| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2018/0025/э |
| Дугаар | 30 |
| Огноо | 2018-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч: Я.Дина,
Хохирогч: Х.Б,
Шүүгдэгч: М.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт М-ын Ц-д холбогдох 1835000360035 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, аав, ээжийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 1-р багт оршин суух, урьд сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар ОЗ90110215, З овогт М-ын Ц.
Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч М.Ц нь согтуугаар 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12-р багийн нутагт хохирогч Х.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч М.Ц хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:
Хохирогч Х.Б-ын “2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр би гэртээ эхнэртэйгээ хамт байтал миний танил Т-тай хамт Ц гэдэг залуу манайд ирж эхнэр бид хоёрыг дагуулж Тогтох эгчийн гэрт очсон юм. Тэдний гэрт Т эгч ганцаараа байсан. Бид 2 сав 2.5 л хэмжээтэй пиво, 1 шил 0,75 л Ерөөл архи бүгд хамт хувааж уусан. Тэгж байтал Ц манай найз Т-ын гар утсыг аваад хүнтэй яриад байсан, тэгээд архи ууж дуусаад бид нар явах гэтэл Т гэнэт гар утасаа хайж эхэлсэн юм. Ц Т-ын утасыг тоглоод орон дээр эвхэж тавьсан байсан хөнжил рүү хийчихсэн байсныг гаргаж ирж Тогтуурт өгсөн. Тэгэхээр нь би “чи яах гэж утас нууж байгаа юм бэ? зөндөө хайж байхад гэж хэлээд Цэвээндоржийн хөл рүү өшиглөсөн юм. Тэгтэл Ц намайг заамдаж аваад баруун талын орон дээр дарж унгаагаад миний нүүр рүү 4 удаа цохисон. Энэ үед миний амнаас цус гараад үүдэн нэг шүд унасныг мэдсэн тул эхнэр Б цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед бид бүгд адилхан согтууруулах ундаа уусан, болсон үйл явдалыг мэдэх чадвартай байсан. Ц бид хоёрыг зодолдож байхад Т эгч, манай эхнэр хоёр бидний салгаж авсан. Одоогоор надад өвдөх зүйл байхгүй. Надад учирсан хохирлыг барагдуулж өгнө гэсэн тул надад гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 19-21 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Т.Б-гийн “2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 15 цагийн үед би нөхөр Б-тай хамт гэртээ байтал манай нутгийн Ц ирсэн. Бид гурав эгч Т-ын гэрт очих замдаа 2 пиво авч очоод уугаад дахин 0,75 л хэмжээтэй архи бид хувааж ууж дуусаад явах болоход Т эгчийн гар утас алга болсон байна гээд хайж байтал Ц нуучихсан байсан гэж гаргаж ирэхээр нь манай нөхөр “яах гэж утас нууж байгаа юм бэ, зөндөө хайж байхад” гэж хэлээд Ц-ийг нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Ц манай нөхрийг барьж аваад баруун талын орон дээр дарж нүүрэн тус газар цохиод байхаар нь Т эгч бид хоёр Ц-ийг салгаж нөхөр Б-ыг босгож ирэхэд амнаас нь маш их хэмжээний цус гарч нэг үүдэн шүд нь хугарсан байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” /хх-ийн 22 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч М.Т-ын “...Бид явах болоход би утсаа хайгаад олохгүй байсан. Би утас хаана байна гэж хамт байсан хүмүүсээс асуухад Б “Ц чиний гар утас аваад хүнтэй ярьж байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ц-оос “утсаа аваад ир” гэж хэлэхэд тэрээр тоглоод орон дээр байсан хөнжилд тавьсан” гэж хэлээд гаргаж өгсөн. Тэгэхээр Бат Ц-д “чи яах гэж гар утас нууж тоглож байгаа юм бэ” гэж хэлээд хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Ц Б-ыг барьж аваад гэрийн баруун талын орон дээр дарж унгаагаад нүүрэн хэсэгт нь цохиод байсан тул Б бид хоёр Ц-ийг салгаж, Б нөхөрөө татаж босгоход амнаас нь цус гарч байсан ба түүний нэг үүдэн шүд нь хугарсан байсан. Т эгч Б-ын амнаас гарсан цусыг угааж өгсөн. Б цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн /хх-ийн 23-24 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Л-ын “...Т Ц-оос гар утасыг аваад ир гэж хэлэхэд тэрээр орон дээр байсан хөнжил завсар нуусан байсан гэдгээ хэлж гар утас гаргаж өгсөн. Тэгтэл Б Ц-д “ чи яах гэж гар утас нууж байгаа юм бэ, зөндөө хайж байхад” гэж загнаад түүний хөл рүү нь цохисон. Тэгтэл Ц Б-ыг барьж баруун талын орон дээр дарж унгаагаад нүүрэн хэсэг рүү гараараа цохисон. Тэр үед Б, Т хоёр тэднийг салгаж, Б нөхөрөө орон дээрээс татаж босгож ирэхэд амнаас нь цус гарч үүдэн шүд нь хугарч унасан байсан. Б Ц-д хандаж “шүд уначихлаа, чи яаж байгаа юм бэ“ гэж хэлсэн” /хх-ийн 25 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч М.Ц-ийн “2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 15 цагийн үед Улаангом сумын 6-р багийн нутагт байх найз А-ын гэрт ганцаараа очиход тэрээр эхнэртэйгээ хамт хөдөө явж байсан. Тэгэхээр нь хажуугийн Б гэдэг айлд орсон. Тэр айлд очихдоо би 2 ширхэг пиво авч очсон юм. Танил Т уруу утсаар залгаж Б-ын гэрт ирсэн юм. Бид пиво ууж дуусахад Т эгч 0,75 л хэмжээтэй Ерөөл нэртэй архи задалж түүнийг бид хувааж уусан. Тэгтэл Т гар утсаа хайхад би тоглоод орон дээр байсан хөнжилд нуучихсан байсан утсыг гаргаж өгсөн. Тэгтэл Б эгчийн нөхөр Б надад “чи яах гэж гар утас нууж байгаа юм бэ, зөндөө хайж байхад” гэж загнаад миний хөл рүү өшиглөсөн юм. Тэгэхээр нь миний уур хүрээд Б-ыг барьж аваад баруун талын орон дээр дарж аваад нүүрэн тус газар 4 удаа цохисон. Тэгж байтал Т, Б эгч хоёр намайг салгаж, Б ахыг ороноос татаж босгож ирэхэд амнаас нь цус гарч нэг шүд нь хугарсан байсан. Б ах “миний шүд уначихлаа, чи яаж байгаа юм бэ” гэж хэлсэн. Б ах намайг өшиглөхөөр нь уур хүрч түүнийг цохисон юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Б ахад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна” гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, нотлох баримтуудаар шүүгдэгч М.Ц нь 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12-р багийн нутагт хохирогч Х.Б-ыг зодсон үйл баримт тогтоогдсон байна.
Шүүгдэгч М.Ц-ийн хохирогч Х.Б-ыг зодсон үйлдлийн улмаас хохирогч Х.Б-ын биед дээд 1 үүдэн шүд булгарч буйл нь шархалсан, дээд уруулын салст улайлттай зөөлөн гэмтэл учирсан, энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээч эмчийн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 83 дугаар дүгнэлт /хх-ийн 12 тал/-ээр тогтоогджээ.
Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан, эсхүл ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 5-10 хувь тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан бөгөөд уг журмын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 11-д “байнгын 1 шүд унах 5 хувь, 2-3 шүд унах 10 хувь”-иар тус тус хөдөлмөрийн ерөнхий чадвар алдагдана гэж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч М.Ц-ийн хохирогч Х.Б-ыг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг, тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч М.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Ц-д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Ц.Д, Г.Т нарын мэдүүлгээр эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй, өрх толгойлж тусдаа гараагүй, аав ээжийн хамт Наранбулаг сумын Гүнбүрд багт оршин суудаг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар урьд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэрэг үйлдэж 2 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан болох нь тогтоогдсон зэргийг харгалзан шүүхээс түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохистой гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч М.Ц-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн дээд үүдэн 1 шүд булгарч унасан буйл нь шархалсан, дээд уруулын салст улайлттай зөөлөн эдийн гэмтэл үүссэн бөгөөд хохирогч Х.Бын унасан 1 шүдийг янзуулаагүй буюу учруулсан хохирлыг шүүгдэгч төлж барагдуулаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана” гэж зохицуулсны дагуу хохирогч нь шүүгдэгчээс өөрт учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй юм.
Шүүгдэгч М.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт байхгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч З овогт М-ын Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З овогт М-ын Ц-ийг 280 /хоёр зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч М.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Б нь өөрт учирсан эрүүл мэндийн хохирлын холбогдох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Ц-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА