| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0011/З |
| Дугаар | 128/ШШ2025/0034 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2025/0034
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын Улсын бүртгэлийн байцаагч Д.*******д холбогдох 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0797847 дугаартай торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2688 дугаар дүгнэлтэд: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.******* би, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн, хяналтын улсын байцаагч Д.*******гийн *******” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.20 дугаар зүйлд заасан “Тамга, тэмдэг үйлдвэрлэх, хэрэглэх, хадгалах журам зөрчсөн” гэх гомдлыг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэснийг шалгалтаар хяналаа.
Материалыг хянахад, холбогдогч “*******” ХХК-ийг байгууллагын тамга, тэмдгийг гээж, үрэгдүүлсэн нь “Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолын хавсралтаар тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмын 6.1-т заасан тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудсыг ажлын байранд цоожтой шүүгээ, сейфэнд хадгалах заалтыг зөрчсөн” гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Тамга, тэмдэг үйлдвэрлэх хэрэглэх, хадгалах журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу “*******” ХХК-ийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 0797847 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь эрх бүхий албан тушаалтнаас “*******” ХХК-ийг байгууллагын тамга, тэмдгийг хадгалах журам зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгож шийдвэрлэхдээ 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар хуульд заасан байхад Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.******* нь холбогдогч “*******” ХХК-ийг 0797847 дугаартай шийтгэлийн хуудсаар 250 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Д.*******гийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0797847 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
Хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын Улсын бүртгэлийн байцаагч Д.*******д шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0797847 дугаартай торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2688 дугаар дүгнэлтийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2688 дугаар дүгнэлтээр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын Улсын бүртгэлийн байцаагч Д.*******д холбогдох 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0797847 дугаартай “*******” ХХК-д торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн байна.
Хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын Улсын бүртгэлийн байцаагч Д.******* 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0797847 дугаартай шийтгэлийн хуудасны олсон нь хэсэгт “…“*******” ХХК нь…тамга үрэгдүүлсэн… болох нь… “*******” ХХК-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул шийдвэрлэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасны дагуу …250,000 төгрөгөөр…торгох шийтгэл оногдуулсугай…” гэж шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.
Прокурорын дүгнэлтийг хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын Улсын бүртгэлийн байцаагч Д.******* хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ын “2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0797847 дугаартай “*******” ХХК-д торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” дүгнэлтийг хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын Улсын бүртгэлийн байцаагч Д.******* зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тус шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.БАТБААТАР