Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2016/01184

 

М.Ганчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03991 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1301 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч М.Ганчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Билгүүнд холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 96 586 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гал-Очирын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Билгүүн нь 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 68 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн ба хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги төлөхөөр тохирсон. Ж.Билгүүн зээлийн гэрээ байгуулахдаа И.Алтантуяагийн байрны гэрчилгээг итгэмжлэлтэй хамт авч ирсэн тул барьцааны гэрээ байгуулж, тэр өдөртөө түүний ХААН банкны дансанд 68 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш үндсэн зээл болон хүүд нэг ч төгрөг төлөөгүй. Зээлийн гэрээнд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно гэж байгаа боловч би мөнгөө хурдан авахын тулд түүнээс багаар тооцсон.Иймд Ж.Билгүүнээс үндсэн зээл 68 000 000 төгрөг, хүү 14 280 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 42 хоногийн алданги 14 280 000 төгрөг, нийт 96 560 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Би М.Ганчимэгээс 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 68 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн ба хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги төлөхөөр тохирч зээлийн болон барьцааны гэрээ хийсэн нь үнэн. Түүнд 1 сарын хүү гэж 4 760 000 төгрөгийг нэг удаа өгсөн. Хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03991 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.4. дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Билгүүнээс 96 560 000 /ерөн зургаан сая таван зуун жаран мянга/ төгрөг гаргуулж М.Ганчимэгт олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч Ж.Билгүүн үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205045317 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өнөр хотхон /16100/, Москвагийн гудамж 45А Байрны 69 тоотод 56,3 м.кв талбайтай орон сууцны үнийн дүнгээс хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 640 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 640 700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ганчимэгт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1301 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03991 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “281 дүгээр зүйлийн 281.1” гэснийг “282 дугаар зүйлийн 282.1” гэж, “232 дугаар зүйлийн 232.4” гэснийг “232 дугаар зүйлийн 232.6” гэж өөрчлөн, 2 дахь заалтын “...орон сууцны үнийн дүнгээс хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд үүрэг болгосугай” гэснийг “орон сууцны үнийн дүнгээс хангуулсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Г.Гал-Очирын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 120 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан шатны шүүхийн 101/ШШ2016/3991 тоот шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хариуцагч Ж.Билгүүн нь М.Ганчимэгтэй зээлийн гэрээ байгуулан 68 000 000 сая төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлдэж авсан нь үнэн бөгөөд гэрээний хугацаанд нэг сарын хүүгийн төлбөрт 4 760 000 төгрөгийг нэхэмжлэгч М.Ганчимэгт өгсөн байдаг.Иймд анхан шатны шүүхийн 101/ШШ2016/03991 тоот шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэг сарын хүүгийн төлбөрт нэхэмжлэгчид төлсөн 4 760 000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцож өгнө үү гэжээ.

                                                                             ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн баримталвал зохих зүйл, заалтыг хассан нь алдаатай болсон байх тул магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч М.Ганчимэг нь хариуцагч Ж.Билгүүнээс зээлийн гэрээний үүргийн биелэлт, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алдангийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг байна. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болдог. Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэдэг.

2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бичгээр байгуулсан гэрээгээр М.Ганчимэг нь Ж.Билгүүнд 68 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 7% хүүтэй зээлдүүлсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 282.3.-т заасан шаардлагад нийцжээ. Уг гэрээгээр зээлдэгч тал зээлийг эгүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд зээлдүүлэгчид хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх алданги төлөхөөр үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Иймд хариуцагч Ж.Билгүүн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч М.Ганчимэг нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар үндсэн зээл, 282 дугаар зүйлийн 282.1.-д зааснаар гэрээгээр тохирсон хүү, 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар алданги шаардах эрх зүйн үндэслэлтэй болно.

Анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн хүү гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа Иргэний хуулийн 282 дугаар 282.1.-д заасныг шийдвэртээ баримтлаагүй, алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50% хүрээгүй байхад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т заасныг баримталсан нь тус тус алдаатай болсон бол давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа алдангийн талаархи хууль хэрэглээг зөв залруулсан боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зохицуулалтыг хассан нь буруу болжээ. 

Нэхэмжлэгчид нэг сарын хүү 4 760 000 төгрөг төлсөн гэх анхан шатны шүүх хуралдаанд өгсөн хариуцагч Ж.Билгүүний тайлбар, хяналтын журмаар гаргасан гомдол нь баримтаар нотлогдоогүй, гэрээнд тодорхой тусгагдсан гэрээний зүйлийн мөнгөн дүн, хүү, алдангийн тохиролцоог үгүйсгэх үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангасан шүүхийн шийдвэр, магадлалыг буруутгах үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага болон татгалзлыг нотлосон баримтыг өөрөө шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөөгүй тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1301 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын ““281 дүгээр зүйлийн 281.1.” гэснийг 282 дугаар зүйлийн 282.1.”гэж”  гэснийг “281 дүгээр зүйлийн 281.1.” гэсний дараа “282 дугаар зүйлийн 282.1.” гэж нэмж” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН