Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 0053

 

 

 

 

 

 

 

 

Г.Бөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Д.Азжаргал, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Г.А

Шүүгдэгч                                                       Г.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Р.Б

Нарийн бичгийн дарга                             Ц.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Г.Бийн давж заалдах гомдлоор Г.Бөд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   И овгийн Г-н Б,

   Г.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр         аймгийн          сумын       багийн        тоот хашаан дотроос Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 2.6 грамм цэвэр жинтэй өвс гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: Г.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч И овгийн Г-н Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, түүхий эдийг хууль бусаар хадгалсан, бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бөд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2.6 грамм жинтэй ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

Хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдолдоо:

... мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэсэн, худалдаалах зорилгогүйгээр биедээ хадгалсан гэм буруутгасан. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь би дээрх төрлийн бодисыг бэлтгэж биедээ авч явсан зүйл байхгүй. Тухайн өдөр би зөвхөн согтууруулах ундаа хэрэглэсэн ба үүнээс болж тухайн өдөр болсон зарим зүйлийг санахгүй байгаа. Би  анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэт яллах талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж би үзэж байгаа. Учир нь би урд нь мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхдөө хэрхэн ямар мэдүүлэг өгснөө одоо ч санадаггүй. Зарим үед мөрдөгчийн үйл байдал, зан байдал биеийн хэлэмжээрээ айлган сүрдүүлж уншуулахгүйгээр зур зур гэсээр байгаад гарын үсэг зуруулсан ба энэ мэдүүлэг нь дангаараа намайг дээрх төрлийн бодисыг бэлтгэсэн гэх хэрэгт буруутгах шууд нотлох баримт болсон. Мөн тухайн өдрийн миний шээсэнд үзлэг хийж гарч ирсэн ирсэн гэх бодисыг хураан авах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр хүчинтэйд тооцоогүй. Гэтэл тухайн ажиллагааны үр дүнд авагдсан гэх ургамлыг шинжилгээний байгууллагаар шинжлүүлэн дүгнэлт гаргуулж уг дүгнэлтийг шүүх намайг гэм буруутайд тооцоход үндэслэл болгосон. Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаас бусад байдлаар нотлох баримтыг цуглуулахыг хориглосон ба хууль зөрчиж цугларсан нотлох баримт нь нотлох чадвараа алдах талаар тусгасан байна. Мөн миний сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд шинжлүүлэхэд гэмт хэрэг үйлдэгдэх үед болон мөрдөн байцаалтын шатанд сэтгэцийн өвчинтэй байсан талаар дүгнэлт гаргасан. Гэтэл би мөрдөн байцаалтын шатанд дүгнэлт гаргуулахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцож байсан. Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэтгэцийн болон бусад хүнд өвчний улмаас өөрийн эрхийг хамгаалах чадваргүй бол заавал өмгөөлөгчтэй оролцох талаар тусгасан байхад өмгөөлөгчгүй хууль зөрчиж миний эрхийг хангаагүй үеийн баримтуудыг миний эсрэг ашигласан. Манай хашаанд ийм төрлийн бодисын ургамал ургадаггүй. Гэтэл миний өмгөөлөгчгүй өгсөн гэх мэдүүлгийг үндэслэн бэлтгэсэн үйлдэлд буруутгасан нь үндэслэлгүй. Тус хашаанд ийм төрлийн бодис ургамал ургадаг эсэх талаар шалгаагүй байж миний эрх зүйн байдлыг дордуулж дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Иймд надад холбогдох хэргийг дахин хянаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Б тайлбартаа: ... Би ажлаа хийж байсан. Хур буудалд найзуудтайгаа уусан. Ухаан балартаад бронхит маань архаг астамтай. Өвс байтугай тамхи татахыг зөвшөөрөхгүй ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б тайлбартаа: ... Давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ... гэв.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.А дүгнэлтдээ: ... Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бөд, холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч Г.Бийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр         аймгийн         сумын        багийн          тоот хашаан дотроос Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 2.6 грамм цэвэр жинтэй өвс гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

гэрч Б.Н-н ... Өрөөнд цэнхэр өнгийн ажлын хувцастай залуу надтай маргалдсан. Тэгсэн тэр залуу нэг урт саарал бор өнгөтэй тамхи гаргаж ирээд утааг нь толгой дээр чинь үлээх үү гэх мэтээр над руу дайраад байсан. Эргүүлийн хоёр цагдаа орж ирээд цэнхэр хувцастай залууг нэгжсэн. Тэгтэл өмдний дотор талд зүүн талын халааснаас нэг боодолтой өвс гарч ирсэн ... гэсэн мэдүүлэг /хх-25-26 тал/,

гэрч Б.Д-н ... Netcom гэсэн бичигтэй хөх өнгийн ажлын хувцастай залууг өрөөнөөс гаргаж үүдний хэсэгт зогсоож байгаад цагдаа Б.Б халааснуудыг нь үзэхэд өмдний зүүн дээд талын халааснаас цайвар өнгийн гялгар уутанд баглаж боосон нунтаг ургамал гарч ирэхээр нь эргээд 205 тоот өрөө рүү орж ширээн дээр гарч ирсэн ууттай ургамлыг тавьж Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчийг дуудсан. Мөрдөгч ирээд хэргийн газарт үзлэгийг явуулсан ... гэсэн мэдүүлэг /хх-28 тал/,

гэрч Б.Б-н ... Цагдаа Б.Д бид хоёр Netcom гэсэн бичигтэй хөх өнгийн хос ажлын хувцастай залууг өрөөнөөс гаргаж зогсоогоод Б.Д-р бичлэг хийлгэж байгаад би биед нь үзлэг хийхэд өмднийх нь зүүн дээд талын халааснаас цайвар өнгийн гялгар уутанд боосон нунтаг ногоон өнгөтэй ургамал мэт зүйл гарч ирэхээр нь уг залууг 205 тоот өрөө рүү дагуулан орж ууттай ургамлыг ширээн дээр тавьж Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчийг дуудаж мөрдөгч ирж хэргийн газарт үзлэгийг явуулан ууттай ургамлыг хураан авсан ... гэсэн мэдүүлэг /хх-30 тал/,

гэрч Б.А-н ... Цагдаа нар ирээд Г.Бийн биед үзлэг хийхэд түүний халааснаас ууттай нунтаг өвс гараад ирсэн. Тэрнээс өмнө ямар нэгэн ууттай зүйл гаргаж ирээгүй. Харин тамхи шиг ороосон зүйлийг эмэгтэйн толгой дээр асаасан байхдаа угуулаад эргэлдүүлээд байсан. Мөн сороод утааг нь эмэгтэй рүү үлээгээд байсан ... гэсэн мэдүүлэг /хх-34 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4936 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Г.Б 2022.09.14” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарна” гэсэн дүгнэлт /хх-40-41 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4935 дугаартай “Г.Б” гэж хаягласан ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад хамаарна. Ургамал мэт зүйлийн ууттай жин нь 5,7 гр, цэвэр жин нь 2,6 гар, дээж авсны дараах цэвэр жин нь 2,5 гр байна гэсэн дүгнэлт /хх-46-47 тал/,

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /хх-36-37 тал/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах бэхжүүлэх, үнэлж шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогчдын дүгнэлт, тайлбар болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Г.Бийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, түүхий эдийг хууль бусаар хадгалсан, бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Бийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Г.Б нь ... би мөрдөн байцаалтын шатанд дүгнэлт гаргуулахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцож байсан. Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэтгэцийн болон бусад хүнд өвчний улмаас өөрийн эрхийг хамгаалах чадваргүй бол заавал өмгөөлөгчтэй оролцох талаар тусгасан байхад өмгөөлөгчгүй хууль зөрчиж миний эрхийг хангаагүй үеийн баримтуудыг миний эсрэг ашигласан ... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 19 дугаартай ...Г.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон шинжилгээ хийлгэх үед Р44.7 сэтгэцийн өвчтэй байна. Өвчлөөд хэдий хугацаа өнгөрснийг одоо тогтоох боломжгүй. Энэ сэтгэцийн өвчин нь олдмол. Магадлуулагч Г.Б нь дээрх өвчний учир СЭМҮТөвд эмчилгээ хийлгэсэн тул дахин эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Магадлуулагч Г.Б нь өөрийнхөө хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадвартай. Магадлуулагч Г.Б нь өөрийн холбогдож байгаа хэргийн учир холбогдлыг үнэн зөвөөр тусган авах чадвартай. Мөн хэрэг хариуцах чадвартай ... гэсэн дүгнэлт,

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн үйл баримтын талаар шүүгдэгч Г.Бөөс яллагдагчаар мэдүүлэг авахдаа хуульд заасан журмын дагуу хууль сануулж, түүний өмгөөлөгч Р.Б-г байлцуулан мэдүүлэг /хх-70/ авсан байх бөгөөд хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг харьцуулан судалж дүгнэвэл шүүгдэгч Г.Бийг энэ хэрэгт гэм буруугүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                                 Д.АЗЖАРГАЛ

 

                                                                                    С.ЦЭЦЭГМАА