байдал “...хүний эрх ноцтой зөрчигдсөн” гэсэн дүгнэлт хийж цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Г.Энхцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн Т.Г-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Т.Г- нь хардалтын сэдэлтээр 2018 оны 03 дугаар сарын 09-ний орой Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Күйн” цэнгээний газрын гадна иргэн Ц.М-г, 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан” дээд сургуулийн гадна иргэн Х.З- нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл тус бүрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн зүйлчлэлийг хүндрүүлэх, өөрчлөх эрхгүй тул шүүгдэгчийн үйлдэл нь прокурорын яллах дүгнэлтэнд дурдсан гэмт хэргийн шинжид хамаарахгүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, цагаатгах тогтоолоор Т.Г-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлд заасан хугацаанд анхан шатны шүүхийн дээрх шийдвэртэй холбогдуулан хэргийн оролцогч аль нэгэн тал гомдол, эсэргүүцэл гаргаагүй тул шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. 

Харин Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор “цагаатгагдсан хүнийг гэм буруутай болохыг нотолсон нөхцөл байдал шинээр илэрсэн” гэсэн үндэслэлээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд заасны дагуу цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж, холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ.

Давж заалдах шатны шүүх Т.Г-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй талаар дүгнэлт хийсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Т.Г-т холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэсэн байна.

Улсын дээд шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор “Т.Г-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу хэлэлцэж, мөн хуулийн 41.4 зүйл хэсэгт заасан шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой байхад хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэх боломжтой мэтээр дүгнэн шийдвэр гаргасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна” гэж дүгнэн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг дахин хянан хэлэлцээд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах талаар бичсэн прокурорын дүгнэлт нь агуулгын хувьд буруу байгаа боловч тухайн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэсэн хоорондоо логик зөрчилдөөнтэй дүгнэлт хийн, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Т.Г-т холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах ажиллагаа нь шүүхийн шийдвэрийн хүчин чадал, ач холбогдлыг хөндөж байдаг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулга, зарчимд бүрэн нийцсэн байхын зэрэгцээ мөн хуулийн 41 дүгээр бүлэгт заасан журмыг чанд баримтлахыг шаардсан онцгой ажиллагаа байдаг.

Хэрэв давж заалдах шатны шүүх прокурорын дүгнэлт, түүний агуулгыг үндэслэлгүй гэж үзсэн бол тухайн дүгнэлтээс татгалзсан шийдвэр гаргах ёстой байсан, мөн нөгөөтэйгүүр тус шүүхээр хэрэг хянагдах үед тухайн хэргийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл үүссэн байсныг тодорхойлж дүгнэлт хийж чадаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна.

Өөрөөр хэлбэл, Т.Г-т холбогдох хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэжээ.   

Нөгөөтэйгүүр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянан шийдвэрлэх журам нь цагаатгасан шүүхийн шийдвэрийн хувьд илүү нарийвчилсан зохицуулалттай байдаг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн хөөн хэлэлцэх ердийн хугацаагаар бус харин шинэ нөхцөл илэрснээс хойш 1 жилийн хугацааны дотор байхаар тогтоосон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангаж ажиллах эрх зүйт төрийн зарчимд нийцсэн зохицуулалт байдаг.     

Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгчийн гаргасан “...цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсон, хэргийн оролцогч нар гомдол гаргаагүй, ...шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй, ...прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байхад дүгнэлтийг хүлээн авч хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, ...мөн Т.Г-т холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 648 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаар магадлалыг хүчингүй болгож, цагаатгагдсан этгээд Т.Г-ийн өмгөөлөгч Г.Энхцэцэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоос “...цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсон, хэргийн оролцогч нар гомдол гаргаагүй, ...шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй, ...прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байхад дүгнэлтийг хүлээн авч хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэснийг хангаж шийдвэрлэсүгэй.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН