Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 578

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Н*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* нарыг оролцуулан “Б*******” ОНӨААТҮГ-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүх хуралдааны 2 дугаар танхимд хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: 

“...Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах тухай” 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Хариуцагчийн өмгөөлөгч А.Н******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах тухай” 10 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай “Б*******” ОНӨААТҮГ-ын нэр бүхий ажилчдын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэрэгт хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах тухай” 10 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн тул тухайлсан санал байхгүй” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах тухай 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-аар “Б*******” ОНӨААТҮГазраас  2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.

Энэхүү нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, хэргийг хянан шийдвэрлэх явцад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.С******* 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Тайлбар хүргүүлэх тухай” 01/358 дугаар албан бичгээр “...Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах тухай” 10 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгааг” бичгээр илэрхийлсэн байна.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид ... Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна дараахь асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”,  20.1.14-д “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх” гэж,  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь заалтын 4/-т “орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих”, мөн хуулийн 77 дугаар зүйлийн З-т “Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ” гэж тус тус заасны дагуу орон нутгийн өмчийн талаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чөлөөт цагт Тэргүүлэгчдийн гаргасан шийдвэрт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Тэргүүлэгч Ц.С*******гаас хариу тайлбар ирүүлснийг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн /бусад этгээдийн/ эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх, хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдоогүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

        Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах тухай” 10 дугаар тогтоолыг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар гаргасан “Б*******” ОНӨААТҮГазрын нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон энэхүү шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх учиртайг дурдах нь зүйтэй. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус үндэслэн “Б*******” ОНӨААТҮГ-ийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид холбогдуулан гаргасан “...Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах тухай” 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар сарын 47.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.МӨНХТУЛГА